2024 оны 10-р сард Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт, Арьс ширний үйлдвэрийн хашаанд байрлалтай ноос ноолуур угаах, эсгий үйлдвэрлэлийн “Жи Эс Ф” /GSF/ компанийн ажилчин Т. … нь удирдлагын тушаалаар ёмокос будах ажил хийж байх үедээ ухаан алдаж, бензол, тиофений хордлого буюу химийн бодисын хордлогын улмаас нас барсан хэрэг гарсан. Энэ хэрэгт тус компанийн захирал Л.Алтайг Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль болон “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-д зааснаар “Битумын праймер” гэх нефтийн битум, органик уусгагч, дүүргэгч, хуванцаржуулагчийн найрлагатай, түрхлэг бүхий химийн хортой бүтээгдэхүүн юм. Түүнийг гадаа ил задгай байнгын агаар салхины солилцоотой /зөвшөөрөгдсөн/ газар хэрэглэх бөгөөд харин дотор болон битүү орчин, хаалттай орон зайд ашиглахыг хориглодог. Тэгвэл уг бодисоор үйлдвэр дотор байрлах битүү орчинтой цэвэрлэх байгууламжийн дотор талд буюу хязгаарлагдмал орон зайд агаар сэлгэлт хангалтгүй орчинд химийн бодисоос хамгаалах зориулалтын амьсгал хамгаалах хэрэгсэлгүйгээр ажил гүйцэтгүүлсэн нь амь хохирогч химийн бодист хордох шалтгаан болсон гэж тогтоогджээ.
Тухайн өдөр амь хохирогч нь эхнэр лүүгээ видео калл хийж залгахдаа “…ёмокос будах ажил хийж байна, яг үхэх нь аймаар байна” гэж ярихдаа нүүр нь халтар будаг болсон байжээ. Талийгаачаас гадна өөр хүн нь ч амь хохирч магадгүй байсан агаад бас нэг ажилчин нь ухаан алдаж унажээ. Тэрээр “… Захирал намайг ажил чинь дууссан бол цэвэрлэх байгууламж руу орж будаг хийгээд трубаны хоолой болон бөглөрсөн хоолойг янзалчих гэж хэлсэн. Би бөглөөс гаргаад ёмокосны дотор талыг будаж байтал амьсгал давчдаад толгой эргээд нүд харанхуйлаад ухаан алдсан. Нэг сэрсэн чинь гадаа хэвтэж байсан. Надтай хамт будаг хийж байсан … -ийг харуулын байр руу аваад явсан байсан. Би ёмокосыг будах гэж ороод таван минут болоод л ухаан алдсан. Намайг цэвэрлэх байгууламж руу ороход амь хохирогч ёмокосны гадна талын ирмэг будаж байсан. Хурц үнэртэй хар өнгийн 20 литрийн багтаамжтай будаг байсан. Амь хохирогч тухайн өдөр өглөө 09 цагаас ёмокос будах ажил хийж эхэлсэн. Хэрэг гардаг өдөр надад ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй. Би гарын үсэг зураагүй. Амь хохирогчид зааварчилга өгсөн үгүйг мэдэхгүй байна. Манай байгууллагад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер гэж байхгүй. Надад ямар нэгэн маск өгөөгүй. Бээлий өгсөн. Харин амь хохирогч маскгүй байсан шиг санагдаж байна…” гэжээ. Шүүх ажил олгогчийн хувьд захирал Л.Алтайг буруутай гэж үзэн нэг жилийн хорих ял оноож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 81.240.000 төгрөг гаргуулахаар болжээ.


Discussion about this post