Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Вьетнам улсад айлчлал хийж буй бөгөөд түүнийг онгоцноос буух үед хэн нэгэн нүүр рүү нь түлхэж, манайхны ярьдгаар “мангасдаж” байгаа бичлэг тарсан.
Бичлэгт улаан ханцуйтай гар Макроныг нүүр рүү нь түлхсэн бөгөөд удалгүй тэр хүн нь түүний гэргий, Францын тэргүүн хатагтай Брижит Макрон байсан нь ил болсон билээ. Энэ талаар Францын ерөнхийлөгч тус бичлэгийг ямар нэг засвар ороогүй, жинхэнэ болохыг хүлээн зөвшөөрөөд “Энэ бол бидний дундах наргиа байсан. Намайг эхнэрээ тоглоом шоглоомоор өдсөн бичлэг гарсан. Гэтэл үүнийг хүмүүс бараг дэлхийн хэмжээний сүйрэл мэт хүлээн авч байна” гэжээ. Францын ерөнхийлөгч “Хэнд ч байдаг л эхнэртэйгээ санал зөрөх, магадгүй марзагнах асуудал шүү дээ. Гэвч энэ нь ямар нэгэн гариг ертөнцийн сүйрэл болж хувирсан нь намайг гайхшрууллаа. Та бүхэн тайвшрах хэрэгтэй” гэж тэрбээр хэллээ.
Эхнэртээ цохиулсан Ерөнхийлөгч Макрон хэсэг гайхширсан царай гаргасан ч удалгүй гадаа байсан сэтгүүлчид рүү даллажээ. Хос онгоцны шатаар уруудах үед Макрон Брижитэд гараа өгсөн ч, Брижит гараас нь барилгүй буусан байна.
Discussion about this post