Хожил хэний талд вэ…?

ГАНДӨЛ   

  1. Өнөөдөртөө эрх мэдлийн хуваарилалт Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр, Х.Нямбаатар нарт хадгалагдаж байгаа ч тэдний эсрэг талд үе үеийн хотын дарга, Байгаль орчны сайдаар ажиллаж асан улстөрчид, хэтэвчээрээ нэгдсэн барилгын эзэд, бүр цаашлаад 30 жилийн хугацаанд бүрдэж, бүтээсэн бүхэл бүтэн системийн авлига, тэндээс хүртэж ирсэн МАН-ын “ах нар” нь зогсож байна.

1. Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр, Х.Нямбаатар. Адилтгаж харах олон зүйл тэдэнд бий. Нэг нам, нэг парламент, нэг Засгийн танхимд тохой нийлүүлэн ажиллаж байсан бас ажилладаг. Нэг нь Ерөнхий сайд, нөгөө хоёр нь Хуулийн болон хотын бодлогыг зангидаж байна. Х.Нямбаатар хотод очихдоо тэнд тулгамдсан асуудлуудын өмнө өргөх “цагаан туг” байхгүй, харин нээлтэй, авлигагүй Улаанбаатарыг цогцлоохоо амласан бол Б.Энхбаяр сайдын тамга атгахдаа Засгийн тэргүүнийхээ тэмцлийн хуулийн илд болж ажиллахаа мэдэгдсэн нэгэн. Ерөнхий сайд болсноосоо хойш системийн авлигатай тэмцэж, тогтолцооны шинэчлэлийг үндсээр нь хийх гэж хэрэндээ л чардайж яваа нь улс төрд бий болгосон Л.Оюун-Эрдэнийн имиж. Ганц үнэн гэвэл Засгийн танхимаас гаргасан шийдвэрийг сөрөх шалтгаан Х.Нямбаатарт үгүй, эсрэгээрээ хотод хамаарах асуудлаас булзаж, бултах шалтаг Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаярт байхгүй. Эрхэлдэг албан тушаал, хариуцсан салбар, хийж, хэрэгжүүлэхээр зорьж буй амбийц нь өнөөдөртөө Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр, Х.Нямбаатар нарыг нэгтгэж, нэгнээ дэмжиж, дэмнэх бодит шалтгаан.

Гагцхүү 76 гишүүнтэй сүүлчийн парламентын бүрэн эрхийн хугацааны төгсгөлд Монголын улс төрд түймэр дэгдээх ээлжит нүүдлийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар хийхээр болсон нь нийслэлийн газар олголт, нийтийн тээвэрт хамаарах асуудлаарх “Нээлттэй сонсгол”. Үүнийх нь хуулийн илд мэдээж сайд Б.Энхбаяр. Өөрийнх нь хэлсэн үнэн л юм бол хот талаасаа хэн нэгнийг хаацайлж, өмөөрөх, хариуцлагаас мултлах арга сүвэгчлэх замаар “цагаан туг” өргөх эрх Х.Нямбаатарт байхгүй. Сонсгол зохион байгуулахад Л.Оюун-Эрдэнийн түших багана, тулах цэг нь Засгийн газар, хот талаасаа Б.Энхбаяр, Х.Нямбаатар хоёр гэсэн үг.

Ардчилал руу тайван замаар том үсрэлт хийсэн Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн бодит зураглал нь өнөөгийн Улаанбаатар мөн үү? мэдээж мөн. Нийт хүн амын тал хувь нь амьдарч байна уу?, амьдарч байна. Улсын төсвийг бүрдүүлдэг хувь, хувьсгалын бүх аж ахуйн нэгж нь төвлөрдөг үү? төвлөрдөг. Гандангийн цагаан байшин, гэр хорооллоор төсөөлөгдөж, дүрслэгдэж асан Улаанбаатарын унаган төрх Төв шуудангаас урагшаа бүтнээрээ дүнхийн харагддаг Богд уулаа ч “олохгүй” болтлоо барилгажиж, бас “бетонжив”.

Хотын хөгжлийг хүн амынх нь тоо, барилга, байшингийнх нь үзүүлэлтээр тодорхойлох нь өрөөсгөл ч бодлого гаргаж ирсэн албан тушаалтнуудын шийдвэрийн тусгал нь л энэ юм. 30 жилийн хугацаанд Монгол Улс хөгжсөн нь үнэн ч тэр бүхний ард албан тушаал дагасан авлигын системийг чимээгүйхэн өсгөж, өндийлгөж, бойжуулсны гор нь бүгдэд хамаарах асуудал болж ужгирсан нь Улаанбаатарыг Улаанбаатарчууд нь өөрсдөө үзэн ядах, хараан зүхэх үндсэн шалтгаан болсон нь бодит бас гашуун үнэн.

2.

Хотын дарга болсноосоо хойш нийтийн тээврийн шинэчлэлээс хэтрээгүй Х.Нямбаатар нийслэлийн газар олголтод хамаарах асуудлаар дуугарах нь идэвхжиж, хүний өөрийнгүй нүүрийг нь улалзуулах болсоор удлаа. “Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана гэв. Хоёрдугаар төрөхийн газрыг “Түшиг” их дэлгүүрт хэрхэн зарсныг хуулийн байгууллагаар шалгуулж, эмнэлгийн эзэмшилд буцаан шилжүүлнэ гэлээ. Залгуулаад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг этгээд 300 га газрыг нь зарсантай холбогдуулж НИТХ дээр “Нээлттэй сонсгол” хийх асуудлыг хөндөв. “Маршал таун”, “Эко констракшн”, “Кинг тауэр”, “Тайгам Алтай”, “Хан Хилс” тэргүүтэй хорооллыг барьсан барилгын компанийн эздэд хуулийг сануулж, холбогдох норм, стандартаа мөрдөхийг шаардав. Сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшилд хамаарах газрыг бусдад олгосон мэдээллүүдийг нэгтгэснээ ч зарлалаа.

Газрын эрхийг хүчингүй болгох, зөвшөөрлийг цуцлах, зориулалтын дагуу ашиглахыг шаардах, стандартаа мөрдөхийг сануулах, адаглаад сургууль, цэцэрлэгтэй байхыг үүрэгдэх нь хотын даргад хуулиар олгосон бүрэн эрх учраас барилгын салбарынханд хаягласан Х.Нямбаатарын шүүмжлэлтэй байр суурийг буруутгах аргагүй. Гэхдээ Улаанбаатар төлөвлөлтгүй, эмх цэгцгүй, стандартгүй байгаа нь, “бетонон ширэнгэ” болтлоо асуудал ужгирсны үндсэн шалтгаан, эх ундарга нь ерөөсөө л төлөвлөлтгүй газар олголт. Х.Нямбаатар л хотын даргын өнцгөөс хэлж, сануулж байгаагаас биш хүссэн ч, эс хүссэн ч цаг үе нь өөрөө хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүргэж, бас тулгаж, туйлдуулж буй нь туйлын үнэн.

Гагцхүү нийслэлийн А зэрэглэлийн газрыг, ашигтай байршил болгоныг алга урвуулах төдий авсан барилгын компаниудын эзэдтэй яг адилхан аргаар үзэлцэхээ мэдэгдэж, шаардлагатай тохиолдолд бүгдийг нь цуцалж, чөлөөлөх үндэслэл бий эсэхийг нягтлуулахаар үүрэгдсэн хотын мэйрийн нүүдэл УИХ-аас зохион байгуулах “Нээлттэй сонсгол”-ыг угтсан бие халаалт гэдэг нь ойлгомжтой. Угаас нийслэлийн газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой “Нээлттэй сонсгол”-д дурдагдах нотлох баримтыг бүрдүүлэхэд хамгийн чухал оролцоотой хүн нь хотын дарга Х.Нямбаатар.

3.

Улсын гэхээсээ Улаанбаатарын 30 жилийн хөгжлийн гажуудлын нүүр царай, бүгдийн нүдэнд ил шахуу цементэн “макет” болгосон газар олголтын сонгодог жишээ нь Богдхан уулын бэлээр нэг байна. Түүний ам бүр дээр ярайх байшин хороолол, үйлчилгээний төвүүд. Хотын төвөөс ялгаатай нь тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга биш Байгаль орчны яам олгодог. Бүсчлэл нь, Төрийн үйлчилгээ нь, хүнд хамаарах анхдагч хэрэгцээ нь хүртэл хотод шууд хамаардаг ч газрын зөвшөөрөл нь тусдаа, салбарын сайдын мэдлийнх гэсэн үг. Энэ өнцгөөс харвал  Д.Бямбасүрэнгийн Засгийн газраас Л.Оюун-Эрдэнийн танхим хүртэл Байгаль орчны яамны сайдаар 19 хүн ажиллажээ. Ерөнхий сайд, Засгийн газар нь солигдсон ч, тухайн албан тушаалдаа улирсан, дахин сонгогдож асан бүгдийг оруулаад, давхардсан тоогоор шүү дээ. Тэдгээрт АН-ынхан ч бий, Ардын Намынхан ч байна. Хамтарч, эвссэн Засгийн газрын үед ажилласан нь ч багтана.

Богдхан уулыг бөөрнөөс нь эхэлж битүү бетонжуулж, барилгажуулах “хөгжлийн загвар”-ыг гаргахад танайх, манайх гэлтгүй гар бие оролцсон нь энэ. Сайд явдаг, ирдэг нь улс төрөөс, танхимынх нь тогтвортой байдлаас хамаарах ч ажилласан цаг үедээ хэнд, хаана, хэдэн га газар олгосон бүх шийдвэр нь он, сар, огноотойгоо, гарын үсэгтэйгээ архивт бий. Яаж ч үгүйсгэсэн цагаан дээр хараар бичиж, тамга дарсан баримт нь бүтнээрээ хадгалагдаж буй учир өөрийгөө зөвтгөж, үнэнээс бултах арга зам үе үеийн сайд нарт байхгүй. Харин хэнийх нь үед хэчнээн га-гаар нь отог нэрийн дор барилга бариулах зөвшөөрөл олгосныг олон нийтэд нээлттэй танилцуулах нь Сонсголын үндсэн зорилго. Хуулийн сайд Б.Энхбаярын гардаж хийх ажил нь. Тэр үнэхээр Ерөнхий сайдынхаа “Хуулийн илд” байх уу? гэдгийг бүгдээрээ харж, сонсох нь “Сонсгол”-ын бас нэгэн өнгө.

Хөгжлийн банк, нүүрсний сонсголыг дарааллан даргалж, зохион байгуулсан гэдгээрээ АН бус уугуул нам доторх олон дайсан нь энэ удаад хэчнээн сөрөг цэнэг нэмэгдэхийг сайд Б.Энхбаяр гадарласан л байж таарна. Улстөрч хүний үүрэх л ачаа. Гэхдээ сайд Б.Энхбаярын даргалах гурав дахь “Сонсгол”-ын оргил цаг нь 1992 оноос 2023 оныг хүртэл хотын мэйрээр ажилласан намынхаа улстөрчидтэй нүүр тулна. Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралт, Улсын баатар Э.Бат-Үүл нарыг эс тооцвол Улаанбаатарын 30 жилийн түүх бүхэлдээ МАН-д хамаатай. Монгол Улсын иргэн бүрд газар эзэмшүүлэх хуулийг УИХ-д үнэмлэхүй олонх 72 суудалтай МАН-ынхан батлах үед Ерөнхий сайд нь Н.Энхбаяр, нийслэлийн Засаг дарга нь М.Энхболд байсныг энд сануулах нь зүйн хэрэг. Хуулийн сайд Б.Энхбаяр ч энэ ажлыг гардан гүйцэтгэсэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан үе. Газар олголтын гажуудал хаанаас эхтэйг хамгийн сайн мэдэх, гадарлах хүн нь Засгийн тэргүүнээсээ Сонсголыг даргалах үүрэг хүлээсэн сайд Б.Энхбаяр өөрөө гэсэн үг. Өчигдөр тэрбээр газар олголтыг зохион байгуулах голлож хариуцсан агентлагийн Тамгын дарга байсан бол өнөөдөр сайдын хувиар хууль бус үйлдлийг илчлэх нь. Улс төрд түүх давтагддаг гэж энэ.

Иргэн бүрд газар өмчлүүлэх шийдвэрийг Ерөнхий сайд, намын даргын хувиар гаргаж, батлуулж явсан нь Н.Энхбаярын гавьяа болж түүхэнд үлдсэн бол яг 22 жилийн дараа түүгээр дамжуулан хотыг бүхэлд нь хэрсэн авлига, албан тушаалын аалзны торыг тасдаж, цэвэрлэж, цэгцлэх үү? эсвэл улам эвлэрээд явах уу? гэсэн өөр нэгэн түүхийн өмнө Л.Оюун-Эрдэнэ тулж ирлээ. Ардын Нам парламентад үнэмлэхүй олонхиос гадна Ерөнхий сайд, намын даргын тамгыг хамтад нь атгаж буйгаараа тэр шийдвэр гаргах түвшинд Н.Энхбаярын хэмжээнд дүйж очих нь мэдээж. Ялгаатай нь, нийгмийн шахалт, шаардлага нь өөр, нийтээрээ хариуцлага тооцох асуудалд мэдрэг ханддаг болсон цаг үе гэдгээрээ онцлог, бас давуу тал нь. Гавьяа байгуулах, гай тарих эсэх нь Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр, Х.Нямбаатар нар хэрхэн хоршиж, нэгдэж, нягтрахаас хамаарч, харагдана.

Эцсийн дүндээ хот эзэнтэй, дүрэмтэй, эмх цэгцтэй, стандарттай, авлигагүй, нээлттэй хамгийн гол нь иргэдэд ээлтэй, аюулгүй орчинд амьдрах эхлэл нь “Нээлттэй сонсгол”-ын хожил хэний талд байхаас бүрэн хамаарна. Өнөөдөртөө эрх мэдлийн хуваарилалт Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр, Х.Нямбаатар нарт хадгалагдаж байгаа ч тэдний эсрэг талд үе үеийн хотын дарга, Байгаль орчны сайдаар ажиллаж асан улстөрчид, хэтэвчээрээ нэгдсэн барилгын эзэд, бүр цаашлаад 30 жилийн хугацаанд бүрдэж, бүтээсэн бүхэл бүтэн системийн авлига, тэндээс хүртэж ирсэн МАН-ын “ах нар” нь зогсож байна.

UZEG.INFO

()

Next Post

Discussion about this post