Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя Цэнхэр тэнгэрийнхээ өнгөнд хоёул уусъя гэсэн уянгалаг сайхан дууг дуулсан дуучин Эрдэнэцэцэг агсны уран бүтээлийг дуучин Э.Болор-Уянга сэргээн дуулсан. Уран бүтээлчид дундаа нийтэч, цайлган гэдгээрээ нэр хүнд сайтай, бас ч хүү сонгосон зам мөрөөсөө ухарч шантраагүй түүнд давуу чанар их бий.
-Та нэг хэсэг уран бүтээлээсээ хол хөндий байлаа. Одоо эргээд дуулж эхэлсэн нь сайхан байна.
-Уран бүтээлдээ эргээд л орчихсон, шинэ клип, дууны бичлэг хийлгээд, мөн дээрээс нь хөдөөгүүр тоглолтоор яваад ажил ихтэй л байна. Би өөрөө үгийг нь зохиож, Пүрэвдорж гуай ая хийснээр “Сэтгэлийн толь” дууны клипээ найруулагч Б.Чингүүнтэй хамтраад эхлүүлсэн. Найзтайгаа хамт Б.Чингүүнтэй ажил ярьж байтал гоё зохиолын санаа хэлэхээр нь эргэлзэж, тээнэгэлзэхгүйгээр орчихлоо ш дээ. Б.Чингүүний багийнхны шуурхай, ажил хэрэгч байдал нь таалагдсан. Удахгүй шинэ клипээ үзэгчдийн хүртээл болгоно.
-Хуучны дуунуудыг сэргээж дуулж байсан. Шинэ уран бүтээлээ ямархуу өнгө аястай туурвиж байгаа вэ?
-Дуучин Эрдэнэцэцэг агсанд зориулж цомог гаргаад хүмүүст бэлэглэсэн. Шинэ дуунуудаа Болор-Уянга гэдэг дуучныг хүмүүст мэдрүүлэх зорилгоор хөгжмийн зохиолчдоос бүтээлүүд аваад хийж байна. Уран бүтээл гэдэг өнөөдөр нь аваад, маргааш нь гарчихдаг эд биш л дээ. Зунжингаа л дуугаа бичүүлж явлаа, ер нь бол амарсангүй ээ.
-Ерөөсөө дөрвөн дуу бичигдэж үлдсэн байсан. Уг нь дуулагдсан дуунууд бол мэдээж олон байх л даа. Гэр бүл, бүх найз нөхдийг нь олоод тэр дөрвөн дууг бичүүлсэн. Тухайн үеийн гоё дурсамжуудыг нь яриулж, нэвтрүүлэг бэлтгэн гаргаад, сингл цомгоо хэвлүүлсэн. Одоо тэр цомгоос өөрт ч байхгүй, хүний гар дээр өгөх юмгүй л сууж байна. Найз нөхөд дахин хэвлүүл гэсний дагуу хэвлэлтэнд ахиж явуулдаг юм уу гээд хөөцөлдөж байна. “Учралын эгшиг”, “Чамайгаа оллоо”, “Намуун байгаль”, “Зүрхэн чулуу” гээд дөрвөн дуунаас бүтсэн энэ цомог маань тэр дуучин ямар мундаг дуучин байсан бэ гэдгийг илтгэж өгсөн гэж боддог.
-Гэр бүлийнхэнтэй нь уузсан уу. Ямархуу хүлээж авсан бэ?
-Гэрийнхэнтэй нь утсаар байнга ярьдаг. Эгч, ах, дүү, охин нь бий. Уулзах гэхээр нэг л тохироо нь бүрдэж өгөөгүй л дээ. Би түүнд зориулсан сингл цомгийн өдөрлөгөө зохион байгуулахад найзууд нь цэцэг бариад ирсэн. CD-ний баяраа Central tower-ийн 17 давхрын Sky lounge-д найз нөхөд, урлагийнхны хүрээнд хийсэн. Тэрний өмнө HiFi рекордс дэлгүүрт 12 цагт өдөрлөг хийгээд хүмүүст CD-гээ үнэгүй бэлэглэхэд хүмүүс пиг ирсэн. Би тийм их хүн ирнэ гэж бодоогүй л дээ. Урд нь намайг 2006 онд өдөрлөг хийхэд, хүмүүс нэг их ирдэггүй байсан. Тэгэхээр Эрдэнэцэцэг гэдэг дуучинг маань хүмүүс хичнээн их хүндэтгэдэг байсны илрэл байх. Би өөрөө хоцроод, аахилчихсан ирсэн чинь хүмүүс CD булаацалдаад, зодолдчихсон байж байсан. Тэр сайхан хүнийг дурсахаараа хүмүүсийн сэтгэл их хөдөлж байгааг нь харах сайхан. CD-г нь авахаараа баярлаад, зарим нь уйлаад л… Телевизийн шууд нэвтрүүлэгт орохоор “Наад цомгоо зараач ээ, авмаар байна” гээд Дархан, Эрдэнэтээс хүмүүс холбогдож байсан. Мэдээж юм бүхэн сайн сайхан байхгүй. Хүн бүр өөр өөрийн үзэл бодолтой учраас хажуугаар нь шүүмжлэл ч өрнөж байлаа.
-Одоо бидэн дунд байхгүй тэр дуучны охин нь нэлээд том болж уу?
-Охин нь том болчихсон, банкинд ажилладаг гэсэн. Мундаг, мэргэжил боловсролтой хүмүүс байдаг юм билээ.
-Цомгоо хүмүүст үнэгүй өгдөг нь ямар учиртай вэ?
-Тухайн үедээ тэр хүний дууг сонсдог байсан, дунд эргэм насны хүмүүс өдөрлөгт голчлон ирсэн. Яг тийм агшныг нь дурссан, үнэхээр сонсдог байсан фенүүд нь ирсэнд би ч их баярласан. Сонсох, дурсах ёстой хүмүүстээ хүрч байгаа юм л даа. Ашиг олохын тулд энэ цомгийг гаргаагүй ээ. 80, 90-ээд оны хүүхдүүд тэр дуучныг нэг их сайн мэдэхгүй ш дээ. Сонсохгүй, 2000 оныхон бол бүр уучлаарай, мэдэхгүй. Тухайн үеийн монголын эстрадын дуучид ямар хүмүүс байсан юм, ямар уран бүтээл туурвиж явсан бэ гэдгийг таниулах, тэр үед бүтсэн, тийм стильтэй дуу гэдгийг таниулж өгөх зорилготой хийсэн. Би сүүлд өөрийнхөө шинэ дууг Оргил ахын студи дээр бичүүлж байсан чинь “Чиний хоолой чинь чичирдэг хоолой байна, байгалиасаа ингэж чичирдэг хоолойтой хүн гэвэл Нандинцэцэгээс өөр байгаагүй, тэгэхээр тэр хүний дуулагдаагүй, гоё дуунуудыг нь дуулаач” гэж санал тавьсан. Бодоод байсан чинь Нандинцэцэг, Оюунцэцэг, Эрдэнэцэцэг гээд эхэн үеийн дуучдын нэг учраас түүнийг хүмүүст таниулж, сэргээх нь чухал юм байна гэж бодогдсон. Хуучны дуу гэдгээр нь биш, нөгөө талаас нь хүмүүс ойлгоосой, нэгэн цагт тайзнаас хүмүүст хүрч байсан тэр уран бүтээлүүдийг эргээд сэргээж, монголын эстрадын түүхийг бичилцвэл утга учиртай, зорилготой, өмнөх үеэ хүндэлж байгаагийн илрэл болов уу гэж бодсон. Радиогоос олж, түүвэрлээд дуулах нь миний дараагийн төсөл болох байх. “Унаган хайр”, “Нислээ шүү дээ” гээд дуулагдчихсан дуунууд биш шүү дээ. Ерөөсөө тэр хүн дуулж байсан, хүмүүс сонсоод “Өө, нээрэн ийм дууг Нандинцэцэг маань дуулдаг явлаа шүү дээ” гэхээр.
-Та хувийн компанид ажиллаж байгаа гэл үү. CD гаргалаа гэхэд хүмүүст үнэгүй өгчихөөр ажил хийхээс өөр яах вэ дээ?
-Тээвэр, зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гаднын компанид ажиллаж байгаа. Мэдээж, урлагийн хүн чинь давхар ажил хийнэ шүү дээ. Цалингийн зээл авч CD-гээ хэвлүүлээд, хүмүүст тараасан. Би хоол идэх, хувцас өмсөх, үр хүүхэдтэй хүн чинь түүнийхээ цэцэрлэгийн төлбөрийг хийх хэрэгтэй. Ажил хийхгүй, дан урлагаар өөрийгөө болгох хэмжээнд хараахан очоогүй байна. Байгууллагуудаас ивээн тэтгэхийг гуйж явахаар эхлээд өөрөө уран бүтээлээ хийж таниулсныхаа дараа хамтарч ажиллах санал тавих ёстой юм болов уу гэж боддог. Урд нь гаргасан “Чамд” гээд 10 дуутай цомгоо ч өөрөө хэвлүүлсэн. Гэхдээ энд тэнд дуулах, урлагийнхантайгаа хөдөөгүүр тоглолтонд явах үедээ чөлөө авчихдаг. Манай ажлынхан “Яасан ядаргаатай юм бэ, байсхийгээд л чөлөө авах юм” гэдэг.
-Охин нь том болж байна уу?
-Охин маань одоо дөрөв хүрнэ. Нэг л их аальгүй “хүүхэн” байгаа ш дээ. Миний бүх дууг цээжээр мэддэг, би охиныхоо дэргэд бэлтгэл хийдэг байхгүй юу. Шинэ дуу дуулахаар “Энэ миний сонсоогүй дуу байна, яагаад надад хэлээгүй юм” гээд би нэг ёсондоо тэр хүнээр шалгуулах болчихоод байна шүү дээ. Гэртээ байж байгаад “Ээж ээ, би таны дууг нэг сонсчихмоор байна ш дээ” гэнэ. Хааяа харах хүнгүй бол энд тэнд дуулахдаа дагуулж явдаг юм. Тэгэхээр их дуртай. “Ээжийнхээ дуучин ажилд явлаа” гээд л бөөн баяр хөөр.
-Хоёулхнаа амьдарч байгаа юм уу?
-Нөхөртэйгөө таарч тохирохгүй зүйл зөндөө гардаг юм байна. Охиноо төрснөөс хойш хадмындаа хэсэг байсан. Гэвч нэг мэдэхэд л больчихсон. Үзэл бодол нийлэхгүй, бие биедээ нэг их уурласан хүмүүс байгаад, дээр нь ар гэр нь ч нөлөөлдөг юм билээ. Урлагаасаа хөндийрөөд хэдэн жил тэр хүний төлөө сэтгэл санаа бүх юмаа зориулсан. Гуньж гутраад байвал улам л доошоо орно. Өөрийнхөө дотоод ертөнцөд бүхнийг гэрэл гэгээтэйгээр цогцлоож, өөрийгөө завгүй байлгаж байж энэ бүгдийг давж гарсан. Эцэст нь ганц эрэгтэй хүнд буруу өгөх хэрэггүй, яагаад гэвэл өөрөө сонголтоо буруу хийсэн учраас. Сонголтоо зөв хийгээд, маш их тэвчээртэй байхгүй бол болдоггүй л юм байна. Тэр үеийг давж туулахад хэцүү, хэцүү гээд байвал бүр л хэцүү болно. Гэрийнхэндээ загнуулах гээд юм юмыг даваад гарсан. Хэцүү байлаа гээд амиа хорлолтой биш, цаг хугацаа бүхнийг эмчилдэг юм байна. Ядраад, ажлаас болж хүнтэй муудалцан нервтэх зүйл гараад, гэртээ ороод ирэхээр нөгөө хүүхэд нь “Ээж ээ” гэхээр л өнөөх хараал урсгаж байсан хүн чинь амьдралынхаа бүх проблемийг мартчихдаг. Маргааш нь нөгөө муудалцсан хүнтэйгээ “Өө, сайн уу” гэх жишээтэй. Эмэгтэй хүн үр хүүхэд төрүүлэхээрээ хамаагүй хүлээцтэй, тэвчээртэй болдог юм байна. Юм болгоныг жаахан ч гэсэн бодож шийддэг болчихдог. Урд нь тэр дороо сэтгэлийн хөдөлгөөнөөр шийддэг байсан бол одоо бүр нэг аж ахуйч болчихсон. Урд нь бүх юмаа өөрөө хэрэглэдэг байсан бол одоо бүх юмаа хүүхдэдээ зориулдаг болсон.
-Уянгаад нэг давуу тал байгаа. Хүүхэдтэй болохоосоо өмнө ч шоу цэнгээнээс хол явсан. Тэгэхээр нэлээд гэр амьтай, хүүхдэдээ халамжтай сайн ээж болсон байх аа?
-“Хүүш ээ, чи одоо залуу хүн байж гарч, орооч ээ” гээд л хүмүүс загнадаг юм. Айлд орхихдоо хүртэл хүүхдээ санаад яараад л, хоёр гурван хуудас захиас бичээд үлдээчихнэ. Тэгэхээр “Чи одоо ямар сүртэй юм бэ. Ямар аймаар бөөцийлдөг юм бэ” гээд ах, эгч нар шоолдог. Цэцэрлэгт нь өглөө өгөөд, орой авахын хооронд багшид нь наян захиас үлдээчихнэ. Охиноо тухтай байлгах гэж олон цэцэрлэг сольсоон. Улсын цэцэрлэгт өгч үзсэн чинь дэндүү аймар хандаж байгаа юм. Багш нь “Чи цаашдаа манай цэцэрлэгт хүүхдээ явуулж чадахааргүй ээж байна” гээд “Юу гэж байгаа юм бэ” гэсэн чинь “Эцэг эхчүүд чинь хүүхдээ зүгээр л хаячихдаг, чи аягүй их анхаарал тавиад зууралдаад байх юм аа” гэдэг байгаа. Хорвоо дээр намайг баярлуулж байгаа ганц охиноо би чинь бөөцийлөхгүй яах вэ. Хаа очиж миний муу охин ээжийгээ ойлгодог юм уу, учиргүй өвдөж шаналгаад байдаггүй.
-Байр хөлсөлдөг үү?
-Тийм, байраа хөлслөөд явж байна. Залуу хүн, зовсны эцэст жаргана гэдэг дээ, нэг их сайхан өдөр ирэх байх.
-Чиний ойлголтоор жаргал гэж юуг хэлэх вэ?
-Бодсон чинь одоо бол би жаргаад байгаа юм биш үү. Ээж, аав, эгч нартаа эрхлээд явсан бол одоо бүхэл бүтэн хүн намайг нүдээ бүлтийтэл хараад хүлээгээд байж байна, хөдөө яваад ирэхээр аймаар саначихсан хоёулаа тэврэлдээд бөөн юм болдог ш дээ. Тэр хүүхдийн амьдрал надаас шууд хамааралтай байна гэдэг том аз жаргал, хариуцлага. Бүхэл бүтэн хүн бүтээчихсэн шүү дээ гэж бодохоор үнэхээр аз жаргалтай санагддаг. Буян гэж байгаа ш дээ. Тэр буянаа асарч тойглож байна гэдэг чинь аз жаргал. Тэр хүүхдийг чинь сайн цэцэрлэг, сайн сургуульд оруулж, хооллож ундлахын төлөө ажил хийж байна. Дээрээс нь дуугаа дуулаад, бүхнийг өөрийнхөө гараар босгох гээд тэгээс нь эхлээд явж байна. Үнэхээр гоё, харин ч жаргаад тансаг амьдраад байгаа юм биш үү. Бүх юм нь бэлэн нөхөр сүүдэр нь бүгдийг бэлдчихдэг тэмцэлгүй амьдрал утгагүй байх аа. Нөхөртэйгөө амьдарч байхад ч манай хүн ч үе тэнгийнх, тэгээд тэр үед ажлаасаа гарчихсан, ажилгүй хүнийг чи тийм юм олж ир, надад үнэртэй ус авч өг гээд байлтай биш. Аз жаргалтай, хайр дурлалтай явах үед тийм юм авахуулья гэдэггүй байлаа. Би хоол хүнсээ зөөгөөд, нөхрөө хүүхэд шиг бөөцийлсөн. Урд нь олон эрэгтэй найзтай мөртөө нэг их дотно байгаагүй. Яг хүнтэй суусан чинь нөгөөхөө хүүхэд шиг бөөцийлөөд, өөрийгөө их гайхахад хүрсэн.
-Урлагийнхнаас Сэрчмаатай дотно найзалж байгаа гэсэн. Өөрсдөө амьдралаа үүрч яваа эмэгтэйчүүд гэдгээрээ санаа нэгддэг байх л даа.
-Тэр энэ гэхгүй, бүгдтэй нь их дотно. Ангирмаа эгчтэй бүр дотно, намайг анх уран бүтээл хийж байхад тэр хүн тусалж ирсэн. Ангирмаа эгчтэй дуулсан дуугаа дангаараа дуулж бичүүлж байгаа. Бүгдтэй нь “Сайн байна уу, ах аа, эгч ээ” гээд мэндлээд явдаг. Сүүлд яруу найрагч Хүрэлбаатар ахын тоглолт болоход хамт нэвтрүүлэгт ороод Сэрчмаатай дотносож, уран бүтээлийн тал дээр бие биедээ тусалж байгаа. Урд нь мэнд усаа мэдээд өнгөрдөг байсан бол дотносоод ирэхээр сонин хэвлэлд бичигддэгээс илүү сайхан сэтгэлтэй, тусч эмэгтэй юм байна гэдэг нь мэдрэгдсэн. Хүмүүс яагаад эмэгтэй дуучдыг элдвээр хэлдэг юм бол, дахин дахин давтаад байхаар яг тийм болчихсон юм шиг, өөртөө ч итгэхгүй, хүнийг тэгж муухай стрестүүлдэг. Бас хүүхдээ өсгөж байгаа, уран бүтээлээ хийж яваа эмэгтэйчүүдээ хүмүүс битгий муу хэлж байгаасай, урлагийн ажил гэдэг ерөөсөө л буян гэж би боддог. Хүнийг баясгадаг. Муулсан атлаа дууг нь сонсоод, өөрсдөө дагаад дуулдаг ш дээ. -Цаадах чинь таныг клипний зураг авалтанд орох гэхэд “Нүүрийг чинь би будаад өгье. Мөнгө битгий үрээрэй” гэснийг сонссон чинь цээжинд нэг юм огшоод явчихсан. Эх хүмүүсийн хооронд байдаг нандин харьцаа ийм л цаг үед үнэхээр сайхан. Тийм найзуудынхаа дэмээр өрх толгойлсон эмэгтэй хүмүүс нийгэмд байр суурьтай амьдардаг, болохгүй байсан ч болж байгаа юм шиг толгой гэдгэр явдаг. Ер нь урлагийн эмэгтэйчүүдэд ганц бие бүсгүй олон. Яах аргагүй тийм хэмжээний золиосоор л бидний дуртай уран бүтээлүүд төрдөг гэж бодогдлоо л доо.
-Сэрчмаа маань намайгаа бодвол илүү олон жил, илүү олон тоглолтонд дуулчихсан болохоор нүүрээ мэргэжлийн хүнээс дутахгүй будаад сурчихсан. Сэрчмаа гэлтгүй манай Номин, Баярцэцэг гээд эмэгтэй дуучид маань бие биеийнхээ төлөө сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэгээд бүгд ээж болчихсон. Сараа эгчийн төрсөн өдрийн тоглолтыг бид гоё бөөнөөрөө сууж үзээд, дараа нь хүлээн авалтанд нь хамт оролцоод, зөвхөн эмэгтэй дуучдаараа үлдэж, зүгээр сайхан инээлдээд, чин сэтгэлээсээ ярьж сууцгаасан. Тийм үеүдийг өөрсдөдөө олон байлгая, дээрээс нь нэг нэгийнхээ уран бүтээлийн шүүмжлэгч, зөвлөгч байя гэж ярилцацгаасан. Таны хэлсэн үнэн. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай байх хэрэгтэй. Эмэгтэй дуучдаа хайрлаж, эхийгээ бодож бичиж байгаарай гэж сэтгүүлч нараасаа аминчлан гуйя. Ханьтай, ханьгүй бүх эмэгтэй хүн нэг зорилготой бол сайхан шүү дээ. Энэ хорвоог чимдэг эмэгтэй хүний нандин сайхан чанар зөндөө байна. Хүмүүсийн гоочлоод байдаг Сэрчмаагийн хэлсэн хэдхэн үгнээс найз нөхрөө гэсэн бөөн хайр үнэртэж байгаа биз дээ. Сэрчмаатай хамт байхаар зөндөө сайхан чанар олж харсан. Хоол голохгүй идчихнэ, хөгжилтэй, хүнийг ялгаварлаж дугаарлахгүй, хүнд туслая гэсэн сэтгэл нь бусдадаа урам өгч, үлгэр дууриал болж байгаа юм.
-Сэрчмаа кино хийж байгаа гэсэн. Тэр тухайгаа ярьж байна уу?
-Зураг авалт нь дуусчихсан. Одоо монтажны ажилдаа орчихсон байгаа. Тэр тухай нь өөрөөс нь асуусан нь дээр байх аа, та уулзаад асуугаарай.
-Бөөндөө суухаар эхчүүдийн ярианы сэдэв өөрийн эрхгүй л хүүхдүүд рүүгээ хальтираад орчихдог ш дээ?
-Тийм, хамгийн их баяр баясгалантайгаар ярина. Хүүхдүүдээ ярихаар бүгдийнх нь нүд нь гэрэлтээд явчихна даа, урлагийн гэхгүй, эмэгтэй найзууд маань бүгд тийм.
Discussion about this post