Төслийн шугамаар нийт 7 аймгийн 20 сум, 4 аймгийн төвийн охид эмэгтэйчүүдтэй бүлгийн ярилцлага хийх боломж олдсон маань нэг талаас эрх мэдэл албан тушаалтай ч болоосой гэх эмзэглэл, нөгөө талаас боломж л гардаг юм бол эдгээр эмэгтэйчүүдийнхээ төлөө томоохон төсөл бичиж дорвитой ажил заавал хийнэ гэсэн зорилго өвөрлөж байсан юм.
Бүлгийн ярилцлагаар хөдөөгийн алслагдсан сум орон нутагт амьдардагтай холбоотой эмэгтэйчүүдэд нийтлэг тулгардаг жендэр, нийгэм, ядуурал, жендэрт суурилсан хүчирхийлэл, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт гээд олон сэдвийг хамарч ярилцаж байсан ч энд зөвхөн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг нь онцолж байна.
Цаг хугацаагаар аялсан минь буюу 2019 оны хүн тэртээх цаг үеийг харуулдаг киноны зарим кадрт оччих шиг мэдрэмж… Бага хүүгээ төрүүлэхдээ буюу 25 жилийн өмнө л эмэгтэйчүүдийн шинжилгээний орны бараа харсан, түүнээс хойш үгүй гэх эмэгтэйгээс цочиж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дүр зураг хөдөөгийн алслагдсан сум орон нутагт ямар байгааг тухайн суурьшлын эмэгтэйчүүдийн ярианаас сонсон, заримдаа бие зарайх шиг ч…
Төрсөн, нялх биетэй, нярай хүүхдээ тэвэрсэн эмэгтэй шороон замаар 16 хүнтэй фургоноор 5 цаг сэгсчүүлж, хажуугийн хүний эрүү, толгой, машины шилийг донсолгоонд хангалттай олон дэлсэхээ сүүлдээ тоохоо больж, гагцхүү хүүхдээ аль болох байдгаараа хамгаалсан ч хүний гэдэс тохионд хааяадаа сэмхэн, хааяа өр өвдмөөр мөргүүлсээр гэрийн бараа харсан гэх тэр эмэгтэйн яриаг сонсоод толгойгоороо өөрөө баахан юм мөргөчихсөн аятай, гол нь тэр хүүхэд зүгээр байгаа даа гэх бодол салж өгөхгүй эмзэглүүлж байв.
Эрүүл мэндийн асуудлаарх яриагаа би Уулзсан эмэгтэйчүүдээс сүүлийн 1 сард, 3 сард, 6 сард эмнэлэгт үзүүлсэн хүн байна уу гэдэг асуултаар эхлүүлж байв. Эмэгтэйчүүд маань таг, хумсаа имэрсхийн суух. Харц мөргөлдөнгүүт цонх руу харна. Хааяахан нэгээс хоёр хүн шүд өвдөж тамлаад шүдээ очиж авахуулсан гэх. Сүүлийн 12 сард, гэх мэтээр хугацааг нэмэнгүүт арай 3-5 болж нэмэгдэх хандлагатай. Гэхдээ шалтгаан нь шүд, олгой авахуулахаар, төрөх гэж, цөсний хурц үрэвсэлийн улмаас эмнэлэгт хандсан гэх.
За тэгвэл эмэгтэйчүүдийн үзлэгт хэрэг болгож очиж үзүүлсэн хүн байна уу гэхэд мөн л таг. Хэсэг биенээ харж байснаа, ер нь жирэмсэн болчуул эсвэл төрөх гэж л эмэгтэйчүүдэд үзүүлдэг шүү дээ гэх. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ярилцлагад оролцсон эмэгтэйчүүд нэлээд нүүр хагарч, нэгийгээ явуулан, чи ер нь үзүүлдэг юм уу даа айн? гэх мэтээр нэгийгээ нударч байснаа,
-За чи больж үз;
-Чи бага хүүхэд чинь одоо 25-тай биз дээ, тэгэхэд л үзүүлснээ бас 3 жилийн өмнө гэчихжээ!!! гээд ха ха хи хи тэгвэл чи хэлээч дээ гэлцсээр 10, 12, 8, 5, 3, 1 жилийн өмнө гээд гэнэт таг болцгоов. Нэлээд ахимаг насны эмэгтэй түрүүхний инээд ханиадаа гэнэт тас орхиж, царайгаа төв болгосоноо,
-Үнэндээ энэ бол инээд биш шүү, энэ бол үнэн. Бид эндхийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх гээд орвол тэр дороо л тэрний авгай өвчин тусчихаж, залуухан бол тэгээд л сумаар нэг цуурч нүүр хийх газаргүй болно. Жирэмсэн, гэдэс нь том л биш бол тийш зүглэлтгүй гэв.
Та нарын ярианаас сумын эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх нь ичгүүртэй гэж ойлголоо, гэсэн ч үзүүлэх хэрэгцээ шаардлага байх уу гэхэд, “БҮГД Л МЭДЭЭЖ ШҮҮ ДЭЭ” гэв.
-Хөдөөд ахуйгаа орхиод тэр бүр аймаг руу шинжлүүлнэ гээд яваад байж чаддаггүй. Эндээс өглөө гараад үдээс хойнодоо аймаг ороход маргааш өглөө нь л шинжилгээ өгч таарна. Хариугаа авах гэж бас нэг хононо. Айл, ах дүүгийндээ очдог ч айлд хонох тийм ч таатай биш байдаг даа гэв.
Бас нөгөө эмэгтэй хэллээ:
-Та ирэхдээ мэдэрсэн байлгүй, төрчихөөд гэртээ ирэхдээ 16 хүнтэй фургонд хүүхдээ тэврээд зуны бүгчимд шороон замаар (Мөрөнгөөс Улаан-Уул 220 км шороон замтай) 5 цаг хүзүү толгой салах шахам санжиганаж ирнэ шүү дээ!!!
Дараагийн эмэгтэй хэллээ:
-Би төрөх дөхөж байхад яагаа ч үгүй бараг сарын өмнө аймгийн эхийн амаржих байранд загнаад аваачсан. Тэр байрны хүйтэн, тав тухгүй, дээр нь арагшаа мал хуй хүүхэддээ санаа зовоод, юун амарч тайвшрах харин ч шаналсаар арайхийн 2 яс салж, гэрийн бараа харж амарсан.
Хөдөөгийн ахуйд дарагдаж, ханийнхаа мөнгөтэй хамт чирч ирсэн хэлэхээс ичгүүрт өвчний балгийг үүрэх зүүн аймгийн О эмэгтэйн яриаг сонсоод дотор минь нэг бачуурч, доороо дэвхэцмээр байсан ч түүнийг зоригжуулж, муу бүхэн ард хоцорч, хахир хатуу өвлийн дараа зуны дэлгэр цаг ирдэг шиг байдал дээрдэнэ, Харин эртхэн эмчлүүлснээр хүүхдээ, өөрийгөө аварч болох талтайг хэлээд, өөрөө эрүүл байж энэ бүхний ард гарнаа…гэсэн шүү үгээр яриагаа өндөрлөв. Дотроо би, яагаад хөдөөгийн эмэгтэй хотын бид эмнэлгээ голж шилж байгаад өдөртөө үйлчлүүлдэг шиг биш гэхэд ядахдаа 6 сардаа ахуйгаасаа хоног өдрөөр холдохгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ авчих аргагүй юм бэ? Дарга нарын ширээ сандал, машиныг сольдог тэр төсвийн хөрөнгөөр бүх аймгуудад ядахдаа бүх сумдаа 6 сардаа нэг тойроод явуулын үйлчилгээ үзүүлчих бүрэн тоноглогдсон машин авчихаж яагаад болдоггүй юм, технологийн хөгжлийг ашиглаад телемедицин үйлчилгээгээ алслагдсан сум орон нутагт хүргэхэд холбооны дэд бүтэц байхгүй, интернетийн хурд хүч хүрэхгүй гэж үү хэмээн бодож халаглахаас өөрийг хийж чадаагүй. Харин одоо энэ бүхнийг бичиж, шийдэж чадах эрх мэдэлтэй, анхаарч авч үзэхээр олон улсын өмнө ЭЯГБХУТКонвенцийн хүрээнд үүрэг хүлээсэн этгээдүүдэд нь хүргэж байна.
-Би жирэмсний хяналтандаа хугацаандаа орж чадаагүй, мал хуйгаа орхиод олон шинжилгээ өгч явах зав ч байсангүй. 4 ба 6 настай 2 хүүхэд, хөгшин настай эхээ асарч сүүлийн 4 сар гаран нөхрөөсөө тусдаа амьдарч байна. Өөрийн цөөн малтай, нэмж айлын мал хардаг. Эрт шинжилгээндээ орчихвол мөнгөндөө орохоо мэдэж байсан ч энэ хэдийг орхиод явбал ар гэр хэцүүднэ. Тэгээд жирэмсний 6 сар гарантай зовиурлаад байхаар хяналтандаа орохоор хамаатнаа гуйж хэвтрийн хөгшин, 2 хүүхдээ орхиод сумын төв явсан. Шинжилгээнүүдээ өгөөд л бушуухан буцсан. Сумын төвөөс 70 орчим км зайтай өвөлждөг. Гэтэл удалгүй шинжилгээний хариу гарсан яаралтай ирж эмчлүүл, нөхөртэйгөө ир гэсэн. Нөхөр Цагаан хад гээд газар том тэрэгний жолооч хийдэг, 6 сардаа нэг ирдэг гэдгийг хэлсэн ч эмч маань ууртайгаар ирэх ёстойг хэлсэн. Би үнэндээ тэр дороо очиж чадаагүй, заавал ир л гээд байсан. Гэтэл сумын эмч, саахалтын хүнд, заваараад өвчин туссан байж ирсэнгүй гэх мэтээр үг дайсан байсан. Одоо айл саахалтын хүмүүс нэг л гэмтэн шиг надтай харьцаад байх шиг. 2 нялх хүүхэд, асаргааны хөгшин, дээр нь хүний өөрийн малны хажуугаар би хэнтэйгээ заваарч явах билээ дээ…гээд уйлав.
Эмэгтэйн шинжилгээний хариу тэмбүүтэй гарсан гэсэн ба эмэгтэй маш их шаналж зовж байгаа нь илт байв…
Баруун аймгийн хүүхнүүдийн ажилтай анхиатай түүнтэй зэрэгцээд хөнгөн гунигийг мэдрэх бас л амар байсангүй.
Баруун аймгаар явж байхад эрэгтэйчүүд олон хоногоор уул уурхайд ажилладаг, гэртээ улиралдаа, эсвэл сардаа л 1 ирдэг гэх мэт янз янзаар эхнэрүүд нь хариулж байсан. Гэр бүлийн дотно харилцаа үгүй болж, олон гэр бүл салж сарниж байгааг Увс аймгийн Өмнөговь сумын эмэгтэйчүүд онцолж, цаанаа л нэг гутранги, ирээдүй нь хаа нэгтээ одсон мэт зэвхий байдал…
Өсвөр насны охидын сониучхан, биеийнхээ өөрчлөлт, өсөлт хөгжил, үерхэл нөхөрлөлийн олон мэдэхгүй асуултын хариуг нүдээрээ, цовоо цолгин байдлаараа эрэлхийлж байгаа нь илт. Даанч мэдэх гэснийхээ хариуд буруутгал доромжлол ичгүүрийг мэдэрч ирсэн нь тэдний хувьд бяцхан биед нь ахадсан эмзэглэл. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын хичээлийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулсан хэдий ч хөдөө, алслагдмал сум орон нутагт хүүхдэд хүүхдийн хэлээр ойлгуулаад өгсөн нь үгүй, харин ч ичгүүр доромжлол мэдрүүлж, охид өөрсдөө ямарч баталгаагүй мэдээллийг амнаас ам дамжин, эсвэл нийгмийн сүлжээнээс шүүлтүүргүйгээр шүүрч байгаа нь үнэхээр эмзэглэмээр.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын өсвөр насны охидын цовоо цолгин гэж жигтэйхэн. Асуусан асуултанд уралдаад л гараа өргөж ирээд л хариулна. Охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын асуудлаар дөнгөж ярьж эхэлхэд л
– Энэ хичээл ёстой хэрэгтэй,
– Биений юм ирэнгүүт цочсон, байрны багшдаа хэлэхэд айльгүй юмнууд ийм юмаа ч мэдэхгүй, цочоод байх юу байнаа, наадахаа зарлаад явахгүй юу, анхаарал татах гээд ядсан гэх мэт есөн шидээрээ хэлүүлсэн.
-Бидэнд эрүүл мэндийн хичээлээр үүнийг заах ёстой ч огт заадаггүй. Заадаг багш маань өөрөө ч ярихдаа ичдэг. Энэ талын юм асууж, үерхэл нөхөрлөлийн талаар лавлахад, болох юм болдгоороо л болно, мэдэх гэж, том хүн болох гэж юундаа ингэтэл яараав гээд ичээдэг.
-Машинтай том залуус заримдаа дуудаж, машинаар хөөж айлгадаг.
-Манай ангийн нэг охин том залуутай найзлаад бүр эхнэр нь болоод сургуулиасаа гарч, гэрт нь очсон. Тэр аав, ээжгүй бүтэн өнчин, ахындаа байдаг байсан, худаг дээр тааралдахад нь хичээлдээ яваач гэхэд нөхөр нь явуулдаггүй гэж байсан.
-сүүлийн үед зугтаах болсон, бүр сүүлд таарахад том гэдэстэй явж байна лээ гэх мэтээр ярив. Мөн,
-Бидний ээж аав охид биднийг ямагт буруугаар ойлгож, анги хамт олноороо жаахан оройтох төдийд хаагуур юу хийж явсан, жирэмсэн болов, гэдсээ чирэв гэх мэтээр муухай хэлдэг.
-Угтаа бол бид тийм болж бүтэхгүй зүйл хийж явдаггүй, дээр үед л бидний аав ээж анги хамт олонтойгоо уулзвал буруу зөрүү гэдсээ чирэх юм хийж гэж ойлгогдохоор эцэг эх багш нар ер нь л ойлголцоход хэцүү. Уг нь бидний хүссэн асуултанд биднийг доромжлохгүйгээр, үнэн зөв гоё ойлгуулаад хэлээд өгвөл бид өөрсдөө ойлгоод явчихна гэв.
Охидын 1000 захидлын хариу номоо эргэн санагалзсан эмэгтэйн яриаг сонсоод үүнээс өөр тэдний сэтгэлд хоногшсон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлуудад ойлгомжтой, сэтгэлд хүрэхээр хариулт өгсөн ном, хөтөлбөр, сурах бичиг өдий болтол бий болоогүй учраас 40 жилийн өмнөх рүүгээ буцан, санаж дурсав уу? Эсвэл бүх үйлчилгээ, сургалт, ном гарын авлага нөгөө л хотдоо бөөгнөрч, улиг болсоор…ном сурах бичиг, гарын авлага тараах материалын хүрэлцээ ба хэрэгцээ тэгэхэд хөдөөд ийм,… Зэрэгцээд хөдөө ийм бөглүү байх гэж гэх харамсал дагуулав.
Охидын ээжүүдээс дараагийн ээжүүдийнхээ ярилцлагад урьж оролцуулав. Улмаар охидтойгоо хэрхэн ойлголцдог, өсвөр насны охидтойгоо нөхөн үржихүйн асуудлаар ярилцдаг эсэхийг лавлав. Эмэгтэйчүүд:
-Охидтойгоо огтхон ч хэл амаа ололцохгүй, харилцахад хүнд байгаа талаар илэн далангүй ярилцав.
-Охид утаснаас элдэв юм олж уншиж байгаад л үнэхээр санаа зовж байна гээд, хатуухан хэлж анхааруулдаг нь
-Сургууль соёлгүй болж, жирэмслээд хэнд ч хэрэггүй хүн болж хувирна хэмээн хэлж айлгадаг гэдгээ хүлээн зөвшөөрөв. Өөр юу ярьдаг вэ гэдэг дээр олигтой юм хэлсэнгүй.
“Харин охидын 1000 захидлын хариу гэдэг шиг ном хийж бидний өмнөөс тэдэнд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгож, эрт жирэмслэхгүй, өвчин авахгүй, ядаж сарын тэмдэгийн тухай нь ойлгуулж өгмөөр байна гэв.”
Дээрх асуудлууд нь Увс аймгийн (1) Өмнөговь, (2) Өлгий, (3)Завхан, (4)Бөхмөрөн сумд; Ховд аймгийн (5)Манхан сум; Баян-Өлгий аймгийн (6)Дэлүүн, (7)Цэнгэл, (8)Алтай сумд; Дорнод аймгийн (9)Цагаан-Овоо, (10)Матад, (11)Хөлөнбуйр, (12)Булган сумд; Сүхбаатар аймгийн (12)Түмэнцогт, (13)Мөнххаан, (14)Сүхбаатар сумд; Хөвсгөл аймгийн (15)Улаан-Уул, (16)Цагаан-Үүр, (17)Тосонцэнгэл сумд; Говь-Алтай аймгийн (18)Шарга, (19)Дарви, (20)Алтай сумдын эмэгтэйчүүдийн төлөөлөл 700 орчим охид эмэгтэйчүүдийг хамарч, нийтлэг хөндөгдсөн асуудлууд юм.
Хэдий 2019 оны байдлаар нийт 285,482 малчин бүртгэгдсэн ч 2333171 малтай өрх байгааг дундажаар 1 өрх 3,5-4 гишүүнтэй гэж тооцвол нийт 933268 хүний эрүүл мэндийн асуудал, улмаар нийт Монгол улсын нөхөн үржихүйн идэвхитэй насны эмэгтэйчүүдийн 30-35 хувийг хамарсан асуудал энд яригдаж байна.
Эцэст нь дүгнэхэд Монгол улсын нийт эмэгтэйчүүдийн гуравны нэг нь хувь заяагаа холбосон хөдөөгийн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодитоор хүргэхгүйгээр зөнд нь орхисноор энэ тооны эмэгтэйчүүд төдийгүй хүн амын чанартай өсөлт, эрүүл саруул Монгол хүний ирээдүйн асуудал ноцтой хөндөгдөж байгааг анхаармаар байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд БЗДХ өвчин болон төрөлхийн тэмбүүгийн тохиолдол нэмэгдэж байгаа нь жирэмсэн эмэгтэйн тэмбүү өвчнийг эрт оношлох, эмчлэх тэдэнд журмын дагуу чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага өндөр байна.
Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлын түвшинг 2019 оны байдлаар, аймгаар харвал Булган, Дорноговь, Дорнод, Төв, Орхон улсын дундажаас 35-105-аар их байна.
Бэлгийн замын халдварт өвчнийг төрлөөр, сүүлийн 10 жилийн байдлаар харвал 2010- 2012 онд заг хүйтэн (заг хүйтэн) нийт бэлгийн замаар дамжих халдварын 36.9-40.1 хувийг эзэлж тэргүүлдэг байсан бол 2013-2019 онд тэмбүү өвчний тохиолдол 38.2-46.0 хувийг эзэлж тэргүүлжээ.
Сүүлийн 10 жилийн дунджаар жилд 6009 хүн тэмбүүгээр шинээр өвчилж, 2019 онд 7095 болж, сүүлийн 10 жилийн дундажаас 1086 тохиолдлоор (18.1%), өмнөх оноос 932 (15.1%) тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна. 2019 онд гоноккокт халдварын 5772 тохиолдол бүртгэдсэн нь сүүлийн 10 жилийн дунджаас 707 (14.0%)-гоор , өмнөх оноос 311 (5.7%)-ээр тус тус нэмэгдсэн байна. Трихомониазаар өвчлөгчидийн тохиолдол 2019 онд 4980 бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 728 (15.1%)-аар, өмнөх оноос 492 (11.0%)-оор мөн л нэмэгджээ.
Тэмбүүгээр өвчлөгчдийг насны бүлгээр харвал 86,2% нь 15-39 насны залуучууд, үүний дотор 62,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Иймд дараах арга хэмжээг авч нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
МУ-ын УИХ;
1. Эрүүл мэндийн салбарт бүрэн тоноглогдсон явуулын үзлэг, шинжилгээний лаборатори үйлчилгээний машины хөрөнгө төсөвийг дор хаяж 10 аймагт батлах (ядахдаа эхний ээлжинд алслагдсан 7 аймагт)
Эрүүл мэндийн Яам;
2. Явуулын үйлчилгээний чанар, хүртээмжийн стандарт, журмыг нэн даруй баталж, эмэгтэйчүүдийг дор хаяж 6 сардаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах боломжоор ханган, эрүүл мэндийн тусгай үзүүлэлт болгож, сум багаар мэдээлэх
Боловсролын Яам;
3. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд албан бус боловсролын хөтөлбөрийг 2021 онд бүхэлд нь чиглүүлж, туршилтын журмаар мэргэшсэн ТББ/ИНБ-уутай менежментийн гэрээг эхний ээлжинд баруун 5 аймагт хийж турших.
Аймаг;
4. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авах зүйлсийн жагсаалтад нэн шаардлагатай байгаа бүрэн тоноглогдсон явуулын үзлэг, шинжилгээний лаборатори үйлчилгээний машиныг шууд эрэмбэлж оруулахад хүчин чармайлт гарган санаачилж хэрэгжүүлэх.
Иргэд, олон нийт ИНБ/ТББ;
5. Хөдөөд амьдардаг амьдардаггүйгээс үл хамаарч,
- эрүүл мэндийн үйлчилгээг олон шалтгаанаар хүртэж чадахгүй байгаа үйлчилгээнээс алслагдсан хөдөөгийн эмэгтэйчүүдийн асуудалд дуу хоолойгоо гаргах,
- нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга ажиллагааг өөр өөрийн сувгаар эрчимтэй хэрэгжүүлэх,
- хөдөөгийн эмэгтэйчүүд багийн хуралдаа оролцож, орон нутгийн төсөвийн хөрөнгөөр шийдэгдэх асуудлын жагсаалтад эрүүл мэндийн асуудалтай холбоотой техник тоног төхөөрөмж, хэрэгсэлийг тусгуулах,
- цаашлаад мэргэшсэн эмч эмнэлгийн ажилтан сум багтаа бэлтгэх, тэднийг ажиллуулах хөшүүрэг санаачлах өндөр хэрэгцээ шаардлага байна.
Хөндөгдсөн асуудлуудыг доорх эх сурвалжууд, эрүүл мэндийн статистикаас лавшруулж, хот суурин ба хөдөө сум багийн эмнэлгийн хаана хүн илүүтэй хандаж үзүүлдэг, нэг хүнд ноогдох эмч, сувилагчийн тоо, техник тоног төхөөрөмж хувиарлалт ба худалдан авалт эрүүл мэндийн зардлын төсөв, төлөвлөлт, мэргэшсэн эмч эмнэлгийн ажилтны сургалтанд хамрагдаж буй байдал, эмнэлгийн ажилтны ажиллаж буй ахуй нөхцөл, тухайн сум нийт хэдэн хүн амтай, түүнээс хэд нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна, хэн ямар шалтгаанаар гол төлөв эмнэлэгт хандсан гээд олон талаас нь харьцуулж харах бүрэн боломж бий.
Эх сурвалж: Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн ТББ-уудын сүлжээний зохицуулагч. Б.Алтанчимэг
Discussion about this post