-Намсрайноров та хоёрыг дуулсан дуугаа булаацалдаж ихээхэн хэл ам болоод байгаа гэсэн. Маргаанаа тасалсан уу? Хит дуунд эзэн мундахгүй юм аа даа?
– Үнэндээ бид тэгж ганц дуунаас болоод муудалцаж хэл ам таталдаг хүмүүс биш. Бардамнаж байгаа юм биш, манай дуучид хоорондоо эвтэй найртай байдаг. Бид хоёр нэг дууг дуулсан нь үнэн. Хөгжмийн зохиолч нь надад санал тавиад дуулуулсан болохоор би тэгж бусдын яриад байгаа шиг хүнээс дуу булааж дуулаагүй. Эхэлж Намсрайноровоор дуулуулчихаад дараа нь надад өгсөн, би дуулсан. Хоёулаа FM-ээр цацагдаад ирэхээр хүмүүс буруугаар ойлгоод жаахан дэгсдүүлж ярьсан биз. Энэ талаар бид хоёр уулзаж ярилцсан. Намсрайноров би эхэлж дуулсан гэж байна лээ. Тэгээд ойлголцоод л салсан. Надад хуучны бас шинэ олон сайхан дуу бий. Миний дууг өөр хүн аваад дуулвал дуулаг л дээ. Тэр чинь зөвхөн миний өмч биш. Тэгээд ч тэр дуу хит болоогүй л байгаа ш дээ.
-Ээждээ зориулж тоглолт хийж байсан дуучдын нэг та. Тэр үеэ дурсвал…
-“Эргэн санах аялгуу” анхны тоглолтоо 2006 онд хийснээс хойш Улаанбаатар хотод зургаан удаа, Монгол эх орноо гурван удаа нар зөв тойрон тоглосон байна. Ямар ч хүний хамгийн сэтгэлд ойр дотно байдаг хүн бол ээж. Амьд ахуйд нь ээждээ хайртай гэж тэр бүр хэлж бас хайрлаж чаддаггүй юм байна гэдгээ ээжийгээ бурхан болсны дараа л ойлгосон. Дуучин хүний хувьд сэтгэлийнхээ тэр хоосон гунигаа ээжийн тухай сайхан дуунууд дуулж өчүүхэн гэсэн ч тайлаад явж байна. Миний хувьд ээжийгээ амьдад нь сайн ойлгож, сайхан хайрлаж чадаагүй гэдгээ мэдээд ядаж дуун суварга өргөе гэж бодоод “Ижий тандаа” тоглолтоо хийхээр шийдсэн. Тэнгэрт байгаа ээжид минь хүрсэн байх аа.
-Банзрагч агсны дуугаар хоолоо олж идчихээд энэ залуу яадаг бол, ар гэр үр хүүхдэд нь юм өгдөг болов уу гэж олон хүн сонирхдог?
– Дуу нь мөнх болохоос дуучин нь мөнх биш шүү дээ. Ард түмний сэтгэл зүрхэнд шингэтэл сайхан дуулсан дуучин нь өнөөдөр байхгүй ч тэдний сэтгэлд байж л байдаг байхгүй юу. 1960,70 –аад оны үед дуулагдаж байсан Банзрагч гуайн дуунуудыг өөрийнхөө хэмжээнд чадан ядан дуулсан намайг чамлалгүй хүлээж авсан ард түмэндээ баярлаж явдаг. Гэлээ ч тэр дуунууд нь Банзрагч гэдэг хүний гэр бүлийн өмч биш. Оюуны өмчийн хуулиар яруу найрагч, хөгжмийн зохиолчид нь энэ эрхийг эзэмших ёстой. Яахав дээ хүн чанар, сэтгэлийнхээ үүднээс би дуучны ар гэрийнхэнтэй холбоотой байдаг.
-Хувь хүртэх тал дээр тэд огтхон ч холбоогүй юм уу?
-Тэгж ойлгож болно. Эхний тоглолтон дээр би гэр бүлийнхнийг нь уриад гэргий нь тайзан дээр нулимсаа унаган надад баяр хүргэж байсан. Тэгэхэд би тэдэнтэй уулзалдаж тодорхой хэмжээгээр сэтгэлийнхээ бэлгийг өгсөн.
-Таны хоолойг сайн төрмөл хоолойтой гэж үнэлдэг?
-Би хөдөө орон нутгаар явахад гурав дараалсан тоглолтон дээр /нэг тоглолтонд 18 дуу дуулсан/ нийт 54 дууг амьдаар нь дуулчихаад хоолой цуцахгүй байхад өөртөө баярлаж байсан. Тэндээс төрмөл үү, ургамал уу гэдгийг хүмүүс ялгаж салгана биз. Харин “Морины” Батбаяр ах, Завханы Батсүх гуай хоёрыг би жинхэнэ төрмөл дуучин гэж хэлнэ дээ.
-Ярианаас чинь чамайг хөдөлмөрөөр бус авьяасаараа дуулж яваа нэгэн гэж ойлгож болох нь ээ?
-Наадах чинь дэгсдэнэ ээ. Өнөөдрийн энэ бүхэн хөдөлмөрийн минь л үр шим. Авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэдэгтэй би санал нийлдэг. Харин тэр хөдөлмөрлөж байгаа нэгнээ үнэлэх хэрэгтэй. Дуучин болж олон түмэнд үнэлэгдэхийн тулд бид маш их хөдөлмөрлөдөг. “Энэ дуулж чаддаггүй, хоолой муутай юм. Иш чааваас” гэсэн мөртлөө дууг нь сонсоод л явдаг. Тэр чинь тухайн хүний хөдөлмөрийг л үнэлж байна гэсэн үг. Сайхан сайхан дуулдаг мундаг дуулдаг дуучид Монголооор дүүрэн байна. Харин амжилт, ард түмний үнэлэлт хэр байна гэдэг л өөрөөс нь шалтгаалдаг.
-Нэгэн ахмад дуучин “бид авьяастай хэрнээ залхуу, хөдөлмөрлөдөггүй байж, харин залуус авьяас муутай хэрнээ их хөдөлмөрч болж. Бас толгой нь мөнгө олох тал дээр айхтар ажиллах юм” хэмээн толгой сэгсэрч байсан. Энэ талаар…?
– Тухайн үед тэд улсаас цалин авдаг, хийснээ үнэлүүлдэг байсан бол одоо бидэнд хэн цалин өгөх юм. Дуучин болох гэж тавын таван жил эцэг эхийнхээ хөдөлмөрийг шулж, хэдэн малыг нь сургалтын төлбөрт нядлуулж байсан хүн хөдөлмөрлөж байж өөрийгөө болон авьяасаа ард түмнээрээ үнэлүүлж тэрнийхээ үр шимийг хүртэж амьдрахгүй бол өөр яах юм. Би авъяастай гэж цээжээ дэлдээд хашгираад гудамжинд явах уу. Хэцүү биз дээ.
-Тэгэхээр Банзрагч дуучин болохын тулд хичнээн малын аминд хүрэв дээ.
-Би 1999 оны оюутан. Тэр үед мал ямар үнэтэй байлаа. Увс аймагт гэхэд нэг төлөг 18 мянган төгрөг байсан. Манай сургуулийн жилийн төлбөр 492 мянга. Үүний хажуугаар оюутны дотуур байрны хөлс, хичээлийн хэрэгсэл, хоол унд, хувцас гээд өчнөөн мөнгө хэрэг болно. Тоо бодоод үз дээ. Таван жил сурахдаа хэдэн зуун төлөгний аминд хүрсэн байхав. Эргээд бодоход миний аав ээжийн насаараа өсгөсөн хэдэн малын аминд хүрчихээд эргээд сайхан амьдрахгүй бол ёстой нүдний булай биз дээ.
-Найзууд чинь “Бид хэд дундаа хамгийн баян нь Банзрагч” гэлцдэг. Тэгэхээр их л баян хүн байх нь ээ?
-Баян гэдэг ойлголтыг хүн байгаа юмандаа сэтгэл ханаж амьдрахыг хэлдэг гэж боддог би тийм л хүн. Тэгж аймаар баяжсан зүйл үнэндээ алга. Унах унаатай, орох оронтой л явна. Яахав уран бүтээлээрээ амьдралдаа хийсэн зүйл бий л дээ. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ тэрнээс илүү би Би СУИС-ийг амжилттай төгссөн нь өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт гэж үздэг. Сэр-Од багшийндаа хувцсаа солилгүй долоо хонож, судалгаа хийж дипломоо 98 хувьтай хамгаалж байлаа. Бараг бүтэн ном болохоор юм бий дээ.
-Бас мөнгө босгох тал дээр хамгийн авьяастай нэгэн гэсэн. Тэсийнхэн ч юм юм босгодог нөхөд шүү?
-Найзууд маань намайг тэгж дүгнэж байгаа бол магтсан л байна даа. Дуугаа хүмүүст хүргэж чадаж байна гэдэг тэр яриад байгаа мөнгө босгодог арга байж болох юм. Түүнээс биш би тийм агуу үржүүлэхийн хүрдний хүн биш ш дээ. Манай Тэсийнхнийг шилийн сайн эрс гэцгээдэг ч тэр чинь дээр үеийн домог шүү дээ. Юм юм босгодог гэж хэлж ёстой болохгүй.
-Харин амьдралдаа юу оруулав. Анхны тоглолтын орлогоо юунд зарцуулж байв даа.
-Мэдээж хөлс хүч гарган хөдөлмөрлөсөн юм чинь дагаад юм юм л ирсэн. Анхны тоглолтоос олсон орлогоороо байрныхаа урьдчилгааг хийж, удалгүй байрандаа орж байлаа. Гэхдээ манайхан тоглолт хийлээ гэхээр Бөхийн өргөөний суудлын тоог билетийн үнээр үржүүлж эхэлдэг. Үнэндээ нэг зүйлийг хэлэхэд тоглолтноос ашиг олоход үнэхээр хэцүү. Нөгөө олсон орлого нь урсгал зардалдаа эргээд шингэчихдэг. 30-40 хүнтэй оркестр авахад хичнээн мөнгө төлдгийг хүмүүс мэддэг ч юм уу бүү мэд. Гаднаас хөгжим техник, гэрэл хөлсөлж байна. Дээр нь гэрэлтүүлэгч, бүжигчид, хөтлөгч гээд бүгд тус тусдаа үнэтэй. Бөхийн өргөөний түрээс байна. Хүмүүс Бөхийн өргөөнөөс бүгдийг гаргачихдаг гэж боддог. Үгүй ш дээ. Хэвлэлийн зардал, рекламыг ч тооцолгүйгээр тооны машинд цохиж үзээд их мөнгө оллоо гэж бодоод байдаг. Гэхдээ ашиг нь өчүүхэн ч би тэрнийгээ чамладаггүй. Яагаад гэвэл намайг сонсдог үзэгч олондоо уран бүтээлээ хүргэсэн минь хамгийн том шагнал.
-Тэгээд яаж амьдрахав. Идэж ууна, өмсөж зүүнэ, гэр бүлээ тэжээнэ гээд их л зүйл хэрэгтэй. Давхар бизнес эрхлээд байна уу?
– Давхар бизнес бий. Хөдөө хэдэн мал байна. Амьдралд дутах зүйлгүй сайхан л байна.
– Бизнес гэж үзэхээр малтай гэхээр нэлээд тооны юм байж таарах нь. Арай мянгат малчин болчихсон яваа юм биш биз?
-Яг төд гэж тоог нь хэлээд яахав. Малаа тоолохоор өсдөггүй ш дээ. Мянгат малчин болчихсон ч юм бил үү. Ямар би өөрөө маллаж өсгөж байгаа биш. Хүнээр маллуулж байгаа болохоор тэр ашиг шим, нэр алдрыг нь маллаж байгаа хүн хүртэнэ биз дээ. Нэрийг нь би аваад нэдэрийг нь малчин үүрч болохгүй биз дээ.
-Үүрэн телефонуудаас их мөнгө орж ирдэг юм биш үү?
– Үгүй ш дээ. Би өнөөдрийг хүртэл ганц ч төгрөг авч үзээгүй. Асууж ч байгаагүй юм байна. Хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёр давуу эрхтэй гээд оюуны өмчийн хуулинд заачихсан болохоор тэд л авдаг. Дуучдад нэг ч төгрөг оногддоггүй. Харин энд тэнд урилгаар дуулаад мөнгө авдаг. Мэдээж хөдөлмөрлөж байгаа юм чинь үр шимийг нь хүртэх эрхтэй биз дээ. Баян гэдэг дээр дэгсдүүлээд байна уу даа. –Нуугаад яахав, өмнө оюутан байхдаа шоу цэнгээн, энэ тэр гээд хангалттай явсан. Гэр бүл болсноос хойш ууж идэх, наргиж цэнгэх асуудлаас үнэндээ холдсон. 2004 оноос хойш баар цэнгээний газраар орж үзээгүй л явна. Хааяа баяр ёслолоор нийлэлгүй яахав. Орж гарах газар ч олдохгүй, гэртээ л уулзалдах юм. Уг нь залуу нас байна. Нийлж уулзалдаж баймаар л байна. Ганц нэг хүний нүдэнд халамцуу харагдчихвал архичин энэ тэр гээд ярих юм болов уу гэж эмээх юм.
-Эмэгтэй дуучидтай хамтарч дуулахгүй юм. Арай уран бүтээлээ дагаад нэр холбогдчихно гэж айдаг юм биш биз?
-Үгүй. Миний хоолой эмэгтэй хүнтэй хоршиж дуулах тийм ч зохимжгүй л дээ. Тенор хоолойтой болохоор хоршиж дуулахад их хэцүү. Түүнээс биш нэр холбогдохоос айгаад байгаа юм биш. Оюутан байхдаа Дэлгэрмаатай нэг дуу дуулж үзээд яагаад ч болохгүй юм байна гэдгээ ойлгоод больсон.
-Манай дуучид дуугаа хит болгохоор FM, ТВ-ээр мөнгө төлдөг гэсэн. Тийм найраанд орж байв уу?
-Наадахыг чинь ёстой сонсоогүй юм байна. Залуу уран бүтээлчид дуугаа цацахын тулд мөнгө төлдөг гэж сонссон болохоор ХИТ болгох гэж мөнгө төлдөггүй байх аа. Миний хувьд өнөөдрийг хүртэл дуугаа цацах гэж мөнгө төлж байсангүй. Шинэ дуу, клип гарлаа гэхэд өөрсдөө аваад л цацчихдаг ш дээ. Надаас мөнгө нэхэж байгаагүй. Бодвол мөнгө нэхэхээс ичдэг ч юм уу эвсэл үнэлдэг байж ч болох юм. Оюутан байхдаа, анх дуулж эхэлж байхдаа таньдаг FM-үүдээр гуйж цацуулдаг байсан болохоос мөнгө төлж байгаагүй. Тухайн үед төлье гэсэн ч надад мөнгө байгаагүй. -Ярилцсанд баярлалаа. WWW.TAIZ.MN
Discussion about this post