“Болдтөмөр Ерөө гол” ХХК-тай холбоотой Mongolian Dornyn Gobi Iron Ore Company Limited болон Хятадын төрийн хөрөнгө оруулалтын бүтэцтэй холбоотой Country Hill Limited компанийн хооронд үүссэн өр төлбөрийн маргаан Британийн Виржинийн Арлуудын Арилжааны шүүхэд очсон байна. Британийн Виржинийн Арлуудын Commercial Court-ийн албан ёсны шүүх хурлын жагсаалтаас үзвэл Mongolian Dornyn Gobi Iron Ore Company Limited v Country Hill Limited, BVIHCOM 2026/0043 дугаартай хэргийг 2026 оны гуравдугаар сарын 11-нд шүүгч Abbas Mithani хэлэлцэхээр товлосон байна. Хэргийн агуулгыг шүүхийн бүртгэлд “Application to set aside statutory demand” гэж тодорхойлжээ. Энэ нь Country Hill Limited-ээс тавьсан өр төлбөрийн албан шаардлагыг Mongolian Dornyn Gobi Iron Ore Company Limited хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан гэсэн утгатай. Country Hill Limited нь Хятадын төрийн хөрөнгө оруулалтын томоохон бүтэц болох China Investment Corporation (CIC)-тэй холбоотой компани болох нь өмнөх жилүүдийн олон нийтэд нээлттэй компанийн болон хөрөнгийн зах зээлийн баримтуудаас харагддаг. Харин Mongolian Dornyn Gobi Iron Ore Company Limited нь Монголын төмрийн хүдрийн томоохон олборлогч “Болдтөмөр Ерөө гол” ХХК-тай компанийн бүтцийн хувьд холбоотой байсан нь мөн олон нийтэд нээлттэй баримтуудад тэмдэглэгджээ. Ингэснээр Монголын төмрийн хүдрийн салбар дахь Хятадын хөрөнгө оруулалттай холбоотой олон жилийн санхүүгийн маргаан олон улсын шүүхийн ажиллагаанд шилжсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Өмнө нь Монголын хэвлэлд Хятадын хөрөнгө оруулагчид болон Хятадын төрийн өмчит санхүүгийн байгууллагууд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-тай холбоотой хөрөнгө оруулалт, өр төлбөрийн асуудлаар маргаантай байгаа бөгөөд Бээжинд арбитрын ажиллагаа явагдсан тухай мэдээлсэн. Тухайлбал “Өдрийн сонин”-д Бээжин дэх арбитрын байгууллагаас Б.Дэлгэрсайхантай холбоотой талд хоёр тэрбум гаруй ам.долларын төлбөрийн асуудлаар шийдвэр гаргасан гэх мэдээлэл нийтлэгдсэн. Гэвч уг арбитрын байгууллагын нэр, хэргийн дугаар, шийдвэрийн огноо болон шийдвэрийн эх хувь одоогоор олон нийтэд нээлттэй эх сурвалжаар баталгаажаагүй байна. Тиймээс Британийн Виржинийн Арлууд дахь 2026 оны хэрэг нь дээрх арбитрын шийдвэрийг шууд биелүүлэх ажиллагаа мөн эсэхийг одоогоор эцэслэн дүгнэх боломжгүй. Харин нэг зүйл тодорхой байна. Country Hill Limited өр төлбөрийн шаардлага тавьсан бөгөөд Mongolian Dornyn Gobi Iron Ore Company Limited уг шаардлагыг хүчингүй болгуулахаар Британийн Виржинийн Арлуудын Commercial Court-д хандсан нь шүүхийн албан ёсны бүртгэлээр батлагдаж байна. Одоо уг хэрэгт шүүх ямар шийдвэр гаргасан, Country Hill Limited хэдий хэмжээний өр нэхэмжилж байгаа, өрийн шаардлага ямар гэрээ, хөрөнгө оруулалт эсвэл өмнөх арбитрын шийдвэрээс үүссэн болох нь хамгийн их анхаарал татаж байна.



Discussion about this post