Уг нь “Монголын Нууц Товчоо” бол Монголын түүхийн ховор нандин, гайхамшигт бүтээл юм. Гэвч олонхи хүн түүнийг бараг Бурхны сургааль мэт ойлгох. Мөн МНТ- г Библи шиг цээжилчихээд өөрийгөө “түүхч” гээд бодчихсон хөгийн нөхдүүд олон байх. Олонхи нь МНТ-г анх удаа судалж байгаа мэт гайхуулдаг, санаан зоргоороо тайлбарладаг толгойгүй хуурамбууд мөн ч олон. Тэднээс өмнө хийсэн асар олон судалгаа байдаг юм ш дээ. МНТ- г мэдээж судлаад судлаад барахгүй. Гэхдээ шинжлэх ухааны наад захын мэдлэггүй, судалгааны арга зүйгүй бол болдоггүй эд л дээ. Монголоор “МНТ судлаачид” пиг дүүрч, үйл ажиллагаа нь бараг “бөө” шиг хэмжээнд очсон учраас тэдэнд сануулга болгож би Л.Н.Гумилевын нэгэн гайхамшигт өгүүллийг нийтэлж байна. Энэ өгүүлэл 1970 онд “Татаар-монголчууд Ази-Европт” гэсэн Орос эмхтгэлд хэвлэгдэж, тэр дороо л монгол хэлнээ орчуулагдсан юм. Энэ жижиг бүтээл бол шинжлэх ухааны задлаг шинжилгээ, сэтгэлгээний гайхамшигт нэгэн хувилбар болсон хэдий ч өнөөгийн олон “түүхчид”,“судлаачид” огт мэддэггүй юм. Жинхэнэ судалгаа, анализ, эрдэмтний мэдрэмж гэж үүнийг хэлдэг юм. Харин Л.Н.Гумилев өгүүллээ хэвлүүлэхийн тулд тухайн үеийн үзэл сурталд нийцүүлж “ангийн тэмцэл”-ийн үүднээс авч үзсэн нь илт ажиглагддаг. Чухам ингэснийхээ ачаар л хэвлэгдэн гарсан буй за. Монгол номыг нь олон жил хайгаад олохгүй явтал ашгүй “Даяар Монгол” сайт, зохиолч Б.Номинчимэдэд байж байх нь тэр. Тэрбээр энэ өгүүллийг охиноороо шивүүлж электрон хэлбэрт оруулж Та бидэнд их тус боллоо. Иймээс би аав, охин хоёрт ихэд талархаж байгаагаа илэрхийлж байна. Д.ГАНХУЯГ
Чингис хаан дэлхийн эзэнт гүрнийг байгуулсны ач холбогдлын тухай асуудал одоо хүртэл нэгэн тийш шийдвэрлэгдэлгүй хоцорсоор байна. Чингис хаан ба түүний өв уламжлалын тухай асуудал бодитой судалгаа шаардах нь маргаангүй, гэвч энэ нь манай мэдлэгийн одоогийн шатанд шийдвэрлэж болох болов уу? Үүнд болно гэж хариулж болмоор мэт, учир нь энэ сэдвээр буй сурвалж бичгүүд хэвлэгдэн Европын хэлээр орчуулагдсан, ихэнхэд нь гарын авлагын шинжтэй тайлбар зүүлт, хамгийн уйгагүй суудаг эрдэмтний уншиж барамгүй тийм олон зохиолын ном зүйн жагсаалт байна. Гэтэл, нэг л юм дутуу байгаа нь, юу гэвэл тэр бүх мэдээ сэлтийг нь шүүмжлэлтэй үзэх явдал байхгүй гэж хэлэх гэсэн юм. Аль нэг эх сурвалж бичгийг иш татахад амархан, гэвч түүнд үнэнийг бичсэн гэхэд итгэл алга, тэгэх тусмаа олон янз сурвалж бичгүүдэд нэг адил үйл явдлуудыг дүрслэх нь бие биеэс тун ялгаатай өөр байх юм. Энэ нь ялангуяа хамгийн чухал сэдэв 1206 оны хурилтайн өмнө Монголын тулгар төр улс байгуулагдсантай холбоотой, учир нь монголчуудын гадагш хийсэн дайн дажин тодорхой бөгөөд нарийвчлан судлагдсан зүйл мөн.
Энэ үеийг “Алтан товч”, “Юань чао би-ши” /”Монголын нууц товчоо”/ зэрэг XIII зууны зохиолуудад харуулжээ. Эхнийх нь төрийн нарийн чанд хяналтаар орсон албан ёсны түүх, хоёр дахь зохиол нь 1240 онд зохиогдож Монголын ард түмний ихэвчлэн дотоод түүхийн үйл явдлыг өгүүлсэн нь үзтэл зохиогчийн зорилго ба сонирхлоос болсон буй заа. “Монголын нууц товчоо” XIII зууны монголчуудын зан үйл, түүхэнд ач холбогдолтой нь маргаангүй боловч, зохиолд бичсэн бүхнийг бид үнэмшиж болох уу, жинхэнэ болсон үйл явдлыг сэргээн сэтгэхийн тулд ямар засвар хийх ёстой вэ? гэдэг асуудал гарч байна. Хэрэв бидэнд зохиогчийн намтар, хувийн харилцаа мэдэгдэж байсан ахул, бүх юм амар хялбар байх байсан боловч бид түүний нэрийг ч мэдэхгүй байна. Б.И.Панкратов хоёр таамаг гаргаж байна. “Нууц товчоо” бол үйл явдлыг нүдээрээ харсан хүний үгнээс бичсэн зохиол юм уу, эсхүл хамтын бүтээл мөн гэнэ. Хамгийн чухал нь уул зохиолын хэлбэр, улс төрийн чиглэлийг тогтоох хэрэгтэй боловч, энд ч гэсэн нэгдсэн санал алга, энэ нь уг номын нэрийг өөр өөрөөр орчуулснаас тодорхой ажээ. “Сокровенное сказание”, “Тайная история” гэх мэтээр орчуулсан нь нэг адил зүйл биш юм.
Улс төрийн чиглэлийн тухайд яривал, В.В.Бартольд уул зохиолыг язгууртны магтаал, С.А.Козин-ардчиллын магтаал гэжээ. Б.Я.Владимирцов бичихдээ, энэ зохиол “Чингис хааны гэрийн нандин домог, түүний түүх” болохоор бичигдсэн зорилготой учир нь энэ бол нэг овог, нэг гэр бүл, нэг үеийн дотор гарсан гунигт үйл явдлын тухай өгүүлсэн үнэнхүү нандин сурвалж” мөн гэжээ. Үүний эсрэг, орчин үеийн Монголын эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, М.Гаадамба нар үзэхдээ, зохиогчийн санаа монгол аймгуудыг нэгтгэхийн чухлыг үндэслэж овгийн байгууллыг феодализм ялсныг сурталдах гэсэн хэрэг гэнэ. Ийм өөр өөр санаа байхад В.В.Бартольд, Г.Е. Грумм-Гржимайло нар сурвалж бичиг хэдүйчнээ үнэн магад болох тухай асуудал тавьсан боловч, түүнээ шийдвэрлэх талаар саналаа гаргасангүй.
Над их эргэлзээтэй санагдаж байгаа зүйл бол “Монголын нууц товчоо”-ны зохиогч “феодализм”, “овгийн байгуулал”, тэр ч байтугай, “язгууртан”, “ардчилал” гэх мэт ойлголтуудыг мэдэж байсан гэж үү гэдэгт байна. Харин ч, зохиогч нь 1240 онд өнгөрсөн өдрүүдийн тухай өгүүлэхдээ аль нэг Чингисийнхэнд талархалтай байсан эсэхээ тодорхойлсон гэвэл үнэнд арай ойртож очихсон билээ. Чухамхүү ийм талархалтай эсэхээ зохиогч илэрхийлэхийг эрмэлзсэнээс үнэн байдлыг хохируулсан тал гарсан байж болно.
Юуны өмнө тэмдэглэхэд, “Монголын нууц товчоо”-нд үйл явдлыг тайлбарлан өгүүлэхдээ албан ёсоор бичүүлсэн “Алтан дэвтэр”-ээс их ялгаатай бөгөөд энэ сүүлчийн зохиолын монгол эх бичиг үлдсэнгүй боловч, “Рашид ад-дины”, “Сборник летописей” (Судрын чуулган), “Юань ши” /История династий Юань/-гийн үндэс болсон байна.
Уул зохиолууд бие биеэс ангид бичигдсэнийг харуулахын тулд дотор нь бий зарим нэг үл тохирох зүйлсийг дурдвал хүрэлцээтэй билээ. Жишээ нь албан ёсны түүхээр ахул, Далан-Балжиудад болсон тулалдаан Чингис хааны бүрэн ялалтаар төгссөн байхад “Нууц товчоо”-нд ялагдсан гэсэн ба үүнийг нь яагаад ч юм Жамуха сэцэн далимдуулан ашигласангүй өнгөрчээ. Рашид ад-дины өгүүлэхээр, Жамухыг Элчидэй ноён хэсэг хэсгээр цавчин цаазлав гэсэн байхад “Монголын нууц товчоо”-нд бичихдээ, Чингис хаан Жамухыг аврахыг оролдож гагцхүү түүний өөрийн нь хүсэлтээр “цус урсгалгүй” өөрөөр хэлбэл, их хүндэтгэлтэйгээр үхэхийг зөвшөөрсөн гэжээ.
Түүхэнд товойсон хувь хүмүүсийг тодорхойлох нь заримдаа эрс тэс, эсрэг тэсрэг байна. Жишээ нь Жамухыг албан ёсны түүхэнд зарчимгүй уулгач этгээд гэсэн байтал, “Нууц товчоо”-нд эх оронч, Чингис хааны үнэнч хань гээд гагцхүү цагийн эрхээр хуйвалдаанд оролцож тэмцэлдсэн, тэгэхдээ Жамуха бүр дайсны талд байхдаа ч гэсэн өөрийнхөө эрх ашгийг бодохоос Чингис хааныхныг илүү бодож байсан юм гэжээ. Иймээс эдгээр сурвалж бичгийн чиглэл өөр өөр байгаа нь тодорхой биш үү.
Албан ёсны буюу нууц түүхийн аль нь зөв бэ гэдэг асуудал тавих нь арай эрт байна. Энэ хоёр зохиол хоёулаа Монголын эзэнт гүрний дотор элдэв олон бүлэглэлүүдийн хооронд ширүүн тэмцэл явагдаж байсан үед бичигдсэн бөгөөд тэрхүү тэмцлийг тусгасан нь эргэлзээгүй. Тэгэхдээ, хоёул үнэн байдлыг өөр өөрөөр гуйвуулсан байх нь ээ. “Монголын нууц товчоо”-ны зохиогчийн чиг баримтлалын тухай бидний сонирхож буй асуудалд хариулахад нэг арга зам байгааг хэлбэл, уул сурвалж бичгийг дөрөв хувааж үзэх хэрэгтэй. Үүнд, 1/ үйл явдлуудын он сарын дэс дараа, 2/ уран зохиолын бүтцийн зарчим, өөрөөр хэлбэл хэлбэр, 3/ түүхийн үйл явдалд оролцогчдыг зохиогчийн нүдээр хэрхэн харж тодорхойлсон, 4/ 1240 онд зохиол бичих үед зохиогчийн улс төрийн талархал ямар байсан зэрэг болно.
Шүүмжлэлтэйгээр шинжлэн үзэх явдал энэ асуудлыг зөвхөн судлах төдийгүй, бас сурвалж бичгийн үнэн мөний хэмжээг тодорхойлох боломж өгөх бөгөөд ингэхгүйгээр Чингис хааны ролийн тухай түүх-нийгэм судлалын үүднээс хийх бидний бүх ойлголт судлагчийн дур зоргоос хамаарах болж ингэхлээр шинжлэх ухааны утга чанартай болж чадахгүй юм. Чухмыг яривал, Чингис хааны мандсан түүхэнд түүний төрсөн он сараас эхлэн бүгд эргэлзээтэй байна. Бүр Рашид ад-дин энэ гол он сарыг тодорхойлохдоо их зөрүү гаргасан: эхлээд тэрээр Чингис хааныг Христосын 547 онтой /1152-1153/ тохирох гахай жил төрсөн гэчихээд дараа нь Чингис хааны насыг талийсан жилтэй нь /1227 оны 8-р сар/ холбож 72 наслав гэж залсан нь өөрөөр хэлбэл түүний төрсөн он нь 1155 он болж байна.
Тэмүжиний амьдралд ач холбогдлоороо янз бүрийн үе тохиолджээ. Эхний үе-бага балчир нас, энэ нь Тэмүжин есөн настайдаа эцгээ алдах хүртэл /1171/ үргэлжилжээ. Энэ үед түүхэнд тусгагдсан ямар нэг үйл явдал гараагүй нь зүйн хэрэг. Хоёрдугаар үе-өсөх нас, энэ нь тайчуудын Таргудай-Хирилтуг Тэмүжинг олзлон авсан ба түүний зугтаах хүртэл үргэлжилнэ. “Монголын нууц товчоо” өгүүлж буй үеийн зөвхөн ганц баримтыг дурддаг. Энэ нь Тэмүжин, Хасар хоёр Бэгтэрийг алсан, Тэмүжин 11 настайдаа өөрөөр хэлбэл, 1173 онд Жамухатай нөхөрлөсөн тухай цухас өгүүлсэн зүйл юм. Гэтэл, энэ үед арай илүү ямар нэг явдал гарсан гэж бодож болмоор юм. Үнэндээ тайчууд нь боржигинуудыг дайрахдаа талан дээрэмдэх зорилго тавьсангүй, харин зөвхөн Тэмүжинг барьж авах гэсэн, чингээд, уул зорилгоо биелүүлмэгц, зайлцгаасан ажээ. Таргудай “түүнийг зүй ёсоор гэсгээн цээрлүүлэв”, Тэмүжин ямар нэг ноцтой хэрэг хийгээгүй нь илт, учир нь түүний амийг хороох хэрэггүй байжээ.
Таргудай Хирилтугийг өөрийн нь зарц нар барьж аваад Тэмүжинд тушаах гэтэл хөвүүд дүү нар нь түүнийг булааж авахаар хүрч ирэхэд тэдэнд Таргудай Хирилтуг хэлэхдээ, тэрээр Тэмүжинг өнчин хоцорсон байхад сурган хүмүүжүүлж явсан гээд нэмж ингэж хэлсэн нь: “Одоо Тэмүжин түүнийг ухаандаа ойлгож, сэтгэлдээ сэнхэрч байгаа биз. Тэмүжин, намайг алахгүй” гэв.
Үүнд зохиогч өөрийнхөө хичээнгүйлэн дуугүй дарж өнгөрүүлсэн үйл явдлуудын тухай үг алдсаныг хэлбэл Тэмүжин үл мэдэгдэх хэрэг хийснээс болж дөнгө дөнгөлүүлсэн тухай өгүүлэхдээ хүүхэд зан, дэмий ааш байсан учир түүнийг өршөөв гэжээ. Гэтэл тайчуудын тэргүүлэгчид нь зарц Сорхон Шарын ажсан ба сурвалж бичиг зохиогчийн далдалсан эрх дархад дуртай эрмэлзлийг нь харж чадсангүй байжээ. Ингэж далдлах нь зохиогчид ямар хэрэгтэй болсныг дор өгүүлье.
Энэ үйл явдлын он сарыг гаргах хэцүү байна. Зохиолд ямар учиртайг бүү мэд. Чингисийг тэр үед 16 нас хүрсэн буюу 1178 он болж байсан гэнэ, гэхдээ үүнийг батлах зүйл сурвалж бичигт алга.
Гурав дахь үе нь идэр нас, судлахад бүр ч хэцүү байна. Бөртийг эхнэрээ болгож авсныг боржигинийхний гэр бүлийнхний насаар тодорхойлж байна. Гол баримтлах он нь Зүчийн үхсэн үе болж байна, учир нь тэрээр мэргидийг довтлох үед төрсөн учир, хоноцын хүүхэд гэж сэжиглэгдсэн юм.
Зүчи 1225 онд төрөлхөөс 30 илүүхэн настайдаа нас нөгчив. Ийм болохоор мэргидийн довтолгоон барагцаалбал 1190 оны үед болсон ба тэр үед Тэмүжин 28-30 настай байжээ. Өгөдэй 1241 онд 56 настай буюу 1185 онд төрсөн гэхэд Зүчиэс Өгөдэй дүү болох нь ээ.
Монгол уламжлалаар Тэмүжинг Чингис хаанд анх өргөмжилсөн нь Барс жил энэ нь Бөртийг булаан авсан, иймээс Зүчийн төрснөөс жил хагасын хойно болжээ. Өгөдэйгөөс Зүчи нь ах учир, 1194 оныг авч хэлэлцэхгүй, харин иймд 1182 он мөн, бас мэргидийг эргэж дайрсан нь 1180 он хавьцаа гарчээ, өөрөөр хэлбэл, тайчуудад олзлогдсон, тэндээс зугтаасан, мэргидийн довтолсон, монголчуудын хариу довтолсон, Жамухатай нөхөрлөсөн, хаанд өргөмжлөгдсөн энэ бүх үйл явдлууд 1178-1182 оны завсар дэс дараалан болж өнгөрчээ. Энд сурвалж бичгийн зохиогч нь бидэнд маш үнэтэй эргэлзээт нэг үг оруулжээ. Жамуха мэргидийг хариу довтлоход яаж байрлах тухай санал тавьж ийн хэлсэн нь, “Онон мөрний эх Ботохон–бооржи гэдэг газар ирэгтүн. Би эндээс нэгэн түмэн цэрэг авч мордоод замд Онон мөрөнд нутаглаж байгаа Тэмүжин андын харьяат нараас бас нэг түмэн цэрэг авч, бүгд хоёр түмэн цэрэг болоод Ботохон-бооржид очиж нийлье” гэв. /Орчуулагчийн тайлбар: С.А.Козины орчуулгаас Гумилевийн иш татсан нь “Нууц товчоо”-ны зохих зүйлтэй бага зөрж буй учир “Нууц товчоог” баримтлав/. Зөвхөн Боорчи, Зэлмэ нар Тэмүжинтэй нийлсэн төдийгүй, бас ямар нэг өөр хүмүүс түүнд ёс төдий ч болов бууж захирагдсан нь тодорхой буй заа. Энэ бол Есүгэйн өнчин хүүхэд гогод мангирын үндэс, тарвага зурам идэж явсан цагтай зүйрлүүлбэл их алхам урагш болсон хэрэг, харин сурвалж бичгийн зохиогч үүнийг анхаарахгүй гагцхүү тайчууд яагаад Тэмүжинг гэнэт үзэн ядах болсныг тайлбарлаж байна.
Дөрөв дэх үе нь залуу нас, үүнийг 1201 оны тахиа жилээр хязгаарлаж болно. Тэр үеэс сурвалж бичгийн зөрүү нь он дарааллын хүрээнээс гарч өөр талбарт шилжиж байна. 1201 он Чингис хааны эрчимт бодлогод илэрхий дургүйцэн санаа зовнисон аймгуудын холбоо Монголд дотоодын хямралын дайн өдөөсөн билээ. Гэвч энэ бодлого нь ямар байсан тухай сурвалж бичиг хариу өгөхгүй байна. Энэ бүх 18 жилд зөвхөн гуравхан үйл явдал гарсан, үүнд Тэмүжин Жамухатай эвдэрсэн, татаарыг дайлаар одсон, салан тусгаарласан Жүрхин аймгийг дарсан эдгээр болно. Эдгээр үйл явдал Христосын 578 он, өөрөөр хэлбэл, 1182 оны есдүгээр сараас эхэлсэн нохой жилээр товлогджээ. Иймд эдгээр нь Тэмүжинг хаан суусны дараахан, барагцаалбал 1183-1184 онд гарсан ажээ. Үлдэх 16 жил нь Тэмүжин өчүүхэн жижиг ноёноос зөвхөн Монгол төдийгүй, бүх өргөн уудам тал нутгийн хаан ширээг өрсөлдөн булаацалдагч болон хувирсан үе, дараахь бүх аугаа их үйл явдлуудыг ойлгох оньсон түлхүүр болсон үе, монголчуудын өөрсдийн нь нийгмийн харилцаа ба сэтгэл зүйд гарсан эргэлтийн үе мөн боловч “Юань-чао би-ши”-д ер тусгагдсангүй. Энэ үйл явдлууд ердөө л орхигдсон ажээ. Үүнд зохиогчийг мэдсэнгүй гэх аргагүй учир нь 120-р зүйлээс өөрөөр хэлбэл, 1182 оноос тэр зохиолч “тэд” хэмээх төлөөний үгийг “бид” хэмээн сольсноор өөрөө уул үйл явдлуудад оролцож явсан хүн болохоо харууллаа. Үүнээс үзэхэд, тэрээр ямар нэг шалтгаанаар хэлэх дургүй үйл явдлуудыг орхигдуулсан байна.
Ийм гайхалтай зүйлд бүр Рашид-ад-дин анхаарлаа хандуулсан юм. Албан ёсны түүх нь нууц түүхэнд орхигдсон үйл явдлуудыг мөн л дуугүй өнгөрүүлсэн нь тодорхой байна. Энэ тохиолдолд хоёр хувилбарын чиг хандлага тохирч байна. Хэрэв үйл явдлын тухай, жишээ нь Далан Балжиудад болсон тулалдааны тухай дурдсан гэхэд, огт өөр өөр зүйл яригдаж байна. Энд бид гол асуудалдаа хүрлээ, энэ нь “Монголын нууц товчоо”-ны зохиогч хэрхэн гол баатар Тэмүжин-Чингис хаанд хандаж байгаа явдал мөн. Сурвалж бичгийн чиглэл ямар болохыг тогтоож гэмээж нь сая түүний зохиогч үйл явдлуудыг хэрхэн гуйвуулсан эсхүл хэрхэн санаатайгаар агуулгыг завхруулсныг мэдэж болно.
Юуны өмнө тэмдэглэхэд, “Юань чао би-ши”-гийн зохиогч олон өгүүлэл, домог, өөрийнхөө дурдатгалыг ашиглаж тэдгээрийг тун сүрхий бүтээлчээр холбосон нь зохиолын нэг нэгдсэн төлөвлөгөөнд ямар ч хор учирсангүй. Үүнд, жишээлбэл, ноёдын нэрсийн цэс, хэшигтэн цэргийн дүрэм, өөрийн үг мэтээр ардын аман зохиолоос иш татсан зүйл, хунгирадын бүсгүйчүүдийг Дай-сэцэн, монгол цэргийг Жамухын магтсан үг зэрэг болно. Эхний тохиолдолд зохиогч үйл явдлуудыг нарийн чанд, магадгүй, тэгж бодогдмоор өгүүлэх журам баримталсан, харин хоёрдугаарт, бид уран зохиолд нийтлэг аргаар уул бичигт өөрийн хэлэх үг, ярилцлага, хандаж хэлэх үгийг оруулан гурав дахь үеэс ерийн хүүрнэн хэлсэн зүйлийг амьдруулахыг эрмэлзсэнийг харж байна. Зохиолын ийм арга барил баримталсан нь уул зохиогч мэдлэг боловсролтой, зохиолын өв уламжлалтай байсныг зөвхөн харуулахаас биш өөргүй билээ.
“Юань чао би-ши”-гийн эхний хэсэг монголчуудын удам судрын түүх бол Бодончар овгийн тухай аман домгийг уран зохиолын аргаар боловруулсантай төстэй, харин Чингисийн бага насны тухай хоёрдугаар хэсэг нь 1182 онд түүнийг анх хаан болгон өргөмжлөх хүртэл-өмнөх ба хойдхи хэсгүүдээсээ ялгаатай. Энэ хэсэгт домгийн шинж чанар алга болж он дарааллынх нь мөн л гарч ирэхгүй байна. Зохиогч нь гурав дахь этгээдийн өмнөөс л бичсээр байх бөгөөд тэгэхдээ маш тодорхой бичнэ. Жишээ нь Тэмүжин тайчуудаас зугтаахад ямар сайхан сартай шөнө байсан, мэргидийн дайлаар ирэхэд морьдоо яаж хувааж авсан гэх мэтийг зааж болно. Хэрэв зохиогч үйл явдлыг биеэр үзсэн хүн байсан ахул, юу ч болтугай нэг юмыг нэгдүгээр биеэсээ бичих ёстой билээ. Иймд бид юу гэж бодож болох вэ гэвэл, тэр зохиогч өөрийн нь өмнө байсан ийм сэдэвт зохиолыг аваад өөрийн бодол санаанд нийлүүлэн засч боловсруулжээ гэж үзэж болно. Ийм аман зохиол байсныг Рашид ад-дин баталж өгч байна.
“Тэр цагт Баяд аймгийн нэг сэцэн мэргэн өвгөн байжээ. Түүний хэлсэн нь: хияд юркиний аймгийн Сача-бэхи хаанчлах дуртай, тэгэвч энэ нь түүнд үл тохирно. Жамуха сэцэн өөрийн хэргийг бүтээх гэж хүмүүсийг бие биетэй нь ямагт мөргөлдүүлж элдэв хуурамч хэрэг хийвч, хаанчлах санаа нь бас үл бүтнэ. Зүчибэр, өөрөөр хэлбэл, Зүчи Хасар бол Чингис хааны дүү бас л ийм эрмэлзэлтэй. Тэрээр өөрийн хүч чадал, нум сум харвах авьяас билэгтээ итгэнэ, гэтэл хаан болох эрмэлзэл нь мөн л үл бүтнэ. Мэргид аймгийн Улаг-Үдүр эрх дархад дуртай, их хүч, уужим сэтгэл,гаргасан боловч, эзэн хаан болж бас эс чаджээ. Гагцхүү Тэмүжин, өөрөөр хэлбэл Чингис хаан бүхнийг толгойлох хаанчлахад гаднаа гялбаатай, дотроо бодолтой, авьяас билэгтэй тул хаан суух нь эргэлзээгүй.
Энэ үгийг тэрээр монгол заншил ёсоор ёгт шүлгээр хэлсэн юм” гэжээ.
Дурдсан ишлэлд XII зууны үед их тархсан хэллэгийн хэлбэр дутагдаж байна. Энэ бол сургамж өгөх гэсэн зохиол ч биш, хачин чамин зохиол ч биш, харин ухуулан сэнхрүүлэхэд зориулж, уран зохиолын хувьд боловсруулсан улс төрийн программ мөн. Ийм зохиолуудыг нууц товчооны зохиогч материал болгон ашигласан гэж бодож болох юм. Үүнээс л тэрээр XII зууны тухай тодорхой мэдээ сэлт олж болох байлаа. Гэвч чингэхдээ зохиогч хаа ч тэр өөрийн тодорхойлсон нэгдсэн төлөвлөгөөнөөсөө ухарсангүй.
“Монголын нууц товчоо” уламжлалын дагуу зохиогджээ. Товч удиртгалын дараа үйл явдал эхэлж Өэлүнг булаан авна. Дараа нь үйл явдал өрнөсөөр ээдрээт байдал гүнзгийрсээр дээд цэгтээ хүрч Жамуха үхнэ. Зохиогч нь уран зохиолын хэт энгийн арга хэрэглэнэ, энэ нь хэзээд хожоотой болно. Энд Жамуха Тэмүжинг зэрэгцүүлж үзэх уран зохиолын аргыг хэлж байна. 1206 оны их хурилтайн дараахь үйл явдлууд арай бага өгүүлэгдэнэ. Энэ бол чухмыг хэлбэл, уран зохиолын сүүлийн үг мөн, тэгэхдээ зохиогч зөвхөн төгсгөлд нь Өгэдэйг архи ууж согтуурсан, шуналд автагдсан, цэргийн дарга нартай муу харьцдаг /Дохолхүүг алсан/ гэж олны өмнө гэмшүүлэхэд л сая сэтгэл нь сэргэнэ. Өгүүлж буй материал зохиогчийн анхаарлыг харилцан адилгүй татаж байна. Тэр зохиогч бүхэл бүтэн арван жилийн үйл явдлыг орхигдуулсныг бид үзэв. Гэвч тэрээр үүний зэрэгцээ дотоодын хямралын дайны үйл явдал, Чингис хааны хувийн амьдралаас хааныг өөрийг нь муутгасан зарим зүйлийг хэтэрхий тодорхой бичиж, үзтэл түүнд зөвхөн сургаар мэдэгдсэн гадагш явуулсан дайн, байлдан дагууллыг нь тун бага өгүүлнэ. Гэтэл, энэ бүхэн зохиолын бүрэн бүтэн болоход хор хүргэсэнгүй, учир нь монголчуудын түүхийг бичихэд Тэмүжингийн биеийг шагшин магтах нь зохиогчийн үүрэг зорилго биш байжээ.
Ямар зорилт зохиолд тавьсан нь гол үйл бүтээгч баатруудын зан төрхийг шинжлэн үзвэл тодорхой болно.
Гэхдээ, бид үүнийг задлан шинжлэхдээ хатуу санах зүйл гэвэл, эдгээр хүмүүс зохиогчийн ухамсраар шүүгдэн зохиолын баатрууд болсон, зохиогч ерөөс бодитой биш байгаа ба бид одоо тэр үеийг бус, харин олон жилийн хойно ямар нэг хүний эсрэг чиглүүлэн бичсэн уран зохиолыг авч үзэж байгааг хэлбэл зохино.
Чингис хаан бол зохиолын гол дүр мөн. Гэвч, хувь хүн түүний тухай, зан төрх, авьяас билгийн нь тухай дүгнэлт хийхэд маш бэрх байна. Энэ баатарт зохиогч хоёрдогч байр сууринаас хандаж байгаа нь бүх зохиолын турш өөрчлөгдөхгүй байна.
Эхний дүр нь Тэмүжин муу санаатай, хулчгар, өөдгүй, өшөө хонзон өвөрлөгч, юу ч хийхээс буцахгүй хүн гэдгээр тодорно. Хоёр дахь дүр нь Чингис хаан, холын хараат эзэн, даруу төлөв, шударга журамт, өгөөмөр сэтгэлт хүн болно.
Үнэндээ Тэмүжин хувь хүний хувьд анхнаасаа сэтгэлд эвгүй хүн ажээ. Түүний эцэг ирээдүйд худ болох хүндээ хэлсэн нь: “Миний хөвүүн нохойноос цочимтгой билээ” гэв. Хүүхдийн эмзэг мэдрэхүйг зохиогч хулчгар зан гэсэн нь цэрэгшсэн нийгмийн хамгийн ичгүүртэй явдал болгон өгүүлсэн хэрэг юм.
Чирха өвгөн түүнд улс чинь тарж нүүв гэхэд Тэмүжин уйлж гарав. Энэ бол яриагүй хүнлэг чанар мөн, гэвч улс орноо нэгтгэгч эзэн хааны тухай ярьж байгаа болохоор энэ тухай дуугүй орхиж болох байлаа.
Тайчууд, мэргидийн довтлон ирэх үеэр хариу цохилт өгөхөд Чингис оролцсонгүй, түүний хайртай залуу хань Бөртэ нь нөхрийнхөө аймтгай зан төрхөөс болж дайсанд олзлогджээ. Бурхан Халдун уулан дээр залбиран мөргөснийг нь агуулгаар ч найруулгаар ч чин сэтгэл гаргасан үг хэлж гэж үзэж болохгүй.
Тэмүжиний хэлсэн нь:
“Солонго мэт сонсох
Соргог хуагчны
Сонорын хүчээр
Үен мэт үзэх
Үнэнч хуагчны
Үзсэний ачаар
Аюулт дайснаас
Амжин дутааж
Бүтэн биеэ
Бүгэн нуугдаж…
Бугын мөрийг
Мөшгөн хөөж
Бургасан гэрт
Буруулан нуугдаж
Бурхан халдунд
Амь хоргодов…
Бөглүү ойт
Бурхан уул
Бөөсөн чинээ амий минь
Бөөцийлэн аварч
Бөөрийн чинээ биеийг минь
Бүтэн мэнд үлдээсэн”
гэжээ.
Үнэндээ аюул их байлаа, гэвч Хасар, Бэлгүтэй, Боорчи, Зэлмэ нар мөн л ийм аюулд учирсан боловч зориг мохсонгүй. Гэтэл, зохиогч Тэмүжиний хулчгар аймтгай байдлыг товойлгон тавьж өөрөө үл мэдэн үг алдахдаа, тайчууд ч тэр, мэргид ч тэр зөвхөн Тэмүжинг барьж авсан гэнэ. Дайсанд үл таашаагдах хулчгар аймтгайгаас нь ч улам зэвүүн төрх чанар түүнд байсныг зохиогч орхигдуулж байна гэж бодож болох юм.
Зохиогч үүгээр хараахан зогсохгүй байна. Зохиогч эх эцгээ хүндлэхгүй, ах дүүгээ хайрлахгүй зан төрх Тэмүжинд бийг өгүүлсэн нь XII зууны нөхцөлд багагүй ичгүүртэй гэгдэж байжээ.
Тэмүжин хүүхэд ахуйн дэмий хэрүүл маргаанаас болж дүү Бэгтэрээ араас нь гэтэн очиж алсан билээ. Зохиогч Тэмүжинг яаж үзэж харьцаж байгааг нь өөрийн хүүгээ
Уураа даран ядах
Омогт арслан мэт…
Ботго тормын
Борвийг хазах
Өлөн буур мэт…
гэж хилэгнэн зүйрлүүлсэн эхийн нь үгээр илэрч байна. Гэтэл, энэ нь Өэлүн хатны хэлсэн үг бус, учир нь амьтдын дотор тэмээг нэрлэсэн байна. XII зууны үед монголчууд тэмээг бараг хэрэглэдэггүй байсан, харин Тангудад хийсэн аян дайны эцэст олон тэмээг олзлон авчирсан нь тодорхой билээ. Иймд энэ хандаж хэлсэн үг нь XII зуунд биш, харин XIII зуунд зохиогдсон гэж баттай хэлж болно. Хасарыг Тэв-Тэнгэр муулахад Чингис хаан Хасарыг бариад байцаан доромжилж гарснаа гагцхүү эхийнхээ өмөөрсөн учир сая болив. Гэвч, Тэмүжин Хасарыг доромжлохоо бүр зогсоосонгүй, чингэснээрээ эхийгээ санаа зовнин үхэхийг ойртуулсан юм.
Зохиогч Чингис хааныг Тэв-Тэнгэрийг хорсон алсанд зэмлэхгүй мөртөө, харин дүү Отчигиноо хайхрахгүй байсныг нь цохон тэмдэглэнэ. Эцэст, Даридай өвгөн амь аврагдаж, Зүчи, Цагадай, Өгөдэй нар өршөөгдсөн нь зөвхөн олон нийтийн нөлөөтэй холбоотой, өөрөөр хэлбэл, ноёд нь өмгөөлсөн тул хаан харгалзахгүй байж чадсангүй.
Хар сэжиг, уур хилэн нь Хулантай холбогдсон үйл явдлаас ч бас цухалзаж үнэнч зүтгэж гавьяа байгуулсан Наяг хатантай нь хоносон гэж үндэсгүй хардан занчуулж арай л амийг нь алдуулах шахсан билээ.
Зохиогч Чингисийн уур хилэн, өшөө хонзон нэвт шингэсэн зан авирыг нь Жүрхинийхний найр хурим дээр гарсан хэрүүл маргааныг бичихдээ тусгайлан цохон тэмдэглэхдээ архи уун зодолдсоныг нь Чингис дэвэргэн атаа жөтөө болгон хувиргав гэжээ. Харин дараа нь жинхэнэ баатар Бүрибөхийг тарчилган алж итгэл эвдсэн муухай явдал хийсэн нь элдэв муу юманд дассан зохиогч өөрөө л хүртэл хирдхийнэ. Энэ тухайг илүү дутуу үгүй сэтгэлээ барин бичсэн ажээ.
Хатад нь ч хүртэл зохиолын баатрыг жигшин үзнэ. Олзлогдсон Есүгэн нь хааны хатан болоод өөрийн байрыг өөр эмэгтэйд өгөх шалтаг олж дүү Есүйгээ хаанд хатан болгон өгөхөд Есүй нь дуртай дургүй хатны өндөр сууринаа сууснаа тэвчивч, өөрийн хувь заяаг холбосон ядуу эрээ цөллөгөнд байхад нь мөрөөдөн гуниглаж байжээ.
Энэ бүгд үнэн хэрэг дээр болсон явдал байж болох нь мэдээж, гэвч сонирхолтой нь зохиогч хааны ордны хов маргааныг хичээнгүйлэн цуглуулан бичиж авсан атал, харин илүү чухал зүйлсийг нь орхигдуулжээ.
Нууц товчоог баримталбал, Чингис хаан дайнд авьяас билэг гаргасангүй. Мэргидийг довтолсон нь Жамуха, Ван ханы хийсэн хэрэг, Далан Балжиудад болсон тулалдаан ялагдлаар төгсч Хүйтэнд хийсэн довтолгоон сайн тийшээ эргэсэн явдал гагцхүү Чингисийн эсрэг эвсэл нурсантай холбоотой байна. Хэрэйдийг Чарухан бут ниргэж найманыг бут ниргэх замыг Додайчэрби сүвэгчилж Зэв, Хубилай, Зэлмэ, Сүбээдэй нар гүйцэтгэсэн билээ.
Иймд авьяас билэг үгүй, муу санаат, өшөө хонзон өвөрлөсөн, аймтгай хулчгар хүн яагаад дэлхийг донсолгосон эзэнт гүрнийг байгуулсан нь ер ойлгогдохгүй байна. Гэвч түүний хоёр дахь нүүр царайг авч үзье.
Юуны өмнө, зохиогч нь эх оронч үзэлтэй хүн, монгол улсынхаа мандан бадрахад ямагт сэтгэл дүүрэн явж байжээ. Мэргэдийг сөнөөсөн, татаарыг хүйс тэмтэрсэн, хэрэйд найманыг боол шивэгчин болгосон энэ бүхнийг гавьяа гэж үзэж энд л Тэмүжинд байсангүй хүндэтгэл Чингис хаанд оногдож байна. Хүйтэнд болсон тулалдааны дараа Чингис хаан өөрийгөө сайн талаас харуулжээ. Зэлмэ, Сорхон Шард баяр талархал илэрхийлэн Зэвийг ухаалгаар магтжээ. Түүний хууль зүйн арга хэмжээ нь их төлөв цэргийн дарга жанжнуудыг магтах сайшаах, хөхүүлэн шагнах төдийгөөс бүрэлдэж билээ. Чингис хаан цэргийн жанжнуудын хэлж зөвлөсөн үгийг анхааралтай сонсож тэдний санал бодлыг хүлээн авч өөрийн шийдвэрийг таацуулан гаргадаг байжээ. Гэвч зохиолчийн талархал соёрхол нь хааны талд биш, харин шагнагдагсдын талд байгааг мэдэхэд хэцүүгүй. Зохиогч цэргийн тухай хүүрнэн өгүүлэхдээ ихэд сэтгэл хөдлөн бүр ч хөөрөх байдалд орно.
Чингис хааныг баатар, жолоодогч гэж зохиогчийн үзсэн нь дорхи үгээр илэрхийлэгдэнэ. “Улсыг байгуулахад зүтгэсэн хүмүүсийг түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, аравны ноёд болгож…” гэжээ. Ямар гавьяа зүтгэл гаргаснаас ямар соёрхол хүртсэнийг зохиогч хичээнгүйлэн тэмдэглэхдээ гавьяа зүтгэлийг нь давтахаасаа ер залхуурахгүй байна. Монгол цэргээ сэтгэл хөдлөн дүрсэлсэн нь Жамухын үгээр гарна, үүнд эхний байранд –“Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн сайн нохой” оржээ, хоёрдугаар байранд –Уруд, мангудын уулгалан дайрагч цэрэг, гуравдугаар байранд хаан ба түүний ах дүү нар тус тус тавигдсан, чингэхдээ зохиогч нь Тэмүжингээс бусад бүх хүмүүст ерөөл магтаалын үг хэлсэн боловч Тэмүжингийн тухайд зөвхөн сайн хуяг бамбайтайг дурджээ.
Зохиогчийн дур булаасан баатар нь Сүбээдэй баатар мөн. Чингис хааны үгээр Сүбээдэйд бүхэл бүтэн магтаал өргөжээ.
Өшөөт мэргидийн үрс
Өргөст загас болж
Өргөн далайд орвол
Өрлөг Сүбээдэй чи
Өөш гувчуур болж
Өлгөж гохдож бариарай!
Хөөгдсөн Худу, Чулуун нар
Хөөрөх жигүүртэй болж
Хөх тэнгэрт нисвэл
Хүлэг баатар чи
Хөнөөх шонхор болж
Хөөж тэднийг бариарай! гэжээ.
Өөр ноёдыг зохиогч бас дурдахдаа ингэтэл сэтгэл хөдөлсөн утгаар бус, нэрийг нь ерөнхийд заана. Мөн Сүбээдэйг оросуудыг ялсан баатар гэж нэмж дурдсан байдаг. Цаашилбал, Өгөдэйн дөрвөн өдүүлсэн яланд “хаан эцгийн минь харах нүдний өмнө, хамгаас түрүүнд хатгалдаж явсан” энгийн чэрби Доголхуг нууцаар ялсныг багтаажээ.
Ийнхүү зохиогч цэрэгт яаж ханддаг шигээ хаанд хандаж байна, гэхдээ үүгээр бүх юм төгсөхгүй.
Зохиогч нь “язгуурын эзэндээ” үнэнч байхыг сайн чанар гэж үзнэ, гэхдээ энэ нь хааны үйл хэрэгт ашигтай хортой эсэх нь хамаагүй.
Чингис нь Жамуха эзнээсээ урвасан нөхөр Сангум, эзнээ элсэн манханд хаясан адуучин Хөхчу нарыг цаазалсан гэтэл, Ная, Хаадах-баатар нарыг хэдүй өөрийн нь дайсан боловч, тэднийг “язгуурын эзэндээ” үнэнч байсан гэж шагнаж билээ. Гэтэл, чухам үүнд, үнэн хэрэг дээрээ, сүлд туг ба эзэн хаандаа цэргийн ёсоор үнэнч байх явдлыг номлосон нь харагдана. Чингэхдээ энх амгалан цагт бус, гагцхүү дайн байлдааны үед гэдгийг харгалзан үзжээ. Зохиогчийн үзэл санаа нь нэгэнт өнгөрсөн үйл явдлыг эргэж гуйвуулахад хүргэж байна. Одоогоор бид нэг зүйлийг тогтоож авахад, Чингис хааныг сайн талаар өгүүлэх нь зохиогчийн нүдэнд цэрэгтээ үнэн байдалтай нь холбоотой, харин муу тал нь түүний хувийн зан чанар ажээ.
Ингэж үйл явдлыг үзэх нь эргэлзээтэй хэрэг. “Юань-чао-би-ши” –гийн зохиогчийн дүрсэлж байгаагаар үйл хэрэг яг тийм байсангүй, тэр ч байтугай тэрээр энэ тухай өөрөө хоёр удаа үг алдсан байна.
Эхний удаа, Сорхон Шара гэрийнхэнтэй хамт тайчуудаас Тэмүжинг аврахдаа зөвхөн түүний нүдэндээ цогтой, нүүрэндээ гэрэлтэйд болжээ. Хоёр дахь удаа, Боорчи мөн л адил шалтгаанаар аавынхаа аж ахуйг орхиж эрхэм үл таних хүнийг дагаж одсон ажээ.
Зохиогч эдгээр зурвасыг бичихдээ Боорчи, Сорхон Шар хоёрыг магтах эрмэлзэлд хөтлөгдсөн боловч, чингэснээрээ тэрээр өөрөө анзаарахгүйгээр өөрийн үзэл бодолд эргэлзээ төрүүлэв. Түүний үзэл бодол нь бидний олонт тэмдэглэснээр, үнэнч байдлыг гуйвуулан завхруулах хандлагатай холбоотой. Чингис хааны төрхийг бүрэн гаргахын тулд түүний дайсан-Ван хан, Жамухаас гадна түүний үр хүүхэд Зүчи, Цагадай, Өгэдэй, түүний төр засгийг үнэндээ залгамжилсан их сайд Елюй Чуцайн тодорхойлолтыг авч үзэх хэрэгтэй.
Ван ханы хувьд асуудал жирийн байна. Зохиогч түүнийг үзтэл таашаахгүй байтал түүний тухай бичихдээ ямар нэг хувийн сонирхол хутгалдсан явдал оруулсан бололтой. Ван хан мэргэдийг бут ниргээд “энэ олзноос Чингис хаанд юухныг ч эс өгөв” гэжээ. Үзтэл, зохиогч мэргидээс булаан авсан олзны хувь авах гэж өөрөө санаархаж, түүнд юу ч олдсонгүй болохоор гоморхсон билээ. Хэрэйдийн дампуу ханыг аль муу муухайгаар бичихийн тулд зохиогч хэзээ ч барагддаггүй хов үг цуглуулж түүнээ хоёр удаа давтсан байна, үүнд тусгай хашлаганд ба Чингисээс дайсагнагч эвслийн толгойлогчдод явуулсан бодрол бичгийг хэлж байна. Гэтэл хэрэв Ван ханы тухай бүх дурдатгалыг нэг дор цуглуулбал, тэр хүн ухаан мулгуу, хөшүүн хойрго, санаа сайтай өвгөн мэт дүрслэгдэнэ. Түүний талархал олоход булган дах л хүрэлцээтэй болж харин тэр өөрөө бэлэг сэлтийн хариуд нь Бөртийг нь чөлөөлөх аянд мордсон ажээ. Жамухын хожигдов гэж ширүүн зэмлэхэд тэрээр эвлэрэнгүй байдлаар хариулжээ. Тэрээр Тэмүжинг хаанд өргөмжлөхөд түүнийг таалагдсан хүн гэж үзэж баярлаж тайван хандсан юм. Жамухын өдөөн хатгалгыг тэрээр ухаалаг бөгөөд нам тайвнаар буруушаасан, гэвч буулт хийх тэмүүлэл нь түүнийг өөрийн нь орчин тойрны нөлөөнд автагдаж эцэст үхэхэд хүргэсэн ажээ.
Ерөнхийдөө зохиогчийн бодохоор ч гэсэн,Ван хан зэмлэгдэх бус, харин харамсал хүлээх ёстой ажээ.
Жамухын бие сурвалж бичиг дэх тааж болшгүй хамгийн хэцүү оньсого мөн. Мэргидээс Бөртийг чөлөөлөх хэрэгтэй болсон цагт Жамуха анх гарч ирнэ, гэвч бид Тэмүжин, Жамухын нөхөрлөл нэлээд өмнө эхэлснийг мэдэж байна. Жамуха ямар ч тусламж гуйвал нь дуртайяа зөвшөөрнө. Зохиогч нөхөрлөлд үнэнч, ухаалаг хүн болох энэ цэрэг язгууртныг сэтгэл догдлон дүрсэлнэ. Түүний үгэнд байлдааны байрлал цөм тусгагдах бөгөөд тэрхүү байрлалыг тогтоох явдлаас Ван хан няцсан билээ. Жамухын зэвсэглэснийг маш тодорхой дүрсэлжээ. Түүний ариун чанарыг тусгайлан тэмдэглэсэн байна. Уулзах учрах газраа хоцорч очсон Ван ханд хандаж Жамухын хэлсэн нь: “Бороо тохиолдовч болзооноос хождохгүй, хур тохиолдовч хурлаас саатахгүй гэж монгол үгээр хэлэлцэж “За”” гэж андгайлсан биш билүү” гэжээ.
“Юань-чао би-ши” ёсоор, аян дайны амжилт нь Жамухын санаа бодлыг яг биелүүлснээс болсон ба энэ тухай зохиогч Тэмүжиний талархлын үгэнд хоёр дахь удаагаа давтсан байна.
Жамуха, Тэмүжиний маргааны тухай асуудал одоо хүртэл нарийвчлан судлагдаагүй байна. Бүх судлаачид энэ хэрүүл маргааны шалтгааныг авч үзэхдээ нүүдэллэх газар сонгон олох талаар Тэмүжинд Жамухын таалгахаар өгсөн оньсгыг шийдвэрлэх ач холбогдолтой гэнэ. Нууц товчооны зохиогч нь судлаачдыг ингэж бодоход хүргэжээ. Энэ оньсгонд Бөртийн хариу тайлбар үгэнд адил улс төрийн программын зүйлс агуулсан, тэгэхдээ тухай үетэй холбоогүй, харин 1240 оноос 1182 оныг эргэж харсан үзлийн үүднээс ажээ. Үйл явдалд оролцогч Жамуха, Тэмүжин хоёр яагаад маргаан гарсныг огт өөр өөрөөр тайлбарласныг нь хэн ч ямар ч учраас ч юм ажиглалгүй өнгөрсөн байна. Жамуха нь Тэмүжинтэй муудалцан салсны бурууг тодорхой хүмүүст Алтан, Хучир хоёрт чихэж үхэхийнхээ өмнө энэ тухай давтана. Жамуха
“Хөндлөнгийн хүнд хөөдөгдөж
Хөнөөх үгэнд автагдаж
Хажуугийн хүнд хатгагдаж
Хатгах үгэнд автагдаж
Хаан анд чамаас
Хагацан салаад би” гэжээ.
Тэмүжин нь маргааны буруутан нь түүнд атаа жөтөө өвөрлөсөн Жамуха өөрөө байсан гэж үзнэ. Ийнхүү “Юань-чао би-ши”-гийн зохиогч дахин үг алдсан боловч өөрийн улс төрийн хандлагад ашигтай утгыг уншигчид итгүүлэхэд түүний авьяас билэг нь юу ч болтугай хүрэлцжээ. Энэ нь Жамухыг шагшин магтахад оршиж билээ. Жамухыг “Андаасаа холыг боддог” гэжээ. Энэ үг зохиогчид зайлшгүй хэрэгтэй болохыг бид дор үзүүлнэ.
Жамухын дүр нь Тэмүжингийн дүрийг бодвол, эсрэг зарчим дээр түшиглэжээ, үүнд уран зохиолын параллелизм харшуулан үзэх ёс тун тод гарчээ.
Жамухатай холбоотой бүхнийг зохиогч маш өндөр үнэлж, үүнээ Тэмүжингээр хэлүүлж Жамухатай салахын ёс гүйцэтгэхийн үндэс болгожээ. Гэхдээ, Жамухын улс төрийн программын тухай зохиогч маш бүдгээр, сануулах, хагас сануулах төдийгөөр өгүүлнэ. Тэрээр шууд бичихдээ, “Жамуха өөрөө, хаан өргөмжилсөн иргэдийг дээрэмдээд” гэсэн нь түүний дараа монголчуудын ихэнх хэсэг нь Чингисийн хойноос биш, харин Жамухыг дагаж явсныг умартсан хэрэг.
Үзтэл, зохиогч Жамухыг гэсгээн цээрлүүлсэн арга хэмжээг буруутгахыг оролдсон нь бүрэн ойлгомжтой, учир нь түүний тогтоосон эвсэл задхан унаж цэргийн санаа сэтгэл нь мохжээ. Хэрэйдийн буусан газар Жамухын хийсэн өдөөн хатгалгыг зохиогч хэрэйдийн Ван хан, Гүрин баатрын буюу түүний дайсны үгээр буруушаажээ. 1240 онд Жамуха Монголын эрх барих зарим бүлгийн дотор зэвүүн хүн гэж тооцогдож байсан нь тодорхой ажээ. Иймд зохиогч ихэд болгоомжлон Жамухыг хэт муутгахгүйг хичээхийн хамт түүнийг цагаатгахаас бас айжээ.
Зохиогч Чингис хааны хөвүүдийн тухайд, хэрэв ихийг үл хэлбэл дурамжхан хандана. Зүчид тэр дургүй, түүний бутач гарлын тухай ховын үгийг дуртайяа дамжуулна. Тэрээр Цагадайн зөвхөн хэрцгий догшинг тэмдэглээд сул дорой өөдгүй Өгэдэйг архичин, эмст дуртай хүн, бас зэрлэг ан амьтанг ах дүүгийн нь эзэмшил газарт дутаан оруузай гэж сэргийлж, өөрийн ан хийх эзэмшил газартаа хашаа барьдаг шуналт хүн гэж дүрсэлжээ. Гэтэл, үнэндээ Өгэдэй сулхан хүн байсан, түүний бүх хэргийг Елюй Чуцай хөтөлж билээ. Зохиогч Елюй Чуцайн тухай юу бичив? Нэг ч үг алга! Энэ бол XIII Людовикийн түүхчин нь Ришельег дурдахаа мартсан адил хачин зүйл байна.
Ийнхүү, манай дүн шинжилгээ сурвалж бичгийн зарим нэг оньсгыг таасан бөгөөд ийм оньсого байсныг бид эхлээд анзаарсангүй. Эдгээрийг тайлах ганц түлхүүр бий. Тэр нь зохиогч улс төрийн үүднээс асуудлыг гуйвуулж байгаад оршино. Иймд бидний өмнө улс төрийн зохиол байна гэж бүрэн үндэстэй хэлж болно. Үүний зорилго нь 1240 оны уншигчдад Монголын түүхийг тодорхой үзлийн үүднээс харуулж тэдэнд улс төрийн тодорхой ойлголт өгөхөд оршиж байжээ. Иймд “Монголын нууц товчоо” гэж нэрлэснийг “Сокровенное сказание” гэснээс илүү оносон гэж үзэлтэй, учир нь энэ сүүлчийн нэр нь арай өөр утгатай аман зохиолын шинжтэй юм.
Иймд он дарааллыг орхигдуулсан, эргэлзэн тайлбарласан, өнгөрснийг хоёрдогч үзлээр үзсэн, дотоод түүхийг ихэд анхаарсан нь ойлгомжтой хэрэг. Гэтэл зохиогч эх оронч үзэлтэй, хаант ёсыг хамгаалагч хүн гэхэд, хэнтэй тэмцэж, хэнтэй маргасан бэ?
Үүнийг мэдэхийн тулд бид XIII зууны 30-40-өөд оны үеийг судалж нууц товчооны зохиогчийг төдийгүй, түүний амьдарч агсан нөхцөл байдлыг төсөөлж үзэх хэрэгтэй.
Чингис хааны хаанчлалын сүүлчийн жилүүдэд ч гэсэн Монголын эзэнт гүрний дотор улс төрийн эсрэг тэсрэг хоёр урсгал гарч ирсэн юм. Эхний урсгалыг цэргийнхний нам гэж нэрлэж болох бөгөөд энэ нь байлдан дагуулсан ард түмнийг хүйс тэмтрэх хүртэл хайр найргүй хядаж, газар тариаланг нь бэлчээр болгохыг эрмэлзэж билээ. Хоёр дахь урсгалын төлөөлөгчид нь байлдан дагуулсан ард түмэнтэй харилцаагаа зохицуулж цэргийнхний эрх барьсан хаант ёсыг энгийн түшмэдийн дэглэм болгохыг эрмэлзжээ. Энэ урсгалыг хэрэг шийтгэх сайд Елюй Чуцай толгойлж билээ.
Өгэдэйн үед бүх эрх Елюй Чуцайн гарт орж тэрээр хэд хэдэн шинэчлэлт хийсэн юм. Шүүх цаазны шинэчлэлт нь Монголын цэргийн эрхтний дураар аашлах явдлыг хязгаарлаж, санхүүгийн шинэчлэлт нь монголчуудын өөрсдийн малаас нь зуун хувийн алба гувчуур татаж байх болгосон билээ. Эзэнт гүрний хятад иргэдийн гал голомтоос /орон сууцаас/ алба гувчуур татаж байсан нь монгол, лалын шашинтны залгуулдаг өрхийн татвараас арай хөнгөн байжээ. Ийм алба гувчуур дайнд сүйдсэн аж ахуйгаа сэргээн босгоход хүн ардад бололцоо өгч орлого оруулж Елюй Чуцайн нэр хүнд бэхжиж, монгол жанжнуудын даврах эрмэлзлийг хязгаарлахад дөхөм болов. 1233 онд Сүбээдэйн Бяньцзин хотыг удтал бүсэлсний дараа түүнийг гартаа оруулж авлаа. Монголын хууль ёсоор ахул, эсэргүүцсэн хотын иргэд хядуулах ёстой байсан, гэтэл Елюй Чуцай иргэдийн амийг аварвал ямар орлого оруулж болохыг хаандаа айлтгахад Өгэдэй ёсоор болгон зөвшөөрчээ. Сүбээдэй дараа жил нь дайны гуравдугаар зэргийн баруун хойдхи талбарт байлдаж явсан ба тэндээс эзэнт улсын улс төрийн бодлогод нөлөөлж чадахгүй байжээ.
Цэргийн эрхтний хаант ёсыг түшмэлийн хаант ёс болгон хувиргах явдлыг Елюй Чуцай дэс дараатай хийж байсан нь Монголын нийгмийн дотор байлдан олсон эхнийхээ байр суурийг бууж өгөхөд хүрсэн давхаргануудын эсэргүүцэлтэй тулгарахаас өөр аргагүй боллоо. Гэвч монголчууд өөрсдийг нь удирдаж агсан гадаадын эрдэмтэнг яаж ч чадсангүй. Сайдад аюул өөр талаас гарч иржээ.
Гаднаас оруулж ирэх бараа таваарт гааль оногдуулах систем бий болгож Хятадын үйлдвэрлэлийг сэргээн босгосон явдал дамын арилжаа наймаа хийж өөрсдөдөө зах зээлтэй байхыг хүссэн худалдаачдад үл таалагдсан ажээ. Ийм худалдаачид гэвэл, уйгурууд эхлэн Монголын талд орсон бусад ястнууд байжээ. Тэдний толгойлогчдын нэр нь тодорхой. Энэ бол Кадаг-Хятадын хүн амын тоо бүртгэл явуулсан онц эрхт төлөөлөгч, Чинкай-Елюй Чуцайгаас ерөнхий сайдын тушаал залгамжилсан несториан шашинтан, Абдурахман-хээл хахууль авдаг худалдаачин, Махмуд Ялавач лалын шашинтан эд бүгд будлиан балар тарихад сурамгай улс аа. Бүр 1239-1240 онд Абдурахман Хятадаас алба гувчуур татах эрхийг хээл хахуулиар худалдаж авахдаа Елюй Чуцайтай марган тэмцэлджээ. Елюй Чуцай маргаандаа болж даварч үг хаяхад хаан түүнд шууд хэлсэн нь: “Чи тулалдахаар санаархаж байгаа юм биш биз?” гэв. Чингээд нэмж хэлсэн нь: “Чи ардын төлөө хэдүй болтол санаа тавих вэ?” гэжээ.
Хэдүй ийм болсон боловч, Елюй Чуцайн байр суурь ганхсангүй. Өгэдэй түүний цайлган цагаан сэтгэл, үнэн санаа авьяас билгийг мэдэх учир түүнд итгэсээр байж. Ноёд үзэн ядаж худалдаачид үймүүлэх нь талаар өнгөрч билээ, гэтэл 1241 оны арван хоёрдугаар сарын 11-нд Өгэдэй нас эцэслэв.
Албан ёсоор зарласнаас үзвэл, хааныг архи уугаад үхсэн гэх боловч, Плано Карпини хорлогдсон гэсэн цуу үг их дэлгэрснийг мэдээлсэн билээ. Рашид ад-дин энэ мэдээг огт буруу гэж маргаж байснаас үзвэл, тэгж үхсэн нь өөрийн эрхгүй үнэн бололтой.
Юу ч болтугай, Өгэдэй үхсэн явдал Елюй Чуцайн дайснуудыг давруулав. Чинкай түүний орыг засаг захиргаанд, Абдурахман сан хөмрөгийн талаар тус тус эзлэн суув. Аз нь буруулсан сайд насан турш зорьсон үйл хэрэг нь нурж унасаар байхыг харж сэтгэлийн гүн их хямралд унаж нас эцэслэжээ. Елюй Чуцай 1244 онд Хархорумд үгүй болжээ.
Туракин хатны түр орлон хаанчилж байсан үеийг цэргийнхний намын ноёрхлын үе гэж үзвэл хараахан алдаа болох байх. Туракин хатан нийгмийн оппозици бүлгүүдийн тусламжгүйгээр хэдэн жил тогтож байж чадахуйц нэлээд хүчирхэг засаг захиргааны аппаратыг залгамжлан авсан юм. Гэвч, мунхаг бүдүүлэг Туракин хатан ийм байдлаар удтал үргэлжилж болохгүй гэдгийг ойлгосонгүй.
Засгийн эрхэнд олзлогдсон перс бүсгүй, хатан хааны найк Фатима хатан тэргүүтэй ордныхны бүлэг орлоо. Өдөөн хатгах, дураар аашлах явдал дээд цэгтээ хүрчээ. Чинкай амиа аврахаар Өгэдэйн ач Кудэнгийн хажууд нуугдахаас өөр аргагүй боловч, Махмуд Ялавач манааг мэхлэн зугтааж мянгын ноён Керегез баригдаж Фатимагийн заавраар цаазлагджээ. Туракины засаг төр нь Елюй Чуцайн үеийг бодвол, улам ч их дургүйцэл хүргэжээ.
30-аад онд нэгдэл нягтралтай байсан цэргийнхний нам нь 40-өөд онд хараахан тийм хэвээр байж чадсангүй. Энэ нам хоёр бүлэгт хуваагдаж хоорондоо өрсөлдөж эхэлсэн нь Гүюгийг хаан ширээнд суусан 1246 оны наймдугаар сар хүртэл засгийн эрхийг барих бололцоог Туракин хатанд өгчээ.
Нэг бүлэг нь таамаглаж бодохоор Монголын цэргийн язгууртан, Чингис хааны шадрууд, хуучин түшмэдийн эрх ашгийг илэрхийлж 1242 онд хаан ширээ булаахын тулд эхлээд амжилтгүй оролдлого хийсэн Тэмүгэ-Отчигинд, дараа нь ураг төрөлдөө ахмад нь болсон Батад, бас дараа нь Мөнхөд тус тус түшиглэж билээ.
Өөр бүлэг нь уйгурын худалдаачидтай холбоотой, дунд ба бага тушаалын цэргийнхнээс гарсан бололтой, хэрэйд, найман, хар хятад гаралтай. Энэ бүлгийн үзэл суртал нь христосын шашин байсан ба толгойлогч нь хэдүй христосын шашингүй ч болтугай, Батын хувийн дайсан Гүюг болжээ. XIII зууны үе шашин шүтэх явдал нь, улс төрийн урсгалтай ямар нэг хэмжээгээр харилцан тохирч байжээ.
Төв Азид VII-VIII зууны үед нэвтэрсэн несториан урсгалын христосын шашин XIII зууны эхээр хөгжлийнхөө дээд цэгт хүрэв. Монгол аймгуудаас хамгийн олон бөгөөд соёлтой хэрэйд, уйгурын хэсэг, басмалууд христосын шашинд оров. Христосын үзэл суртал бас найман, хар хятадуудын дотор тархсан бололтой. Чингис хааны байлдан дагуулсан нүүдэлчдийн ихэнх хэсэг нь ямар нэг хэмжээгээр христосын шашинд орсон ажээ. Байлдан дагуулагдсан нүүдэлчид нь гадагш явуулсан дайнд монголчуудтай хамт явж байсан боловч, эзэнт гүрний дотор өөрийн шүтлэгийг эрхэмлэж өндөр түвшинд зөвхөн өөрийн талынхнаа тавьдаг Чингисийн шадар зүтгэгчдэд харьяалагдаж байлаа. XIII зууны 30-аад онд Монголын хаан хөвгүүдийн хооронд зөрчил гарчээ. Гүюг нь Баттай эв тасарч өөрийнхөө байр суурийг хамгаалж тогтож байхын тулд цэргийн хүчинд түшиглэх хэрэгтэй болжээ. Иймд Гүюг цэргийн эрхтний доод давхарганууд, тухайлбал, хэрэйд, найман басмалууд ба бас бус ястанд тулгуурлаж билээ.
Гүюг өөртөө христосын үзэлтэй түшмэд уйгурын Кадаг, Чинхай нар, Сири, Византи, Осети, Оросын үнэн алдрын шашинт лам нарыг талдаа татаж өөрийгөө латин /католик/ ба лалын шашинтны дайсан гэж зарлажээ. Гүюг өвөг дээдсийнхээ байлдан дагууллын бодлогыг үргэлжлүүлэн явуулахаар зэхэж байсан нь Монголын цэргийн язгууртнуудаас юу ч олж авсангүй өөрийн шадруудыг байлдааны олзоор соёрхох гэсэн ажээ. Рашид ад-дин түүний “өгөөмөр” талын ийм нэг жишээ дурдсан нь: Хааны ордонд худалдаачдын авчирсан бараа таваарын үнийг сан хөмрөгөөсөө гаргуулдаг ерийн заншилтай ажээ. Ийнхүү их бараа таваар цуглараад ирэхэд Гүюг түүнийг цэргүүддээ хуваан өгч билээ” гэжээ.
Гүюгийн арга хэмжээ ямар учиртай болох нь тодорхой юм. Бараа таваараа борлуулаагүй худалдаачид сан хөмрөгөөс хохирлоо нөхүүлдэг байжээ. Дорд цэргүүд үнэтэй тансаг эд бараа авч чадах хүч бүлгүй ч гэсэн түүнийг сул авч билээ. Тэдний төлөөнөө муж нь төлдөг байжээ. Гүюг гэнэт нас нөгчсөн нь “Монголын хуучин намд” ашигтайгаар байдал эргэжээ. 1240 он болоход нөхцөл байдал ил болж түүний зэрэгцээ “Монголын нууц товчоо”-ны зохиогчийн нүүр царай тодорч ирлээ.
Цэргийнхэнд бидний өмнө тэмдэглэснээр, таалалтай зохиогч нь Елюй Чуцайн нэрийг дарагдуулсан явдал аль намын байр эзэлж байсныг нь тодорхойлох бүрэн үндэс болж байна. Зохиогч нь Гүюгийг “аянд явах зуур эрүүл бөгстэй хүнийг эс үлдээсэн”, “цэрэг хүний нүүрийн арьсыг хуулж явсан”, “орос кипчакуудыг оруулж авсан байтал…орос хипчакийн нэг ч хүнийг олж барьсангүй, адаглавал ишигний шийр ч олж авсангүй” гэх мэтээр эрс тэсээр элдэвчлэн буруушаасан юм.
Үүний зэрэгцээ Тэмүгэ-Отчигиний дүрийг сайн талтай гаргажээ.
Өэлүн эхийн отгон хүү
Өнөөх Отчигин тэр мөн…
Байлдаан үймээн болоход
Байрандаа хоцордоггүй
Баатар Отчигин тэр мөн”
Тэв-Тэнгэрийг алсан тухай зохиогч бичихдээ, Тэмүжинг бус, харин Отчигинийг өмгөөлөхийг оролдоно. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Отчигин бол Өэлүн эхийн их хайртай хүү байсан гэнэ.
“Монголын нууц товчоо”-г зохиогч “Монголын хуучин намд” багтсан хүн байжээ. Тийм ч учраас Монголын эртний баатар эрэлхэг явдал, өнгөрсөн үеийн уламжлалыг төлөөлсөн Жамухыг цагаатгаж байна. Ийм учраас Жамухыг Монголын үйл хэргээс урвасан гэж зэмлэснийг Чингис хааны өөрийн нь үгээр цагаатгасан нь:
“Одоо бид хоёул
Ойртож бас нөхөрлөе,
Өнөө болоход чи
Өрөөсөн арал болоод
Өөр санаа агуулахгүй биз”
гэжээ. Чухам ийм учраас зохиогч өөрөө хорсон занадаг Гүюгийг 1240 онд үр садан нь тойрон хүрээлсэн хэрэйд, найманаас Жамухын урвасан явдлыг магтаж байна. Тэрээр энэ тухай Жамухын үгээр хэлсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Жамуха
“Ангид замаар
явсан боловч
Анд сайн нөхөр” нь
Ийн өгүүлрүүн:
Өөрийн эцэг эхээс
Өнчин бие хоцроод..
илүү дутуу үгтэй
их домогч эхнэртэй
ийм байсан учраас…”
гэжээ. Чухамдаа энэ бол худал үг ! Тэр үед Жамухын анд нөхөд бүр ч бууж өгөөгүй байж. Эрэлхэг зоригт, мэргид найманы эрмүүн хаан хөвүүн Хүчүлүг 1218 он хүртэл тогтож байж харин Жамуха өөрийн андуудад санамсаргүй баригдан олзлогджээ. Гэтэл, “Монголын нууц товчоо”-г зохиогч үүнийг юунд сонирхох ажээ! Тэрхүү зохиогчид Чингис хааны өөрийн нь магтаж байсан Хадаг баатар зэрэг хэдэн баатруудыг эс оролцуулбал хэрэйд, найман нарыг хөнгөн хийсвэр, өөдгүй сайрхуу, ер нь ч аймтгай хулчгар гэх нь холгүйгээр дүрсэлж эртний Монголын эрэлхэг баатарлаг хийморийг шагшин магтах хэрэгтэй болжээ. Ийм учраас Жамухыг цаазаар авахад Алчидай ноёны гүйцэтгэсэн ролийг тэр зохиогч хэлэлгүй өнгөрүүлсэн, учир нь Гүюгийн энэ нөхрийг мөн Чингис хааны шадар гэж хэлэх болж, тэгвэл “Монголын нууц товчооны агуулга улс төрийн дайчин чанараа алдахад хүрэх байжээ. Алчидайн тухай зохиолд зөвхөн юутай холбож өгүүлсэн бэ гэвэл, тэрээр нэг удаа сахиулын хажуугаар гарахдаа баригдсан хэмээгээд, ингэж баригдах нь зөв гэж хоёр удаа тэмдэглэжээ.
Урьдын эрэлхэг зоригийг эргэн санаж магтах нь энэ зохиолчийн эрхэм санаа, улс төрийн шугам байсан бөгөөд чухам үүний төлөө энэ онцын сайхан зохиолоо туурвисан ажээ.
1240 онд тэрээр их өндөр настай байсан бололтой, учир нь 1182 оноос “бид” хэмээх төлөөний үгийг “тэд” гэж сольсон байна. Хэрэв тэр үед зохиогч зөвхөн 16-18 настай байсан гэхэд, 1240 онд 80 орчим нас хүрэх ёстой билээ. Зөвхөн үүнийг үндэслэн үзэхэд, “Монголын нууц товчоо” бол түүний бичсэн ганцхан зохиол байсангүй, харин бусад бичсэн зохиолууд нь цагийн эрхээр алга болж бидэнд хүрч ирсэнгүй байх нь ээ. Иймд эл зохиогч асар их эрдэм мэдлэгтэй, хүний хэлсэн үгийг чөлөөтэй иш татдаг, зохиолын турш өнгө өргөлтөө өөрчилдөг тухай төдийгүй, мөн зохиолдоо ийм нэр өгсөн нь ч хүртэл бидэнд ойлгомжтой байна. Энэ бол үнэхээрийн “Нууц товчоо” мөн бөгөөд Чингис хааныг тахин шүтсэн албан ёсны уламжлалын эсрэг чиглэсэн ажээ.
Зохиогчийн зорилт бол хаан бус, харин эрэлхэг зоригт монгол цэргүүд эзэнт гүрнийг цогцлон байгуулсныг харуулах гэсэнд оршино. Хаан бол алдаж эндэж болно, доголдолтой байж болно, харин тэрээр “улсыг байгуулахад хамт зүтгэсэн” шадар нөхдөө хөхүүлэн шагнаж, хүндэтгэн явах ёстой билээ.
Ийм улс төрийн чиглэлтэй зохиол нь бичгийн түшмэдээс хааны тааллаар ахмадуудыг шахаж хавчиж байсан үед бичигджээ. Энэ ном эдгээр доромжлогдсон цэргийн эрхтний дотор суртал нэвтрүүлж тэдэнд чухам та нар л хамгийг шийднэ, эзэнт гүрэн өдий хүрсэн нь та бүхний гавьяа зүтгэл гэдгийг ойлгуулахад чиглэгджээ. Үнэндээ, энэ нь “Нууц товчоо” байсан учир нь Монголын засаг төр ийм үзлийг ийм илэрхий сурталчлах явдлыг хэзээ ч тэвчихгүй агсан цаг билээ.
“Монголын нууц товчоо”-ны зохиогчийн хувь заяа цаашид юу болсныг бид мэдэхгүй, гэсэн ч миний өөрийн эрхгүй төсөөлөн бодоход, тэр хүн бол Отчингинийг 1242 онд засгийн эргэлт гаргахад тухирч дээд язгуурт эзэн хааныхаа арчаагүй, аймтгай хулчгараас болж толгойгоо авахуулсан ноёдын дотор байсан билээ. Хэрэв Тэмүжинг муулсан “Монголын нууц товчоо”-ны зохиогчийн хандлага түүнийг шагшин магтахад чиглэсэн албан ёсны шугамын эсрэг маргаан байсан ахул, түүнийг цагаатгах чиг бол бас л хэн нэгний эсрэг хандсан амьсгалтай юм. Чингис хаан ба түүний яргачин нөхрүүдэд өөрийн орныг байлдан дагуулах нь гаднын дайснуудыг дарсан аль нэг ялалтаас нь хүндээр туссан гэдгийг харгалзан үзвэл Монголын хааны удам угсаатны дотор дэлхий эзэнт гүрнийг эх нутгийнхныхаа хүүр дээр цогцлон байгуулах явдалд хэтэрхий дурамжхан байсан гэдгийг бидний таамаглах нь үнэний учиртай төдийгүй, зүй ёсны хэрэг мөн. Доромжлогдсон дарлагдсан хэрэйд найман, ойрад татаар ба байлдан дагуулагдсан бусад нүүдэлчдийн санаа сэтгэл “Монголын нууц товчоо” мэт хэлбэртэй зохиолуудад эсрэг хоёр дахь хандлага чиглэсэн нь ариун шударга, мэргэн ухаант, эзэнт гүрнийг цогцлон байгуулагч, эх монгол орондоо журам дэглэм тогтоосон хамаг бүгдийн хааныгаа магтан дуулахад оршиж билээ.
Энд дэгсдүүлэн хэлсэн явдал ил байна. “Дэглэм журам” тогтоосон гэх нь гуа үзэсгэлэнт бүсгүйчүүдийг булаан авч ялгуулсан нөхдөдөө хуваан өгч, шаналахын туйлд хүрсэн эх эцэг, хань нөхрийг нь залхаан цээрлүүлснийг хэлсэн хэрэг. Монгол орон Дундад Ази, Орос буюу Манжууртай зэрэгцүүлбэл “нэгдсэнээсээ” багагүй хохирсон бөгөөд үлдсэн хүн ардаа зөвхөн цус урсгаж зэрлэг балмад аашлахад бус, бас амар тайван, эрхэм дээд нэр хүндтэй явах ёсон буй гэдэгт итгүүлэх явдал шаардагдсан, гэвч байлдан дагуулагдсан нүүдэлчид түүнд нь яахан итгэх билээ.
Энэ асуудлаар Монгол хаад ба тэдний шадар зүтгэгчдийн эрх ашиг нийлсэн ажээ. 1240 онд энэ нэгдсэн санаа эвдэрсэнгүй байсан ба манай өгүүлж буй сурвалж бичигт яруу тодоор тусгагджээ.
Энэ бүх өгүүлсэн зүйлс юу харуулж байна вэ гэвэл, Чингис хааны мандсан үеийг дүгнэж нийгэм судлалын үүднээс задлан шинжлэх нь сурвалж бичгүүдэд бий мэдээ сэлтийг дотоод агуулгын талаас ч, зэрэгцүүлж үзэх аргаар ч түүхийн үүднээс нарийн чанд шүүмжлэн үзэх явдлыг шаардаж байна. Монгол ноёдоос хэн нь феодалын харилцаа тогтоохын төлөө, хэн нь эсрэг тэмцэж байсныг ялган салгах нь сурвалж бичиг зохиогчдын хичээнгүйлэн бүрхэгдүүлсэн тэдний үйл ажиллагааны учир шалтгааныг олж байж гэмээж нь сая гүйцэлдэх юм. Ишлэл татах замаар нотлох аргыг өргөн хэрэглэсэн нь сурвалж бичигт нуун далдалсан зорилгын үүднээс чухамхүү утга учрыг далдлах гэсэн хэрэг. Түүнчлэн, үйл явдлуудыг олон янзаар дүрслэн харуулж байгаа нь эсрэг үзлийг ч дэмжих ишлэл татах бололцоо өгч байна. Чухам ийм учраас энэ сэдвээр явуулсан эрдэм шинжилгээний маргаан одоо хүртэл ямар ч үр дүнд хүргэсэнгүй байна.
“Монголын нууц товчоо”-ны мэдээ баримтуудын хэр зэрэг үнэн магад болох тухай асуудлыг монгол судлаачид, хэлний зүйн мэргэжилтэн нар шийдвэрлэвэл зохино. Гэвч, С.А.Козины орчуулга хэвлэгдсэнээс хойш 20 жил өнгөрөхөд энэ асуудал тавигдсан ч үгүй байна. Эрдэм шинжилгээний гүйлгээнд оруулсан энэ гайхамшигт сурвалж бичгийн тухай бүх маргаан нь орчуулгыг нь ийм тийм болсон гэсэн аар саар зүйлээр хязгаарлагдсан болохоос биш, утга учрыг нь тайлахад нөлөөлсөнгүй. Айл хөрш орнуудын түүхчид “Чингисийн” асуудлыг тэдний судлах сэдвийн хэр хэмжээгээр авч үзсэн ажээ.
Дүгнэлт хийх ганц итгэлтэй зам бол үйл явдлуудын дэс дараа, уялдаа холбоог гаргасны дараа учир зүйг нь олох явдал мөн. Зөвхөн ийм аргаар л XIII зууны зохиогчдын хамгаалж байсан үзэл санааны үүднээс дүрсэлсэн үйл явдлуудын учир шалтгаан, ач холбогдлын талаар одоо хүртэл үргэлжилсээр буй маргааныг нэгэн тийш болгож болно.
Discussion about this post