Б.Жаргал нь ЗТЯ-ны Замын хяналт бүртгэлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-ын тендерт шалгарсан Болгар улсын “КОНТРАКС ЕАД” компанийн программ хангамж, тавилга хэрэгслийн 4,6, үйлчилгээ үзүүлсэний 343 сая нийт 4,9 тэрбумыг төлөх ёстой байсан атал гэрээгээ биелүүлсэн мэтээр акт үйлдэж нийт 5,9 тэрбум төгрөгийг авах нөхцөл боломжийг бүрдүүлж улмаар улсад 995,8 сая төгрөгийг хорхирол учруулсан гэмт хэрэгт яллагдсан. Б.Жаргал нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа уг программыг хүлээн авах ажлын хэсгийн ахлагчаар ажиллажээ. Хүлээн авсаны дараа хэрэг илэрсэн. ЗТЯ хүлээж авсан үнийн нь санал нь болгар компаниас ирүүлсэн үнийн санлаас хоёр дахин өндөр байжээ. Улмаар сайдын зөвлөлийн хурлаар хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гарч 2015 оны 9-р сард Төрийн нарийн бичгийн дарга “сахал” Ж.Бат-Эрдэнийн тушаалаар хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг байгуулагдсан.
…Ажлын хэсгийн дарга Б.Жаргал Болгар компанийн ажлыг хүлээн авсан комиссын акт үйлд гэж үүрэг өгсөн. Дарга аа, бид гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй болохоос биш ажил хүлээн авах эрх үүрэггүй, хэрвээ ажлыг нь хүлээн авах бол ажил хүлээн авах комисс томилогдох ѐстой гэж маргахад би мэдэж байна, олон юм ярилгүй акт үйлдээд ир гэж намайг загнасан. Би ахиж маргаагүй, аягүй бол ажлаас халуулж мэдэх авир ааштай хүн байсан …
Энэ хэрэгт Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон экс дарга Б.Жаргал нар бие биеийнхээ эсрэг мэдүүлжээ. Төрийн нарийн бичгийн даргын хэлсэнээр түүнийг бүр хүүхэд шиг хуураад 1,9 тэрбумыг гэрлийн хурдаар Болгар компани руу шилжүүлсэн аж.
… АТҮТ-өөс Болгар компанийн программыг урсгал зардал өндөр, зарим функцүүд нь ажиллахгүй байна гэсэн. Ингээд би тушаал гаргаж төслийг цуцалж, гүйцэтгэсэн ажлыг одоогийн байдлаар хүлээн авч тооцоо нийлэхийг Стратеги бодлого төлөвлөлт хамтын ажиллагааны газар, Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон АТҮТ-ын удирдлагад даалгасан. 2015 оны 9-р сард шинэ сайдаар Мөнхчулууны Зоригт ирээд Хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргаар Б.Жаргалыг тавьсан. Тэрээр надтай уулзаж ажлын хэсгийг шинээр байгуулъя гэсэн. Б.Жаргал ажлын хэсгийг ахлаад хоёр удаа таницуулга хийсэн. Хийхдээ “болгар компани хийх ажлаа хийсэн, гагцхүү манай талаас хийсэн ажлыг хүлээж авахгүй байна, ажиллуулах мэргэжилтэн байхгүй байна” гэсэн, Тэгэхлээр нь би болгар компанийхаа хүмүүсийг авчирч, АТҮТ-д программ хангамжуудыг ажиллуулах чиглэл өгсөн. Удалгүй Б.Жаргал Болгараас ирсэн хүмүүсийг АТҮТ-д оруулахгүй байна гэсэн. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Жаргалын ажлын хэсэг болгар компанийн нийлүүлсэн программыг бүхэлд нь хүлээж аван акт үйлдээд ажлын хөлс болох 1,9 тэрбум төгрөгийг шилжүүлэхээр яамны Санхүү, эдийн засгийн хэлтэст 18 хуудас бүхий материал хүргүүлсэн. Тухайн үед би Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Ц-д энэ санхүүжилтийг олгохоор бол надад тусгайлан танилцуулаарай гэж амаар үүрэг өгсөн. Гэтэл надад санхүүжилт олгох гэж байгаа талаараа огт хэлээгүй. Өөрөөр хэлбэл Ц надаар гүйцэтгэгч кампанийн нэр болон үнийн дүн /1,9 тэрбум төгрөг/-г тусгаагүй албан тоотод гарын үсэг зуруулж авсан байсан. Хоѐр хоногийн дараа АТҮТ-ийн дэд захирал ирж уулзаад болгар компанийн 1,9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон байна ш дээ гэж хэлсэн. Би тэр даруй Сангийн яам руу ярьж гүйлгээг зогсоох гэтэл манайхаас аль хэдийн гараад Төрийн банк руу орсон байна гэсэн. Төрийн банк руу залгахад мөнгө Болгар улс руу шилжсэн гэсэн. Хамгийн гол нь манай албан тоот 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сангийн яам руу явсан байсан. Сангийн яамнаас тэр өдрөө гарч Төрийн банк руу шилжээд мөн тэр өдөртөө багтан болгар компанийн данс руу шилжсэн байдаг. Энэ асуудлаас болж яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Ц-г ажлаас чөлөөлж тэтгэвэрт суулгасан, мөн Б.Жаргалыг өөрийнх хүсэлтээр ажлаас чөлөөлүүлсэн.
Харин Б.Жаргал өөрийгөө буруугүй гэжээ.
…Ямар ч ашиг сонирхолгүйгээр дан ганц ажлын төлөө явсан би өнөөдөр шүүгдэж байхад, жинхэнэ хуйвалдагсад болон 290’000 ам.доллар авсан этгээдүүд гэрч мэт байгаа нь үнэхээр гайхширлыг минь төрүүлж байна…
Болгар компанийн нийлүүлсэн найман дэд системийн нэг болох “Хөдөлгөөний хяналтын систем”-ийг л нэг жил ашиглаад хаажээ. Учир ашиглалтын зардалд 457 сая төгрөгийг болгар компанид төлөхөөр болсон гэнэ. Бусад системүүдийг нь яваандаа хаасан байна. Шүүх энэ хэргийг хэлэлцээд экс дарга Б.Жаргалыг цагаатгасанаар есөн жил гаруй үргэлжилсэн хэрэг хаагдах тийшээ болжээ. Бас нэг сонирхолтой зүйл нь мөрдөн байцаалтын үеэр түүнээс 7.62х39мм сум 777 ширхэг, 7.62х54мм 14 ширхэг сум, 7.62х25мм 490 ширхэг сум, 9х18мм 15 ширхэг сум, ногоон өнгийн төмөр хайрцагтай сум /задраагүй/ зэргийг хурааж авсан гэнэ.



Discussion about this post