БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС Л СОНГОДОГ УРЛАГИЙГ ОЙЛГОДОГ УУ?
—Би сая боловсролтой хүн гэдгийг дээд сургууль төгссөнөөр нь ярьсангүй. Боловсорсон хүний тухай ярьсан юм. Өөрөөр хэлбэл амьдралын ухаанд суралцсан, үзэж харсан юм ихтэй хүнийг хэлэх гээд байна. Ингэж боловсорсон хүн сонгодог урлагийг мэддэг, сонирхдог, ойлгодог болох бөгөөд дэлхийн боловсорсон хүний түвшинд очдог. Өнөөдөр харж байхад амжилттай яваа бизнесмэнүүд, нийгмийн лидерүүдийн хувьд хоёр дахь мэргэжил нь юм уу, эсхүл мэргэжлийн түвшинд сонгодог урлагийн салбарт бүжигчин, удирдаач, хөгжимчин болчихсон байдаг. Тухайлбал, Бостон балетын оркестрт л гэхэд эмч, хуульч гэх мэт бусад мэргэжлийн хүмүүс ирээд тоглодог.
Тэгэхээр сонгодог урлаг бол өөрийгөө хөгжүүлж, дээд түвшиндээ хүрсэн хүмүүсийн өөртөө тавих шаардлагыг хангадаг гэсэн үг. Уг нь энэ балет, сонгодог урлаг чинь дээдсийн хүрээнд үүссэн урлаг шүү дээ. Гэхдээ манайд социалист орнуудын ажилчин ангийн түвшинд хөгжиж ирсэн. Хааны ордонд хаан нь, социалист орнуудад улс нь авч явж ирсэн. Харин одоо тодорхой хэмжээгээр нийгэм нь авч явна. Тэрнээс сонгодог урлаг дангаараа өөрийгөө авч яваад хөгжинө гэдэг хүндрэлтэй. Нэг уран бүтээлчдийг бэлтгэхийн тулд ямар их хугацаа ордог билээ. Тэгээд бас сургалтууд нь маш хүнд. Ихэнх нь ганцаарчилсан сургалтууд явагддаг. Мэдээж тэр их хугацааны дараа балет гэж сонгодгийн дээдийн дээд, мөн хүний оюуны санааны дээд урлагийг их энгийнээр үзүүлнэ гэдэг учир дутагдалтай. Тансаг орчинд бүжигчид нь хийсэн шиг бүжиглэх ёстой. Тансаг гэдгийг зөвөөр ойлгоорой. Гэрэл нь гэрэлтсэн шиг , тайзан дээр хийж буй гүйцэтгэл өндөр түвшинд байхыг хэлээд байгаа юм. Тийм байж энэ урлаг хөгжинө. Монголд бол бор зүрхээрээ явж ирлээ. Гэхдээ одоо идэвхижих шинжтэй байгаад баярладаг.
БАЛЕТ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?
—Өнөөдөр нийгмийн эрэлт хэрэгцээгээр балетийн олон сургууль байгуулагдаж байна. Өөрөөр хэлбэл ээж аавууд хүүхдээ сонгодог хүмүүжилтэй иргэн болж өсгөхийг хүсдэг болсон. Мэдээж олон талын ач холбогдолтой. Хүнээс маш их тэсвэр хатуужил, сахилга бат, зохион байгуулалтыг шаарддаг. Би 10 настай жаахан охин Орос руу сургуульд явж байлаа. Тэнд өглөө 09:00 цагт босоод яг том хүн шиг 17:00 цаг хүртэл ажиллана. Энэ дунд ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлээ сурна. Орой тарж ирээд бүжгийн хувцсаа өөрөө угааж индүүдэнэ. Хичээл орж, балетын хувцсаа өмсөхөд нэг ширхэг үс ч өрвийж харагдаж болохгүй. Гутал нь хүртэл цав цагаан байх ёстой учраас орой болгон гутлаа угаана. Урагдсан бол нөхнө. Хэн ч “Эвий эвий, май май” гэхгүй. Том хүмүүст ямар шаардлага тавина түүнийг тавьдаг болохоор сэтгэл зүйн хувьд их хурдан том болдог байсан юм шиг ээ. Одоо эргээд бодоход бидэнд тоглох нас гэж байгаагүй. Ингэлээ гээд харамсаж байсан удаагүй л дээ. Хэрвээ балетаар яваагүй бол би хэн байхаа мэдэхгүй байна. Энэ урлаг махбодийн болоод сэтгэлийн асар их тэвчээрийг надад өгсөн. Бид чинь баргийн юманд гомдоллоод байхгүй. Бэрхшээл таарвал шүд зуугаад л босдог улс. Үнэхээр хатуу мөртлөө аугаа урлаг. Тухайлбал тайзан дээр муухай харагдаж болохгүй. Хоёрт хийж байгаа ажил нь тайзан хамгийн гоё харагдах ёстой. Үнэндээ залуу хүний л ажил юм. Жоохон нас яваад ирэхээр энэ тайз энгийн нүдээр харж байгаагаас илүүг харуулдаг. Хүссэн хүсээгүй тайзнаас буухад ахиад жоохон бүжиглэхсэн гэж харамсдаг. Гэвч хэцүү л дээ. 40 хүрээд ирэхэд хөдөлгөөнөөс нь эхлээд л нас мэдэгддэг юм.
УУЧЛААРАЙ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НАСЫГ АСУУХ БҮДҮҮЛЭГ ХЭРЭГ. ГЭХДЭЭ ТАНААС АСУУХГҮЙ ӨНГӨРЧ ЧАДАХГҮЙ НЬ?
—20 жил мэргэжлийн балетаар хичээллэлээ. Энэ хугацаанд энэ махбодийг “өөрийн” болтол нь цэгцэлсэн байна. Одоо би 60 настай. Өдөр тутамдаа дасгал, гимнастик хийж, форм барихгүй л дээ. Балетчин байхдаа бага багаар иддэг байсан маань энэ амьдралын хэвшил болжээ.
БӨХ БОЛОХ ШИНЖ ГЭДЭГЧЛЭН БАЛЕТЧИН БОЛОХ ШИНЖ ГЭЖ БАЙНА БИЗ?
— Тэгэлгүй яах вэ. Биеийн харьцаа нь яг тэгш хэмтэй байна. Илүү ойлгомжтой хэлбэл яг барби шиг биетэй гэж болно. Тэгээд жижигхэн нүүртэй, хөл гар урт, тэгшхэн, өлмий уян, хөгжмийн хэлийг ойлгодог байх ёстой гээд олон шалгуур байна. Зарим хүн чинь толгой нь том, гар нь богино, тааз өргөн байх жишээний. Тайз бол орон зайн хувьд хүний өөтэй талыг илүү тодруулдаг. Ойрхон зогсоод уулзаж байхад биеийн харьцаа өөгүй мэт атлаа тайзан дээр огт өөрөөр харагдана. Өөрөөр хэлбэл толгой жоохон том бол бүүр том бол харагдах жишээний. Хөл нь богино бол илүү богино харагдана. Аймаар байгаа биз.
ҮЗЭГЧИЙН ХУВИАР ТЕАТРТ ИРДЭГ ҮҮ?
—Болж өгвөл шинэ юм гарах тоолонд ирж үздэг. Гэхдээ би тайзны ард, бэлтгэлийн үед ирж үзэх дуртай. Үнэхээр балетийн гоёыг нь илүү мэдэрье гэвэл яг тэр мөчийг харах хэрэгтэй байдаг юм. Яахав тайзан дээр бол гоё сайхнаа л харуулж байгаа шүү дээ. Түүнийг харуулахын тулд ямар их хүч хөдөлмөр гаргадаг гэж санана. Наад зах нь хөлийн хуруу бол үнэхээр хэцүү болсон байдаг. Зарим хүн бол хараад айна. Эвий эвий, хумс гэж байхгүй шүү дээ. Би ид бүжиглэж байхдаа зундаа сандаал өмсчихсөн ямар ч өөгүй, цэвэрхэн хурууг хараад уур хүрдэг байлаа. /инээв/ Биеийн бүх ачаалал хуруун дээр ирж байгаа болохоор эрхий хурууны яс нь томорчихдог. Тэр нь янгинаж өвдөх бол байдаг л зүйлийн нэг болсон байдаг юм.
Надад бүжгийн хувцаснаас маань дурсгал болгож авч үлдсэн нь бий. Саяхан балетын шаахай буюу каскиндаа хөлөө хийж үзээд “Яаж өмсөж байсан байна аа” гэж дуу алдсан шүү. Өмсөнгүүт арьс хорсож, яс янгинаж байна лээ. Одоо ч хуруу хумс хамгаалах янз бүрийн юм гарчихсан байна. Бидний үед каскины хоншоорыг тааран материалыг цавуугаар хатаагаад, дээр дээрээс нь давхарлаж хийдэг байлаа. Өнөөх нь нухаад байхаад сонин норгож байгаад гутлаа өмсөнө. Цавуутай тааран материалаас хөлөө хамгаалж байгаа хэрэг л дээ, хөөрхий.
ТА ШАВЬ БЭЛДЭХГҮЙ ЮМ УУ?
—Үзсэн л дээ. Багшлаач гэж гэнэт уриад, долоо хоногийн дотор шийдвэр гаргаад очсон юм. Тухайн үед би өөрөө бэлтгэлгүй. Нөгөө оюутнууд нь ч бэлтгэлгүй. Хоёр туйл учраа олоход хугацаа хэрэгтэй юм билээ. Тэгээд өөрийгөө бэлэн болсон хойно шавийн тухай бодох хэрэгтэйг ойлгосон. Дуурийн театрт дандаа мэргэжлийнхэнтэй ажиллаж ирсэн болохоор мэргэжлийн бус хүмүүст өндөр шаардлага тавиад, хүссэн үр дүнгээ үзэхгүй болохоор хэцүү санагдсан. Бараг л хөгжим бүжгийн багш нарын түвшинд ажиллах хэрэгтэй болдог юм билээ.
ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ БОЛОВСРОЛГҮЙ ЭМЭГТЭЙ НҮҮРЭЭ БУДДАГ ГЭЖ ЯРИЛЦЛАГА ӨГЧ БАЙСНЫГ ЧИНЬ САНАЖ БАЙНА. ОДОО Ч ТЭГЖ БОДСООР ЯВДАГ УУ?
—Хүн чинь ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийлдэг шүү дээ. Боловсролтой хүүхнүүдийг хараад байхад илүү энгийн харагддаг. Энэ нь өөрсдийгөө илэрхийлэх “багаж” нь болсон мэт. Яахав тухайн үед ярихдаа үйлчилгээний байгууллагынхан цэвэрхэн хувцаслаж, нүүрээ цэвэрхэн будах хэрэгтэй гэсэн зөвлөгөөнөөс үүдсэн яриа байгаа юм. Би бол нүүрээ буддаггүй ээ. Ер нь нас яваад үрчлээ нэмэгдэх тусам будах хэрэггүй санагддаг.
Discussion about this post