Энэ жил цар тахалд ид нэрвэдэж, өдөр 10-12-оороо амь насаа алдаж байгаа хэдий ч Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахгүйгээр цахимаар тэмдэглэнэ гэдгийг Засгийн газар мэдэгдэв. Цар тахлын нөхцөл байдлаас шалгаалан гурван найруулагч хамтран ажиллах байсныг болиулж, цахим наадмыг “Херо” хэмээх Б.Баатар найруулахаар болжээ.
Өмнө нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтран найруулах шийдвэрийг гаргасан. Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойд ач холбогдол өгч, наадмыг үзэгчгүй зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн.
Найруулагч Н.Наранбаатар 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан /b. Харин “Hero” студийн захирал, найруулагч Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан. Тэрбээр энэ жил хоёр дахь удаагаа үзэгчгүй наадмын концертыг найруулах нь.
Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулж байв. Түүхт 100 жилийн баяр наадмыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эцэг нэгтэй төрсөн ах найруулбал ашиг сонирхлын зөрчил гарна гэлцсэн ч эрх баригчид үл тоож байна.
Discussion about this post