“Монгол гүүшийн чуулган”-ы тэргүүн Д.Жаргалсайхантай уулзаж ярилцлаа.“Монгол гүүшийн чуулган”-ы тэргүүн Д.Жаргалсайхантай уулзаж ярилцлаа.
-Та нийслэлд, UB паласт “Хөхөөтэй хүүндээн” тоглолт хийлээ. Та Увсын харъяат. Яагаад заавал нутгийн аялгаар хийх болов.
-Хүмүүс Увс, Ховд, ойрадуудад тоглосон гэж ойлгосон байна лээ. Яг үнэндээ хамаг Монголд зориулсан тоглолт. Халимаг, Тува, өвөрмонголчууд ойрад аялгаар ярихаар ямар ч асуудалгүй ойлгож байна. Харин ч төв халх аялгаар ярихаар энэ юу гэсэн үг билээ гэж асуугаад байдаг. DVD, хошин шогийн бичлэг явуулахаар тэдэнд илүү их хэрэгтэй байна.Нөгөө талаар тоглолтынхоо цомгийг Халимаг, Өвөрмонгол руу, Шинжаан уйгар луу гаргалаа гэхэд хоёр ажил хийхгүй амарчилж байгаа хэрэг, Хоёрдугаарт хэлд орсон аялга яриагаараа ярихаас санаа зовдог ч юм уу тийм хүмүүст зориг өгөх гэсэн санаа. Увс, Ховдоос ирээд тоглолт хийх хүмүүст энэ аялгаар тоглолт хийх алхмыг нээх, нэг ёсондоо би золиосонд явж байгаа юм. Дээр нь талаар нэг тархсан замбараагүй бүтээлүүдээ нэг нэгтгэе гэсэн зорилгоор тоглолт хийсэн.
-Нэг хэсэг МУГЖ С.Жавхлантай ажиллаж байсан. Хамаг Монголд зориулсан тоглолт хийсэн гэхээр С.Жавхлангийн нөлөө орсон гэж ойлгож болох уу?
-Үгүй ээ. Хамаг монгол нэг хүний хэрэг биш, бүх монголчуудын сэтгэлд байх ёстой. Балба, Энэтхэгийн хойд хэсэгт байгаа, ер нь дэлхийгээр тархсан Монголчууд ойрад аялгатай байдаг. “Монголын нууц товчоо”, ялангуяа Лу Алтантовч бол бичвэр нь уншихаар ойрад аялга байдаг. Ойрад аялгаа мартвал түүхэн сурвалжаас унших юмаа мартана. Ер нь одоо аялга битгий хэл монгол хэл нь байхгүй болох тал руу орж байна.
–Увсынхан бөх нь наадамд түрүүлэхээр “Увс нуур” дуу дуулж жалга довны үзэл гаргалаа гэж шүүмжлүүлдэг. Тэгэхээр таны энэ үйлдэл бас тийм зөрчил дагуулахгүй юу?
-Аялгаас биш байх. Үндэсний бөх өргөн олныг хамардаг болохоор Сүхбат, Өсөхбаяр хоёрыг барилдахад төв цэнгэлдэх шууд хоёр хуваагддаг. Тийм л зүйл байгаа байх. Түүнээс биш бичиг соёл дээр зөрөлдсөн зүйл байдаггүй, би хараагүй.
-Халх, ойрадын тэмцэл 400 шахам жил үргэлжилсэн гэж ярьж бичдэг. Одоо ойрад аялгуу өргөн тархсан гэхээр бас маргаан дагуулах байх даа?
-Энэ үзэгдэл сүүлийн жилүүдэд гарах боллоо. Их хортой. Юу нь хортой байна вэ гэвэл Америк тэргүүтэй барууны орнууд яг ийм л юмыг ажиглаж байгаа. Бид хоорондоо хэмлэлдээд эхлэвэл Манжид дагаар ордог шиг юм болно.Тиймээс дөрвөд нь дөрвөдөөрөө, баянд нь баядаараа, буриад нь буриадаараа ярьж дасах хэрэгтэй л гэж би боддог. Тэгэхгүй улам л холдоод байх шинжтэй байна. Соц нийгмийн үед нэг сайн зүйл байсан. Тэр нь томилолт. Төв аймгийн хүн Баян-Өлгийд урианхай, казахууд дунд, Өвөрхангайн хүн Дорнодод буриадууд дунд, Увсын дөрвөд Дундговьд гэх мэтээр… тэгээд газар газарт ажиллаад ирэхээр бие биенээ мэддэг болдог. Тэр нь энэ цагт алга болчихоор биесээсээ холдоод байгаа хэрэг.
-Монгол хэл мөхөж байна гэж хэлсэн нь хүмүүсийн сэтгэлийг сэрдхийлгэж байна. Тал бичээч гэж өөрийгөө нэрлэж, үзэг цаас нийлүүлдэг хүний хувьд яагаад ийм гутранга үг амнаасаа гаргах болов?
-Монгол хэлний үгсийн сангийн 75 орчим хувь нь нүүдэлчин ахуй, байгаль цаг уур, ертөнцтэй холбоотой. Үлдсэн 25 орчим хувь нь хүн хоорондын харилцааны үг хэллэг. Монголын хүн ам 3 сая болсон. Улаанбаатар болон бусад хот сууринд 2 саяас илүү нь амьдарч байгаа бол 150 шахам мянган иргэн гадаадад явна. Хөдөөд 900 мянга орчим иргэн амьдарч байна. Өөрөөр хэлбэл хүн амын гуравны хоёроос илүү хувь нь хот сууринд буюу Монгол хэлний үгсийн сангийн 25 хувийг хэрэглэдэг эгнээнд аль хэдийн орчихсон байна. Монгол хэлний үгсийн сангийн 75-аас 80 хувийг огт хэрэглэхгүй байна гэсэн үг. Морь мэдэхгүй хүнд ергүүлэх, хатируулах, шогшуулах тухай, эмээл хазаар, чөдөр ногт, өнгө зүсний тухай яриа огт байхгүй. Нүүдэл мэдэхгүй хүн чөрхлөх, тэн тааруулах ч юмуу хоог хоог, сөөг сөөг… тухай яриа байхгүй.Хэн юу хэрэглэж байна. Ямар ажил хийж байна. Түүнийгээ л ярина. Би гар утас хэрэглэж байгаа учир утастай холбоотой үг ярина. Тэр нь самсунг, iPhone, андройд, мэссэж, сим модем, аппликейшн, хатон, мобимедиа, роуминг гэх мэтээр… Би компьютер хэрэглэж байна. Компьютертэй холбоотой юм ярина. Процессор, принтер, сканер, канон, формат, вирус, программ, вэб сайт, мейл… гэх мэтээр гадаад үг хөврөөд байна… Би машин хэрэглэж байна. Машинтай холбоотой юм ярина. Ланд, лексүс, эксель, аксент, приус, королла, верна… гэх мэтээр хөврөөд өгнө. Эд анги ярина. Гупер, кирло, копуд, акумулатор, радиатор, кондишн, хроп, гидро, трубин… гэх мэтээр. Ер нь бизнес, маркетинг, менежмент ярьдаг болсон Жаргалсайхан ингэж л Монгол хэлийг хэрэглэж, хадгалаж, баяжуулж байгаа бодит жишээ.
-Хүүхдүүд Компьютер тоглоом тоглож өсөж байна. Тоглож байгаа тоглоомоо л ярина. “ПС” тоглоом бол тэдний хэлний хөгжил, орчин нь мөн болсон. Дота тогловол Вангард доминатараа угсар, Наадахаа даагердаач, би сайлнисдчихсан байгаа шүү, гэх мэт. Коунтэр страйк тоглоовол. Снайвпирдаач, клашаа хаячих, бомбоо тавь гэх мэт… Тоглохгүй хүүхэд хүүхэлдэйн кино үзэж байгаа. Хүүхдийн нэвтрүүлгийн суваг нь Дрем боок, гарч байгаа кино нь бүгд гадаад, дүрүүдийн нэр нь бүгд гадаад. Төрийн засгийн мэдээллийг парламентын сурвалжлагч гэсэн нэртэй хүмүүс: Импорт, экспорт, геополитик, инфляци, валют долларын ханш, лекц семинар, рейтинг, пиар, эдийн засгийн коридор байгуулна,ипотекийн зээл гэх мэтээр ярина. Түүнийг нь хэвлэл мэдээлэл нэгэн хэмээр давтан үзүүлнэ. -Технологийн дэвшил даган орж ирсэн энэ үед эх хэлээ яаж, ямар аргаар, хэзээ, хэн хамгаалах юм бэ?
-Ерөөсөө л Монгол хэлээ тас мартъя. Хүүхдээ шууд англиар хэлд оруулаад дэлхийн боловсролтой иргэн болгоно гэдэг үзэлтэй эцэг эхийн тоо хязгааргүй болсон.Зөвхөн үзэл бодол ч биш хэрэгжүүлж байгаа нь хязгааргүй.Цаашид ч бүр ихээр нэмэгдэнэ.Хасагдахгүй. “Хүүхдээ л хэлтэй болгочих юмсан” гэх аав ээжтэй л би байнга таарч байна. Тэдний итгэл үнэмшил, зорилго, амьдралынх нь утга учир нь хүүхэддээ ямар нэг гадаад хэл эзэмшүүлэх. Хэлтэй болчихвол л хоолоо олж иднэ. Амьдралаа залгуулна гэсэн итгэл үнэмшил хүн бүхэнд байна. Дарга цэрэг, малчин, тариаланч бүгдэд нь байна. Тэр бүү хэл Монгол хэлний хууль санаачилсан боловсруулсан, монгол хэлээ хэрэглэе, уйгаржин бичиг сур гэж шахаж байгаа хүмүүс ч бүгд тийм. Спортоор зүйрлэвэл хүүхдийн гимнастик, гольф тоглуулж байгаад үндэсний бөхөөр амжилт гарга гэж шахаж байгаатай адил хэрэг юм. Танай хүүхэд зөвхөн монгол хэл эзэмшээд сайхан амьдарч чадна гэж хэлэх дарга, эрдэмтэй өнөөдөр Монголд нэг ч байхгүй. Монгол хэлийг бусад хэлнээс илүү зөв эзэмшиж чадсанаараа сайхан амьдарч байгаа хүн ч алга. Яах вэ дундаж маягаар л амьдарч байгаа. Бодит байдал ийм байхад бид монгол хэлтэй байх, монгол хэлээ хамгаалах тухай яриа бол хаданд хашхирсан цуурай шиг хэрэггүй зүйл болж байна. Нөгөө талаар үерийн ус шиг нөмрөн орж ирсэн гадаад хэл соёлыг гарынхаа алгаар хаах гэж оролдож байна. Үерийн усыг гарын алгаар хааж дийлэх үү… Ер нь хэлийг хэрэглээгээр нь хамгаална. Түүнээс биш хамгаалъя гэсэн үг, эрдэмтний том том номоор хамгаалахгүй. Тэр бүү хэл хуулиар ч хамгаалахгүй.
-Монгол хэлний хууль гарсан. Гадаад үгийг монголчлох баг байгуулагдсан шүү дээ?
-Аль аль нь хэрэггүй зүйл. Би энгийн жишээ хэлье. Микрофон гэдэг үгийг монголчлоод “дуун цацруулагч” гэж нэрлэсэн. Үнэн хэрэг дээрээ бол микрофон нь дуу цацруулдаг биш амнаас гарсан авиаг пүүлт рүү шидэж өгдөг хоолоо юм. Пүүлт дахин хувиарлалт хийж өсгөгч рүү өгч өсгөгч нь цацруулж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Монголоороо байх гэсэн өвгөн шинэ техникийг ойлгохгүй байгаа жишээ юм. “Амьжиргаа цагаан” гэдэг ачааны жижиг цагаан машин байна. Энэ нэрийг хэн өгсөн бэ гэвэл тэр машиныг зардаг наймаачин өгсөн хэрэг. Амьжиргаа цагаан гэдэг нэр тэр машинд янзтай зохиж байна. Хэрвээ тэр машиныг нэг эрдэмтэнд харуулаад монгол нэг өг гэвэл хэзээ ч амьжиргаа цагаан гэдэг нэр өгөхгүй. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл. Хэн юу хэрэглэдэг, хэн юуг хамгийн сайн мэддэг тэр л оносон “хөрвүүлэг” хийж чадна гэсэн үг. Хятадын жижиг улаан тракторыг пад пад гээд нэрлэчих, цавууг наалдан пад гэдэг шиг…Механик үеийн эрдэм, боловсрол автомажсан эриний хүүхдийг хүмүүжүүлж чадахгүй нь бодит жишээг бид биетээр үзэж байна. Зарим үгийг монголчууд дуудлагаараа монголчлох нь бий. Жишээ нь:Клубыг хөлөөв, граж -гарааш, домкрад –данхраад цаашилбал имиж, оргиналь, лидэр, шоорт, наар, баар, шипрээц, скооч… гэх мэтээр үг бол тоймгүй.
-Ерөнхийлөгч асан Элбэгдорж гадаад үгийг монголчлох тухай ярилаа?
-Шоколадыг боргол гэж нэрлэе гэж байна. Тэгвэл ерөнхийлөгч эрх мэдэлтэй хүн, шоколад оруулж ирдэг компаниудад “Та нар оруулж ирж байгаа шоколадан дээрээ боргол гэж бичээрэй. Рекламаа сүүтэй боргол худалдаанд гарлаа гэж хийгээрэй” гэж болно. Ямар компани ямар бараа оруулж ирж байна. Түүндээ та нар монгол нэр өг, сурталчилгаагаа монголоор явуул гэж зарлигдаж болно. Түүнээс биш ерөнхийлөгч хэллээ гээд үг монголчлогдчихгүй. Шоколад чинь бурам ш дээ. Монгол хэлээ авч үлдье гэвэл ганцхан арга бий. Урлаг. Даанч урлаг руу манай төр мөнгө хийдэггүй. Хүн эрдэмтний лекцэнд очиж суудаггүй л байхгүй юу. Чоймаа гуай үнэгүй лекц унших гэж байна гэвэл хүн очихгүй. Тэнд Жавхлан дуулна гэвэл 20-30 мянгаар билетийг нь авна гээд оочерлодог. Хэн юунд дуртай байна, тэрүүгээр нь дамжуулах ёстой. Урлагт дуртай байна, тэгвэл Жавхланг барьж авах ёстой. Жавхлан энэ монгол үгийг түмэнд хүргэхийн тулд энэ дуундаа оруулж дуулаарай гээд л.
-Жавхланг дууриагаад хүмүүс монгол дээл өмсдөг болсон байна лээ?
-Дээлний загвар өнгө, дизайн хүмүүст таалагдсан байх. Нөгөө талаар Жавхлан шүтээнтэй байна. Одоо бүр Жавхлан дээл, Жавхлан малгай гэж нэрлэж байна. Манай төр нэг юм ойлгох хэрэгтэй. Халимагт, Шинжаан уйгарт, Тува, Өвөрмонголд Жавхланг л танина. Ерөнхий сайд Сайханбилэг гээд очвол танихгүй ш дээ. Бид Цагаанзамыг мэддэгтэй адил. Жавхлан гайхамшигтайдаа биш, урлаг хүчтэйн гэрч. Жавхлан урлагтаа үнэнч бөгөөд тууштай сайн тултал хийж байна. Тэр үнэлэмж нь түүнийг дээш нь, өөд нь гаргаж ирж байна. Халимагт очоод айлд ороход шүтээн дээр нь Жавхлангийн зураг, Зая бандидын зураг байна. Зарим айлд нь Жавхлангийн зураг, Галдан бошигтын зураг байна. Ерөнхийлөгч нь тайзан гарч ирээд Жавхлангийн дууг иргэдтэйгээ нийлээд дуулж байна. Урлагаар дамжаад хэлхээ холбоо хурдтай тарж байна. Тэр утгаар Жавхланг төр ашиглах л ёстой юм даа. Ашиглахгүй, нөгөөдөх нь ч зөрүүд, гажууд юм шиг байгаа юм.
-Жавхланг Ерөнхийлөгчийг халз мэтгэлцээнд дуудахад жүжигчин Аглуу өмөөрч Жавхланд сургаал хэлсэн. Та яаж хүлээж авсан бэ?
-Аглуу хөөрхий яахав, гавьяатынхаа төлөөсөнд шахагдаад ярьсан байх. Аглууг буруутгаад байх юм алга.
-Монгол хэлээрээ бичдэг зохиолч, сэтгүүлчид байгаа цагт монгол хэл байна биз ээ. Аюурзана, Өлзийтөгс хоёр хүмүүсийн хүндэтгэдэг уран бүтээлчид. Сүүлийн ном нь санаанд нийцээгүй гэж шүүмжлэх уншигч ганц нэг гарч байсан…
-Аюурзана чимээгүй маркетинг хийдэг хүн. Үнэхээр мундаг боловсролтой, эхний зохиол бүтээлүүдийг муу гэж хэлэх аргагүй. Зохиол яаж эхэлж, өрнөж, төгсдөг талаар хичээл заасан хүн. Билэгсайхан багш амьд байхдаа 21 дүгээр зууны зохиолын чиг хандлага эсээ хэлбэр лүү орчихсон байнаа гэж хэлж байсан. Билэгсайхан багштай Аюурзана их очиж уулздаг байсан. Аюурзана дэлхийн чиг хандлага тийм байна гэдгийг ойлгосон учраас зохиолуудаа ч тэгж бичих гэж оролдсон болов уу. Сайн зохиол төрөхөд оносон шүүмжлэл хэрэгтэй. Оносон шүүмжлэл хүнийг муу хэлэхийн тулд биш, магтахын тулд биш байдаг. Төрмөл шүүмжлэгч манайд байхгүй болчихлоо. Билэгсайхан гэдэг хүн Зохиолчдын хороог шүүмжээрээ “барьж” байж. Билэгсайхан багшийн шалгуурт ороод гарсан зохиолчид Лхагвасүрэн гуай, Нямсүрэн гуай шиг гараад ирдэг. Зарим нь тэрсэлдээд тэгэх тусам би бичих ёстой гэж гараад ирдэг. Хоёр тал байна. Одоо манайд хүмүүс магтаад байхаар дагаад магтдаг ч юм уу, эсвэл эсрэгээр нь дургүйцэж муулдаг тийм л чиг хандлага байна.
–Баабар ном бичиж байна. Гэхдээ санамсаргүй алдаа гаргадаг. Өвөрмонголын Дэ ванг Дэмчигдонров, Дэмчигноров гэж бичээд л, хүнд гар, туусан энэ тэр гээд хар ярианы үг ч их оруулдаг?
-Би Баабарыг үнэлдэг ээ. Өнөөдөр Монголын сэтгүүл зүй Баабарыг давж л бичих ёстой. Баабар цуглуулсан мэдлэгээ юм болгож чаддаг. Өөрөөр хэлбэл сантехникт хэрэглэдэг багжаар модон урлал хийж чаддаг хүн гэсэн үг. Манай гайгүй сэтгүүлчид Баабарыг дууриах хандлагатай. Ганчимэг гээд алдартай сэтгүүлч. Одоо Ганчимэгийн бичвэр нэг л сайн явахгүй байна. Би Ганчимэгийн анхны ярилцлага,нийтлэл, бичлэгийг мэднэ. Төрдөг юм байна гэж боддог байсан. Сүүлийн үеийн ярилцагуудыг уншдаг юм л даа. Хүмүүс оргилд хүрээд зогсчихдог юм уу, хаашаа юм дээ.
-Дуугарсан хүнээ тэнэгээр нь дуудаад цэцэрхдэг, түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг шиг л…?
-Оюун санааны хувьд мундаг хүмүүс цахим ертөнцөд орж ирэхгүй байна. Хоёрдугаарт тодорхой хэмжээний нэр төртэй бусад улсуудаа үгүйсгэж шүүмжилдэг хүмүүс өнөөдрийн Монголын нийгмийг сүйтгэж байна. Болохгүй зүйл болж байхад нэг ч үг дуугардаггүй. Төрийн өндөр албан тушаалтай хүн нутаг орныг нь зардаг ч юм уу, монголчуудын хувь заяаны эсрэг хууль тогтоол гаргаж байхад ер дуугардаггүй. Жавхлан дуучин шүүмжлэхээр тэрийг тойруулаад бүр Бавуугийн Лхагвасүрэн гуай хүртэл телевизийн ярилцлагад орчихсон Жавхланг муулаад сууж байна. Жавхлан жирийн нэг л дуучин залуу ш дээ, УИХ-аас яг монгол хүний эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг гаргаж байхад эсэргүүцэж үг хэлдэг эрдэмтэн өнөөдөр Монголд байхгүй. Төрөөс авсан, түмэнд хүндлэгддэг хүмүүс хойч үеэ дарж өгөөд, тэнд байгаа хүмүүст луйвар хийх боломжийг хангаж өгч байгаад аюул байна. Төрийн гаргасан шийдвэр болохгүй байвал яагаад хэдэн эрдэмтэн мэргэд нийлж хуралдаад нэг уриалга ч гэсэн гаргаж болдоггүй юм бэ. Хэн ч дуугарахгүй байна. Тэдгээр хүмүүс нэг бол эх оронч сэтгэлгээгүй байна, эсвэл гэдэс нь өлсөхгүй байна. Тэдний хаалгаар ядуурал орохгүй байна. Яагаад гэвэл нэг дарга дээр гүйгээд очдог, төрийн шагналтай, гавьяат хүний номыг хэвлээд өгье, номноос чинь 100 ширхгийг худалдаад авчихъя гэдэг. 100 ширхэг ном худалдаж аваад хэнд ч уншуулдаггүй, хог дээр ч юм уу хаячихдаг. Тэгээд нөгөө улс юм дуугарахаа байчихдаг. Тийм аюул байна, тэр аюул руу би бас дөхөж яваад буцлаа ш дээ. Үнэхээр боловсролтой хүн бол тэр боловсролоо түмэнд зориулах ёстой. Төрөөс гарч байгаа шийдвэрийг зөв болгохын тулд саналаа илэрхийлж байх ёстой. Залуу хүн санаа оноогоо илэрхийлэхээр гэнэт гарч ирээд энэ нөхөр маш буруу ярьж байна гэдэгт асуудал байна.
-Та “Тоншуул” сонинд байсан. Тухайн үедээ “Тоншуул” нийгмийн эмч байсан байх. Сэтгүүлч мэргэжлээрээ ажиллах уу?
-Сэтгүүлч хүн тал бүрийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Хошин шог, бүр хэрэггүй солонгос кино ч үзэх хэрэгтэй, мөрийтэй тоглоомын газар очих ёстой, архи ууж бусадтай уулзах хэрэгтэй. Ер нь эрэгтэй сэтгүүлч биеэ үнэлэгчийн газраар ч явж байх хэрэгтэй. Түүх судлах ёстой, хөдөө ч явах ёстой. 21 дүгээр зууны зохиолчид сэтгүүлчид болж гэдгийг “Морьтой жаал” номыг уншаад ухаарсан. “Чонон сүлд” орчуулагдаад ид шуугиж байхад Билэгсайхан багшид “Чонон сүлд”-ээс илүү ном олж ирлээ, багшаа” гээд “Морьтой жаал”-ыг аваачиж өгсөн. Багш маань уншаад учиргүй баярлан “Энэ чинь харин ном байна” гэж хэлсэн. Тэнд Монголын л тухай бичсэн. Хөдөө очиход их сайхан тулхтай буурлууд байдаг байсан, одоо улам цөөрсөөр. Одоо хоосон хэнээтэй хөгшид олширч байна. Түшиг тулгуур болдог тулхтай, сайхан үг хэлдэг тийм өвгөд алга болж. Нэг түүх ярьж өгье. Би залуудаа мөрийтэй тоглодог байлаа. Луйвар сурчихсан их зальтай тоглодог байсан. Хөдөө айлуудаар явж тоглоод хожигдсон хүмүүс хамаг л юмаа тавьдаг. Юмыг нь авах гэж зорьж очиж байгаа хүн чинь эхлээд мөнгө алдана, алдсан хүн гудийхгүй байх ёстой гэсэн сэтгэл зүй өгнө. Хөдөө нэг айлд тоглоод хоносон юм. Өглөө гэрийн эзэн хониндоо яваад, эхнэр нь гэрийн ажлаа хийгээд байж байна. Айлын эзэн мөрийтэй тоглоомд хивсээ алдчихсан, явахдаа бид хоёр хивсээ авсан. Тэр айлын авгай гайхамшигтай үг хэлсэн. Уурлаагүй, боль ч гэж хэлээгүй. “Гэдэс чинь цатгалан, хөл чинь дулаан хоносны хөлсөнд авч байгаа юм уу” гэж хэлсэн. Тэр авгай байдгаараа дайлж цайлж, хоноцыг тухтай хонууллаа. Цуг явсан нөхөр маань хивсийг нь тавьчихаад гарсан. Тэгээд айлаас гараад овоон дээр нөгөө залуутайгаа олсон мөнгөө хуваагаад, дахиж тоглохгүй гээд мөрийтэй тоглоомыг хаяж байсан. -Монгол хүн агуу гентэй гээд байдаг. Та үүнд итгэдэг үү?
-Монголчууд олон зууны турш хийморьлог явж, заяа буян нь хазайлгүй ирсэн их хувьтай зон олон. Үүний учир нь “Хөх судар”-аа дээдэлсэнд л байдаг. Ертөнцийн араншинг танин мэдсэн Монгол хөх судрыг дэлхийн том том эрдэмтэд судалж байна. Зарим хүнд их яршигтай санагддаг байж болох юм. Гэвч дагах нь танд өлзийтэй. Хэн нэгэн хүн бодож байгаад хэлчихсэн зүйл огт биш. Олон мянган жилийн шалгуураар таньж мэдсэн ухаан. Монгол хүний генд, яс маханд шингэсэн өөр хаанахын ч боловсролтой адилтгах аргагүй зүйл олон байдаг.Байгаль, мал, араатан амьтантай харьцах, ахуй амьдралын зарчим, салхи шуурга сөрөх, гол ус гатлах, уул хад руу авирах бүхий л зүйлд өөр өөрийн гэсэн, зөвхөн монгол ухаанаас гарсан Хөх судар буй. Монголчуудын тухай бичсэн ном бестселлер болж, монгол хүний тухай кино Оскар хүртэж, Монгол нутгаар аялсан тэмдэглэлийг дэлхий шимтэн унших болов. Тэгэхээр монгол хөрс, монгол ухаан чухал болохыг илтгээд байгаа хэрэг. Хөгжил дэвшлийн оргил эрин үед хүн төрөлхтөн амьдарч, хүн хүртэл үйлдвэрлэхэд хүрээд байгаа мөртлөө өнө эртнээс монголчуудын хийж ирсэн, захын хүн хийж чаддаг жирийн зүйлд ч өвдөг сөхөрч л байна. Учир нь энэ нь жирийн зүйл биш гэдэгт л байгаа юм.Нөгөө өөрийн мэдэлгүй сурчихсан монгол боловсрол нь үүнийг хийж чаддаг болгочихдог болохоор л энгийн мэт үзсээр, дасал болчихсон хэрэг.Гэтэл бидний энгийн гэж үздэг зүйлийг гадаадын олон орны эрдэмтэд судалж цол зэрэг хамгаалж байна.Тэдний хувьд энэ нь шинжлэх ухааны шинэ нээлт юм. Бид үүнийг байдаг л зүйл хэмээсээр ирсэн. Тогоогүй мөртлөө шөлтэй хоол хийдэг. Хөргөгчгүй мөртлөө нойтон мах хадгалдаг. Унтаад хоносон мөртлөө шөнө юу болсныг бүгдийг нь мэддэг. Мал, ан амьтан, байгалиа хараад ирэх өдөр, сар, жилд юу болохыг гадарладаг. Огт уулзаагүй хүнтэй уулзаад сайн мууг нь шууд таньдаг. Ядарсан хүнд хэлүүлэлтгүй тусалдаг онцгой мэдрэхүй Монгол удамд бий. Бидний өвөг дээдэс хэзээнээс хийж эхэлснийг хэн ч хэлж мэдэхгүй цагаан идээ боловсруулах, борц хийх тэргүүтнээс давах шилдэг арга технологийг дэлхийн ямар ч хөгжилтэй орон өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Тийм болохоор Монгол Хөх судар гэж өвөг дээсийн ухааныг л хэлээд байгаа хэрэг. Амьдрал таньсан хөх өвгөд бол Хөх судар юм. Ийм хөх судар хөдөө нутагтаа сууж, ертөнийг танин мэдэх ухааны гүнзгийрүүлсээр л яваа. Тэгэхээр залуус бид өвгөдөө судалж, өвгөдөөсөө суралцах нь хамгийн том эрдэм болно.
-Ардчилсан нийгмийг бүтээж байна гэж ярьдаг шүү дээ?
Ардчилал хамгийн сайн тогтолцоо биш. Яг одоо явж байгаа бидний зам буюу, Америк стандартын ардчилал бол хүн төрөлхтний явах хамгийн “Сонгодог” зам биш.Чингэс хаан даяаршсан бөгөөд маш шударга төрийг бий болгосон. Чингэс хаанаас хойш доройтсоор яваад 1911, 1921 оны хувьсгал болоод өнөөдөр бид энд байгаа. Ялангуяа Америк загварын ардчилсан тогтолцоо биш ээ. Хоёр эрэгтэй хүн гэрлэж болно, энэ эрх чөлөө гэнэ, энэ биш ээ. Энэ бол ардчиллын муу тал. Ёс зүйгээ дээдэлж амьдардаг. Хууль чангараад байгаа нь ёс зүйгээ алдаж байгаа хэрэг. Таван хүний суудалтай машинд тавуулаа явж байя. Хөдөө замд нэг эмгэн даарчихсан зогсож байвал аваад явна. Цагдаа таарвал би торгуулна. Хуулиар авч болохгүй, ёс зүйн хувьд тэр эмгэнийг хөдөө хээр орхиж болохгүй. Тэмүүжин гишүүн бас иймэрхүү “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ шиг юм болж байх шиг. Эрдэнэ Итгэлт баяны малыг тоолж яваад Итгэлт ирээд “Мал бүрэн байна уу” гэсэн чинь Эрдэнэ шударга юм чинь “Өө хөөрхий Буян самган нэг төлгөөр шөл уучихаж. Намар буцаагаад тавьчихъя” гэж байна гэдэг. Итгэлт уурлаад малаа аваад явчихдаг. Хэлснийхээ дараа Эрдэнэ харамсдаг. Шударга хүн үнэнийг хэлнэ, гэхдээ үнэн байгаагаар нь харагдаж байгаагаар нь хэлчихэж болдоггүй. Яагаад гэвэл Буян хөгшин луйварчин биш, нэг төлөг идэхгүй бол өлсөөд ядраад үхэх ч гээд амь зогоосон ч юм бил үү. Тэмүүжин нэг тиймэрхүү юм боллоо. Эрүүлжүүлэхийг эмнэлэгт аваачиж байна гэдэг чинь амьдрал мэддэггүй хүнээс гардаг бодол. Дэлхийд жинхэнэ ардчиллын “Сонгодог” тогтолцоог 13-р зуунд Монголчууд тогтоож чадсан. Монголчууд яагаад дэлхийн талыг эзлэв гээд олон янзын дүгнэлт хийдэг. Хамгийн чухал нь Монголчууд тэнгэрийн хуулиар төрт улсаа цогцлоосонд байгаа хэрэг. Ардчилсан тогтолцоо яагаад болохгүй байна гэвэл хүний зохиосон хуулиар явж байгаад юм.
-Тэнгэрийн хууль гэдгийг тодруулахгүй юу?
-Ертөнц, байгаль өөр өөрийн хуультай. Бүх юм ямар нэг учир шалтгаанаар зохилдон оршдог. Тэр зохицолгоог зөрчвөл бүгд бурууддаг тэнгэрийн хуультай. Түүнийг ямарч ухаантан өөрчилж чадахгүй, гөрөөс янзагалах, махчин амьтад түүнийг нь барьж идэх, өвс ургах, дунд нь хор ургах, газар хөдлөх, галт уул дэлбэрэх бүгд тэнгэрийн хуулиар явдаг. Чоногүй газрын хонь эргүүтдэг гэдэг үг бий. Ертөнц өөрөө тэнхэл даахыг нь үлдээдэг хуультай. Тиймээс доголон гөрөөс чонын хоол болдог. Ардчилал бол доголон, өвчтэй, сохор, дүлий бүгд амьд байхыг тунхагладаг. Тэнгэрийн хууль бол эрүүл саруул, эр чадалтай нь үлд гэдэг. Ялгаа ердөө л энэ. Үхэх ёстойг үхүүлж, асрах ёстойг асарч, яллах ёстойг яллаж, шагнах ёстойг шагнах нь тэнгэрийн хууль. Монголчууд ач ам барих ёс заншилтай. Өвгөрсөн аав ээжээ 5 жил амь тариагаар хадгалж байгаа хүүхдүүд байна. Түүнийгээ тэд хайр гэж ойлгодог. Эжий ааваа маш их хайрлаж байна гэж эндүүрдэг. Үнэн хэрэгтэй хэдий олон жил хадгална. Тийм олон жил ижий ааваа тамлаж байгаа хэрэг. Нүүдэлчид хог ачиж явдаггүй юм. Хүн хэнд ч хэрэггүй болохоор хог болдог жамтай. Ерөнхийдөө хүн царцанги болсон аж. Бие махбодын хувьд ч, оюун санаа нь ч царцаж байна. Манайхны хэлдгээр бэлэнчлэх сэтгэлгээ дэлхий дээр ноёлж байна. Энэ нь хүнийг дайнд бүү хэл дажинг ч даван туулах бие сэтгэлийн тэнхээгүй болгож байна гэсэн үг.
-Уламжлалаа сэргээхийн тулд яах ёстой вэ?
-Монгол ёс заншил бол хүн төрөлхтний хамгийн чухал сэтгэлийн хууль. Зан үйл гэдэг нь та бусдыг хүндлэх тухай биш таныг өвгөрсөн цагт залуус таныг хүндлэх тухай ёс юм. Тиймээс монгол ёс заншлыг та өөрөө сурч, дагаж мөрдөж байж хойч үедээ өвлүүлэх нандин өв. Монголчууд үр хойчдоо үлдээх ариун ёс заншлаа баяр наадамдаа шингээж өгсөн нь хамгийн сонгодог хэлбэр юм. Хүн баярлахдаа дуртай амьтан. Тиймээс дуртай зүйлээр нь ёс заншлаа уламжлуулж чаддаг нь нүүдэлчдийн гүн ухаан. Монголчууд хотол олноороо ёслон тэмдэглэдэг гурван том баяр байдаг. Монгол хүний билиг, бэлгэдэл гээд бүхий л зүйлийг шингээсэнээрээ цагаан сарын баяр ихээхэн үнэ цэнэтэй. Бүх ах дүү хамаатан садан учран золгодог нь энэ баярын хамгийн нандин бүрдэл. Хүн л болсон хойно хэдий ах дүү ч гэсэн муудах сайдах байдаг л асуудал. Ийм үл ойлголцол, ам мурийсан бүхэн нь сар шинээр тайлагддаг учиртай. Зөвхөн ах дүү цуглахад гол нь бишээ. Хамгийн ахмад нь хэн юм, түүний дараа хэн гэх мэтээр ахмад залуугийн эрэмбэ тогтдог. Ураг удам хэд болж байна. Хэн хэн үр хүүхэд, ач, зээтэй болж байна, хэн маань бурхны оронд одож, хэн нь ядруу явна, дэм тус хэнд хэрэгтэй байна гээд хүний амьдралын бүхий л зүйлийг зөвшин уулздаг. Бас нэг чухал зүйл нь хүүхдүүдэд монгол хүний харилцааны болоод ёс зүйн маш том сургалт явагддаг. Монгол ёс заншил бол хүн төрөлхтний хамгийн чухал сэтгэлийн хууль. Зан үйл гэдэг нь та бусдыг хүндлэх тухай биш таныг өвгөрсөн цагт залуус таныг хүндлэх тухай ёс юм.
-10 мянган малтай байсан ч, өч төчнөөн лан мөнгөтэй байсан чминий хөрөнгийг тэр нь аваарай гэж гэрээслэл бичдэггүй байсан. Жаахан тааруу яваа, ааш араншин нь хэцүү ч юм уу тийм хүүхэд байвал хамгийн ухаантай, сайн яваа хүүхдээ дуудаж ирээд тэрийгээ харж хандаж яваарай гээд захидаг. 2014 онд 30 гаруй хүн гэрээслэл бичсэн байна гэнэ. Энэ нь монгол хүн мөн чанараа алдаж байна гэсэн үг. -Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Ч.ТУЛГА
Discussion about this post