УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай Оюу толгойн ногдол ашгийн талаар ярилцлаа.
-Юуны өмнө Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудлаар Засгийн газар иргэдээсээ санал асуулга авсан. Энэхүү санал асуулгын дүн хэрхэн гарсан талаар та товчхон мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо. Оюу толгой төслөөс авах ногдол ашгийн орлогыг юунд зарцуулахаа И-Монголиагаар нээлттэй асуусан. Санал асуулгад 95.621 иргэн оролцож 55.173 нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал ирүүлсэн бол 24.479 иргэн Хуримтлалын сандаа хадгална гэсэн санал өгөөд байна. Хөгжлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тохиолдолд аль салбарт хөрөнгө оруулах тухай асуултад 82.077 хүн хариулж, эрчим хүчийг 50.6 хувь, нийгмийн дэд бүтцийг 49.8 хувь, аж үйлдвэрийг 22.6 хувь, тээвэр, логистикийг 9.1 хувь нь сонгожээ. Иргэдийн ирүүлсэн саналыг харгалзан үзэж Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай” хуулийн төслийг татан авахаар шийдвэрлэсэн байгаа.
-Оюу толгойн ногдол ашгийг Монгол Улсад оруулж ирэх асуудлаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?
-Юуны өмнө Засгийн газар Оюу толгойн ногдол ашгийг Монгол Улсад авч ирэхээр ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа.
Миний хувьд юун түрүүнд ногдол ашгаа олж ирэх нь чухал байна гэдгийг хэлье. Зарцуулах асуудлын тухайд Засгийн газар 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа хоёр их наяд төгрөгөөр нийгмийн суурь асуудлуудаа шийдвэрлэе. Өөрөөр хэлбэл, эрчим хүч, боловсролын асуудлаа шийдье. Харин нэг их наяд төгрөгийг нь хуримтлалын санд хадгалъя гэсэн байр суурьтай байсан. Ингээд төсөв өргөн барьсан хуульдаа хуримтлалын санд нэг их наяд төгрөг хуримтлуулаад, үүнээсээ боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлд зарцуулах хүрээнд нэг их наяд төгрөгийн зардлын хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл хэлэлцүүлгийн явцад ард иргэдээсээ санал авсан. Иргэд маань одоо үйлчилж байгаа Баялгийн сангийн тухай хуулийнхаа хүрээнд буюу Хуримтлалын санд мөнгөө төвлөрүүлж, тэндээсээ ашиглах нь зүйтэй гэсэн санал дийлэнх болсон учраас Засгийн газар өргөн барьсан хуулиа татаж авсан.
-Засгийн газрын хувьд өргөн барьсан хуулиа татаж авсан байгаа юм байна. Тэгэхээр одоо яг яана гэсэн үг вэ?
-Тэгэхээр одоо үйлчилж байгаа Баялгийн сангийн тухай хуулиараа гурван их наяд төгрөгөө оруулж ирэх юм бол Хуримтлалын санд төвлөрнө. Үүнээсээ нэг их наяд төгрөгийг нь төсвийн хуульд орсон өөрчлөлтийн дагуу боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлд зарцуулна гэсэн Засгийн газрын бодлого хэвээрээ байгаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, иргэдэд бэлэн мөнгөөр олгох санал гаргасан. Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Би үүнийг Ерөнхийлөгчийн байр суурь гэж харж байгаа. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэж байна. Нөгөөтэйгүүр иргэд маань D-Parliament дээр 120 орчим мянган хүн бэлэн мөнгө авъя гэсэн санал гаргасан байна. Засгийн газар өнөөдөр (өчигдөр) мөрдөгдөж байгаа Баялгийн сангийн тухай хуулиараа энэ мөнгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх байр суурьтай байгаа.
-Тэгэхээр Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй гэсэн үг үү?
-Засгийн газрын байр суурь маш тодорхой байгаа. Ерөнхийлөгч Засгийн газарт өөрийн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ гурван их наяд төгрөгийг эдийн засаг руу тараана гэдэг бол инфляцийг дор хаяж 2-3 хувиар өсгөнө. Энэ нь эргээд эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Сангийн сайдын хувьд би бэлэн мөнгө тараахгүй гэсэн байр суурьтай байна. Засгийн газар одоо мөрдөгдөж байгаа Баялгийн сангийн тухай хуулиараа баялгийн хуримтлалын сандаа гурван их наяд төгрөгөө оруулж ирэх нь чухал байна. Тэр мөнгөө оруулна. Үүнээсээ нэг их наяд төгрөгийг нь төсвийн хуульд өргөн барьсан төслийн дагуу ипотекийн зээл, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар хуулийн төсөл явж байгаа.
-Ер нь ногдол ашиг гэж яриад байгаа тэрхүү гурван их наяд төгрөгийн орлого орж ирэхгүй байх эрсдэл бодитой байгаа юу?
-Нүүрсний экспорттой холбоотой асуудал наймдугаар сард үүссэн. Зэсийн экспортын асуудал саяхан үүссэн. Нүүрсний асуудал яагаад наймдугаар сард үүссэн бэ гэхээр Ганцмод-Гашуунсухайт боомтоор манай талаас, өөрөөр хэлбэл, хилийн боомтоос хамаарч байгаа зүйл байхгүй. Импортлогч орны тал боомттой холбоотой шинэчлэл, засвар үйлчилгээний ажил хийж байгаатай холбоотойгоор хилийн нэвтрэлт дээр тодорхой хязгаарлалт үүсч байгаа. Оюу толгойн асуудал өнгөрсөн долоо хоногт болсон. Засгийн газар холбогдох эрх бүхий байгууллагууд, албан тушаалтнуудтай харилцсаны үр дүнд Оюу толгойн зэсийн экспорт даваа гарагаас эхлээд хэвийн хэмжээндээ очсон байгаа. Би сүүлийн хоёр өдрийн мэдээг авсан. Өдөрт 113 вагон гарч байсан бол дөрөв болж буурсан. Эргээд 17 болж нэмэгдсэн. Өчигдрийн мэдээгээр даваа гаригт 111 вагон гарсан байна. Ингээд хэвийн түвшиндээ очоод явж байна. Мөн нүүрсний экспорт Ганцмод боомт дээр буурсан. Өмнө нь өдөрт 400 орчим машин гарч байсан бол одоо 900 орчим машин гарч байна. Урьд нь 1300 орчим машин гардаг байсан. Тэгэхээр хуучин хэвийн гарч байсан түвшинд нь эргүүлэн хүргэнэ гэсэн хүлээлттэй байна.
-Ерөнхийлөгчийн санал Засгийн газрын байр суурийг өөрчлөх боломжгүй гэж ойлгож болох уу?
-Миний хувьд Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэж байгаагаа дахин илэрхийлье. Гэхдээ Засгийн газрын бодлого хэвээрээ байгаа гэдгийг л хэлж байна. Би Засгийн газрын байр суурийг тодорхой хэллээ шүү дээ. Бид нэг их наядыг Хуримтлалын санд, хоёр их наядыг нийгмийн суурь асуудлаа шийдвэрлэхэд зарцуулъя гэдэг төслийг төсвийн төсөлд өргөн барьсан. Энэ төслийн хэлэлцүүлгийн явцад иргэд маань санал асуулгаараа дэмжээгүй. Хуримтлалын санд хадгалахыг одоо иргэд маань дэмжсэн учраас Засгийн газар хуулиа татаад авсан. Одоо миний хувьд энэхүү ногдол ашгийг олж ирэх нь чухал байна. Олж ирээд одоо мөрдөгдөж байгаа Баялгийн сангийн тухай хуулиараа Хуримтлалын санд нь хийнэ. Үүнээсээ нэг их наяд төгрөгийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулна. Түүнээс биш би ямар нэгэн байр сууриа өөрчлөөгүй. Хэрэв энэ асуудлыг өөр байдлаар шийдэх юм бол Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт орно. Тийм хуулийг Засгийн газар өргөн барихгүй.
-УИХ-аар төсвийг дөрөвдүгээр хэлэлцүүлгээс тавдугаар хэлэлцүүлэгт оруулж, батлах гэж байна. Төсөв батлагдах үйл явцын онцлог юу байна вэ. Анх өргөн барьсан төслөөс хэрхэн өөрчлөгдөв?
-Нэг их зарчмын зөрүүтэй, томоохон өөрчлөлт гараагүй. Засгийн газраас өргөн барьсан хуулиас Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслийг эргүүлэн татсан. Төсвийн ажлын хэсэг дээр гарсан томоохон өөрчлөлт бол Хүүхдийн үдийн цай хөтөлбөртэй холбоотой асуудал. Засгийн газар нэгээс тавдугаар ангийн хүүхдүүдийн Үдийн цай хөтөлбөрийн материалын зардлыг хоёр дахин нэмэгдүүлж төсөвт тусгасан. Харин төсвийн ажлын хэсгээс зургаа, долдугаар ангийн хүүхдүүдийг үдийн цай хөтөлбөрт нэмж хамруулах нь зүйтэй гэсэн зохицуулалт хийсэн. Үүнээс өөрөөр Засгийн газраас өргөн барьсан төсөлд нэг их өөрчлөлт ороогүй.
-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн. Мөн ахмадын тэтгэвэр нэмэгдлээ. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Ахмадуудын сарын орлого хэдээр нэмэгдсэн бэ гэж асууж байна. Бидний хийсэн тооцооллоор 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Тухайлбал, 20 жил шимтгэл төлсөн, сард 769.000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 201.550 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдож, нийт тэтгэвэр нь 970.550 төгрөг болж байгаа. 35 жил шимтгэл төлсөн, сард 769.000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг бол 276.550 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдож, нийт 1.045.550 төгрөг авч байгаа. Харин 30 жил шимтгэл төлсөн, сард 1.000.000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг бол суурь тэтгэвэр гэж 240 мянган төгрөг нэмэгдэж, нийт тэтгэвэр нь 1.240.000 төгрөг болсон. Мөн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр 10 хувиар нэмэгдсэнээр 796 мянган төгрөгийн тэтгэвэр авагч 900 мянга орчим авдаг боллоо. Үүн дээр 200 мянга нэмэхээр сая төгрөг болж байгаа гэсэн үг.
Нөгөөтэйгүүр Засгийн газрын хуралдаанаар энэ онд цалин нэмэгдээгүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүй зэрэг төрийн мэргэжлийн үйлчилгээний болон жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоосон. Энэхүү тогтоол энэ сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн. Боловсролын салбарын ажилтны 50 хувиар нэмэгдсэн цалинг бүрэн олгоход шаардлагатай 674.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2026 оны төсвийн тодотголоор бүрэн шийдвэрлэсэн байгаа. Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалин энэ сарын 1-нээс мөн адил нэмэгдсэн. Тодруулбал, эрүүл мэндийн 28.142, соёл урлаг, спортын 5.705, шинжлэх ухааны 1.610 болон бусад төрийн үйлчилгээний 16.395 албан хаагчийн үндсэн цалингийн 477.000-903.000 төгрөгийн нэмэгдэлд 170 тэрбумыг төсөвлөсөн.
Өдрийн сонин


Discussion about this post