Григорий Ефимович Распутин (1869 оны 1 сарын 21-нд төрж, 1916 оны 12 дугаарын сарын 30-нд нас барсан) нь Оросын Сибирийн тариачин байсан бөгөөд Оросын хаан ширээнд үе залгамжлан суусан Романовынханы сүүлчийн эзэн хаан II дугаар Николай хааны гэргий хатан Александра Фёдоровна дамжин ойр дотны хүн байсан гэдгээрээ алдартай. Тэрээр өөрийгөө хар домын шидтэн, хүчтэн гэж итгүүлдэг байсан бөгөөд удамшлын гемофил (цус тогтохгүй байх) гэх хүнд өвчинтэй хааны ганц хүү Алексей Николаевичийн домч анагаагч болж хааны ордонд ирж амьдарчээ. Хааны итгэлийг олсон Распутинийг улс орныг хамрах буруутай хэд хэдэн шийдвэрийг гаргахад нөлөөлсөн хэмээн түүхэнд сөрөг байдлаар тэмдэглэн үлдсэн. Түүний олон бусармаг мэт харагдах үйлдлийг зогсоохын тулд язгууртан ноёд удаа дараа хөнөөхийг завдаж эцэст нь хуучнаар Петроград дахь Нева мөрөнд живүүлж хөнөөсөн гэдэг.
Распутин 1890 онд мөргөлчин тариачин Прасковья Федоровна Дубровинатай гэрлэж, Матрёна, Варвара, Димитрий нэртэй гурван хүүхэд төрүүлжээ.
Анх 1905 оны 11-р сарын 1-нд Распутин анх удаа II Николай хаантай уулзсан тухай Эзэн хааны өөрийн хөтөлдөг байсан тэмдэглэлд үлджээ.
Распутин Эзэн хаанд нөлөөлж улс орныг эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж зарим улс төрчид үзэж түүний эсрэг хэрэг үүсгэж байжээ.
Григорий Распутин 1916 оны 12-р сарын 17-ны шөнө (12-р сарын 30) Мойка дахь Юсуповын ордонд алагджээ. Хуйвалдагчид: Ф.Ф.Юсупов, В.М.Пуришкевич, Их гүн Дмитрий Павлович, Британийн MI6 тагнуулын ажилтан Освальд Райнер нар байсан гэдэг. Распутин “Би үхвэл хааны гэр бүл ч үхнэ” гэж ярьдаг байсан гэдэг. Тохиолдол уу, Распутины үхлээс хойш жилийн дараа хааны гэр бүлийнхнийг большевикууд хүйс тэмтэрсэн билээ.
Григорий Распутины охин — Матрёна Распутина
Григорий Распутин гурван хүүхэдтэй. Долоон хүүхэд төрсөн ч дөрөв нь нялхдаа нас барсан байна. Амьд үлдсэн гурван хүүхэд нь хүү Дмитрий, охин Матрёна, Варвара байв.
Гэвч эцэст нь Распутины гэр бүлээс “Матрёна” буюу эцгийнхээ эрхлүүлэн дууддаг байсан “Марочка” л амьд үлджээ. Варвара 1925 онд Москвад хижиг өвчнөөр нас барсан бол Дмитрий 1933 онд Салехард хотод цөллөгт байхдаа өөд болжээ.
1898 онд төрсөн Матрёна эцгийнхээ хамгийн хайртай хүүхэд байв. Эхэндээ хүүхдүүд Сибирийн Покровское тосгон дахь гэртээ өсөж торнижээ. Харин Григорий Распутин Петербургт байр сууриа олж авсны дараа охидоо өөр дээрээ авчирч, сайн хувийн гимназид сургажээ.
Охид гимназийн дэргэдэх дотуур байранд амьдардаг байсан ч Гороховая гудамж дахь эцгийнхээ байранд, ялангуяа баяр ёслол болон амралтын өдрүүдээр байнга очдог байв.
Матрёна дээдсийн хүрээний эмэгтэйчүүдтэй харилцаж, зөв боловсон ярьж, гоёмсог хувцаслаж, биеэ зөв авч явахыг сурчээ. Ингээд удалгүй жинхэнэ “Петербургийн бүсгүй” болон төлөвшсөн байна.
1916 оны 12 сард эцгийг нь хөнөөх үед Матрёна, Варвара хоёр Петроград хотод байжээ.
Эцэг нь өмнөх өдөр хунтайж Феликс Юсуповтой хамт явсан боловч эргэж ирээгүй тул охид нь цагдаад сураггүй алга болсон тухай мэдэгдэн ханджээ. Дараа нь хуйвалдагчид Распутины цогцсыг живүүлсэн газраас олдсон гутлыг охидоор нь таньж тогтоолгосон байна. Тэр үед Матрёна18 настай байжээ.
1917 оны 10 сард, хувьсгалын өмнөхөн Матрёна офицер Борис Николаевич Соловьевтой гэрлэв. Соловьев нь Сибирийн цөллөгт байсан II Николайг суллах оролдлогод оролцож байсан.
Удалгүй тэд Оросоос дүрвэж, ямар ч хөрөнгөгүй шахам үлдэв. Матрёна Петербургт сурч байсан бүжгийн хичээлээ санаж, кабаред бүжигчнээр ажиллаж эхэлжээ.
Хожим нь тэр сэтгүүлчдэд “Намайг юугаар ичээх юм бэ? Би чинь кабаред бүжигчин хүртэл хийж байсан” гэдэг байжээ.
Буйрнаасаа хөдөлсөн чулуу 3 жил зовдог гэгчээр эх орноосоо дүрвэсэн Матрёна Прага, Берлин, Парис гээд явж, амьдрал нь тэнүүлчлэл байв. 1926 онд Борис Соловьев сүрьеэ өвчнөөр нас барж, Матрёна хоёр хүүхэдтэйгээ хоосон үлджээ.
Тэр бэрхшээлээс айдаггүй, зоригтой бүсгүй байж.
Кабаред тоглолт хийж байх үед Английн циркийн менежер “Арслантай торонд орж чадвал чамайг ажилд авна” гэжээ. Матрёна загалмай зураад, арслантай торонд орсон байна.
Тэр үеийн циркийн зарлалд түүнийг “Мари Распутин — Орост хийсэн үйлдлээрээ алдаршсан солиотой ламын охин” хэмээн сурталчилдаг байжээ.
Ингээд Матрёна циркт ажиллаж, ямар ч тусгай бэлтгэлгүйгээр арслан сургаж эхэлсэн байна.
Циркийн амьдрал түүнийг Европ болон Америкийн олон орноор аялан тоглоход хүргэв. Түүнийг “Распутины харц”-аараа ямар ч араатныг тогтоож чаддаг гэж ярьдаг байж.
Удалгүй Америкийн циркийн зохион байгуулагчдын анхаарлыг татаж, АНУ-д очин Ринглинг, Барнум ба Бейлигийн цирк, мөн Гарднерийн циркт ажилласан байна.
Гэвч нэг удаа баавгайд хазуулж шархадсны дараа араатантай ажиллах мэргэжлээ орхихоос өөр аргагүй болжээ.
Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд Матрёна Распутина Майамид амьдарч байв.
Америкийн цэргийн үйлдвэрүүдэд ажиллах хүч ихээр шаардагдаж эхлэхэд тэр усан онгоцны үйлдвэрт ажилд оржээ. Мэргэжлийн бэлтгэлгүй байсан тул түүнд хүнд хүчний ажил, дайны зориулалттай усан онгоц угсрах үйлдвэрт хадааслан бэхлэгч (клепальщица) хийх ажил оногджээ.
Бие сайтай, тэсвэр хатуужилтай Матрёна энэ ажилд орж, дайны үеэр үйлдвэрт хичээнгүй шаргуу хөдөлмөрлөсөн байна.
42 насандаа тэр Оросоос цагаачилсан Георгий Бернадскийтэй гэрлэжээ.
1945 онд дайны үеийн хөдөлмөр, гавьяа зүтгэлийг нь үнэлэн түүнд Америкийн иргэншил олгосон байна. Тэр 1955 он хүртэл буюу тэтгэвэрт гарах хүртлээ батлан хамгаалах салбарын үйлдвэрүүдэд ажилласаар байжээ.
Хожим нь Матрёна хүүхэд асрагч, эмнэлгийн санитар ажилтан хийж, орос хэл зааж, сэтгүүлчдэд ярилцлага өгдөг байв. Мөн эцгийнхээ тухай “Распутин. Яагаад?” хэмээх ном бичжээ.
Матрёна Григорьевна Распутина 1977 онд зүрхний шигдээсээр 80 насандаа Калифорнид нас баржээ.
Түүний ач, зээ нар өнөөдөр барууны орнуудад амьдардаг. Тэдний нэг болох ач охин Лоранс Ио-Соловьева Францад амьдардаг бөгөөд Орост үе үе очдог байна.
Discussion about this post