Одоогоос долоо хоногийн өмнө буюу долдугаар сарын 29-нд цагдаагийн алба хаагчид албан өрөөндөө иргэдийг зодож та хайрч буй бичлэг цахим орчинд цацагдсан билээ. Бичлэг цацагдсаны дараа тухайн үед Токио-2020 олимп дээр байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт утсаар үүрэг өгч, иргэний эрхэд халдсан алба хаагчиддаа хариуцлага тооцохыг даалгасан билээ.
Харин Хууль зүйн сайд.Нямбаатар “Намайг сайдын ажил авахаас өмнө болсон хэргээр намайг шантаажилж унагах гэж байна” хэмээн мэдэгдсэн. Хэрэг гарах үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ч мөн адил “жилийн өмнө болсон хуучин бичлэг байна лээ, дэмий юмаар улс төр хийлээ” энэ тэр гэж өмөөрсөн байдаг.
Харин цагдаагийн байгууллагаас иргэдийн эрхэнд халдсан алба хаагчид дээр хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлсэн. Гэвч үүнээс хойш таг чиг байсан Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнөөдөр бас нэг нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн мэдээллийг хийв. Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултанд харсан Х.Нямбаатар сайд “Хоёр иргэний гэр бүл энэ бичлэгийг олон нийтэд дэлгэнэ хэмээн алба хаагчдыг сүрдүүлж, сүүлийн хоёр жилийн турш 6 сая төгрөг авсан нь тогтоогдсон” гэсэн нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоно гээч болов.
Анх энэ бичлэг цацагдсаны дараа Х.Нямбаатар сайд “Алба хаагчид иргэнтэй тохиролцоод бичлэгийг дараад өнгөрсөн байсныг хуулийн дагуу хариуцлага тооцож байгаа” гэж мэдээлсэн. Гэтэл одоо тэр нь тохиролцоо биш, сүрдүүлэг шантааж байсан хэмээн зарлалаа. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж үг бий. Цагдаагийн алба хаагчид өөрсдөө эрхээ хэтрүүлж, иргэний эрхэд хууль бусаар халдаагүй, зодож танхайраагүй бол эргээд өөрсдөө барьцаанд ороод, мөнгө төлөөд сууж байх уу? Хэргийн эх сурвалж нь анхнаасаа алба хаагчдын буруутай үйлдлээс болжээ гэдгийн л нэг нотолгоо.
Хууль зүйн сайд нь өөрөө үүнийг дэлгэж ярьснаараа цагдаагийн алба хаагчдаа аврах, зөвтгөх биш, харин ч асуудлыг улам хүндрүүлэв. Хууль сахиулагч нар иргэний эрхэнд халдаж танхайраад зогсохгүй түүнийгээ нуун дарахын тулд мөнгө хүртэл төлсөн байх нь.
Гэтэл салбарын сайд нь хууль зөрчсөн алба хаагчидтайгаа хариуцлага ярихын оронд эргээд иргэд рүү ноцоод “Иргэд манайхныг шантаажилж мөнгө авсан” гээд сууж байгаа нь салбар толгойлж байгаа сайд хүний үг гэхээсээ авгай, хүүхнүүдийн хийдэг хэрүүл шиг сонсогдож байна.
Эх сурвалж: INEWS.MN
Discussion about this post