Сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүй, “Хүмүүсийн тухай роман-2”-оос
ДУУЧИН ЧИМИДЦЭЕЭ
(Хөрөгт нь нэмэх гуравхан таталбар)
“…Сүйхэн, сүйхэн үлээх нь
Сүмбэн салхины зүлгээ еэ.
Шүүрс, шүүрсхийн санаа алдах нь
Чимидцэеэгийн гадаа яа…”
Данзангийн Нямсүрэн
“…Дээл эсгэж өгье чамдаан, Чимидцэеэ,
Дэндүү их уйлмаар санагдвал нөмрөөд унтаарай…”
Цоодолын Хулан
Дурсамжийн нэгэн таталбар
Өчүүхэн мөхөс бивээр ер нь дуу, хөгжимд өөрийнхөө л хэмжээгээр дуртай ч гэлээ, элдвийн шоу тоглолт, концерт монцерт үзэх дургүйдүү талын хөлдүүдүү нэг билээ. Нэн ялангуяа зориудаар зохион байгуулсан улс төрийн ч бай, эсбөгөөс аливаа тэмдэглэлт өдрийг угтуулсан, далимдуулсан концертонд бол бүр дургүй. Гэтэл тэртээ 2000 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Дорнодын төвийн тойрогт нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийн хэвлэл, мэдээллийн багт багтаж Чойбалсан хотод очсон оройгоо Монголын нэрт сэтгүүлч, өвөрмөц зохиолч, гоц нэгэн бодгаль, “Радиогийн бүдүүн дуут” хэмээх гүн хүндэтгэлт ах хүү Цэдэндамбаа гуайтайгаа үндсэн ажил хараахан эхлээгүй байгаагаар далимдуулан ганц, хоёр шил юмны ард гарч сууснаа “Хүүе цаана чинь Долгор, Чимидцэеэ, Сосорбарам гурвын тоглолт болох гэнэ. Хоёулаа очиж 500 граммын тандалт хийх үү?” гэснээр өндөр, нам хоёр гараад тухайн үеийн ХААТМС рүү сүүгүүлчихэв ээ. Тэгээд яахав дээ, Долгороо ч сонслоо, Сосорбарамыг ч харлаа, Чой хотдоо олон жил болсных залуугийн танилуудынхаа сэмхэн шургуулсан аягатайг олны нүд хариулан хааяа нэг хөнтөрчихөөд, камераа гаргаад зураг авсхийн зогсож байтал “Алигармаа”-г зарлахуй Чимидцэеэ ч намираад гараад ирлээ. Улсууд ч сүйд болоод явчихав. Шивэр, авир яриа энд тэнд гүнгэнэснээ аяс алдарч, хэн нэгэн нь санаа алдан уртаар амьсгаа авах нь дуулдав. Тухайн үеийн Чойбалсан хотын хамгийн олон үзэгчийн суудалтай уг сургуулийн концерт- хурлын танхимд шумуул шунгинаад ороод ирсэн ч сонсогдохоор нам гүм болов:
“Агаар тэнгэрийн нарныхаа
Илч нь болоосой, Алигармаа яа хө,
Амраг хонгор Алтансүхийгээ
Дулаалж явмаар аа, бие минь ээ, хө”…
Бүүвэйн дууны аяз лугаа адил намуухан, биндэрьеэ ногоон униар олон арван чийдэнгийн гэрлийн наагуур суунаглах шиг болоод, гэгэлхэн зүрхний бэсрэгхэн шуранхай хайртай хосын халуун сэтгэлд баяссан танхим дүүрэн үзэгчдийн аньсгыг зөөлөн зөөлөн арчиж, хацрыг нь илж эхлэх шиг болоод явчихав. Ардын дууг хэрхэн жинхэнэ утгаар нь, амьсгаа юутай нь давхар, давхраар өргөн барина гээчийг ёстой нэг үзүүлж байна аа:
“Алд, алдын торгон хадгийг
Эвхэж сууна аа, Алигармаа яа хө,
Анхны нөхөр Алтансүхтэйгээ
Амьдралынхаа замыг туулна аа, хө” гээд л намируулж байтал гэнэт тог тасраад танхим тас харанхуй болчихов. Хүмүүс ч дүнгэнэлдээд явчихав, хэн нэг нь тамхиныхаа асаагуурын гэрлийг асааж, хэн нэг нь орос, монгол хэлээр хараал урсгаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байсан Хөгжимт драмын театрын найрал хөгжим намираа бороо гэнэт шаагиагаа татан хураах адил тэнд, энд ганц нэг ён, ян, пүг, паг хийснээ дуугүй болох нь уу гэтэл харин Чимидцэеэ маань хангинуулахаа ганц эгшин ч зогссоосонгүй:
“Жан жангийн торгон хадгийг
Задлаж сууна аа, Алигармаа яа хө,
Заяаны нөхөр Алтансүхтэйээ
Жаргалынхаа замыг туулна аа, хө”.
Тэр агуу хоолойтон энэ удаад дуугаа л дуулж байлаа. Тог тасарсан ч гэлээ тас харанхуйд дуулж байлаа, тэр. Түүнд хурлын танхим байна уу, хонины билчээр байна уу, хамаагүй байлаа. Түүнд одоо баясал ч хэрэггүй, шаналан ч хэрэггүй байлаа. Түүнд Ц.Элбэгдорж нь байна уу, Ц.Баатарзориг нь (тухайн сонгуульд МАХН-аас нэр дэвшээд ялсан гол өрсөлдөгч нь) байна уу, падлий ч байсангүй.
Тийн, тас харанхуйн дунд Чимидцэеэг дээрх бадгийн бараг дунд орж явах үед хаанаас ч юм нэг, хоёр лааны гэрэл ёлтолзон бий болтол Дорнодын театрын найрал хөгжмийн удирдаач Ж.Бадамдоржийн хоёр гар бүдэг бадгийн дунд гозосхийн намираад явчихав, найрал хөгжмийнх нь состав ч тэр дороо л нахисхийтэл өргөж аваад даган уянгалуулж гарлаа. Үзэгч олны санаа амарч, өөрсдөө л таварцаглаж уначихаад, босож ирээд хормойгоо гөвөх адил цээж дүүрэн амьсгаа авч, нүүр дүүрэн мишээлдээд, алга нижигнүүлээд явчихав.
Архи, тамхины эхүүн үнэр, тааруухан сүрчигний нялуун үнэр, агаар дутсан бүгчим амьсгалаар дүүрсэн танхимд биш, Улзынхаа өргөн хөндийд муу борлог морио зайдан уначихаад хоёр хөлөө савчуулан тэнгэрийн хар хүрээгээр гуугачиж явсан амгалан насны минь гэгээн гэрэл дүүрэн өдрүүд өнчин тархины маань хаалгыг нүдчихэж байх шиг, тийм л цэнгэлийг дахин эдлүүлэх шиг санагдахуй хөөрсөндөө болоод, би-муу ч гэсэн “Үй, үй” хэмээн хар чадлаараа хашгирснаа санаж л байна. “Энэ чинь одоо тас харанхуйд дуулж л байдаг ямар гээчийн улаан идэвхи вэ!” хэмээн шоолонги аясаар бодсоноосоо ичин, унтрааж ч завдаагүй камераа тайз руу дахин чиглүүлж, ёстой л өөрөө коммунизмаас сурсан хамаг идэвхиэ дайчлан зургаа авч эхлэв.
Гагц Чимидцэеэ л юу ч болоогүй юм шиг, багалзуур, мөгөөрс нь урьдынхаасаа ч улам уужуусаад, урьдынхаасаа ч улам цээлшээд явчихуй, тэр гурвын концертыг үзэх гэж биш, Элбэгдорж руу л муу муухайг хашгичих даалгавартай орж ирээд үүд хавиар бөртөлзөж байсан нөгөө нэг намын тусгай үүрэгтэнгүүд агуу их урлагийн агуу ихийг бишрээд амаа хамхичихав бололтой. Их дуучныг тайзан дээр ёлтолзох гурав, дөрвөн лааны гэрэлд Алигармаагаа дуулж дуусгаад мэхийн цааш орохын үес “Зориуд тог тасалсан байна, муусайн ХУ намын п…нууд” гэсэн хашгираан үүд хавиас хэд хэд гарч, тун ч удалгүй концертын танхим цэлсхийсэн гэрлээр дүүрээд явчихаж билээ.
Мөхөс муу амьтан бивээр оюутан аху цагийнхаа завшаанд Монголынхоосоо гадна дажгүй хэдэн гайгүй тайзан дээр концерт, дуурь, бүжгэн жүжиг үзэж сонирхох азтай учирч л явлаа. Одессын Алтан театр, Белоруссийн хэд хэдэн театр гээд л. Бүр сүүлд ч бас Венагийн Филармонийн “Алтан танхим”. Тэр театруудын эрхэмсэг, ихэмсэг, баян тансаг тайзандаа ч гол нь биш, тэрэн дээр гараад авъяас юугаараа үзэгчдийг үхтэл нь баясуулж байсан агуучуулын хоолойг биширч ядан байснаа л хэлж байна л даа. Харин тэр бүхэн тэр жил хөдөө аймгийн ХААТМС-ийн нэг муу хурал-концертын танхимд, тас харанхуйн дунд сонссон Чимидцэеэгийн хоолойн хаана ч хүрэхгүй, “Алигармаа” дууны ид шидийн эрчсийн хаана ч хүрэхгүй байсан гэдгийг бардмаар хэлж чадмой.
Дараа нь би зочид буудалд гүйж ирээд, саяын гайхалтай юмыг үзсэндээ үхтлээ хөөрснөө Долгор, Сосорбарам хоёрт дахин дахин ярьтал Со нөхөр маань үүнийг анзаарсанд маань надаас илүү хөөрөн, ихэд тоогоод, буудлын зоогойд дагуулан орж, гурвын гурван (!) 100 грамм авч өгөн башийлгаж билээ, мөн ч гэгээн залуу нас ард үлджүхүй…
Тэр тоглолтын бүх фотозураг, тухайн оройн бүтэн видео бичлэгээ би УИХ-ын сонгууль дуусмагц хотод ирэхдээ Элбэгдоржид өгөөд л орхичихсон. Одоо тэднийд байдаг эсэхийг мэдэхгүй. Тэр том хүнээс тийм “ялихгүй” юмыг нэхэж очилтой биш. (Хэрвээ “ялихгүй” бол шүү!..) Уг нь ТВ-ээр нэг цацчихвал ирээдүйн залууст хэрэгтэйсэн…
Сүүлд санаж ээ байх нь ээ, тэр гоц үзэгдэл бол Чимидцэеэгийн дарьганга бүсгүй болон төрсний мөн чанар, урьд төрлийнх нь урлагийн бурхадын нэхээс, үзэгчийнхээ төлөө улаан нүүрнийхээ арьсыг ч хуулаад бариад зогсож л байх амьдралын гүн гүнзгий оюун ухаан ажгуу.
Хоёр дахь таталбар
2012 бил үү, 2013 онд шиг санагдаж байна, Дуурийн театрт болсон Чимидцэеэгийн нэг цэнгүүний дараа Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров гуай руу би тоглоомоор нэг гашуун үг шидчихсэн юм:
-Та ер нь ямар харгис хүн бэ? гэсэнд Жа гуай гайхан, нүдээ жийтайлгаад гомдонгуй өнгөөр:
-Яаж байна, Нэргүй ээ? гэж хариу асуув.
-Яахав дээ, амьд бодьгальтан хэний ч гаргаж чадахгүй өнгөөр Чимидцэеэг дуулуулаад, багалзуур хоолойг нь багтраачихвал яана!.. гэтэл Жа гуай ухаантай хүн юм болохоороо тэр дороо учрыг нь ухаад:
-Чимидцэеэ харин чадаж л байгаа биз дээ! гээд тас тас инээн амыг маань таглаж билээ.
Тийм ээ, Чимидцэеэ чадсан юм! Аливаа мөгөөрсөн хоолойтны гаргаж чадах хамгийн дээд, хамгийн доод өнгийг цаасан дээр ноотноо буулгаж чадсан Жанцанноров гуайн тэр хөгжмийн аязыг (Хөгжмийн онолоор бол юу гэдгийг нь би үнэндээ мэдэхгүй байна.) Чимидцэеэ маань тэр оройн цэнгүүнд ирсэн “элийт” үзэгчдэд дуулж үзүүлж чадсан юм шүү! Яагаад “элийт” гэж байгаа юм бэ гэвэл тэр оройн үзэгчдийг яагаад ч юм бүү мэд, тэгж л нэрлэмээр санагдсаар 6-7 жил болсон учраас! Жанцанноров гуайн тэр “галзуу” бүтээл туршилт ч юм уу, судалгааны талын юм байсан байж болох юм, ямар ч байсан “анх удаа ноотоллоо” гэж байсныг нь санаж байна. Зүйрлэвээс тэр дээд, доод өнгүүдийг молхи би эсвэл Гималайн нурууны ноён оргилд л сонсогдох цагцаахайн эрхшээн, эсвэл газрын гүний халуун хайлмагны буцлаан, эсвэл одоохондоо зохион бүтээгдээгүй байгаа нэр нь үл мэдэгдэх хөгжмийн зэмсгийн л гаргаж чдах авиа юм даа гэж тааварлаад, дэнтэй, дунтай амьтан суудлаасаа боссон юм. “Ямар гээчийн гүн тагнайтай, ямар гээчийн нарийн мөгөөрсөн хоолойтой хүүхэн бэ” хэмээн одоо ч гайхширнам…
Бас нэгэн таталбар
Дорнодын Ус, сувагт байхдаа 1980-аад оны дундуур нэг өдөр шугамын гэмтлийн засвар дээр К-164 хэмээх Краз краны бүхээгт амсхийх гээд ортол хүлээн авагчаар нь Чимидцэеэгийн дуу хангинаж байна аа. Би ч яахав дээ, хэзээний л үгээ цэгнэлгүй шууд л аваад хаячихдаг пулемёт юм болохоор “Энэ Чимидцэеэ ёстой алж өгдөг хүүхэн шүү” гэтэл мань кранчин, Дарьгангын ухаант өвгөцүүлийн нэг, “шөмбийдөг” хэмээх хочит Цэеэрэгзэн гуай “Ээ, хайран хоолой, ээ хайран хоолой” гээд үг сүггүй шогшроод явчихлаа. “Яав, Цэеэрэгзэн гуай? Сайхан л дуулдаг хүүхэн ш дээ.” гэсэн чинь “Үгүй ээ, наад хүүхэд чинь богинын дуу дуулаад байх юм. Хоолойгоо эвдчихнэ шүү дээ.” гэснээ дахиад л гаслаад эхэллээ. “Яадаг гэнэ ээ? Богинын дуу дуулахаар болдоггүй юм уу?” гэсэн чинь “Уртын дуу дуулдаг хүн богинын дуу дуулж болдоггүй юм аа. Амьсгаагаа буруу аваад дасчихдаг юм. Хайран юм, хайран юм” гээд л, гаслаад л, шогшроод л. Тэгснээ “Ер нь бидний багад богинын дууг чинь хүрээ дуу, завхай дуу, хоолой эвдчихнэ гээд тоодоггүй байсан юм… За, за, яахав, багш нь мэдэж байгаа юм байлгүй” гэснээ “энэ муу инженер шүү юмтай уртын дууны талаар юу ч ярихав дээ” гэсэн өнгөөр “Буу, буу, цаад яндангаа оосорло!” гээд над руу шөмбийтөл харж билээ.
Цэеэрэгзэн гуай маань бол уг нь “ёстой миний найз даа”. Одоо ч 90 дөхчихөөд Чойбалсан хотод шөмбийгөөд л гүйж яваа “Шөмбийдөг гуай”-д маань мэдэхгүй ч юм байхгүй, чадахгүй ч юм байхгүй, жинхэнээсээ “хоёр хөлтэй нэвтэрхий толь” болохоор нь молхи би үгийг нь сонсох, чадвал тогтоож авах дуртай байлаа. Ганцхан жишээ дурдахад, урьд нь таамаглаж явсан шигээ морин хуурын ширэн царыг адууны элдсэн ширээр хийдэг юм биш, харин ямааны арьсыг идээлэлгүйгээр халуун элсэнд хэд хоног булж байж хийдэг юм гэдгийг мэдэж авсан. “Хар авдарт ном бий, хазгар өвгөнд эрдэм бий” гэж ямар мэргэн үг вэ!? Одоо ч дээ, ямааны арьсаар байтугай, адууны ширээр морин хуурын цар хийнэ гэж “тэнэгтэх” хүн байх биш.
Сүүлд нь бодож ээ байхад, хүндэлдэг дуучнаа ард түмэн нь ухаанаараа, уг чанараар нь хайрладаг юмсанж. Өөрөө өөрийгөө, аль эсвэл багш нь, дарга нь, урлаг судлаачид нь хайрлаж мэдэхгүй байхад жирийн ард түмэн гээч агуу их “ХҮН гариг” л тийм “ХҮН эрдэнэс”-ээ хайрлаж, харамлаж явдаг ажгуу.
Төгсгөл
Гэвч Чимидцэеэ маань хоолойгоо эвдлэлгүй өдий хүрчээ. Энд харин Цэеэрэгзэн гуай маань жаахан алдаж. Дарьганга бүсгүйчүүлийнхээ данагар ухаанд дарьганга өвгөцүүл тэгтлээ ч сайн хүрдэггүй юмсанж.
Монгол ардын уртын хийгээд богинын дууны өв санг хэрхэн хадгалсаар ирсэн, уртын дуугаа дуулах, өвлүүлэх Чимидцэеэгийн дотоод ухаан, ур чадварыг мань мэт шиг дутуу ухаантай, дундуур авъяастай нь дүгнэн бичиж чадахгүй. “Уяхан замбуутивийн нар”-ыг сонсохоор орчлонгийн хязгааргүй руу, огторгуй руу (“огт оргүй” рүү) нисчихэж байгаа юм шиг л санагддаг гэхээс цаашгүй. Гагцхүү сүүлийн жилүүдэд түүний дуулах нь цөөрсөн нь хоолой нь муудсаных биш, харин уртын дууг хүлээж авах нийгмийн, ард түмний, үзэгчдийн болоод сонсогчдын давхарга муудсаных гэдгийг хэнбугайгаас ч эмээлгүй хэлчихэж чадму, би. Гэтэл монголчуудын уртын дуу гэдэг бол зүгээр ч нэг дуу биш, жинхэнэ сонгодог урлагийн, юу ч гэмээр юм бэ дээ, гайхалтай нэгэн том төрөл. Уртын дууны тэр “нислэгийнх нь” давтамж 432 ч гэл үү, герц байдаг нь өнөөгийн шинжлэх ухааныг гайхашруулсаар байгаа. Уртын дууг сүүл үеийн дэлхийн урлаг судлаачид “Хоолойн симфони” хэмээн нэрлэх болсон нь ч зөв байж мэднэ. Гэтэл (Энэ “гэтэл”-ийг зориудаар дахин хэрэглэе.) уг “хоолойн симфони”-ийг манай хээр талын захын л нэг малчин эмээ, адуучин залуу тоох ч үгүй шуранхайлуулчихдаг. Тиймдээ ч манай тэмээчин, тариачин, нүүрсчин, наймаачин монголчууд, тэр битгий хэл, Их хурлын гишүүн нь ч хэний хэрхэн дуулж, яасхийж амьсгаагаа авч чадаж байгааг нь ТВ-ийн нээг л их нэр цуутай шүүгч нараас хамаагүй сайн, хамаагүй илүү үнэн зөвөөр шүүчихэж чаддаг юм. Ийм болохоор Чимидцэеэ шиг хүндлэгдэж, хайрлагдана гэдэг бол хэр баргийн дуучны сачий хүрэх ажил биш!
Тэрээр бас богинын дуугаа ч орхисонгүй. Бавуугийн Лхагвасүрэн гуайн цэцэн, мэргэн үгтэй хэдэн сайхан шүлгүүдийг чухамхүү Чимидцэеэ л олны хүртээл болгож чадсан. Шүлэг чигээрээ үлдсэнээс дуу болоод хувирчихвал ард түмэндээ илүү хүртээмжтэй болдог. Уг шүлгийг түмэн хүн л унших бол харин дууг нь дор хаяад нэг сая хүн зайлшгүй сонсдог, амандаа байн байн аялдаг болчихдог юм. Монголын хамгийн мэргэн үгтэй яруу найрагч Лхагвасүрэн гуайн шүлгүүдээр хийсэн Батсүхийн “Ээжийнхээ ачийг яанам бэ” ч юм уу, Чинзоригийн “Зүүдний говь”-ийн төрсөн цаг үе, Чимидцэеэгийн хоолойгоороо гарч ирсэн цаг үе хоёр яг таарсан, яв цав зохилдсон учраас л энэ хоёр дуу орчин үеийн бэсрэг уртын дуу болтлоо ард түмэнд маань ирээд НААЛДЧИХСАН юм. Тэр ч бүү хэл, АРДЫН ДУУ болтлоо! “Ардын дуу” гэхээр олонхи судлаачид үг, аяыг нь хэн хийсэн нь тодорхойгүй байдаг учраас ингэж өргөмжилсөн хэмээн цэцэрхээд, бүтээлийг нь эзэнгүйдүүлчихдэг. Тийм ч байж болно, үгүй ч байж мэднэ. Бас хажуугаар нь нийт ард олны дунд байнга дуулагддаг болсон болохоор нь “ардын дуу” гэсэн байлгүй хэмээн мөхөс би омтгойрдог болой.
Тэрээр эдүгээ цагтаа уртын байтугай бэсрэг уртын гэмээр богинын дуунуудыг жинхэнэ ёсоор нь дуулж чаддаг цор ганц эмэгтэй болоод байгаагаар үл барам, өөрөө ч тиймэрхүү богинын дуунуудынхаа үгийг ч хийчихнэ. Аяыг нь ч бас хийчихсэн байж магадгүй л хүн. Тухайлбал, өчүүхэн бивээр түүний дуулдаг “Тээж төрүүлсэн ээжийгээ”, “Гүүн зэлэн дээр танилцсан Гүнзгий дотно янаг минь ээ” хэмээх үгтэй дуунуудыг яагаад ч юм, түүний өөрийнх нь л зохиосон үг, аятай дуунууд даа” гэж бодоод байдаг юм. Өөрөө бүрэн бие дааж хийгээгүй гэхэд ямар нэгэн хэмжээгээр оролцсон л байж таараа.
Дорнод, Сүхбаатар хоёр хаяа хатгасан айлууд юм болохоор уран зохиолын нэгдлүүд маань ч бас хамтын ажиллагаа гэмээр юмтай, тийм болохоор дөнгөж олны дунд танигдаж эхэлж байсан дуучин Чимидцэеэг бас шүлэг бичдэг гэдгийг нилээд эрт сонссон юм. Тэгвэл тэр үед бичсэн боловч сүүлд дуу болсон нэг л шүлгийнх нь хоёр шадыг сонсоё л доо:
“…Баруун гарыг чинь дэрлүүлж
Дуг хийлгээгүй тавилан.
Бага энгэрийг минь дэвсүүлж
Олбог засуулаагүй заяа…”
За, ямархуу байна гэж асуувал орчин цагийн “монгол шүлэггүй” шүлэгчид ч толгойгоо маажих л байх. Ямар гээчийн халуун, дулаан монгол зүрхний шүлэг вэ! Агь, гангын үнэр хамар цоргисон талын монгол, говийн Монголын л эрцүүл, эмэгтэйчүүлийн ариунаас ариун, гэгээнээс гэгээн бодлын тунгаамал дээж! Чимидцэеэгийн өөрийнх нь хэлэх дуртайгаар, “шүүдрийн дусал” мэт ариухан санаа! “Бага энгэр” гэж юуг хэлдгийг одоогийн залуус мэдэх ч үгүй. Харин найрагчид бол мэднэ гэж найдсу. Хэдийгээр сайхан Монгол уран зохиолын тансаг үгнүүд мартагдаж байгаа ч гэсэн, сайн, муу хэлэгддэг хэдэн танхай, хэдэн цагаан сэтгэлтнүүд маань л тансаг Монгол хэлээ авч яваа билээ. Тэдний нэг нь яах аргагүй Чимидцэеэ!
Тэрээр хэд, хэдэн шүлгийн түүвэр гаргаад зогссонгүй, Дарьганга аялгуу шинжлэлийн докторын бүтээлээ хамгаалж, зэргээ авчихаад хөл хөсөр тавьж, гар газар хаясангүй, басхүү дарьганга түмний хэл аялгууны мянган үгний толь бичиг (эд хэрэглэлийн фото, зурмал зурагтай), шаггүй зузаан дарьганга, үзэмчин дууны эмхэтгэл (ноттой нь) гаргасан нь үндэс, язгуураа улам улмаар мартагнасаар байгаа залуу үедээ өв соёлоо бүү мартаарай хэмээн дамжуулсан чамлахын аргагүй ЗАХИАС болсон байдаг. Үндэс язгуураа хадгална гэдэг нь зөвхөн уртын дуу дуулчихаад болчихно гэсэн үг биш юмсанжээ…
Дуучин Чимидцэеэгийнхээ хөрөгт ердөө гуравхан зураас нэмж хатгасан минь энэ буюу.
2019.03.17.





Discussion about this post