Хотын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс “Камертон” хамтлагийн тоглолтыг зохион байгуулсан “Zaisan Hill”-тэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хотын дарга энэ үеэрээ хариуцлагын гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгжид болон хариуцлага алдсан хотын Ерөнхий менежер, НОК-ын Шуурхай штабын дарга нартай хариуцлага ярина гэж мэдэгдсэн.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн баасан гарагт болсон арга хэмжээний дараагаар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НОК-ын дарга Д.Сумъяабазар, УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан нартай холбогдож, хариуцлага алдсан албан тушаалтнуудад “хариуцлага тооц” гэж сануулсан байна.
Тухайлбал, “Дижитал үндэстэн” болон сая зохион байгуулсан тоглолтын асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингистэй хамгийн түрүүнд хариуцлага тооц. Мөн удаа дараагийн хариуцлага алдсан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Гантөмөр зэрэг шат шатны хүмүүст хариуцлага тооцохыг сануулсан байна. Эдгээрээс гадна халдвар хамгааллын дэглэм зөрчиж, гаргасан дүрэм журмыг удаа зөрчиж буй “Zaisan Hill”-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, УОК болон НОК-ыг дор бүрнээ хариуцлагаа нэмэгдүүл гэж үүрэг болгожээ. Ийнхүү Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хотын дарга нэр бүхий дээрх хүмүүст хариуцлага тооцохоо илэрхийлэв бололтой.
Ерөнхий сайдаас энэ үүрэг, чиглэлийг өгсөн нь үнэн бол “Браво” гэмээр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Танхимын гишүүдээ хамгаална” гэсэн мессеж ил тодоор өгсөн. Харин үүнд нь Шадар сайд С.Амарсайхан оодорсон мэт, УОК-ын дарга гэдгээрээ түрий барьж, танхимаа “хөмрөх” шахсан хэд хэдэн үйлдэл гаргасан. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн танхим байгуулагдсаны маргааш шахуу хүүгийнх нь сургалтын төлбөр болох Боловсролын зээлийн сангаас авсан 22000 ам.долларын асуудал боссон. Удалгүй гэргий Ч.Ичинхорлоо нь аав ээжээ сахих гэж ХӨСҮТ буюу улаан бүс рүү ороод маргааш нь орчноо голон улаан бүсийг орхисон явдал. Тэр үед улаан бүс рүү нэвтэрсэн бол хэн ч 14 хоног “карантийлагддаг” байсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийж ирээд 14 хоног “карантин”-лагдсан. Тэгтэл Шадар сайд, УОК-ийн газрын даргын эхнэр тэгж дураараа аашилсан нь “Дабль стандарт”-ын эхний номер нэг жишээ. Гэтэл адаг сүүлд нь Шадар сайд өөрөө, танхимаа сөрж “Исмэл тайж” шиг загналаа. “Дижитал үндэстэн” шоуг эсэргүүцсэн олон нийтийн шүүмжлэл тасраагүй байхад, өөрийнх нь гэр бүлийн эзэмшлийн “Зайсан хилл”-д “Камертон” хамтлагийг тоглуулж, зад шоудуулав. Энэ бол Шадар сайд С.Амарсайхан өөрийгөө төдийгүй танхимаа хөлдөө чирэхээр болчимгүй үйлдэл гэдэг нь хэнд ч тодорхой. Тийм болохоор ийм алдаа гаргасан хэн ч байсан уучлах аргагүй алдаа, хариуцлага тооцох ёстой.
Discussion about this post