С.Билэгсайхан: УИХ гэдэг чинь авлигачдын ууж иддэг “мөнхийн зогсоол” болсон байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

Монголчууд бол хамгийн их аз жаргалтай хүмүүс, дэлхийд түр ирснээ мэддэг. Хөрөнгө байвал бүгдийг нь үрнэ. Байгаа бүх боломжоо ашиглаад баяжаад, амьд дээрээ бүгдийг нь идэж уугаад дуусдаг. Шившиг болсон ч хамаа байхгүй. УИХ-ын гишүүн болоод Ганц худаг руу хүргэгддэг ганцхан замтай.


АН-ын анхны ерөнхий нарийн бичгийн дарга асан, АН-ын  Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Билэгсайхантай ярилцлаа.

-АН-ын шинэ дарга томилогдоод бараг 10 сар өнгөрчихлөө. Энэ хугацаанд намын дотоод асуудлаа цэгцэлж чадахгүй байна, нийгэмд дуу хоолой нь хүрэхгүй байна. Фракцуудын дотоод зөрчлөө цэгцэлж чадахгүй, ядаж генсекээ томилж чадахгүй байна гэдэг шүүмж олон нийтийн зүгээс ч, намын гишүүдээс ч гарч байна. Та дотор нь яваа хүний хувьд юу гэж харж байна?

-Намын дарга болоод найм, есөн сар болж байгаа нь үнэн. Намын дарга болсон чинь гэрчилгээ байхгүй, тамга байхгүй. Гэрчилгээгээ тавдугаар сард авсан, наадмын өмнө шахуу тамгаа авсан байх. Үүнийг одоо удаан гэх үү, хурдан гэх үү? Ухаандаа сайд томилогдвол шууд тамгаа авдаг биз дээ.

-Ардын нам бол тамгаа шууд хүлээлцдэг шүү дээ. Танайх л болохоор байнгын тамга, тэмдэгний асуудалтай удлаа?

-Ийм нэг сонин “моод” болчихлоо л доо. Анх “Эрдэнэт” үйлдвэрийн даргыг өөрчлөхөд Д.Одхүү хаалгыг нь эвдэж тамгаа авч байлаа. Ардчилал дэндүү хөгжсөнийх юм уу, тэр тамга, гэрчилгээ хоёр дэндүү их ач холбогдолтой юм байна л даа. Тэрний үр дүнд улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний хулгай луйвар, хулгай гарлаа шүү дээ.

-Х.Баттулгыг хэлж байна уу?

-Хэн гэрчилгээгээ өгөөгүй билээ, хэн тамгаа аваад явлаа, бүгд л мэдэж байгаа шүү дээ. Одоо тэр хүмүүсийг шүүмжлээд нэмэргүй, нэгэнт өнгөрсөн явдал. Гэхдээ ерөнхий нэг хандлага байна шүү дээ. Тэр нэг тамгыг ашиглаад яах вэ, гэрчилгээ ашиглаад яах вэ гэдэг асуудал үүснэ.

-Тэгвэл тамгатай, гэрчилгээтэй болсны дараа нам эвлэх, нэгдэх процесс тийм хурдан явсан гэж үү?

-Энэ зөрчил чинь тийм амархан эдгэрэхгүй л дээ. Намын дотоод архив хүртэл байхгүй болчихсон байна гэж сонслоо. Устасан уу, зөөгөөд явсан уу, мэдэхгүй. АН-ыг ой санамжгүй болгосон байна гээд бод доо.

-Бараг шинээр нам болж байгаа юм биш үү?

-Харин тийм. Би АН-ын анхны ерөнхий нарийн бичгийн дарга. Сүүлийн гурван жил үнэхээр сэтгэл зовлонтой явлаа. Ийм хэрүүл чинь АН-ыг аягүй муухай харагдуулж байна. Манай намынхан сүүлийн гурван жил нэгнийгээ яаж муулдаг, яаж муухай харагдуулдагийг прадокс болголоо. Хүний гайхшийг төрүүлэхээ больтол ярьсан шүү дээ. Уг нь сөрөг хүчнийхээ лидерүүдийг нөгөө нам нь муулах ёстой биз дээ. Гэтэл өөрсдийнхөө муу муухайг л уудаллаа. Би намынхандаа хэлдэг юм. Та нар арабууд шиг бай л даа гэж. Арабууд чинь хоорондоо байлдахдаа мөргөлийн цаг болохоор зэвсгээ тавьж бурхандаа мөргөчихөөд дараа нь буудалцдаг. Ингэж болдоггүй юм уу гэж. Ирэх жил сонгууль болно, улс төрийн том тулаан шүү дээ.

Хоёрдугаарт, бид том зургаа харах ёстой. Гишүүд нь “Женко”-гийнх, “Зи”-гийнх, Эрдэнийнх гээд олон тал болчихсон. Тэгээд би гишүүддээ хэлдэг юм. АН-ын гишүүдтэй ч, МоАХ-ны гишүүдтэй ч уулзсан.

-Та өөрөө МоАХ-ны дарга байсан хүн биз дээ?

-МоАХ-ны дөрөв дэх дарга. Тэгээд гишүүдээсээ асуудаг юм. МоАХ маань АН-даа байна уу? гэхээр “байна” гэдэг. Гишүүний батлах чинь өөрчлөгдсөн үү? Үгүй, хэвээрээ байгаа гэдэг. Тэгэхээр гишүүд нь хэвээрээ байна, хаашаа ч яваагүй. Лидерүүд нь хоорондоо хэрэлдээд байдаг. Бие биенийхээ долоон булчирхайг тоочиж байна шүү дээ, эрүүгийн хэрэг үүсгэхийг нь үүсгээд. Тэгэхээр намын доторх хагарал бол гишүүдийн асуудал биш байна. Хэдэн дарга нарын асуудал байна.

-Тэр дарга нараа зайлуулчихаж болдоггүй юм уу?

-Дарга нар зайлах процесс угаасаа явагдана. Үе солигдож байна шүү дээ. Би 1990 оны АН-ын генсек, 2000 онд 40 настайдаа “Би хөгширчээ” гээд улс төрөөс явсан. Тэглээ гээд тайван гэртээ сууж болохгүй байна. Хүн болгон танай нам ийм тийм гээд суулгахгүй юм, сэтгэлийн зовиуртай. Тэгээд бодож бодож гишүүддээ л хандсан. Гишүүдийн нэг хэсэг нь Женког, нэг хэсэг нь Зи-г, нөгөөх нь Эрдэнээг дагаад явчихсан, үлдсэн хэсэг нь яахаа мэдэхгүй алмайраад сууж байгаа биз дээ. Тийм болохоор гишүүдийн тавьж байгаа шаардлага зөв. Энд ямар ч буруу юм байхгүй. Энэ бол нормальный ардчиллын хэлбэр хэлбэр. Лу.Гантөмөрийг огцрооч гээд гуйж л байна, загнаж л байна. Энэ бол нормаль байхгүй юу. Түрүүнд би хэлсэн шүү дээ, гал зогсоогоод мөргөх тухай…

-Тэр мөргөлийн цаг нь одоо гэсэн үг үү?

-Яг одоо. Бид дараачийн сонгуульд тодорхой мөрийн хөтөлбөртэй орох ёстой. Монгол оронд бугшсан энэ бүх муу муухайг арилгахад дараачийн дөрвөн жилийн зарцуулахаар болчихоод байна шүү дээ. Монголын улсын хувь заяа, иргэдийн амьжиргааны тухай бодох ёстой. Ерөөсөө улс орны анхдагч зүйл нь хүн, хүнийг тйрсон гэр бүл. Гэр бүлийг баяжуулах тухай л асуудал. Аливаа нам, шашны үзэл санаа ч тэр шүү дээ. Ард түмний амьжиргааг сайжруулах тухай л ярьдаг. Гэтэл ард түмний амьжиргааг сайжруулна гэж гарч ирсэн хүмүүс нь хуйвалдаад, хулгай хийгээд дуусгалаа. Одоо бүр улаан цаймдаа гарлаа. Засгийн газрын нэг гишүүн нь нөгөөгөө  чуулганы хуралдаан дээр “Чи муу луйварчин тэндээс тэдэн төгрөг хулгайлсан, тэгсэн ингэсэн” гээд хоорондоо хэрэлддэг. Сайд нар шүү дээ, шйвшиг байхгүй юу. Юун манай намтай манатай, төр нь ийм болчихсон байна. Хичнээн олон хүн нь УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулж байна, хичнээн олон хүн шүүх дээр очих гээд, цагдаагаар шалгуулаад явж байна. Энэ бол ёс суртахууны маш том доройтол. Үүний тусгал нь манай нам дээр байна, жижигхэн хувилбар нь.

Хоёрдугаарт, юу ч хийхгүй байна гэдэг чинь тэнд хувьсгал явагдаж байгаа хэрэг. Эр, эм хоёр нийлэхэд үр тогтоод чимээгүй 10 сар болдог, дараа нь хүүхэд төрдөг биз дээ. Яг түүн шиг лроцесс явагдаж байна. Эхлээд намын үүрүүдээ янзалж байна, дунд шатныхаа намыг цэгцэлж байна, ҮБХ-гоо янзалчихлаа, 504 хүнтэй боллоо. Улс төрийн нам учраас сонгуульд оролцохын тулд Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульдаа захирагдана. Үндсэн хуульд захирагдана. Сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөн, 126 гишүүнтэй болсон. Үүнд тохируулаад нам ч гэсэн бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөх хэрэгтэй болно. Л.Гантөмөр бол зөв шийдвэр гаргасан. Хуучин бол энд ч нэг ҮБХ, тэнд ч нэг ҮБХ-той байлаа. Аль хуралд нь явах юм бэ гээд гишүүд нь эргэлзчихсэн явж байгаа байхгүй юу. Би бол аль алинд нь очдог байсан. Гишүүдээ хүндлээд очдог. Очихоор бас нэг нь “Женко”-гийнх гээд, нөгөө нь “Эрдэнийнх” гээд хардана. Би бол аль нь ч биш. Миний хэлдэг ганцхан зүйл бий. Нэгд ээ, өөр арга байхгүй л гэдэг. Одоо бол нийгэмд Л.Гантөмөр гэдэг ганцхан л дарга харагдаж байгаа биз дээ. Тэр чинь финомен, үзэгдэл болчихлоо шүү дээ. Нэг хэсэг хичнээн даргатай болов? О.Цогтгэрэл намын дарга болж л байдаг, Женко нь болдог. М.Тулгат намын дарга болж л байдаг, Д.Ганбат хүртэл дарга болчихсон явсан биз дээ. Энэ байдал байхгүй болсон. ҮБХ дээрээ Л.Гантөмөрийгөө хүлээн зөвшөөрчихлөө.

Биеэ засаад төрөө зас гэдэг биз дээ. Биеэ засахгүй хүүхэд гаргачихаад ямар их зовлонтой учирдаг билээ. Ялгаагүй байхүй юу. Улс төрийн намын хувьд ч гэсэн тийм. Намаа цэгцлэхгүйгээр улс орныг авч явж чадахгүй. Гол шаардлага тэр. Түүнээс биш АН бол тодорхой хэмжээний потенциальтай, дэмжигчтэй, сонгогчдын тодорхой электорат нь АН-ыг дэмжиж байгаа. Тэднийхээ итгэлийг даах тийм хөтөлбөрийг нам гаргаж ирэх ёстой.

Сая Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Энэ мэтчилэн АН бодлогын түвшинд ажиллаж л байгаа байхгүй юу.

-Гэлээ гээд 15 дэд дарга АН-д ямар хэрэгтэй юм бэ? Тэгсэн хэрнээ генсек нь байдаггүй, томилж чаддаггүй. Намын дарга эрх мэдлээрээ томилно гэж хэлчихээд гурван сар болчихлоо шүү дээ? Сүүлдээ “аль фракц нь томилох ёстой юм бол” гээд гайхаад, хараад, хүлээгээд байдаг?

-Хүлээлт байна гэдэг чинь гоё биз дээ. Огт ямар ч хүлээлт байхгүй бол сонин биз дээ.

-Хүлээлгэж байгаа хүнд л гоё байх даа. Хүүхэн байсан бол шүү дээ…

-Яах вэ, томилох байлгүй дээ. Гол асуудал нь бодлого. Генсек бол нэг л хүний асуудал шүү дээ. Намын дарга, тэр хоёрын л асуудал. Намын дарга чинь бас “хаос”-т орчихсон хөвж яваа Эмх замбараагүй олон лидерүүд байна, эмх замбараагүй хүмүүс байна. Өөр өөрийн хувийн амбицтай, бүгд ардаа ашиг сонирхолтой. Улс төрийн намыг холын бодлоготой хүн авч явах ёстой, улс орныг ч гэсэн. Холын шуналтай улсууд төрд гарахаар, намд гарахаар ямархуу байдал үүсдэгийг бид хангалттай харж байна.

-Холын бодлоготой хүн нь тэгээд Л.Гантөмөр яг мөн үү?

-Одоо л харагдана шүү дээ. Нийгэм энэ хүнээс тэрийг л хүлээж байна.

-Та хувьдаа юу гэж бодож байна?

-Холын бодлогыг 2024 оны сонгуульд нам мөрийн хөтөлбөрөө хийхэд л харна. Хэр холыг харж вэ гэдгийг.

-Ер нь бол ямар нэг шийдвэр гаргах болохоор фракциудаа тоолдог, хэн олон хүнтэй нь шийдвэр гаргадаг юм биш үү?

-Тийм биш байх аа. ҮБХ-ны хурлуудыг харлаа. Дүрэмдээ өөрчлөлт оруулаад, дүрмээрээ тоглоё л гэж байна. Улс төрийн зөвлөл байгууллаа. Тэнд нь АН-ын клубуудийг төлөөлсөн 15 дэд дарга нь орлоо. Уг нь 17 байх ёстой юм байна л даа. Нөгөө шүүмжилж байгаа нөхдүүдээс нэг, хоёрыг нэмж дэд дарга болгочих ёстой юм байна, тэгвэл болчих гээд байгаа биз?. Аливаа ар түмний тусгал нь парламент гэдэг биз дээ. Тийм болохоор тэр 15 дотроо л хэрэлд, учраа ол. Тэр утгаараа зөв шийдвэр болсон гэж би боддог. Харин тэр холын бодлогыг хийж өгөх ёстой хүмүүс нь бид байхгүй юу, ҮБХ.

-ҮБХ-ны гишүүд их залуужсан харагдаж байсан. Танай үеийнхнээс  хүн байна уу?

-Байгаа байгаа, гэхдээ цөөхөн.

-Ерөн оны ардчиллыг хийсэн,  үзэл санааг тээсэн, алдаа оноог нь туулсан хүмүүсээс бас байх ёстой л юм шиг. Тэгэхгүй бол нөгөө “архив нь алга болчихлоо” гэдэг шиг өнгөрсөн үегүй, “нам бол албан тушаалд хүрэх гишгүүр” гэсэн бодолтой, тийм итгэл үнэмшилтэй баахан залуучууд намын толгойд гараад улс удирдана гэхэд хэцүү. Тийм л зорилгоор залуучууд МАН-ыг сонгож байна. АН-д харин ямар зорилгоор ордог юм бол?

-Ерэн онд бидэнд үзэл санаа байсан, зорилго байсан. Монгол Улс ямар ч байсан Зөвлөлтийн хараанаас гарах ёстой гэдэг нэгдүгээр зорилго байсан. Хоёрдугаарт, ардчиллыг бий болгох ёстой. Ардчиллын хамгийн гол үнэт зүйл нь өмчийн асуудал, хүний эрх, эрх чөлөөний асуудал. Энэ суурь үзэлсанааныхаа төлөө тэмцсэн. Түүнээс биш сайд, дарга болно гэж тэмцээгүй. Намайг АН-ын генсек байхад нэр дэвших хүн олдохгүй байсан шүү дээ.

1994 онд Б.Баабар, С.Зориг, П.Улаанхүү, Л.Цог, Б.Чимид гуай бид зургуулаа Тайванд айлчилсан. Тэгэхэд тайванууд “Бид танайд гурван тэрбум доллар өгөх бидний хувьд юу ч биш. Улсын төсөвт ороогүй 83 тэрбум ам доллар сул хэвтэж байна, хаашаа хийхээ мэдэхгүй байна” гэж байсан. Тэтгэврийн хөгшин 5000 долларын тэтгэмжтэй. “Бид Вьетнамд гурван тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн, танайд ч өгч болно. Гэхдээ нэг нөхцөлтэй. Тайванийг хүлээн зөвшөөрнө гэдгийг л хэлэх ёстой” гэсэн.Биднийг анх парламентын зургаан гишүүн угтсан. Нэг нэг хүн хариуцаад авчихсан. Мистер О гэдэг хүн намайг хариуцах жишээний. Бидний дунд ганцхан гишүүн байсан нь С.Зориг. Бид “Нэг Хятадыг зөвшөөрнө” гэсэн чинь бүгд хурлаа хаяад гараад явсан.

Их сонин. Тайванийн хилээр гарахад бидний гадаад паспорт дээр тэмдэглэгээ хийхгүй байгаа байхгүй юу. Яагаад гэхээр Монгол бол Тайванийн нэг хэсэг, Тайвань бас Хятадын нэг хэсэг юм байна л даа. Монголыг төлөөлөөд сонгогдсон 49 гишүүн парламентын танхимд үүрэглээд сууж байдаг, сарын 20 мянган долларын цалинтай. Тэрийг бид хүлээн зөвшөөрөх үү? Бид бол үзэл санааны төлөө тэмцсэн байхгүй юу. Тэдний нөхцлөөр гурван тэрбум доллар авчихсан бол өнөөдөр Монгол байхгүй шүү дээ. Үзэл санаа гэдэг чинь энэ.

Ерэн онд би намыг ганцаараа санхүүжүүлж байсан. Генсекийн үүрэг тийм байсан. Намын аппартыг санхүүжүүлнэ, 20-30 хүнтэй. Дээрээс нь намын үйл ажиллагааны зардал гэж нөхцөлгүй юм байгаа шүү дээ. Тэрийг бүгдийг ганцаараа даагаад явсан. Дараагийнхаа хүнд нэр төртэй хүлээлгэж өгсөн.

-Тэр үед АН-ыг бизнесүүд дэмждэг, санхүүжүүлдэг байсан уу?

-Санхүүжилт олно шүү дээ. Тэгэхийн тулд бизнесүүдээ дэмжинэ, тодорхой төслүүдийг хэрэгжүүлнэ. Ерэн онд чинь бид “үндэсний хөрөнгөтнүүдийг бий болгох” ерөнхий бодлоготой байсан. Тэр хүрээндээ явна. Бид чинь коммунизмаас орж ирээд бүгд ядуу гуйлгачид байлаа шүү дээ. Залуучууд итгэдэггүй юм. Гэртээ утас тавиулах гэж ямар их проблем болдог байв. Гадаадад явахын тулд намын төв хорооны хурлаар ордог байлаа. Одоо бол хүн болгон 2-3 утастай, жаахан хүүхэд хүртэл утас барьчихсан явж байгаа биз дээ.

-Ерэн оноос хойш төрсөн нөхдөд бол тийм зүйл яриад ч нэмэргүй дээ. Туулаагүй учраас ойлгохгүй, хүлээж авахгүй. Бараг социализмын үед сайхан байсан гэдэг үгэнд итгээд яваад байгаа юм биш үү?

-Үзэл суртал нь аймаар байна шүү дээ. Нэг үе би их бухимддаг байсан. Тэгээд бодоод үзэхээр Америк жишээ нь энэ замаар 230-аад жил явж байна. Хөрөнгөтний нийгэм үүсээд, процесс явсаар байгаад одоогийн барууны нийгэм үүслээ. Хэдэн зуун жил явж байна шүү дээ. Тэгэхэд манайх 1921 онд тасалж хаяад, коммунизм байгуулах гээд зүтгэчихсэн. 1921 онд Монголд 19 мянган гадаадын иргэн амьдарч байсан байна. Монголд бизнес хийдэг, уул уурхай энэ тэртэй. “Монголор” гэж хувь нийлүүлсэн нийгэм байж, гаднын хөрөнгө оруулагчтай. Ардын хувсгал гараад бүгдийг нь хөөгөөд явуулсан. Нэг өдөр тасалж хаяад “эрх тэгш нийгэм байгуулна” гээд үзчихсэн. Иргэдээ жинхэнэ ард, жинхэнэ бус ард гээд ялгачихсан. Сонгох, сонгогдох эрхийг нь хассан. Сүүлд нь 30-40 мянгаар нь буудаад алчихсан.

Үүний чинь л эсрэг АН гарч ирсэн байхгүй юу. Хүний суурь эрх гэж юм байна, тэрнийг Үндсэн хуулиар хамгаалж өгсөн. Хүн эхээс төрөөд амьд явах эрхтэй. Амьд явах эрхийг нь төр хангах, хамгаалах үүрэгтэй. Хүн үгээ хэлэх, үзэл бодолтой байх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх чинь хүний үндсэн буюу заяагдмал эрх байхгүй юу. Тэгсэн өнөөдөр хуулиар биш, журмаар зохицуулаад, хаагаад хаячихаж байна. Монгол Улсад 700-гаад хууль байна, зохицуулдаг 800 гаруй журам байна. Цагдаа нар яагаад жагсч байгаа хүмүүсийг баривчлаад гүйгээд байна. Яагаад АН эрх барихаар дурын хүн төрийн ордон руу хашгираад явдаг байсан юм. Энэ чинь эрх чөлөөний мэдрэмж байхгүй юу. Өнөөдөр энэ мэдрэмжийг байхгүй болгож байна. Энэ бол нийгэмд аягүй хортой.

-Нэг инээдтэй түүх санаанд орчихлоо. Э.Бат-Үүл хотын дарга болоод Сүхбаатарын талбайг тойруулаад шувууны ам шиг хэлбэртэй хогийн савууд тавьсан юм. Тэгсэн нэг өглөө гудамжинд хонодог хүн нөгөө хогийн сав руу чинь бааж байгаа зураг нийтлэгдээд “пүү паа” болсон. Тэгээд талбайн урд нийтийн жорлон байгуулсан шүү дээ. Одоо гэтэл бүгд хаалттай. Уг нь бие засах ч гэсэн физилогийн шаардлага, жам ёсны хэрэгцээ юм шиг байгаа юм. Тийм үү?

-Жорлонгоо түгжчихээд усан оргилуур барьсан шүү дээ. Ус зөөж байгаад. Гэтэл урд талд нь Ленин клуб, баруун талд нь Хөрөнгийн бирж, Цахилгаан холбооны газар байна. Тэнд усны шугам байгаа шүү дээ. Ганц труба татаад, крант нээгээд болоо биз дээ. Зуны хэдхэн сар л хэрэглэнэ, өвөл нь хаачихна. Тийм юмыг хийж чадахгүй, сонин байгаа биз.

-С.Амарсайхан даргын хийсэн энэ ажил яг юу юм бол, яахаараа усыг цистернээр зөөх тухай боддог байна аа?

-Хаагдмал сэтгэлгээ гэдэг юм. Манайхны сэтгэлгээний бас нэг гайхамшигтай ололт. /инээгээд/ Явж явж ийм л сэтгэлгээнд хүрч байна шүү дээ.

Том зургаар нь ярья л даа. Нүүдлийн, суурин гэж хоёр өөр соёл иргэншил байна. Монголчууд нүүдлийнхээс суурин соёл иргэншил, хотжилт руу явьж байна. Монголчууд бол хамгийн их аз жаргалтай хүмүүс байхгүй юу, дэлхийд түр ирснээ мэддэг. Ийм учраас хөрөнгө байвал бүгдийг нь үрнэ, хадгаламждаа бараг хийхгүй. Байгаа бүх боломжоо ашиглаад баяжаад, амьд дээрээ бүгдийг нь идэж уугаад. Шившиг болсон ч хамаа байхгүй. УИХ-ын гишүүн болоод шууд Ганц худаг руу хүргэгддэг нэг л зам байгаа биз дээ. Шоронгоос УИХ-ын гишүүн сонгож байлаа шүү дээ, Ж.Эрдэнэбат гэж. Одоо гишүүн болгон нэг гэмт хэрэгтэй, няцаах аргагүй баримтууд байна. Сонин хэвлэл, соошил, сайтуудаар гарч байна. Гэтэл ерөөсөө шүүгдэхгүй байгаа биз. УИХ гэдэг чинь авилгачдын ууж иддэг мөнхийн зогсоол болсон байна. Нөгөө л монголчуудын аз жаргал. Маргааш үхэх учраас хадгаламж энэ тэр хэрэггүй, ирээдүйгээ боддоггүй ерөнхий сэтгэлгээ.

-Авилгыг бол ярихгүй биш яриад, тэмцээд байна. Тэгээд тэмцэхээрээ зөвхөн АН-ынхныг л барьж шоронд хийх юм. Ардын намын нөхдөөс нэг нь ч шоронд явахгүй юм. Үүнд бас л АН буруутай юу?

-АН-ын үед авилгын индексээр Монгол Улс дэлхийн 200 гаруй орноос 76-д байсан. МАН гарч ирээд авилгатай тэмцээд 116-д орсон шүү дээ. 40 байраар ухарчихлаа. ДНБ-тэй тэмцэх хэмжээний хулгай, луйвар гарлаа. Бүр соёл болчихлоо шүү дээ. Сингапурт бас цагтаа тийм байсан. Тэгээд Ерөнхийлөгч гэж нэг нөхөр найз нарыгаа буудаж алаад, бүгдийг нь шийтгээд эхэлсэн.

-Л.Оюун-Эрдэнэ жишээ нь Х.Баттулгыг “буудаж алах” нь юу бол, бүр зөвлөхөөрөө авчихсан байгаа шүү дээ?

-Буудахдаа гол нь биш. Авилгатай тэмцэнэ гэдэг чинь хэн нэгний эсрэг тэмцэх тухай биш юм. Зүгээр Эрүүгийн хуулиа л үзчих. Авилга авсан, өгснийг нь адилхан шийтгэнэ гэж байгаа. Би С.Ганбаатарт хэлсэн. Авилгатай тэмцэнэ гээд гүйгээд байхаар нь “Чи зүгээр ганцхан үгтэй хууль санаачих аа. Эрүүгийн хуулиас “авилга өгснийг” гэдэг ганцхан үг хасчих аа гэсэн. “Өө тэгье, Билгээ ах аа” гээд явсан, одоо бараг жил болох гэж байна. “Болохгүй байна аа” л гэдэг. О.Цогтгэрэл бас эргэлзээд, “аягүй их хэл ам гарна штээ” л гэж байна. Би хэлсэн. Тэртэй тэргүй чи УИХ-ын гишүүн байснаараа Монголын номер нэг луйварчин, төсвийн хулгайч болно. Сайн нэртэй юу ч үлдэхгүй. Тийм болохоор ганцхан үгтэй хуулийн төсөл өргөн барьчих, чамд алтан хөшөө босгоно шүү гэдэг юм.

Хоёрдугаарт авилгын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй болгох хэрэгтэй. Хорь, гучин жил өнгөрсөн ч хэргийг нь шалгадаг, ял шийтгэлийг нь оноодог байх ёстой. Цаазын ялгүй болсноос хойш 20-30 жилийн дараа хэрэг нь цагаадаад гараад ирж байгаа биз дээ. Түүн шиг л байх ёстой. Авилга өгснийг шийтгэхгүй, авсныг шийтгэнэ гэдгийг Хятад улс жишээ нь хийчихсэн шүү дээ.

-Хэзээнээс?

-Си Жинпин гарч ирээд хийсэн. Авилга өгснийг шийтгэхгүй, авсныг шийтгэнэ.  Сая гаруй хүнийг цааш нь харуулчихлаа шүү дээ. Украин бас хууль гаргасан. Авилга авсан, улсын мөнгө идсэн хүмүүсийг эх орноосоо урвасанд тооцдог болсон. Тэгэхээр хуулиа л өөрчилчих. Яагаад эх орноосоо урвасанд тооцсон юм бэ? гээд судлаад үзсэн чинь нэгдүгээрт, энэ бол ард түмнийхээ эсрэг явж байгаа үйлдэл гэж үзэж байна. Манайд ч гэсэн ялгаагүй л байгаа биз дээ. Ард түмэн бол арай гэж амьжиргаагаа хүргэх гээд бор хоногийн хоолны төлөө явж байна. Манай намын үед “байртай болчих юмсан, машинтай болчих юмсан” гээд зүтгэдэг байсан. Одоо бол бүх хүнд ганцхан хүсэл байна. Гадаад л явах юмсан. Эх орондоо ажиллаад ямар ч нэмэр алга. Жирийн иргэдийг бол амьдрах аргагүй болгож байна шүү дээ. Дундаж давхарга байхгүй болсон. Ковид бас нэмэр боллоо. Гурван ААН-ийн нэг нь байхгүй болчихсон юм байна лээ шүү дээ.

Л.Оюун-Эрдэнэ сая ярьж байна лээ. 2022, 2023 онд ДНБ хоёр дахин өссөн гэж. Өөрөөр хэлбэл өмнөх хулгай байсан байхгүй юу. Нүүрсний хэрэг, ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэг. Хүний төлөө, чиний гэр бүлийн төлөө байх ёстой бодлого чинь эсрэгээрээ явчихсан байна. Одоо тэгвэл бүгдийг “апдейт” хийгээд эхнээс нь явах ёстой. Хамгийн түрүүнд “авилга өгснийг шийтгэнэ” гэдэг үгийг Эрүүгийн хуулиас авч хаяад, авсныг нь харин эх орноосоо урвасанд тооцох ёстой. Баян хоосны ялгаа хэт их байна. Монголд хоёр л давхарга байна. Баячууд нь тасархай, дэлхийн баячуултай зиндаархана. Хонконгийн сэтгүүл дээр гарсан байна лээ. Азийн тэргүүн 100 баян хүний 35 нь монгол хүн байна. Орд газар энэ тэр чинь тэр хүмүүсийн нэр дээр байж байна. Дундаж давхарга байхгүй болсон байна. Дундаж давхарга байсан цагт нийгэм тогтвортой байдаг.

-Энэ бүхнийг “ардчиллын буруу” гэх хандлага, тийм суртал ухуулга их явж байна. Үргэлж л тийм байсан?

-Социализмн үед сайхан байлаа гэдэг нэг үзэл суртал яваад байдаг. Гэтэл ерэн бид ямар байсан бэ? Орон сууцанд амьдарч байсан хүмүүс нь тэрийгээ өмчлөх эрх байхгүй. Захиран зарцуулах эрх байхгүй. Мянган хоньтой малчин төлөг төхөөрөх эрх байхгүй. Ноосоо дутуу тушаасан гээд миний хүргэн ах шоронд орж байсан. Хуультай байлаа шүү дээ. Тал хээрт 29, хангайд бол 50 толгой малтай байхыг зөвшөөрдөг.

1990 онд би АИХ-ын депутат, АН-ын генсек байлаа. Монгол Улсыг хар гэртээ хаан, бор гэртээ богд байхыг анх удаа үзсэн.

-Ямар утгаар?

-Оросууд “Хорошо. Та нар ардчилал, зах зээлийн замаар явж байгаа юм чинь одоо валютаар тооцоогоо хийнэ ээ” л гэсэн. Манайд гэтэл валют байгаагүй. Анх удаа Монгол Улс ургацаа хурааж чадаагүй. Бүгдийг нь цасанд даруулсан. Хадлангаа хурааж чадаагүй. Тэгэхээр нийтээрээ өлсгөлөн болно биз дээ. Ер нь бол тийм л нөхцөл байдал үүссэн. Үйлдвэрийн газрууд бүгд хаагдсан. Соц системд байсан ЭЗХТЗ (Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл) байхгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, тэр үйлдвэрүүдийг төлөвлөгөөгөөр хангадаг, гаргасан бүтээгдэхүүнийг нь худалдаж авдаг байсан систем нь байхгүй болсон. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь чанартай байна уу, чанаргүй байна уу хамаагүй, соц системийн бас нэг манайх шиг орон луу явуулдаг, бүх яамдын төлөвлөгөөг зохицуулдаг байсан. Тэр тогтолцоо байхгүй болчихсон. Улсын төсвийнхөө 80 хувийг Зөвлөлтөөс авдаг байсан. Тэр 80 хувь байхгүй болчихоор бид тариагаа цасанд даруулаад сууж байсан. Гэр бүлээ тэжээдэг хүн нь үхчихээр үлдсэн нь хэн болох вэ?

-Хэн болдог гэж?

-Хар гэртээ хаан, бор гэрээ богд болдог. Хэдэн 100 мянган барилгууд зогссон, 100 мянган ажилчин ажилгүй болсон. Яагаад гэвэл хөрөнгө оруулалт нь дандаа Зөвлөлтийнх. ЭЗХТЗ-ийн орнуудаас хөрөнгө оруулж байж тэрийг барьдаг байсан. Онигоо байдаг биз дээ. Гаднын зочдыг угтаад нисэхээс наашаа ирж явж. “За, энэ гутлын үйлдвэрийг Чехүүд барьж өгсөн, Мах комбинатыг германууд барьж өгсөн, хивсний үйлдвэрийг оросууд барьж өгсөн” гэх мэтчилэн. “Тэгвэл та нар өөрсдөө юу хийдэг вэ?” гэсэн чинь “Бид коммунизмыг байгуулж байгаа” гэдэг. Гэтэл тэр систем нь байхгүй болчихсон байхгүй юу.  Буриадын нэг зүйр үг байдаг юм.

Хянган голын бялзуухай

Хялгаахандай эндүүтэй

Хянаж л бодож явахад

Орчлон эндүүтэй… гэж. Бялзуухай гэдэг нь болжмор шүү дээ. Хөөрхий тэр амьтан хичээгээд л амьдраад явж байтал хялгасанд хахаад үхчихдэг. Түүнтэй адилхан хүн хэдий хичээгээд явж байсан ч орчлон эндүүтэй гэж байгаа юм. Философи байхгүй юу. Соц үед чи жишээ нь аягүй мундаг сураад эмч, инженер, багш болоод, одоо л сайхан амьдарна даа гээд явж байтал нөгөө систем нь байхгүй болчихсон.

-Гэтэл одоо шал эсрэг үзэл суртал яваад байна. Гутлаа өөрсдөө үйлдвэрлээд, бүр гадагшаа эксортолдог байсан чинь ардчилал гарч ирээд бүгдийг нураагаад, устгаад дуусчээ гэдэг…

-Үйлдвэрүүд нь дампуурчихсан, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь авдаг хүн байхгүй. 100 мянган барилга зогссон, 100 мянган ажилчин ажлын байргүй. Савхины үйлдвэр савхиараа, талхны үйлдвэр талхаараа цалин тавьдаг байсан. Сүүлдээ тэрийгээ ч чадахаа байсан. Тэгээд бид бодсон. Малыг хувьчилья, малчид нэг хэсэгтээ тэсчихнэ. Хоёрдугаарт, орон сууцыг хувьчилъя. Тэгвэл орон сууцаа барьцаалаад, зээл энэ тэр аваад хөдөлгөөнд орно, өмчийн эрх үүснэ. Гуравдугаарт, хүн болгоныг гадаад паспорттай болгоё гэдэг Э.Бат-Үүлийн санаа байсан. Мал хувьчлах ажлыг би орон даяар удирдсан. Малыг анх яаж нийгэмчилсэн, тэр материалуудыг судалж байгаад яг эсрэгээр нь хийсэн.

Зүүн бүсийн зөвлөгөөн болсон юм. АИХ-ын депутатууд бослого гаргах гээд, тэгвэл Үндсэн хууль батлагдахгүй болчих гээд хүндхэн байдал үүсээд байсан үе. Д.Дорлигжав Шадар сайд, До.Ганболд Байнгын хорооны дарга. Тэгсэн нэг депутат босоод “Танай намд Билэгсайхан гэж нэг нөхөр байна аа. Тэрийг болдогсон бол буудчих юмсан” гэж байна. Яаж байна? гэсэн чинь “Малыг хувчилна гээл бүх сумаар явж байна” гэсэн. Баяндун, Дашбалбар, Хэнтийн Дархан сум 100 хувь хувчилчихсан байсан үе байхгүй юу. Ингээд нийгмийн нэг хэсэг маань өмчтэй болчихож байгаа юм. Социализмын үед таван жилийн төлөвлөгөөнд 24 сая, 25 сая малтай болно гээд уриа лоозон дэвшүүлдэг байсан, хэзээ ч биелж байгаагүй. Одоо гэтэл, өнгөрсөн оны мал тооллогоор, бой энэ тэрээ хийгээд дууссаны дараа 79 сая 800 мянган мал тоологдсон байна. Жилдээ 32-35 сая төл хүлээж авдаг. Тэгэхээр бид хэдэн сая малтай болж байна. Үр дүн нь тэр.

Мал хувьчлахыг хамгийн их эсэргүүцсэн хүмүүс бол нэгдлийн дарга нар. Монголчууд модоо барина шүү л гэдэг. Тэгээд мал хувьчилсны дараа мянгат малчдыг тодруулсан чинь нөгөө 330 хамгийн түрүүнд мянгат малчин болсон. Сонин байгаа биз. Өөрсдөө мэдэж л байсан байхгүй юу. Гаднаа эсэргүүцсэн мөртлөө дотроо мянгат малчин болох бэлтгэлээ хангаад явж байсан.

-Үйлдвэрүүдийг тэр үед хэн хувьчилж авсан юм бэ?

-1990-1992 онд Бямбасүрэн гуайн Засгийн газар, 1992-1996 онд Жасрай гуайн Засгийн газар, МАХН эрх барьж байсан. Энэ үед хувьчлалыг явуулсан. Бага хурлын гишүүдийн 40 хувь нь манай намын гишүүд байсан. Тэд санал тавиад өмч хувьчлалыг хийсэн. Польшийн туршлагаар цочир хувьчлал явуулья гэсэн. Тэртэй тэргүй ашиггүй үйлдвэрүүдийг хувьчлахаас өөр аргагүй байгаагүй.

ЭЗХТЗ гэдэг байгуулагаар дамжаад нэгдсэн хангамжаар материалаа авдаг, нэгдсэн байдлаар борлуулалтаа хийдэг, техникийн тусламж бас үзүүлнэ. Тэр нь байхгүй, тэтгэж байсан улс нь бүр байхгүй болчихлоо. Тэр үйлдвэрийн эзэд нь хэн байсан юм, МАХН-ын кадрууд байсан. Намын дээд сургууль төгссөн, Орост академи төгссөн, МАХН-ын бэлтгэгдсэн кадрууд. Томхон үйлдвэрийн газрууд нь намын хороотой. Жижиг үйлдвэрүүд нь намын үүрийн даргатай. Намын гишүүн биш бол ямар ч карьер байхгүй. Тэр үед үйлдвэрийг удирдаж байсан намын хороо, захиргааны зөвлөлийн гишүүд бүгд МАХН. Тэд бүгээрээ Монголын анхны саятнууд болсон шүү дээ. “Их долоо” гэж байсан юм. н.Хүнийхүү, Сү.Батболд, Ш.Отгонбилэг, НИК-ийн Ж.Оюунгэрэл гэх мэтчилэн. “Их долоо” гэж цуглардаг байсан.

Үйлдвэрүүдийг хувьчлахаар 100 мянган ажилчин юу ч үгүй үлдэнэ биз. Тэр хүмүүст гадаад явах эрхийг нь улаан паспортаар өгсөн. Нөгөө 100 мянган хүн чинь 100 мянган ченж болоод, амьжиргаагаа эрээд дэлхийгээр нэг тэнэсэн. Өнөөдөр Монголын 280 мянган иргэн гадаадад амьдарч байна. Тэр хүмүүс жилд 400 сая доллар оруулж ирж байна, Монголын нэг хэсгийг авч явж байна.

Тэр үед манай намынхан гудамжинд байсан. Мөнгөтэй, хөрөнгөтэй нэг ч хүн байхгүй. Харин зөнгөөрөө явсаар байгаад өөрөө гарч ирсэн хүн бол “Буян”-гийн Жагаа. Х.Баттулга ч гэсэн одоогийн байгаа нийгмийнхээ давуу талыг ашиглаж баяжсан хүн.

Тэгэхээр өмч хувьчлалаас хэн хожсон байна? МАХН-ын гишүүд л бүгдийг авсан. Тийм болохоор ийм том намын байртай байна. Гэтэл манайд намд байр ч байхгүй шүү дээ. Төв шуудангийн өмнөх байр чинь Үндэсний дэвшил холбооны байр. Өмч хувьчлалаар манай намынхан нэг ч обьект аваагүй. 1996 оноос хойш Д.Сосорбарам “Ард” кинотеатрыг менежментийн хувьчлалаар авсан нь одоо гай болоод, ганцхан хүнтэй л үзээд байгаа биз дээ.

-Ярилцсанд баярлалаа.  

Үргэлжлэл бий…

inews.mn

()

Next Post

Discussion about this post