Генерал хэмээх нэр хүндтэй цэргийн дээд цолыг анх Франц улсад XVI зуунд буюу Францын их хувьсгалын үеэр хэрэглэсэн гэдэг. Ерөнхий, гол чухал гэсэн утга бүхий англи үгнээс гаралтай энэ цолыг цэргийн болон иргэний байгууллагын удирдлагад байдаг дээд тушаалын удирдах бүрэлдэхүүнд олгодог. Генерал цолыг анх Францад хэрэглэснээс хойш дэлхийн бусад орнуудад ч ашиглах болжээ. Тухайлбал, 1652 онд Орост I Петр хаан анх удаа армидаа хэрэглэж, Москвагийн сонгомол цэргийн тойргийн захирагч А.А.Щепелевт анхны генерал цолыг олгосон бол онцгой район дахь онцгой бүрэн эрхтэй орон нутгийн иргэний дээд албан тушаалтан Варшав, Киевийн цэргийн удирдлагуудад генерал губернатор цолыг олгожээ. Өнөөдөр дэлхийн 200 гаруй улс орноос 185 нь арми, зэвсэгт хүчинтэй гэсэн судалгаа бий. Эдгээр улс орнуудын 170-аад нь дээд офицерынхоо цолонд таван хошууг бэлгэдэн хэрэглэдэг бөгөөд генерал хэмээх эрхэм цолыг бараг бүх улсын цэргийн цолонд хэрэглэгддэг ажээ.
Харин манай улсын хувьд, Чингис хааны үеэс дайчин эрсээ илбэн тохинуулж, дэлхийн талыг дайлан туулахад их цэргийн манлайд нь явж байсан мянгат, түмтийн ноёд, өрлөг жанжид нь тухайн үеийн Генералууд байжээ гэж үзэх бүрэн үндэстэй юм. Хожим БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх цэргийн дээд цолыг манай улсад бий болгосон ба “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласнаар төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал цолыг олгожээ.
Улмаар 2004 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” хэмээн нэрийдэж, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд жил бүр ээлжээр генерал цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм. Энэ жилийн хувьд уг баярын өдрийг Хил хамгаалах Ерөнхий газар хариуцан зохион байгуулна.
Монгол Улсад генерал цол олгогдож эхэлснээс хойших 77 жилийн хугацаанд нийт 186 цэргийн зүтгэлтэн энэхүү эрхэм цолыг хүртээд байна. Тэдгээр генерал цолтнуудын дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 20, хошууч генерал 110, бригадын генерал 44 байна. Үүнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаалыг хашсан 15, сансрын нисгэгч нэг, эрдмийн зэрэг цолтой 38, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал бий. Эдгээр тоо баримтаас харахад, манай улсын цэргийн дээд цолтнууд нь үндсэн үүргээсээ гадна эх орныхоо хөгжил, дэвшлийн төлөө ямагт манлайлан оролцож ирсэн нь мэдрэгдэх биз ээ.
Эдгээрээс анхны 11 буюу Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цолыг 1944 онд олгосон.
Армийн генерал цолыг 1971 онд бий болгосон ч 2006 онд хассан. Энэхүү цолыг 1971 онд Батын Дорж, 1976 онд Юмжаагийн Цэдэнбал хүртсэн.
Хурандаа генерал цолыг жанжин Ж.Лхагвасүрэнд 1961 онд анх олгосон бөгөөд түүнээс хойш С.Равдан (1971), Б.Цог (1971), Ю.Цэдэнбал (1975), Ж.Авхиа (1978), С.Батаа (1978), Б.Дэжид (1979), С.Лувсангомбо (1982), Ж.Ёндон (1982) нар хүртжээ. Уг цолыг 2006 оноос олгохоо больсон.
Дэслэгч генерал цолыг 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт олгосноос хойш Ц.Жанчив (1950), Б.Жамбалсүрэн (1967), Д.Ёндондүйчир (1971), Ц.Самдангэлэг (1971), Б.Цэдэн-Иш (1972), Ж.Жамъян (1972), Ч.Пүрэвдорж (1978), Ш.Арвай (1979), Ө.Чойжилсүрэн (1981), Ч.Түмэндэмбэрэл (1981), Ж.Балжинням (1982), Ч.Сангишарав (1982), А.Жамсранжав (1984), Ш.Жадамба (1986), Л.Моломжамц (1989), Г.Дамдинсүрэн (1997), Ц.Дашзэвэг (1998), Ц.Тогоо (2005), Ц.Бямбажав (2009), Д.Даваа (2016) нар хүртээд байна.
Харин энэ хугацаанд хошууч генерал цолыг 100 гаруй эрхэм хүртээд байгаа бол бригадын генерал цолыг 30 гаруй албан тушаалтан хүртсэн тоон баримт бий.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Цэргийн албаны тухай” хуульд заасны дагуу цэргийн дээд офицерын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч олгох бөгөөд цэргийн дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тогтоодог.
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Discussion about this post