Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх-6” төвийн дулааны инженер Н.Хөхсэцэнсогоо нь өнгөрсөн оны 10-р сард тус төвтэй “Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээ”-ний дагуу үйлчилгээ авагч “Пример инвестмент групп”-ийн гүйцэтгэх захирал Н.Мягмарсүрэнгээс тус компанийн “Дархан Өргөө” хотхоны орон сууцуудын техникийн давхрын халаалтын талбайд “40 сая төгрөгийн нөхөн төлбөр, торгууль ногдуулах тооцооллыг бодож явуулна, эсхүл 13 сая төгрөгийг өгвөл уг асуудлыг зохицуулж өгнө” гэж ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 13,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг холбогджээ. Гүйцэтгэх захирал нь “…Тухайн өдөр комиссын гишүүд 100 хувийн саналаар барилгыг хүлээж авахаар шийдвэрлэж, бохирын худгийн дулаалга, хаягжуулалтыг хийж дуусгаарай үүрэг даалгавар өгөөд тарцгаасан юм. Гэтэл дараа нь инженер Хөхсэцэнсогоо Улсын комиссын акт дээр гарын үсэг зурахаар манай оффисд ирж нарийн бичгийн дарга С.Ганчимэг, инженер М.Цэнгэл нартай уулзсан.
Тэгээд гарын үсэг зурахын өмнө “танай өмнө нь барьсан 7 блок барилгын техникийн давхрын халаалтын зардлыг танай компаниас гаргуулна, үүнийг гаргаж өгөхгүй бол комиссын акт дээр гарын үсэг зурахгүй, шинэ барилгын чинь халаалтын гэрээг байгуулахгүй” гэж дарамталсан. Ажил дээрээ ирэхэд тэд ийм асуудал болсныг хэлсэн. 2025 оны 10-р сарын 20-ны өдөр нарийн бичгийн дарга руу залгаж “захирал чинь яасан бэ, халаалтыг чинь тасаллаа шүү, маргаашийн 12 цагаас өмнө энэ асуудлаа шийд” гэсэн. Ингээд би тэр өдрөө Хөхсэцэнсогоотой ажлых нь үүдэнд очиж машиндаа уулзсан. Тэгэхэд “танайх техникийн давхрын зургийг манайд өгөөгүй, танай барилгууд техникийн давхрынхаа дулааныг олон жил үнэгүй ашигласан байна, иймд 40 сая төгрөгөөр торгох байсныг би 13 сая төгрөгөөр зохицуулахаар болсон, та надад 13 сая төгрөгийг бэлнээр, баримтгүй авч ирж өг” гэсэн. Би “арай их байна, багасгаач бас мөнгө авсан баримт өгөх үү” гэхэд “баримт өгөхгүй, энэ мөнгийг манай ахлах, нягтлан бодогч нар хувааж авна, хэрвээ мөнгө өгөхгүй бол дулааныг чинь тасална, би олон газрын дулаан тасалж байсан, цэцэрлэг, сургууль, орон сууцны барилгуудыг таслахаар мөнгөө өгдөг л юм даа” гэсэн. Мөн “цаашид би танайхыг хариуцна, ашиглалтад оруулах байрыг чинь авах авахгүйг мэдэх хүн нь би шүү дээ” гэсэн. Тэрнээс хойш өдөр бүр “мөнгөө яаралтай өг, үгүй бол байрнуудын чинь халаалтыг зогсооно” гэж дарамтлаад байсан тул АТГ-д хандсан” гэжээ. Журмаараа дулааны инженер нь тооцооны мөнгө нэхэх эрхгүй, зөвхөн акт тэмдэглэл үйлдэж нөхөн төлбөр авах хүснэгт гаргаад ахлах нягтлан бодогч, ахлах инженер хянаж, салбарын дарга баталж санхүүгийн программд бодогдсаны дараа нэхэмжлэх илгээгддэг байна. Н.Хөхсэцэнсогоод үйлдсэн акт тэмдэглэл байгаагүй аж. Шүүх түүнийг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Discussion about this post