МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА Хандмаа.Б -Дэлхийн урлагийн өдөрт- khandmaa@montsame.gov.mn
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдөр урлагийг танин мэдүүлэх, урлагаар дамжуулж соён гэгээрүүлэхэд сэтгэл зүрхээ харамгүй хайрладаг бүх уран бүтээлч, галерей, урлагийн холбоодын баярын өдөр. Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд уриатай үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах баг энэ өдөр Үндэсний урлагийн их театрыг зорьж очсон юм. Ингээд та бүгдийг Монголын Үндэсний Урлагийн их театрын захирал УГЗ Гончигийн Цоггэрэлтэй уулзуулъя.
–Дал гаруй жилийнхээ түүхэнд Үндэсний урлагийн их театр нэрээ хэд хэдэн удаа шинэчилсэн байдаг. 2016 оноос шинэ нэртэй болсноор тус театрын үйл ажиллагаа, уран бүтээлчдийн бүтэц, бүрэлдэхүүн урын сангийн хувьд илүү өргөжсөн гэж ойлгож болох уу?
-Үндэсний урлагийн их театр маань анх Ардын дуу бүжгийн чуулга хэмээн ард түмнээрээ, дуугаараа овоглогдсон сайхан нэртэй байсан. Үнэхээр энэ чуулгыг мэдэхгүй хүн байхгүй. Энэ чуулгын жинхэнэ суурийг агуу улсууд тавьж, эндээс Б.Лхамжав, Н.Норовбанзад, П.Адарсүрэн, Д.Банзрагч гээд олон сайхан дуучин, мөн олон сайхан хөгжимчин, бүжигчин төрж гарсан. Энэ байгууллага маань Монголын домог болсон бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги, монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын уламжлалыг шинэ цаг үед бүрдүүлэн бий болгох их үйлсийн гарааг эхлүүлсэн Л.Мөрдоржийн нэрэмжит хөгжим анги, хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит ардын дууны гэсэн гурван 3 ангиас бүрддэг л дээ.
Ардын дуу бүжгийн чуулга гэдэг энэ нэрийг би үнэхээр их биширдэг, шүтдэг. Түүний дараа 1980-аад оны сүүлээр Үндэсний Дуу бүжгийн эрдмийн чуулга гэж нэртэй болсон. Би 2012 онд энэ байгууллагын даргаар ирсэн. Мэдээж бид шинэ цаг, шинэ үе рүү явж байгаа учраас шинэ хөгжилтийг бий болгох ёстой. Байгууллагын маань орон тоо ч өндөр, үндэсний өв соёлыг авч яваа анхны том голомт учраас Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр гэж нэрших учиртайг албан ёсоор Засгийн газарт уламжилж энэ нэрийг тухайн үеийн Засгийн газар олгож байсан юм. “Түмэн эх”, Улаанбаатар, “Зүки Хаус” чуулгууд 30-40 хүний бүрэлдэхүүнтэй бол манай чуулга 200 ажилчтай шүү дээ.
-Тэгэхээр төрийн их найрал гэдэг нэрийн тухайд хэрхэн ойлговол зохистой вэ?
-Ер нь бол, хоёр мянгаад жилийн өмнө монгол улсын үндэсний их найрал үүссэн гэж эрдэмтэн судлаачид ярьдаг. Юань гүрний Хубилай хааны үед бол 500-гаад орчим хүний бүрэлдэхүүнтэй үндэсний хөгжмийн их найрлыг бий болгож, тоглож байсан тухай түүх ч бий.
Харин орчин үеийн энэ их найрал бол 70 жил болох гэж байна. Төрийн их найрал маань өнөөдөр Монголын нүүр царай болсон 70 орчим хөгжимчинтэй.
Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний төрийн их найрал маань өнгөрсөн онд Азийн орнуудаас анхдагч болж, Берлиний филармоний зааланд тоглолоо. Дэлхийн хүн бүхний мөрөөддөг, хүсдэг тэр акустиктай, 2500 хүний зааланд Монголын төрийн их найрал маань 60 хүнтэйгээ очсон. XIII зуун, Юань гүрний үеийн түүхийг сэрээх хөгжим аялгуу, үндэсний бахархал болсон хөгжмийн зохиолуудыг эгшиглүүлсэн. Франц, Бельги, Итали, Унгар, Австри гээд олон орноос ирж үзэж сонирхсон. Монгол хүн болж төрснөөрөө, монгол өв соёлоороо тэд бахархлаа. Үзэгчид нь Б.Шарав, Н.Жанцанноров, Г.Бирваа нарын агуу хөгжмийн зохиолчдын маань уран бүтээлийг ямар ч дуу авиа гаргахгүй, чинхүү сэтгэл хөдлөлтэй, нулимс мэлтэгнүүлэн сонссоноор нь бид ч мөн бахархлаа.
Энэ бол хөгжмийн аялгууг хүний сэтгэлд хүртэл бичиж чадсаных шүү дээ. Нэг л буруу авиа гаргахад сонсогддог тэр зааланд хөгжимчид маань ч мэргэжлийн өндөр түвшинд ямар ч алдаагүй, маш цэвэр тоглосон.
Тоглолтыг би гар утсаараа бичсэнээ хүнд сонсгоход “шар үс босож байна” гэж байсан. Тийм гайхамшигтай сайхан цэвэр сонсогддог заал юм билээ. Манай залуу, ерөнхий удирдаач Э.Мөнхбаяр тэр тайзан дээр ёстой гайхамшгийг харуулсан шүү дээ. Германы филармонийн ерөнхий удирдаач нь өөрийнхөө оркестрыг удирдахыг албан ёсоор урьсан.
–Хөөх ямар бахархалтай юм бэ?
-Тийм ээ, гайхамшигтай. Тоглолтын дараа манай уран бүтээлч нарт сэтгэгдлээ илэрхийлж байснаас нь олон зүйлийг тодорхойлж болохоор байсан л даа.
-Үнэхээр бахархалтай сайхан тоглолт болсон гэсэн. Энэ тоглолтын тухай хоёулаа үргэлжлүүлэн ярина. Тэгэхдээ та түүхийн талаар ярьсанчлан Их хаадын маань ёслол хүндэтгэлийн дуу хөгжим гэж гайхалтай сайхан юм байсан байж таарна. XVII-XIX зуунд ч Монголын ихэс дээдэс дэргэдээ дуу хөгжмийн хамтлаг, чуулбартай байсан гэдэг. Үндэсний урлагийн ийм их баялаг өвийг энэ найралд гайхалтайгаар шингээсэн гэж үздэг шүү дээ. Нутаг нутгийн өвөрмөц донж маяг нь хэрхэн хадгалагдаж ирсэн бэ?
– Монголын үндэсний урлагийн их театр бол Монголынхоо 21 аймгийн үндэстэн ястны урлагийн их айг хадгалж явах ёстой. Хөгжим, бүжиг, дуун дээр ч албан ёсоор тэгж шингээж явдаг. Яагаад гэж үү, бидний тусгаар тогтнолын дархлаа болохоор тэр юм. Өөрийн тань хэлээд байгаачлан 21 аймгийнхаа хэв маяг, аяг жаяг, хэл яриа, ёс заншлыг бид хэзээ ч уран бүтээлдээ алддаггүй. Ц.Сэвжид гэдэг агуу хүний “Монгол бүжгийн чуулбар” бүтээл 60 жил түүчээ нь болж явна. Үйл хэргийг нь залгамжлан түүний хүү, хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар олон сайхан бүжиг дэглэсэн. Тэгэхээр энэ бүжгийн бүх өв соёлыг төрийн их найрал маань тоглож байна. Тоглохдоо бүх аяг жаягийг нь хадгалдаг учраас монгол үндэстний сонгодог ардын язгуур урлаг бол Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын төрийн их найрал, бүжиг, дуу ангид байдаг.
Төрийн айлчлалын үеэр манай бүжиг, дуу, хөгжим анги яг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглодог. Түүний улбаагаас Монгол Улсын Ерөнхийлөгч маш том хүчин зүтгэл гаргасны үр дүнд мэргэжлийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт, технологи, тайзтай театрыг барих асуудал шийдэгдээд явж байна.
–Үндэсний урлагийн их театрыг хэзээ барих төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ер нь бол, 2027 оны сүүлчээр хэмээн яригдаж байгаа.
–Та Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн дунд нутаг нутгийн онцлог харагддаг тухай ярьж байсан. Энэ уламжлал ямар байдлаар илэрдэг вэ?
-Монгол Улсын үндэсний урлагийн их театрын бүжиг ангид Дорноговийнхон их байдаг. Ц.Сэвжид гуай Дорноговийн хүн. Тэнд нэг голомт байсан гэсэн үг шүү дээ. Одоо ч гэсэн тэнд Ц.Сэвжидийн нэрэмжит хүүхдийн театр байдаг юм билээ. Тэндээс нь бүжигчид ундарч байдаг. Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын бүжгийн ангийнхны 70-80 хувь нь Дорноговийнхон байдаг юм шүү дээ.
Уртын дуу бол яалт ч үгүй Дундговь нутгаас улбаатай. Харин сүүлийн үед Хөвсгөл, Сүхбаатар, Увс гээд олон газраас уртын дуучид төрж байна. Манай хөөмийчид олон үндэстэн ястны өлгий Ховдын Чандманиас их залгамжилсан байдаг. Үндэсний урлагийн их театрын 4 хөөмийчний 3 нь Чандманийнх, нэг нь Өмнөговийнх. Ийм нутаг нутгийн улбаа суурьтай онцлогууд манай Үндэсний урлагийн их театрт бий.
–Үндэсний урлагийн Их театр маань маш олон газраар явж тоглож байсан байх. Ер нь хаана хаана тоглож байв?
-Монголын түүхэнд анх удаа дэлхийн түвшинд гарч, дэлхийн улс орнуудын тайзанд хөл тавьсан ардын урлаг бол Ардын дуу бүжгийн чуулга юм. Ц.Сэвжид гуайтай 1995, 1996 онд Европын орноор тоглосон байдаг. Түүний дараа үеийн С.Сүхбаатар гуай эд нар 2000 оны үед Америкийн орнуудаар тоглосон. 1990-2000 онд бол Н.Норовбанзад гуай дэлхийг тойрчихсон гэж хэлж болно.
Түүнээс улбаатай дэлхийн түвшинд гарч байгаа хүмүүс гэвэл Хү хамтлаг. Энэ хамтлагийн 2-3 хөгжимчин манай чуулгын морин хуурч, лимбэчин байсан. Хү хамтлагийн Б.Дашдондог бол Чандманийн хүн юм билээ. Бас л нутгийн улбааг харуулж байгаа биз дээ. Хөөмийг рок хөгжим рүү хувиргасан урсгалаараа Хү хамтлаг бусдаас ялгараад байгаа шүү дээ.
Манай бүжгийг хүмүүс их хүсдэг юм билээ. Өнгөрсөн онд төрийн их найрлыг Германд тоглоход бүжгийг их хүсэж байсан.
Манай бүжгийн тавилт, хөгжим нь сэтгэл зүйн хувьд маш их хүчирхэг, хурд хүчтэй, энерги ихтэй, хүнийг огшоох онцлогтой байдаг юм билээ.
Бүжиг ангийнхнаа энэ жилээс гадаадад тоглуулъя гэж бодож байгаа. Монгол Улсын Үндэсний Урлагийн Их театргүйгээр наадам хийдэггүй шүү дээ.
–Тийм ээ, төсөөлөхгүй…
-Үнэхээр төсөөлөгдөхгүй байгаа биз дээ. 2020 оны телевизээр хийсэн тэр контент маш гоё болсон. Б.Баатарын хийсэн тэр контентод манай Үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон.
Тэр контентын уран сайхны удирдаачаар би ажилласан юм. Түүний дараа “Тамгагүй төр” гэдэг Англи, Сингапурт тоглосон уран бүтээл бол Монголын Үндэсний урлагийн их театраас мөн улбаатай л гэж би хэлнэ. Яагаад гэхээр, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын бүжигчид анх энэ бүжигт хүчээ дайчлан ажилласан. Үүнийг 2020 оны наадмын контент дээр Б.Баатар найруулагч маш овсгоотой харж, “Цогоо ах аа, “Тамгагүй төр”-ийг ингээд хийвэл ямар вэ” гэж байсан. “Монгол хаан” жүжиг Английн алдарт Колизей театрт 17 удаа тоглосон шүү дээ. Ийм учраас манай бүжигчдийг дэлхийд гарчихсан гэж хэлж болно.
-Манай бүжигчид олон улсын уралдаан тэмцээнд ч оролцож, байр их эзэлдэг шүү дээ…?
-Тийм ээ, манай бүжигчид үнэхээр чадварлаг. Азийн наадам, дундад Азид болж буй тэмцээнд очиж олон удаа гранпри авч байсан. Тэгэхээр би бүжигчдээрээ бахархана, хөгжимчдөөрөө бахархана, дуучдаараа бахархана. Би “Хувьсал” продакшныг анх үүсгэн байгуулаад, хувийн секторт явж байсан хүн. Одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхад 2018 онд би “Монголын соёл урлагийн төвлөрсөн орлогыг татдаг мөнгийг та зогсоож, өөрсдөө захиран зарцуулдаг болгох асуудлыг шийдэж өгөөч” гэж хүссэн юм.
Яагаад ингэж хэлсэн бэ гэхээр, бид уран бүтээлчээ алдахгүй байх ёстой. Мөн байгууллагынхаа эд хогшил, засвар үйлчилгээг улсад үүрүүлэхгүй явъя гэсэн юм. Ингээд 2018 онд шийдвэр нь гараад 2019 оноос хэрэгжүүлж эхэлсний ачаар манай байгууллага эхний 15-20 хүнээ байрны урьдчилгаанд оруулж байлаа. Энэ шийдвэрийн ач тусыг одоогоор 190 гаруй ажилтан маань хүртчихээд байна.
-Та, бид хоёр түрүүнд их сайхан сэдэв хөндөөд завсарласан. Тэр нь ХБНГУ-д тоглосон тоглолтын тухай байсан. Берлиний филармонийн концертын их танхимд тоглох нь маш хатуу цензуртэй байх. Хэрхэн сонгогдож тэр тайзан дээр очив?
-Герман, Монголын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Соёлын элч Ц.Гэрлээ, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг нарын олон хүний хичээл зүтгэлийн үр дүнд Берлиний зааланд тоглох боломж бүрдсэн.
Үнэхээр хамгийн том акустиктай, цензуртэй заал юм билээ. Бид Германы гурван хотод тоглосон. Нюрнбергийн заал бас 1800 хүний суудалтай, их гоё заал байсан. Франкфуртын онгоцны буудал дээр 30-40 минутын бүтэн тоглолтыг бид бас хийсэн. Үүний дараа Бельгид суугаа Монголын Элчин сайд Лу.Болд Люксембург, Бельги, Францад 2025 онд тоглох саналыг бидэнд тавьсан. Энэ нь бас хэрэгжих байх аа гэж бодож байна.
–Берлиний филармонийн концертын их танхимд тоглосон Азийн анхны оркестр гэсэн үү?
-Манай төрийн их найрал бол Азиасаа анх удаа очиж тоглож байгаа оркестр юм билээ. Берлиний филармонийн зааланд Азиас ямар ч оркестр очоогүй байхад манайх анх удаа зөвшөөрөгдсөн.
-Бахархалтай, тэгээд бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж тоглосон гэдгээрээ бас онцлог, тийм үү?
-Тийм, бүрэн бүрэлдэхүүнээрээ. Өмнө нь 25 хүнтэй Бельгид тоглож байсан. Ер нь бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж байж тоглолт маань утга төгөлдөр, бүх санаагаа илэрхийлэн гаргадаг юм билээ. Тэгээд Берлиний филармонид тоглосон гэдэг нь нэрийн хуудас сертификат нь болдог юм байна. Тэгэхлээр би үүнийг хамгийн түрүүнд маш том алхам хийсэн тоглолт гэж бодож байгаа юм.
–Германы 3 хотод хийсэн тоглолтын тухай Германы хөгжмийн шүүмжлэгч Фолкер Тарнов бичихдээ “1241 оны Монголын “Их шуургыг” бид өнөөдөр мэдэхгүй байгаа ч энэ мягмар гарагт Берлиний филармонид мэдрэгдсэн шиг амар амгалан байгаагүй нь мэдээж” хэмээн эхэлсэн байсан. Ерөнхийдөө Монголын их амар амгаланг мэдрүүлсэн сайхан тоглолт болсон юм байна даа гэж бодогдсон. Тоглолтын сэдэв, агуулга юуг илэрхийлсэн бэ?
-“Монголын сайхан эх орон” гэдэг тоглолт байсан. Мэдээж “Монголын сайхан эх орон” гэдэг маань Э.Чойдог гуайн том уран бүтээл. “Монголын сайхан эх орон” дотор олон сайхан агуу уран бүтээл байдаг. Тэдгээрийг задлаад нэрлэбэл “Жалам хар”, “Алтан өргөө”, “Хатагтайн мэндчилгээ” гээд нэг нэгээрээ бүтээл болчихсон явж байна шүү дээ. Алдарт “Жалам хар” бүжгийн ая л гэхэд үнэхээр гайхамшигтай.
Тэгэхээр “Монголын сайхан эх орон” тоглолтод авьяаслаг уран бүтээлчдийн маань уран бүтээлүүд зонхилсон. Миний хувьд, манай тоглолт үнэхээр зөөлөн, их намуухан байсан уу гэвэл үнэн. Үнэхээр хөгжмийн ертөнцийн агуу үзэгчид Европт байдгийг би харсан. Сонсож чаддаг, үнэлж чаддаг, гайхамшгийг мэдэрч чаддаг тийм л ард түмэн үнэллээ гэж бодогдсон. Хөгжмийн агуу ертөнцөд очиж байгаа учраас манай хөгжимчид өөрсдийгөө ямар хөгжимчид болохыг мэдэрч авсанд нь би хамгаас их баяртай байгаа.
–Үнэхээр, германчууд бол дэлхийд нэртэй маш олон хөгжмийн зохиолч, суутнууд төрсөн, хөгжмийн их боловсролтой ард түмэн шүү дээ.
-Дээд зэргийн хөгжмийн боловсролын гал голомт Германд байна шүү дээ.
– Франкфуртын тэр онгоцны буудал дээр тоглосон тухайд?
-МИАТ, Үндэсний урлагийн их театр хоёр яг адилхан Монгол Улсын төлөө зүтгэж байгаа. Тэгэхлээр бид тэнд 60-уулаа буусных, МИАТ-ынхаа үйл ажиллагааг дэмжин 30-40 минутын тоглолт хийсэн юм. Тэнд газар болгоноос ирсэн, буусан ард түмэн бүр гайхсан. Бүгд зураг аваад л. Тэдэнд Монгол Улс, МИАТ хоёроо сурталчилсан тоглолт байсан учраас надад бол хамгийн гоё тоглолт тэнд боллоо гэж бодогдож байсан.
–Германд болсон тоглолтуудыг маш олон хүн зорьж ирж үзсэн гэж та ярьсан. Тэдний дунд монголчууд маань олуул байсан байх, тийм үү?
-Маш их баярласан, уйлж байна билээ. Мэдээж нутаг орноосоо арав, хорин жилээр хол байдаг улсуудын сэтгэл их хөдөлсөн байх. Хөгжим урлаг гэдэг бол үнэхээр хүний сэтгэлийг яг гэрт нь аваачдаг шүү дээ. Хөгжим сонсоод магадгүй тэд 18 нас руугаа очсон байх. Морь унаж байсан зэлэн дээрээ, саам уугаад гүйж явсан бага насандаа, худгаас ус татаад, үхэр тугалаа эргүүлж, адуу малаа хөөгөөд гүйж явсан ахуй нь харагдсан байх. Нүүдэлчин ахуй амьдралыг уран бүтээлчид хөгжмөөр гайхамшигтай сайхан урлачихсан болохоор морин хуураа дуугарахад л тэд огшино, хөөрнө.
Үндэсний хөгжим маань тийм онцлог, ийм өвөрмөц учраас тэнд монгол хүний л сэтгэл зүйг илэрхийлсэн нөгөө эвэр бүрээ, ятгаа тэнд эгшиглүүллээ шүү дээ. Эвэр бүрээг л гэхэд үхрийн эврээр хийж байна, бид. Үзэгчдийн дунд Унгар, Франц, Австриас очсон улсууд зөндөөн байсан. Бидний буусан буудлын зэргэлдээх буудлуудад байрлачихсан, та нарыгаа үзэх гэж байгаа шүү дээ гээд л хөөр баяртай хөлхөлдөцгөөж байсан. Настай улсууд нь бүр их огшдог юм билээ. Тэгээд Б.Шарав гуайн “Сэтгэлийн эгшиг” явахад мэгшээд эхэлж байсан л даа.
-Монголчууд бүгд монгол дээлтэйгээ ирсэн байсан гэсэн …?
-Тийм бүгд монгол дээлтэй байсан. Тэгээд дараа нь “Мандухай Цэцэн”-г явахад л уйлаад л. Би өөрөө ч байнгын сонсдог хүн мөртөө тэр хүндтэй тайзан дээр, тухайн орчинд очоод сонсоход ч сэтгэл ер бусын их хөдөлдөг юм билээ. Агуу уран бүтээлчдийнхээ бүтээлийг шинээр таньж мэдрэх шиг гайхалтай, бас бахархалтай байсан л даа /хоолой зангирав сурв/.
-Үүнийг сонссон миний ч нүдэнд нулимс цийлгэнэчихлээ, нээрэн үнэхээр гоё байсан гэж монголчууд маань бас бичсэн байна билээ. Үндэсний урлагийн их театрын цаашдын зорилт нь юу вэ?
-Энэ онд манай байгууллага 75 нас хүрнэ. Тэгэхээр бид 75 насандаа Монголын 3 үеийг харуулсан хамгийн том, бест тоглолтыг хийнэ. Мэдээж 3 үе гэдэг бол Ардын дуу бүжгийн чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний урлагийн их театр гэсэн гурван цагийг илэрхийлнэ, бас харуулна. Тэгэхээр 75 жилийн ойд бид олон сайхан уран бүтээл хийх зорилго тавьсан.
Нэгдүгээрт, бид сайхан номууд гаргана. Алдарт У.Шекспирийн “Ромео Жулетта”-г цэвэр монгол хөгжим, бүжгэн жүжиг хэлбэрээр тавих гэж байгаа. Тэгэхдээ Монголын үндэсний бүжиг нь 40 хувь, 10 хувь нь сонгодог, залуучуудын этник хэлбэр нь 10 хувь, хип хоп тал руугаа 10 хувьтай байхаар бодож төлөвлөж байна.
Учир нь, “Ромео Жульетта” бол 13-18 насныхны уран бүтээл. Энэ жилийг Засгийн газраас “Залуучуудын жил” гэж зарласантай уялдуулаад орчин цагийн залуучуудад зориулж монгол үндэстний бахархалт өв соёлыг харуулахын тулд юм. Эвэр бүрээгээр Ромео, Жульетта 2-ын тагтан дээрх хэсгийг тоглоход шал өөр, гоё дуугарна. Монгол бүжиг гэж гайхамшигтай бүжгийг Жульетта дээр хийж болно. Хоёрдугаарт, “Ромео Жулетта”-г ингээд хийчихжээ гээд өөр өнцгөөр харуулах боломжтой. Би төрийн наадмыг 2019 онд найруулсан, төрийн концертыг гурван жил найруулж байсан. 2013 онд би өөрийн санаачилгаар “Монголын их хатад” бүжгэн жүжиг тавьж байсан. Тэгэхээр их театрынхаа шинэ өргөөг нээхэд “Монголын Хаад” гэдэг уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа.
–За баярлалаа, монгол соёлын уурхай болж, эх орноо гадаадад ч урлаг уран сайхнаар таниулж, сурталчилж яваа танай бүтээлч хамт олны цаашдын уран бүтээлд улам их амжилт хүсэн ерөөе.
-Нэр хүндтэй үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн нэвтрүүлэг, ярилцлагад оруулж буй та бүхэнд маш их баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье ээ.
Эх сурвалж: Montsme.mn Б.ХАНДМАА
Discussion about this post