Дэлхийн хуурай газрын 26%-иас арай илүүг ой эзэлдэг аж. Харин Монгол Улсын нутаг дэвсгэрийн 11,9 хувь нь ойн сангийн талбай байна. Нэг га талбайд 6 см-ээс дээш диаметртэй 560 мод ургадаг гэж үзвэл манай орны сэрүүн бүсийн ойд 5 орчим тэрбум мод ургаж байна.
Монголчууд бид ойгоо бага хэмээн “голж”, “ооч сахал шиг ой” гэх мэтээр хэлж ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ нэг хүнд оногдох ойн талбайгаараа дэлхийн дунджаас 7 дахин, Европын дунджаас бүүр 20 дахин их ой эзэмшдэг ард түмэн билээ, бид.
Ойн талбайн (Ойгоор бүрхэгдсэн талбай+Ойгоор бүрхэгдээгүй талбай) нийт экологи-эдийн засгийн үнэлгээ: 878 091 332 472 916 (найман зуун далан найман их наяд ерэн нэгэн тэрбум гурван зуун гучин хоёр сая дөрвөн зуун далан хоёр мянга есөн зуун арван зургаан төгрөг) төгрөг.
Харин Хөвсгөлд?
Ойн сангийн тйлбай нь 4,0 сая га бөгөөд аймгийн нутаг дэвсгэртэй нь харьцуулахад 39,8%.
Шинэсэн ой нь Хөвсгөлд хамгийн их хэмжээгээр буюу 2 975 465 га талбайд тархан ургаж байна. Шилмүүст ой навчит ойтой харьцуулахад ургалтын богино хугацаанд илүү өсөлттэй байдаг давуу талтай.
Энэ хэдхэн тооноос Хөвсгөл нутаг ямар агуу баян гэдэг нь харагдана.
Хөвсгөлийн ой чанараараа тэргүүлж байна. Үүнийг хэдэн үзүүлэлтээр хардаг.
Ургаа нөөцийн хэмжээгээр хамгийн өндөр
Нэг га-н улсын дундаж ургаа нөөц 114м3 байхад, Хөвсгөлд 132м3.
2. Мод хамгийн бага бэлдэж, ашигласан
Бусад бүсүүдэд энэ тоо 26м3/га байхад Хөвсгөлд 9м3/га байна.
3. Байгалийн аясаар сэргэн ургах өндөр чадвартай (Манай сэрүүн бүсийн ой өөрөө аясаараа сэргэн ургах чадвар өндөр, энэ бол маш сайн мэдээ)
Улсын дундаж өсвөр, байгалийн сэргэн ургалт 3,025 ш/га байхад Хөвсгөлд 3260 байна.
4. Эрүүл ойтой
Хөвсгөлийн ойн 70-аас дээш хувь ямар нэг гэмтэлгүй, эрүүл.
Гэхдээ энэ үзүүлэлт Хөвсгөлийн ой ямар ч асуудалгүй гэсэн үг биш. Монгол орны сэрүүн бүсийн бусад ойтой л харьцуулсан үзүүлэлт. Ойн нөөцөө нэмэгдүүлэх, ойгоо илүү баялаг болгож нутгийн иргэдээс эхлээд ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа юу гэвэл байгаа:
Ойн эрүүл байдал өсөлтийг хангасан тохиолдолд ургаа нөөц Хөвсгөлд 249,8м3/га болох боломжтой нь тогтоогдсон. Гэтэл яг одоо боломжит нөөцөөсөө 2 дахин бага байна.
Тээр хол байгаа Хөвсгөлийн ойг хамгалахад яг хэний амыг харах ёстой вэ? Мэдээж улсын нэгдмэл байдал, ойн талаар бодлого боловсруулах ёстой яамыг үгүйсгэх гээгүй байна. Дан ганц Хөвсгөлчүүдийн өмч биш, Үндсэн хуулийн заалтаар бүх ард түмний өмч гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ өдөр тутам, өсөхдөө цуг өсч амьдарч ирсэн нутгийн иргэд, орон нутгийн засаг захиргааныхан, хувийн хэвшлийнхэнд ойгоо хамгаалах, ашиглах асуудал хамгийн их хамааралтай.
Нэн тулгамдсан асуудлуудаас…
ТАЙГЫН ХҮМҮҮС
Үнэндээ ой тайгатай ахуй амьдралаа нягт холбон одоог хүртэл амьдарч ирсэн хүмүүс гэвэл Монголын хувьд Хөвсгөлийн цаатнууд л байна. 2012 онд цаатнуудын гол байршлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд оруулснаар энд шинэ дэг журам тогтож эхэлжээ. Тайгаас ан гөрөө хийх нь бүү хэл дур мэдэн түлш бэлтгэх, самар жимс түүх хүртэл хориотой болсон. Төрөлх ёс заншил, хэл нь холдсоор байна. Хүүхдүүд тайгаас хол өсч байна. Тэгэхээр тэд тайгын сүүлчийн эзэд болон мөнхрөхийг үгүйсгэх аргагүй болоод байна.
МОДОО ШИЛЭН ТАЙРЧ ТҮЛСЭЭР
Одоо больё, оронд нь ойрхон байгаа нүүрсээ ухаж түлнэ гэж ярьсаар он цаг улирсаар, ойн шилмэл моднууд нь үнс болсоор байгаа. Төрөхөөсөө нүүрсний бараа хараагүй, хаяагаараа үргэлжлэх энэ их модыг түлсээр ирсэн улсад нүүрс хэрэглэнэ гэдэг үлгэр биз ээ. Мод олон давуу талтай. Ихэвчлэн үнэгүй, эсвэл маш бага үнэтэй байдаг.
Тэгээд яахын, түл түл гэсээр байх уу?
Үнс болгосноос мөнгө болгох арга ухаан, ажлуудыг дэмжвэл алтаар өндөглөдөг галуугаа алахтай үлгэр нэгэн болж, модоо хайрлан харамлах болно.
Гэтэл түлж байхад нь хараагүй мэт өнгөрдөг атлаа, хашаа хороогоо барих, орлого олох эх үүсвэрээ болгохоор эхэлбэл бөөн бөөн тусгай зөвшөөрөл, хяналт, шалгалт болдог тогтолцоотой тул тэгж байхаар түлж суусан нь илүү жаргалтай байдаг бизээ.
Ойдоо хайртай, хүндэтгэлтэй хандаж, зохистой хэрэглэж чадвал Хөвсгөлийн иргэд зөвхөн ойн бүтээгдэхүүнээрээ баян чинээлэг амьдрах бүрэн боломжтой.
ОЙ-МАЛЫН БЭЛЧЭЭР
Ойдоо хэнэг ч үгүй малаа бэлчээж, байгалийн сэргэн ургалтыг нь таслан, хөрсийг нь эргүүлж байна. Ой дотроосоо цөлжиж эхэлсэнийг анзаарсан ч эс тоосоор ирлээ.
ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮД ОЙН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХГҮЙ БАЙНА
Энэ их ойгоо, баялагаа авч явах ирээдүй хойчоо бэлдэхсэн.
Хүүхдүүд, залуучууд яг ямар ямар шалтгаанаар мэргэжлээ сонгоод байна?
Магадгүй, түлш, самар жимс түүдэг газар төдийхнөөр харж ирсэнээс ойг ойгтойгоо цуг өссөн хүүхдүүд нь ойлгохгүй, тоохгүй орхиж байна. Энд мэргэжилтнүүдийн зөвлөгөө, гайхуулах, бахархуулах ажил дутаж байна.
Ашигласан материал:
Монгол Улсын олон зорилтот ойн тооллого 2014-2016, баяжуулсан бусад материалууд, 2020 он хүртэл
Монгол Улсын ойн сан 2020
МАЖИГИЙН ТУНГАЛАГ
Discussion about this post