Урвагч гэж хэн бэ? Бид урвагч гэдэг нэршлийг эх орныхоо эсрэг юм шиг санагдсан нэг нэгнээсээ эхлээд, өөрт таалагдахгүй этгээдэд хүртэл баруун солгойгүй зүүсээр ирсэн нэршил ч, урвалтын жинхэнэ логикийг хэзээ ч сонирхож байсангүй. ХХ зууны социалист үзэл суртал өөрийн дэглэмийг эсэргүүцэгчдийг болон түүндээ тааламжгүй этгээдийг урвагч болгон дүрсэлж хоногшуулсан нь биднийг бүр ч төөрөлдүүлсэн юм.
Ихэнхдээ асуудлыг ганц талаас нь харж дүгнэдэг, урвагч болдгийг зөвхөн “ил үйлдэл” талаас нь харж оношилдог учир хүний төрөлх муу чанартай нь холбож ойлгох нь элбэг. Их бодож л айлын хүүхэдтэй хүүхэн булаацалдах киноны гэнэн тэнэг дүр, царай муутай Дүлзэнгээр төсөөлнө. Хайр сэтгэл хөрөх, найз нөхөрлөл тасрах, хов зөөх, муу хэлэх зэргийг ч урвав гэж хэлнэ. Айлд өөрөө мөлхөж очоод өргөгдсөн нялх балчирыг ч “уравсан хүүхэд” гэдэг.
Хамгийн гол нь, “Урвагч гэж хэн бэ” гэсэн асуултаа орхиж, “Хэнийг урвагч болгодог вэ?” эсвэл “Хэнийг хэрхэн урвуулдаг вэ?” гэдэг талаас нь хайвал илүү дөхүү дүгнэлтэд хүрнэ. Мөнгөний шунал, хувийн гомдол зэрэг нь эх орноосоо урвах үндсэн шалтгаан биш, харин энэ нь хэн нэгнийг урвагч болгож болох шалтаг төдий гэдгийг дараахь баримтуудаас харах болно. Хэн нэгэн урвадаг гэхээсээ илүү хэн нэгнийг урвуулдаг аж. Нэгэнт урвуулах механизмд татагдан орсон бол эх орноо гэх халуун хайр, хүн чанар юу ч биш болон хайлан урсдаг ажгуу.
Эх орноосоо урвах гэдэг нь төрийнхөө эсрэг зориудаар дайсагнах, эсрэг талдааэд материалын болон мэдээллийн тусламж үзүүлэх, улс орондоо хохиролтой үйлдлийг бусдын даалгавараар санаатай гүйцэтгэх, төрөө самрах, унагахыг оролдох зэрэг болно. Улс төрийн урвалт цаанаа эд мөнгөний, гомдол цөхөрлийн, хайр сэтгэлийн, нөхөж баршгүй алдааны, үзэл санааны гэх мэт олон шалтагтай байдаг. Үүн дотор барьцаалагдсан урвалт хамгийн содон нь. Барьцаалагдагч өөрийн сэтгэл санааны хувирлаар биш, магадгүй гарах гарцгүй болсон аргагүй шалтгаанаар улс үндэстэндээ дайсагнадаг.
Виктор Черкашин, Грегори Фитэр нарын Spy Handler: Memoir of a KGB Officer: The True Story of the Man Who Recruited Robert Hanssen and Aldrich Ames (Тагнуул зохицуулагч: Робэрт Ханссэн, Олдрих Эймс нарыг хэрхэн барьцаалсан тухай үнэн түүх) бөөн шуугиан тарьсан ном 2004 онд хэвлэгдэн гарсан. Вашингтон дахь Тагнуулын музэйд болсонуг номын нээлтэд дурсамжаа бичсэн Зөвлөлтийн тагнуулч Черкашин өөрийн биеэр очиж оролцсон нь бүр ч том сэнсаац болсон юм.
Черкашин бол АНУ-ын Тагнуулын төвийн сөрөг тагнуулд ЗХУ ба Дорнод Европыг хариуцсан дарга Олдрич Эймс болон Холбооны мөрдөх товчооны ЗХУ-ыг хариуцсан түшмэл Робэрт Ханссэн нарыг барьцаалан өөрийн талд татан оруулсан тагнуулч юм. Үүнийх нь төлөө түүнийг Лениний одонгоор шагнаж байжээ. Хурандаа Черкашин Вашингтон дахь Зөвлөлтийн элчин сайдын яаманд далд тушаалаар ажиллаж байхдаа ийм амжилт гаргасан хэрэг.
Эймс Зөвлөлтийн талд нийт 9 жил ажиллахдаа Орост байдаг америкийн бүхэл бүтэн тагнуулын сүлжээг илчилсэн. Хожим Ерөнхийлөгч Рэйган Москвад айлчлахдаа өөрийн тагнуулуудыг солилцох санал тавихад бүгдийг нь нэгэнт цаазалсан байжээ. Эймс эхнэрээсээ салаад, шаардлага өндөртэй латин америк хүүхэнтэй суужээ. Салсан эхнэрт мөнгө төлөх, шинэ эхнэр асар их зүйл нэхэх хайчин хавханд орсон тэрээр хүнээр дамжуулан Зөвлөлтийн элчингээс 50К доллар нэхэж оронд нь чухал мэдээлэл өгнө гэсэн байна. Хэсэг мэдээлэл өгч мөнгөө авсныхаа дараа энэ урвалтаа ганц л тохиолдол гэж үзэн нуугдсан. Тэрээр оросуудыг зальдчихлаа, одоо тэр чигээрээ алга болчихоно гэж боджээ. Харин Черкашин түүнийг мөрдөн олж хийсэн хэргээр нь барьцаалан өөрийн талд 9 жил зүтгүүлжээ. Эймс баривчлагдан мэдүүлэг өгөхдөө “Би Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоонд баригдахаас айж байгаагүй, найдвартай нууц байж чадсан. Гагцхүү би оросуудаас л айж байсан. Тэд ашигласан хүнээ дараа нь илчилдэг, эсвэл устгадаг. Тэд л намайг илчлэнэ, эсвэл ална” гэжээ. Үнэхээр КГБ-ын дарга байсан генерал Калугин түүнийг илчилсэн гэдэг. Америкчууд болохоор Эймс гэнэт тансаглаад унасан учир 9 жилийн дараа арай гэж илрүүлсэн гэх. Нийтдээ оросуудаас 2 сая доллар авсан гэх. Нэгжлэгээр шинэ эхнэр нь маш үнэтэй 100 орчим цүнхтэй, мөн тийм тооны дэгжин гуталтай, Экваторт байдаг ядуу эх эцэг нь юугаар ч дутахгүй болсон байсан гэдгээр Эймсийг зөвхөн мөнгөнд болж улс орноосоо уравсан гэж тайлбарладаг. Тэр том чухал албанд буй хүн маш их хохирол учруулсан мэдээлэл дамжуулсаар атал 9 жил өнгөрөхөд барьж чадаагүйдээ ТТГ нэрэлхэж өөрснөө илрүүлсэн болж жүжиглэсэн гэх нь ч бий. Тийм ч байх.
1983 оноос Холбооны мөрдөх товчоонд ЗХУ-ыг хариуцсан тагнуул Робэрт Ханссэнийг мөнөөх Черкашин бас барьцаалж дөнгөсөн. Ханссэн Орост 17 жилийн турш үнэт мэдээлэл дамжуулжээ. Ханссэн ЗХУ тарсныг далимдуулан 1991 онд барьцаанаасаа гарч өөрийгөө суллажээ. Дахиж тэдэнтэй холбогдохгүй гэж бодсон байна. Гэвч цаадуул нь түүнийг 1999 онд мөрдөж олоод дахин барьцаалав. Эймс ч, Ханссэн ч шүүхээр орон бүх насаараа шоронд суух ял авсан. Харин Черкашин хожим хамгийгаа нарийвчлан тоочсон дурсамжаа бичин Америкт хэвлүүлснээр маш их нэрд гарч, тагнуулын түүхэн дахь хамгийн мундаг барьцаалагчдын нэгээр тодорсон юм.
Черкашин дурсамждаа тагнуул болон урвагчдад итгэдэггүйгээ бичжээ. Тэд ихэнхдээ хэд хэдэн газар давхар тагнуул хийдэг учраас найдваргүй гэсэн байна. Харин амь нас, гэр бүл, нэр төрөөрөө барьцаалагдсан хүн гарах гарцгүй болдог тул хамгийн үнэнч гуйвшгүй хамтрагч болдог гэжээ. Өөрөөр хэлбэл урвагч биш урвагдагч илүү баталгаатай! Барьцаалагдагчид төрлөхийн шударга үнэнч нэгэн байлаа ч, эх орондоо хайртай байлаа ч санаатай санаандгүйгээр нэгэнт хавханд орсон бол гарах газаргүй болдог гэнэ. Орос болон зөвлөлтийн удирдлага, тагнуулын байгууллага хүн барьцаалах олон арван жилийн туршлагатай. Сталины тагнуулынхандаа “Мөнгө өг, тэгээд болохгүй бол хүүхэн оруул. Энэ үйлчлэхгүй бол нөхөр Марксыг дууд” гэж сургасан алдартай үг байдаг. Үнэхээр барьцаалагдаагүй боловч үзэл санаагаараа дайсанд уравсан цөөнгүй тохиолдол ялангуяа хүйтэн дайны үед гарч байлаа. Оксфордын тав, атомын бөмбөгний нууцыг Зөвлөлтөд дамжуулсан Клаус Функ, эхнэр нөхөр Этэл, Жулиус Розэнбэрг гэх мэт нь үнэхээр мөнгөнд ч биш хүүхэнд ч биш, гагцхүү нөхөр Карл Маркст панаалдуулсан үзэл санааны урвагчид. Зөвлөлтийн талаас ч Англи руу онц нууц мэдээлэл маш ихийг илгээсэн хурандаа Олег Пиньковский Марксаас болоогүй, Хрущёвын цөмийн хэнээрхэл Зөвлөлтийг өрнөдтэй дайнд хүргэнэ гэдгээс болгоомжилсон үйлдэл байлаа. Үзэл санааны урвагчид үйлдлээ, ирэх хариуцлагаа эхнээсээ мэдэж байсан учраас айдаггүй.
Барьцаалагдсан хүн юу эсийг хийдгийн нэг том жишээ бол Зөвлөлтийн “нэрт” хуульч, прокурор, дипломатич Андрей Вышинский юм. Хоёрдугаар сарын хувьсгалын үед меньшевик Вышинский Петроградын цагдаагийн дарга байхдаа Германы тагнуул Владимир Ленинийг баривчлах тогтоолд гарын үсэг зуржээ. Ленин ч яахав, даруй зугтаан Разлив нуурын тэнд таг нуугдсан учир баривчлагдаагүй. Октябрийн дараа хүчний харьцаа хааш эргэж байгааг мэдэрсэн тэрээр бушуухан меньшевик намаас гарснаа зарлан идэвхитэй большевик болов. Учир нь пролетарийн аугаа их удирдагчийг баривчлах санаачлага гаргасан хүн Зөвлөлт нийгэмд 100 удаа цаазлуулсан ч багадах нүгэлтэн.
Меньшевикуудыг Оросоос хөөсөн, үлдсэнийг нь шоронд хорьсон их шуурган дундуур Москвагийн их сургуульд багшлах Вышинский өртөлгүй өнгөрөв. Ингээд ч нэмэргүйг мэдэх тэрээр өөрийн идэвхи зүтгэлээр Дээд шүүхийн эрүүгийн хэрэг хариуцсан яллагчаар томилогджээ. Бэлээхэн барьцаанд ороод ирсэн түүнийг Сталин бузар аллага хядалгынхаа цустай бээлий болгохоор шийджээ. Үнэхээр ч түүн шиг үнэнч барьцаалагдагч эрж олоход нэн төвөгтэй. Ингэж Вышинский улс төрийн алуурчин болов. Шахтинскийн хэрэгт Донбассын уурхайн 49 инжинерт төрийн яллагч Вышинский хуугаар нь цаазлан хороох ял өгөв. Үүний шанд Сталин түүнийг ЗХУ-ын ерөнхий прокуророор томиллоо. 1936-1938 оны их хядлагын бүхий л шүүн таслах хурлыг тэр удирдаж амьд хүн үлдээгээгүй.“Хэргээ өөрөө хүлээх нь гэм буруугийн хамгийн дээд нотолгоо” гэсэн түүний алдартай онол Зөвлөлтөд зайлшгүй даган мөрдөх хууль болсноор, баривчлагсадыг өөрөөр нь буруугаа хүлээлгүүлэхийн тулд аймшигт яргалал, хүчирхийлэл нь мөрдөн байцаах ажиллагааны салшгүй нэг хэсэг болов.
Вышинскийг 1940 онд дипломат албанд шилжүүлсний учир гэвэл Молотов-Риббэнтропын нууц гэрээгээр Европын хагасыг дээрэмдэн ЗХУ-д нэгтгэсэн Сталин тэр орнуудад хүчирхийлэл яргалал явуулах туршлагатай хүн хэрэгтэй болсон хэрэг. Ингэж Латви, Молдавт элчин болж үзсэн. Улам дэвшин Гадаад яамны сайд ч болсон. Сталиныг үхсний дараа түүнийг НҮБ-д суух төлөөлөгч болгосон ч, тэндээ үхсэн. Архинаас болсон гэдэг. Энэ үнэнч хүний шарилыг Кремлийн хананд оршуулжээ.
Барьцаалагдсан улс төрийн удирдагчид ч Монголд мэр сэр бий. 1921 онд байгуулагдсан Монгол төр нь Ардын, Түшмэдийн, Ноёдын гэсэн гурван намаас бүтсэн эвслийн Засгийн газар байлаа.Байгуулагдаад удаагүй засгаас Ардын намын нэрийг нь үлдээгээд, тус намыхныг устгав. Бодоо, Чагдаржав нарыг буудан хороосноор жинхэнэ угшлын Ардын намын байхгүй болжээ. Тус намын идэвхитэй төлөөлөгч Чойбалсантай ял хэлэлцэх ёстой байсан ч дотны найз Түшмэдийн намын Сүхбаатар түүнийг Орос руу зэвсэг худалдан авах төлөөлөгчөөр томилж аргалсан. Оросууд амалсан зэвсгээ өгөөгүй учир гуяа ганзгалж ирсэн түүнийг намаас хөөж, төрсөн нутаг Дорнод руу нь төлөөлөгчөөр томилсноор аварсан юм. Үүнээс хойш ач холбогдол бага сага ажил хийсэн болж, намын элдэв бохир хар бор ажилд дайчлагдаж явлаа. Хөрөнгө хураах нүгэлтэй ажлыг ч түүгээр толгойлуулсан. Нэлээд уудаг боллоо, эхнэр нь хаяад явчихсан. Арга барагдан Сүхбаатарын шарилдээр очин уйлж унжсан ч гэдэг.
Шинэ эргэлийн бодлогоор Ерөнхий сайд Гэндэн, Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрай, Бүх Цэргийн жанжин Дэмид нар Сталинтай зөрөлдөн бөөн төвөг учруулжээ. Иймээс түүнд Гэндэн нарын эсрэг тавих барьцааны хүн хэрэг болж. 1934 онд Чойбалсан Москвад очихдоо, тэнд шоронд суух Дотоодыг хамгаалах газрын орлогч Гиваапилийг байцаасан байна. Үүнд Гиваапил “Чи ноднин энд тав зургаан сар миний нэгэн адил Лхүмбийн хэрэгт холбогдоод бидэнтэй хамт шоронд сууж байсан шүү дээ. Чи яасан тэнэг хүн бэ!” гэсэн нь протоколд тэмдэглэгдэн үлджээ.
Сталин түүнийг “цагаатган” нутаг руу нь буцаасан төдийгүй араас нь 12 бикаав машин бэлэглэж, Дэмидийн хамтаар маршал цолоор шагнав. Хоёр маршал нэг дор удаан тэсэхгүй л дээ. Дөрвөн винтов буу 30 мянган сумны хамт Чойбалсанд ирүүлсэн. Үнэхээр ч их хядлагын үеэр 30 мянган “эсэргүүг” хороосон. Чойбалсан Сталины дуулгавартай боол болохыг зөвшөөрсөн шалтгаан нь нэг талаас урьд Бодоогийн, дараа нь Лхүмбийн хэрэгт орж шоронд суусан, нөгөө талаас Сталины дэмжлэгээр төрийн өндөрлөгт гарч өөрийг нь олон жил гомдоон гадуурхсан хүмүүстэй тооцоо хийх сонирхолтой байлаа. Гээд алив юм хязгаартай байдаг болохоор тэрээр эхлээд өс санасан хүмүүсээ хядлаганд илгээж байсан бол тун удалгүй огт зүс үзээгүй танихгүй хүмүүсийг, улмаар сайн таних найз нөхдөө хороох гарцаагүй шахалтанд оржээ.
Тэрээр Ерөнхий сайд болсон хойноо ямар их нүгэл хийснээ ойлгох болж. Тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд барьцаанаас гарах арга сүвэгчлэх болов. Төрсөн эцгээ хүлээн зөвшөөрдөггүй, хар багадаа гэр орноосоо дайжин хот хүрээ бараадан золбин амьдрал туулсан, эх нь араас нь хайж ирэхэд огт уулзаагүй, ах нартайгаа уулзаж учирч байгаагүй, эхнэртээ хаягдсан түүнд алдах юм бага байлаа. Иймээс Сталинтай бага багаар зөрчилдөх болж, урьдын нүгэлээ намчлах болсноо эргэн тойрныхондоо ил ярих болов. Дэлхийн бүх коммунистууд Москвад цуглан Сталины 70 насны ойг тэмдэглэхэд тэр очоогүй. Дайны дараа Манжуурын Баргад, дараа нь Шинжааны Алтай хошуунд монгол угсаатныг БНМАУ-д нэгтгэх боломж хайн дураараа ажиллагаа явуулж байв. Сталин түүнийг Цэдэнбалаар солихоор шийдсэнийг тэрээр ойлгож байлаа. Яг л Гэндэнг өөрөөр нь сольж байсан шиг. Энэ бол үхэл. Бие нь муудсан тул Москвад ирж эмчлүүл гэсэн тушаал яах гэж байгаа нь тодорхой тул хэсэг цааргалсан боловч аргагүй эрхэнд тийш явсан. Барьцаалагдсан хүнд гарц байдаггүй. Мэс заслалд орохынхоо өмнө Сталины зургийг авчруулан үнсэн, ханандаа өлгөсөн нь эцсийн удаа амьд гуйсан хэрэг. Гэвч түүнийг Монголын цагаан сарын өдөр цааш нь харуулжээ. Гэрчийг устгадаг номтой.
Цэдэнбал хар багадаа Зөвлөлтөд эхлээд ажилчин бэлдэх Рабфак дамжаанд, дараа нь Эдийн засгийн сургуульд нийт 10 жил суралцжээ. Сталины хамтралжуулалтын үеэр олон сая хүн өлбөрч үхсэн ба, өлссөн хүмүүс хүнс хулгайлах, хүнсний толоон засах, хулгайлах дээрэмдэх явдал хэт их болов. Үүнд хүүхдүүд олноор холбогдсон. Иймээс ял шийтгэлийг 12 наснаас эхлэн насанд хүрэгчидтэй адил шийтгэх хууль гарсан байна. Хүнсний хэрэгт холбогдвол цаазаар авах ял оруулаад шийтгэл маш хүнд. 15 настай Цэдэнбал хүнсний толоон зассан хэргээр баривчлагдан шоронд суужээ. Удсангүй түүнийг сулласан төдийгүй Японы цэргийн атташетэй люкс богооны нэг күпээнд суулган Москва явуулсан төдийгүй ЗХУ-аар ил дагалдангүй ганцааранг нь зугаалуулсан байдаг.
Цэдэнбалыг Зөвлөлтийн залуучуудын коммунист байгууллага Комсомолд элсүүлсэн төдийгүй сургуулийн комсомолыг даргаар томилж, тусгайлан багш нарын байранд суулгах болжээ. Хожим нь тэрээр НКВД-ийн хүндэт чекист болж, мөн ЗХУ-ын Коммунист большевик намын гишүүн болсон юм.
Сургууль төгсөөд нутагтаа ирэнгүүт нь сургуулийн захирал, сангийн сайдаар богино хугацаагаар дамжуулаад жилийн дараа МАХН-ын даргаар тавин, улс орондоо Чойбалсангийн дараа орох хоёрдугаар том хүн болгов. Зөвлөлтийн тусгай төлөөлөгч Иванов гэгч түүнтэй найзархан гүйсээр тун удалгүй архинд оруулжээ. Залуу хархүү эхнэр авахаар хэд хэдэн удаа оролдсон боловч Зөвлөлтийн төлөөлөгчид хүүхнийг нь өөлөн голж, өөрт нь зориулж бэлдсэн сайхан хүүхэн байгаа гэж ойлгуулсан байдаг. Хөөрхийг Москвад аваачин Кремлийн хамгаалалтын даргын гэрт урихад хоёр залуу хүүхэн тосон уулзав. Хожим Ширэндэвт ярихдаа “Хоёр хүүхний нэг нь хар үстэй, маш хөөрхөн татаар хүүхэн байсан тул би түүнд илүүтэй ханд өгсөн. Гэтэл элчин сайд Важнов хүүхнийг хөөгөөд явуулсан. Ингээд өглөө сэрэхэд нэг шар хүүхний өвөрт хэвтэж байлаа”.
Цэдэнбал бүх насаараа оросуудын хараанд байсан, эхнэрийгээ өөрийг нь байнга хянаж байх Кремлийн төлөөлөгч гэж үздэг тул маш их айна. Хийх юм ихтэй гэж шалтаглан үдэш болтол ажил дээрээ суухдаа эхнэрээ унтсан эсэхийг утсаар байнга асууж шалгадаг байжээ.Төрсөн газар тоонотыг нь булаан авахад ч юм хэлээгүй.
Цаг нь боллоо гэж үзээд оросууд 1984 оны 8 дугаар сарын 15-нд огцруулаад, Москвад гэрийн хорионд оруулсан. Үүнээс 5 хоногийн дараа 8 дугаaр сарын 20-нд Цэдэнбал өөрөө ЗХУКН-ын ТХ-нд захидал бичлээ.
“Харанхуй бүдүүлэг, бичиг үсэггүй ядуу малчны хүү Юмжаагийн Цэдэнбал би бээр үхэшгүй мөнхийн Лениний эх орон болсон аугаа их Зөвлөлт холбоот улсаас байнга суралцан найрамдах зөв замыг үүрд сонгон авсан билээ… Суут Лениний эх орон Зөвлөлт холбоот улсад болон түүний ленинч Зөвлөлт холбоот улсын коммунист намд үргэлж үнэнч байсан бөгөөд эцсийн амьсгалаа хүртэл үнэнч байх болно!”.
Түүхийн сургамж: “Хэн урвасан бол?” гэж хардахаасаа өмнө “Хэнийг урвуулсан байж болох вэ?” гэдэг логикоор хайвал эх орон, улс үндэстнийхээ эсрэг дайсагнагч олдоно!
()
Discussion about this post