Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын дундаж давхаргынханд “legacy” үлдээлээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

-Баялгийн өгөөжийг иргэн бүрийнхээ дансанд шууд хийгээд хуулиар бөхөлчихсөн анхны Ерөнхий сайд гэдэгтэй нь хэн ч маргахгүй”

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан мэдээ бусад хууль, тогтоомжуудын нэгэн адил төдийлөн “цуурайтаагүй”. Харин энэ хуульд заасан “Хуримтлалын санд төвлөрч буй Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхай тус бүрийн 34 хувиас хүртэх өгөөж Монгол Улсын иргэн бүрийн дансанд шууд орлого орно” гэдгийг шивнэж хэлсэн ч сонсохуйцаар бүгд чих тавин нүд сэргэв.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түүхэнд бичигдэхээр амжилт “хийчихлээ”. Маргахын аргагүй энэ амжилт юу байсан бэ? Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн түүхээ ч харсан өнөөдрийнх шиг экспортын орлогоо 15 тэрбум ам.долларт, валютын нөөцөө 5 тэрбум ам.долларт хүргэж үзээгүй юм байна. Жишээ нь 1997 онд бид 500 сая ам.долларын экспорттой байсан улс шүү дээ. Өнөөдрийг хүртэлх тоотой харьцуулах гэхээр арай л галзуу зөрүү гарах гээд байна. Ойрын жилүүдийнхтэй харьцуулъя гэвэл Ковидын үед бид 7 тэрбум ам.долларын экспортын эргэлттэй байсан бол зөвхөн 2023 онд энэ тоо хоёр дахин үржигдэж, экспортын хэмжээ 15 тэрбум ам.долларт хүрлээ шүү дээ. Одоо энэ тоогоо 20 тэрбум ам.долларт хүргэнэ гэж байна. Маш үнэмшилтэй, ойрхон санагдаад байгаа юм. Ямартай ч жил бүр Монгол Улс ийм хэмжээний валютын орлоготой болж байна. Үүнээс татвараа авна, валютын нөөцөө бүрдүүлнэ. Энэ “масштабын өөрчлөлт”-ийн үр дүнг эдийн засагчид тэгтлээ тодоор ярихгүй байгаа нь сонин.

 

Сүүлийн 4 жилийн экспортын өсөлтийн графикаас харахад 2020 онд 7.6 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 15.2 тэрбум ам.долларт хүрчээ. Экспортын орлогыг ийнхүү эрс буюу үсрэнгүй өсгөхийн тулд Засгийн газар маш их ажил хийсэн. Үүнийг үгүйсгэх аргагүй. Юуны өмнө боомтын сэргэлт гэдэг том ажлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн. Мөн “Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”, Авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлснээр 107 мянган ажлын байр хадгалж, далд эдийн засгийг ил болголоо. Үр дүнд нь цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг 2023 онд 7 хувиар өсч энэхүү өсөлтийг өрх бүрт, иргэн бүрт хүргэхээр ажиллаж байна. Эдгээр өөрчлөлтийн үр дүн нь төгрөгийн ханш, валютын ханш, зээлийн хүү, бизнесийн идэвхжилт гээд сувгуудаар өрхийн эдийн засагт мэдрэгдэж эхэлнэ. Үүнд тодорхой цаг хугацаа шаарддаг.

Яаж энэ амжилтад хүрснийг бид нийтээрээ харсан. Наад зах нь нүүрсний экспорт дээр асар их хулгай байсныг илрүүлсэн. Тэрбээр УИХ-ын чуулганы индрээс “Нүүрсээ амны үнээр 60 орчим ам.доллараар, хилийн цаана очихдоо 120-180 ам.доллароор борлуулж, дундах 60-80 ам.долларыг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Зөвхөн энэхүү далд эдийн засгийг ил болгоход Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байна” гэж тэрбээр мэдэгдэж байв. Өнөөдөр ямар үр дүнд хүрэв? Дөрвөн жилийн өмнө нүүрсний үнэ одоогийнхоос ч өндөр байхад экспортын хэмжээ 7 тэрбум ам.доллар л байв. Тэгэхээр амны үнэ гэж 60 ам.доллараар зараад уурхайн бодит ашиг алга болчихжээ. Гэтэл “ЭТТ” компанид аргагүйн эрхэнд ч гэх үү, БЭТ томиллоо, нүүрсээ биржийн үнээр зарах болов. Авлигатай тэмцэж, “ЭТТ” компанийн засаглалыг сайжруулж, зөв зохион байгуулж, дотоод хяналтыг сайжруулж, борлуулалтыг хянаж чадсаны үр дүнд “савируулаад байсан мөнгийг савандаа” авч үлдлээ. Ашгаа хилийн цаана, тээвэрлэлт дээр хуваагаад байсан бүлэглэлийг илрүүлж далд аргаар олж байсан ашгийг нь таслаад цавчаад эхлэхээр  экспортын хүчин чадал, орлогын хэмжээ бодитойгоор өсчихөж байна.
Цаашид Монгол Улс жил бүр 15 тэрбум ам.доллар олж байна гээд бод доо. Ингэснээр Монгол Улс эдийн засгийн хувьд хамгийн том дархлаа болох төлбөрийн чадвар болон бусад төрлийн эрсдлээсээ гарчихаж байгаа юм.

Үндэсний баялгийн сангийн энэ санаа бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын санаа. Бид Баялгийн санг олон жил, янз бүрээр ярьж төлөвлөсөн. Хувьцаа хэлбэрээр өгч үзсэн, заримдаа бэлэн мөнгө тараах хэлбэрээр ч өгч үзсэн. Хүүхдийн мөнгө гэдэг нэр дор ч явуулж үзсэн. Янз бүрийн хэлбэрээр үзсэн. Одоо энэ Баялгийн санд хийхдээ иргэдийнхээ нэрийн дансан дээр нь хадгалъя гэдэг санааг хуульчилж чадлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ тухайгаа тайлбарлахдаа “Үндэсний баялгийн сан” нь “Ирээдүйн өв сан”, Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан”-гаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сангийн загвар болон баялгийн үр өгөөжийг нийгмийн чухал зүйлд зарцуулах Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурлан боловсруулагдсан” гэсэн юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслөө өргөн барих тэр мөч “Энэ миний ойлгож байгаа Монгол Улсын хөгжил” гэсэн санааг илэрхийлж байв. Үүнийг нь УИХ баталлаа.

Бид өнгөрсөн 30 жилд хэдэн Ерөнхий сайдтай учрав. Хэд нь баялгийн зөв хуваарилалтын тухай ярьсан билээ? Байгалийн баялгийнхаа хамаг шимтэй хэсгийг “найзууддаа” л хуваарилдаг биз дээ. Гэтэл иргэдийн амьдрал хэвээрээ. Харин одоо ямар ч Засгийн газар, УИХ булаан авч чадахааргүй нөхцлөөр шууд иргэд тус бүрийнхээ нэрийн дансанд ашгийг нь хийхээр хуульчилчихлаа. Баялгийн өгөөжийг шууд иргэддээ хүртээсэн цорын ганц Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ байж чадлаа. Үүнтэй хэн маргах юм бэ?

Монголын нөхцөлд хамгийн зөв хувилбар энэ мөн гэж эдийн засагчид, судлаачид дүгнэж байна. Өнөөдөр Монголд дундаж давхаргынхан хөрөнгөгүй байна. Тэд тэтгэвэрт гарахаараа бүр нэн ядуу давхарга руу орчих гээд байдаг. Тиймээс уул уурхайн баялгийг иргэн бүрийнхээ өөрсдийнх нь нэр дээр хадгалаад байя, өрх рүү энэ мөнгийг шилжүүлээд үр дүнд нь тухайн өрх хуримтлалтай болж, хэрэглээгээ нэмж бусад асуудлаа зохицуулж болох юм гэдгийг олж хараад зогсохгүй хийж чадсан нь энэ.
Зарим хүнд “ад үзэгдэн” байж тэрбээр “Монголын эдийн засаг пирамидтай болчихсон. Дундаж давхаргын өрхүүдэд байх ёстой мөнгө  тэр пирамидын орой дээрх хэдхэн гэр бүл дээр төвлөрчихлөө. Би үүнтэй тэмцэнэ, дэмжээрэй” гээд байсан даа. Энэ бол байгалийн баялгаараа төсвөө бүрдүүлдэг бусад улс оронд ч байдаг л “проблем”. Өөрөөр хэлбэл, пирамидын оройн хэсгийг хэдхэн хүн, эсвэл бүлэглэл эзэмшиж байгаад  хамгийн эхний улс төрийн хямрал, дайн самуун, гамшиг ослоор баялгаа аваад, үйлдвэр байвал зарчихаад тэр улсаас гараад явчихдаг.

Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжих арвижих суурь зарчим нь уул уурхайн баялгийн ил тод, шударга ёсны зарчимд суурилах нь ойлгомжтой. Баялаг бүтээх, баялаг ашиглах гэдэг бол олон улсын жишигт тэнгэр газар шиг зөрүүтэй ойлголт байдаг. Байгалийн баялаг бол хүний гараар бүтээгдээгүй, дахин хэзээ ч сэрээгдэхгүй, олон сая жилийн хугацаанд бий болсон, газрын хэвлийд орших, ард түмэн, бүх нийтээрээ үр өгөөжийг нь хүртэх учиртай баялаг юм. Аль ч улсын дахин сэргээгдэхгүй баялгийг ашиглагчид нь тухайн ард түмэндээ туйлын хүндэтгэлтэй хандах, нийгмийн хариуцлагатай байдаг нь олон улсын нийтлэг ёс зүйн хэм хэмжээ юм. Энэ баялаг хаана хуримтлагдсан байх ёстой вэ гэхээр хувьцаа болох ёстой юм байна. Хувьцаа нь дундаж давхарга дээр байх, хуримтлал болоод хадгалагдах ёстой аж. Хамгийн гол нь энд бид “хоосон бичилт” биш экспортоос бий болсон бодитой орлогын мөнгөний тухай ярьж байна. Энэ бодитой мөнгө нь буцаад эдийн засагт орж байх ёстой. Орохдоо иргэдийн нэрийн дансаар орно. Ингэж иргэддээ уул уурхайн үр өгөөж нь шууд очдог болж байна. Бид уул уурхайн салбар хөгжиж олон том ордууд ашигтай ажиллаж, экспортын орлого нэмэгдэх бүрт иргэн бүрийн дансанд мөнгө орж, өрх бүрийн орлого нэмэгдэж байх ийм зөв модель руу орж чадлаа. Тэр уурхайн орлогоос хүртэж буй иргэн бүр тухайн уурхайнуудын үйл ажиллагаа, засаглал, ашиг орлогод хяналт тавина.

Ингэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын дундаж давхаргынханд “legacy” үлдээлээ
Дахин хэлэхэд түүнийг байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрийнхээ дансанд шууд хийгээд хуулиар бөхөлчихсөн анхны Ерөнхий сайд болж чадсан гэдэгтэй нь хэн ч маргахгүй биз ээ.

Next Post

Discussion about this post