М.Нара “Монголд од болох амархан, Их дэлгүүрийн үүдэнд хөхөө гаргахад болно” гэж байсан. Сошиал ч мөн адил. Хүний нэг л агшны зураг амьдралыг нь өөрчилж, олны, орон нутгийн байтугай дэлхийд танигдаж байна.
Өөрөө ч мэдээгүй байхад олны танил болж, бүр амьдралынхаа тухай элдэв таамгийн эзэн болсон эр Пакистанд бий. Түүнийг Irshad Khan гэдэг бөгөөд жигнэмэг зарж амьдралаа залгуулдаг залуу. Гэтэл гэнэтхэн энэ залуу 2026 оны зун тикток, Facebook орчинд гэнэтхэн viral болж, цахим ертөнцийн шинэ оддын нэг болжээ.
Түүний анхны бичлэгүүд тархах үед хүмүүс түүнийг амьдралын төлөө тэмцэж буй хөдөлмөрч эр, гэр бүлээ тэжээхийн төлөө зүтгэж буй эцэг гэж хүлээж авч байв. Гэвч нэг сониуч хүн түүний зарж буй жигнэмгээс илүүтэйгээр бодлогоширсон, гунигтай мэт харагддаг царайд нь анхаарлаа хандуулсан коммент бичиж, хүмүүс зөвшөөрч элдэв таамаг дэвшүүлж эхэлсэн байна.
Ингээд түүний амьдралын талаар ямар ч баталгаатай мэдээлэлгүй хэрнээ хүмүүс өөр өөрсдийнхөөрөө түүх зохиож, янз бүрийн таамаг дэвшүүлэх болжээ. “Яагаад үргэлж гунигтай байдаг юм бол?”, “Өмнө нь баян хүн байсан болов уу?”, “Гэр бүлдээ зориулж ингэж хөдөлмөрлөж байгаа юм болов уу?”, Аав ээжгүй бүтэн өнчин өсөж, хар багаасаа амьдралд нухлагдав уу, ганц бие аав уу, эхнэр нь амьд уу гэх мэт асуулт түүний бичлэгүүдийн сэтгэгдэл хэсэгт олноороо гарч ирсэн байна. Монголд байсан бол манай “өрөвч, сошиал өрлөг эхүүд” хандив цуглуулах аян зарлачихсан байгаа биз.
Түүний алдар нэр улам нэмэгдэхийн хэрээр сонирхолтой зүйлс ч гарчээ. Тухайн бүс нутагт аялж буй жуулчид түүнтэй уулзаж, сэлфи авахын тулд хайж эхэлсэн бөгөөд контент бүтээгчид түүний байгаа газрыг олохын тулд мэдээлэл цуглуулж, бүр тусгайлан очиж контент хийх тохиолдол гарчээ.
Irshad Khan-н тикток хаяг дээрх зарим бичлэг хэдэн зуун мянгаас хэдэн сая хүртэлх үзэлт авч байгаа бөгөөд нэг бичлэг нь 4 сая гаруй үзэлт, 300 мянга гаруй лайктай болсон байна.
Харин хамгийн сонирхолтой нь түүний тухай хүмүүсийн ярьж буй зүйлсийн ихэнх нь таамаг төдий, яг үнэн бодит мэдээлэл ил болоогүй л байна. 










Discussion about this post