Лионель Месси Барселонагаас явж буйгаа зарлаж, өчигдөр буюу 08 сарын 08-д нүдэндээ нулимстай зарлаж, хэвлэлийн бага хурал хийв. Хөлбөмбөгийн од, 34 настай алтан бөмбөгийн зургаан удаагийн эзэн Лео Месси 4 жилийн хугацаатай “Лос Анжелес лейкерс” багтай 220 сая долларын гэрээ байгуулсан гэх мэдээ тарж байгаа. Мөн наймдугаар сарын 11-ний өдөр ПСЖ клуб Эйфелийн цамхгийг ашиглан Мессигийн танилцуулгыг хийх гэнэ.
Хэвлэлийн бага хурал дээр Лионель Месси:
-Сүүлийн хэдэн өдөр би юу гэж хэлэхээ маш их бодлоо. Юу ч бодож чадсангүй. Энэ олон жилийн дараа ийм зүйл болж байгаа нь үнэхээр хэцүү байна. Би энд бүхий л амьдралаа өнгөрүүлсэн. Үүнд бэлэн биш байна. Энэ жил би, манай гэр бүл энд үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Үүнийг л бид хүссэн. Бид Барселонаг гэрээ гэж бодож байсан. Энэ хотод амьдарч, хөлбөмбөг тоглох гайхалтай байлаа. Гэвч өнөөдөр би энэ бүхэндээ баяртай гэж хэлэх хэрэгтэй болж байна. Энд 13 настайгаасаа хойш байлаа. 21 жилийн дараа би эхнэр, гурван хүүхдийнхээ хамтаар энэ хотоос явж байна.
Хэдэн жилийн дараа бид эргэж ирнэ. Учир нь энэ хот бидний гэр. Миний талд байсан хүн бүртээ, багийнхаа андуудад, хуучин нөхдөдөө баярлалаа гэж хэлмээр байна.
-Барселона клубыг би маш их хүндэлдэг. Энд олон гайхалтай зүйлсийг үзэж тууллаа.Мөн таагүй зүйлс тохиосон ч үүний ачаар л би өсөн дэвжиж, өнөөдрийн өөрийгөө бүтээсэн. Энэ өмсгөлийг өмссөн эхний өдрөөсөө эцсийн өдөр хүртэл би бүхнээ зориулсан. Үнэн гэвэл би явж байна.
-Өөр нөхцөл байдалд явсан ч болоосой. Би хэзээ ч ингэж багаа орхино гэж төсөөлж байсангүй. Баяртай гэж хэлэх шаардлага гарахгүй гэж бодож байлаа. Энэ багийн өмсгөлтэй зодог тайлж, үзэгчдийн алга ташилтаар талбайг орхино гэж төсөөлж байсан. Сүүлийн улирал үзэгчгүй тоглож, тэдний уухайг сонсохгүй байх хэцүү байсан. Одоо дахиад л фэнүүдээ харахгүй явах болчихлоо. Хэрэв болдогсон бол бүх фэнүүдтэйгээ хамт байх юмсан. Би эргэн ирж, энэ багийн нэг хэсэг болон дахин дэлхийн шилдэг баг болоход нь тусална гэж найдаж байна.
-Өнгөрсөн улирал цар тахлаас болж үзэгчдийнхээ өмнө тоглож чадсангүй. Тэдний баяр хөөрийг сонсохгүй байх, хажууд нь байхгүй байх, миний нэрийг дуудахыг сонсохгүй байх хэцүү байлаа. Би уг нь Камп Ноу дүүрэн үзэгчидтэй, тэдэнтэйгээ зохих ёсоор салах ёс гүйцэтгэнэ гэж төсөөлж байсан. Гэхдээ ийм л байдалтай салах ёс гүйцэтгэх боллоо. Та бүгдийн надад зориулсан хайранд талархаж байна. Энэ багт би олон жилийн турш сайн, муу мөчүүдийг өнгөрүүллээ. Гэхдээ хүмүүсийнх нь хайр үргэлж хэвээрээ байсан юм шүү.
-Барселонатай шинэ гэрээ байгуулах бүх нөхцөл бүрдчихсэн байсан. Гэвч эцсийн мөчид Ла лигийн дүрмээс болоод боломжгүй боллоо. Ийм л зүйл болсон. Миний талаар олон яриа гарсан байна лээ. Гэхдээ би энэ үлдэхийн төлөө чадах бүхнээ хийсэн. Өнгөрсөн жил би үлдэхийг хүсээгүй. Гэхдээ энэ жил үнэхээр хүссэн. Энэ жил үлдэхийг хүссэн ч чадсангүй. Би цалингийнхаа 50 хувийг хасахыг хүссэн. Гэвч Барселонагаас илүү хасаач гэж юу ч асуугаагүй. Намайг цалингийнхаа 30 хувийг л хасахыг хүссэн гэх шуум гарсан байна лээ. Энэ бол худлаа. Барселона надаас юу ч асуугаагүй, гуйгаагүй.
Мессиг Барселонаг орхиж буйтай холбогдуулан түүнд хүндэтгэл үзүүлэх тухай олон яриа гарсан. Тухайлбал, Барселона клуб Мессигийн 10 дугаарыг мөнхлөх, тоглолт бүрийнхээ 10 дахь минутанд алга ташиж, түүнд хүндэтгэл үзүүлэх гэх мэт. Месси энэ клубын тоо томшгүй олон рекордыг шинэчлэн тогтоож, хүртэж болох бүхий л цом, шагналуудыг түүсэн. Барселона-Месси гэх хоршоо үг энд хүрээд төгсгөл болж байна. Баселоны баг Мессид Баяртай гэлээ…
Discussion about this post