Сүүлийн жилүүдэд Монгол дахь хятадуудын үйлдсэн хамгийн ноцтой хэрэг нь 30 настай Лиү Бөүвэн, 26-тай Шүй Ханмин нар нь нутаг нэгт болох Ван Ванг, Зао Дун нарыг барьцаалан нэг сая юань өгөхийг шаардан улмаар Шуй Ханмин нь Ван Вангийг “сайга” загварын буугаар буудаж амийг хороосон юм. Энэ хэрэгт Лиү Бөүвэний монгол найз А.Даянтөмөр нь А.Тэнгисийн хамт оролцож хохирогчдийг тээвэрлэж гавлаж зодсон нь тогтоогдсон. Болсон явдлыг Лиүгийн мэдүүлгээр өгүүлэхэд Тайландад амьдардаг Жан Ша Хуа гэх эмэгтэй Телеграммаар холбогдоод “их хэмжээний мөнгө залилсан хоёр хятад Улаанбаатараар дамжин Америк гарах гэж байна, чи сайн алгаад бүх мөнгийг нь гаргуул, тэгээд хувааж авья” гэсэн “ажил хэрэгч” санал тавьж зураг,нислэгийн мэдээллийг нь явуулжээ. Харин Шуй нь Лиүд 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний юань зээлүүлсэн тул мөнгөө авахаар Монголд ирээд энэ хэрэгт хутгалдсан гэжээ. Лиү бөөн мөнгөтэй ирээд “зөвшөөрөлтэй хамгаалалтын компани худалдаж авахаар” монгол түнш А.Даянбаатардаа 300 саяыг өгчээ. Сарын 18 саяар офис түрээслэжээ. Мөн хамтран амьдрагч монгол эмэгтэй Э-гийнхээ нэр дээр Хүүшийн аманд байрлах хотхонд гэх мэтээр хоёр байр, хар өнгийн “Benz S 500”, “Ланд крузер-200”, “LEXUS RX L” загварын дөрвөн машин худалдан авч мөн үнэт эдлэл бэлэглэжээ. Гэтэл залуухан хамтран амьдрагч нь удалгүй салаад өнөөх байр, машинийг нь буцааж өгөхгүй хэмээн бүр шүүхдэхдээ тулжээ. Ингээд ямар ч мөнгөгүй болж энд тэндхийн хятад хоолны газрын ”тавилга” болоод сууж байхад нь Шуй ирж өрөө нэхэж бүр хүнд байдалд оруулсан гэнэ. Мөнгөө нэхэж байтал Лиү “чиний мөнгийг авсан хүмүүс удахгүй ирнэ, тэднийг айлгаад зодоод мөнгөө ав” гэжээ. Харин залилан хийгээд зугтаж ирсэн гэх хятадууд нь Монголоос Америкийн виз амархан гардаг гэдэгт итгэсэн хоёр л байжээ. Их мөнгөтэй гэсэн ч үүргэвчинд нь ердөө 500 доллар байсан. Монгол хятад нийлсэн бүлэглэлийн удирдагч нь Лиү агаад тэрээр барьцаалж мөнгө салгах ажиллагаандаа Даянтөмөрт нийт “орлого”-ын 30 хувийг амлаж дайчилжээ. Шүй нь зээлүүлсэн мөнгөө мөн “орлого”-оос авахаар нэгдсэн бол Даянтөмөр нь Тэнгисийг “хүн гавлаж зодоод мөнгө авах” ажилд таван сая төгрөгөөр хөлсөлжээ. Мөн гар буу, гав цахилгаан бороохой, станц, 4,2 саяар том ангийн “сайга” буу хүртэл худалдан авч бэлдсэн. Бүлэглэл ирсэн хоёр хятадыг нисэх буудлаас “ubcub”-ын таксигаар тосуулаад дараа нь 2024 оны 12-р сарын 4-ний шөнийн 03 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт машиндаа шилжүүлэн суулгасан. Тэгээд жаахан явсаны дараа зогсож эхлээд Вангийг буулган хэмх нүдээд гавлахад үхтлээ айсан Зао машиний цонхоор хараад хөдөлж чадаагүй. Дараа нь түүнийг мөн зодож цахилгаан бороохойгоор цохиулаад Лиү нь ”та хоёр яагаад зодуулж байгаа гэдгээ мэдэж байна уу, гэрээсээ мөнгө явуул, хоёулаа нийлээд нэг сая юань өг” гэсэн. Тийм их мөнгө байхгүй гэхэд 500 мянга болгоод сүүлдээ 350 мянга хүртэл бууруулжээ. Лиү “та хоёр цагдаад мэдэгдээд нэмэргүй, Монголын цагдааг бид атгачихсан, Засгийн газарт ч манай хүн байгаа” гэж томорчээ. Энэ үед зүрх муутай Вангийн өвчин хөдөлжээ татаж эхэлжээ. Зао нь эхнэртэйгээ Вичатаар холбогдож “барьцаалуулсан, 350 мянган юань олоод шилжүүл” гэжээ. Ингээд мөнгө орохыг хүлээн бүтэн өдөр хөдөө хээрээр тэнэжээ. Гэсэн ч мөнгө ороогүй. Барьцаалуулагдаж дээр нь бие нь өвдсөн Ван уурандаа Шуйд “хэрвээ эндээс амьд гарах юм бол чамайг заавал олж өшөөгөө авна” гэсэнд цээж рүү нь буудан хороожээ. Тэгээд Заод “чамд хоёр цагийн хугацаа өгье, энэ хугацаанд мөнгө орж ирэхгүй чи энүүнтэй адилхан болно шүү” гэж сүрдүүлжээ. Тэд амь хохирогчийг хээр тэр чигээр нь хаяад явжээ. Хотод ирээд мөнгөний хэмжээгээ 100 мянган юань бууруулжээ. Мөн Лиү Шуй нар нь Заогоор амь хохирогчийн цогцосыг мөчлүүлж булуулан бичлэг хийхээр тохирчээ. Энэ мэтээр хэрэг үйлдэл даамжирсанд хоёр монгол нь үхтлээ айгаад хаяад зугтжээ. Удалгүй Заотой Хятадын элчингээс Вичатаар холбогдож араас нь цагдаа мөрдөөд ирэх нь тодорхой болсонд Лиү Шуй хоёр ч мөн зугтжээ. Өмнө нь Лиүд унаагаар үйлчилдэг байсан таксиний жолооч “… Намайг очиход бас нэг хятад хамт байсан. Тэд алаг эрээн хүрмэнд ороосон буутай машинд суусан. Тэгээд google Translate ашиглан харьцахад биднийг цагдаа хайж байна, 10 сая төгрөг өгье Оросын хил рүү явья гэж бараг нэг цаг гуйсан. Сүүлдээ 15 сая төгрөг гэхэд нь би хөдлөөгүй. Тэгтэл над руу цагдаа залгахад тэр хоёр машинаас бууж буугаа энгэртээ хийгээд зугтаасан …” гэжээ. Заогийн эхнэр нөхөр нь барьцаалагдсан гэнгүүт хотынхоо цагдаад хандтал Монгол дахь Хятадын элчингийн утсыг олж өгчээ. Хятадын элчингийн ажилтантай холбогдож учир байдлаа хэлэхэд элчингээс манай цагдаад мэдэгдсэн байна. Ингээд маргааш нь л бүлэглэлийнхэн бүгдээрээ баригджээ. Шүүх Лиү Бөүвэн, Шүй Ханмин нарт тус бүрт нь 25 жилийн хорих ялыг хаалттай хориход эдлүүлэх ял оноосон. А.Даянтөмөрт 18 жил, А.Тэнгисд 12 жилийн хорих ял оноосон. Амь хохирогчийн ар гэр 247 сая төгрөг нэхэмжилсэн. Шүй Ханмин нь Лиү Бөүвэний өөрөөс нь зээлсэн мөнгөөр авсан хөрөнгөнүүдийг зарж хохиролдоо өгөх хүсэлт гаргажээ. Лиүгийн экс монгол хамтран амьдрагч Э нь өдгөө тансаг зэрэглэлийн машины түрээсийн бизнес эрхэлдэг болсон гэнэ.

Discussion about this post