Бага насаа хүнд хэцүү нөхцөлд өнгөрөөсөн хүүхэд бүр мангас болдоггүй гэдгийг бид бүрэн хэлж чадна. Гэхдээ бараг бүх мангасууд бага насаа хүнд хэцүү нөхцөлд өнгөрөөсөн. Гитлерт ижил зүйл байсан – аав нь түүнийг зоддог байж. Осама бин Ладеныг харцгаая – бас маш хэцүү бага нас, учир нь тэр буруу эхнэрийн хүү байсан – дөрөв дэх биш тав дахь нь. Муссолини ч гэсэн аймшигтай хүүхэд насыг туулсан. Сталин ямар аймшигтай хүүхэд насыг туулсан бэ… Путины бага настай маш төстэй, бас сайхан ээжтэй, бас л аймшигтай харгис аавтай. Яг төрсөн эцэг нь мөн биш нь ч тодорхойгүй. Яаж ч бодсон, Путины амьдралын эхлэл арай өөр байсан бол сэтгэлгээ нь өөр замаар хөгжиж, магадгүй ийм мангас болж хувирахгүй байх байсан гэж надад санагддаг.
Путинтэй холбоотой олон аллага бий. Эхнэр Людмила, хожим суусан гэгдэх Алина нарыгаа хэзээ ч хүндэлж байгаагүй.
Путин бол нийгмийн хэнээ өвчтөн.
Польшийн зохиолч, сэтгүүлч Кристина Курчаб-Рэдлихийн gordonua.com сайтын ерөнхий редактор Алеся Бацманд өгсөн ярилцлагадаа Владимир Путины жинхэнэ намтар, жинхэнэ эцэг эх нь яагаад түүнийг орхисон тухай, гүрж хойд эцэг нь Путинд хэрцгий ханддаг байсан тухай, анхны эхнэр Людмилатай харилцах харилцааны тухай, сэтгүүлч Артём Боровикийн үхлийн талаар болон ОХУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой олон аллагын талаар ярилцсан байна.
-Кристина, та номондоо мангасын толгойд юу орж ирдэг, энэ нь хаанаас бий болдог, хүчирхийлэл, харгис хэрцгийллийг хаанаас олж авдаг гэх мэт сэтгэл зүйн талыг их нарийвчлан шинжилжээ… Хүүхэд байхдаа ч яахав ийм намтартай байдаг байж, гэхдээ түүний цааш үргэлжилсэн хувийн амьдрал нь ч ихэд нууцлаг, маш эргэлзээтэй. Эхнэр нь хэн бэ, эхнэртэй эсэх, хүүхдүүд нь хэн бэ, хэдэн хүүхэдтэй энэ тэрээ огт хэлдэггүй. Хүүхдүүд нь яг түүн шиг хуурамч нэрээр амьдардаг уу. Тэр яагаад хувийн амьдралаа тас нуудаг вэ? Эсвэл ямар нэг ичгүүртэй зүйл байгаа учраас тэрийгээ хүмүүст мэдэгдэхийг хүсэхгүй байна уу?
-Таны наад асуулт чинь их гэнэн байна. Учир нь Путины ард хичнээн аллагын үйлдэл байгааг та ч бас миний болон бусад хүмүүсийн адил мэдэж байгаа. Хамгийн цуутай нь Литвиненко. Путины санаачлага зөвшөөрлөөр алагдсан гэж хэлж болох Аня Политковская болон түүн шиг нас барсан хамтран ажиллаж байсан танилуудынхаа дурсгалд би бичсэн номоо зориулсан юм. 1999 оны Москва дахь байшин дэлбэлэлтийг мөрдөх хамтлагийг удирдаж байсан Аня Политковская, Старовойтова, Литвиненко, Сергей Юшенков, Юрий Щекочихин нарыг сана. Энэ мөрдөх ажиллагаанд ямар нэгэн шижмээр холбоотой байсан бүх хүмүүс бүгд алагдсан. “ФСБ Оросыг дэлбэлэв” ном бичсэн Литвиненко, хэргийн араас мөрдлөг явуулсан Политковская, хамтлагийг ахалж, энэ чиглэлээр ном бичихэд минь их тусалсан Сергей Юшенков нар.
Путин бол сэтгэцийн эмгэгтэй хүн гэж би нэг удаа хэлсэн. Үгүй ээ, тэрээр ерөөс хүнийг өрөвдөх сэтгэлгүй ердийн нэг нийгмийн өвчтөн…
Бага насаа хүнд хэцүү нөхцөлд өнгөрөөсөн хүүхэд бүр мангас болдоггүй гэдгийг бид бүрэн хэлж чадна. Гэхдээ бараг бүх мангасууд бага насаа хүнд хэцүү нөхцөлд өнгөрөөсөн. Гитлерт ижил зүйл байсан – аав нь түүнийг зоддог байж. Осама бин Ладеныг харцгаая – бас маш хэцүү бага нас, учир нь тэр буруу эхнэрийн хүү байсан – дөрөв дэх биш тав дахь нь. Муссолини ч гэсэн аймшигтай хүүхэд насыг туулсан. Зөвхөн Ленинийг л энэ бүртгэлээс хасаж болно. Сталин ямар аймшигтай хүүхэд насыг туулсан бэ… Путины бага настай маш төстэй, бас сайхан ээжтэй, бас л аймшигтай харгис аавтай. Яг төрсөн эцэг нь мөн биш нь ч тодорхойгүй. Яаж ч бодсон, Путины амьдралын эхлэл арай өөр байсан бол сэтгэлгээ нь өөр замаар хөгжиж, магадгүй ийм мангас болж хувирахгүй байх байсан гэж надад санагддаг.
-Тантай санал нэг байна. Түүний насанд хүрсэнээс хойшхи гэр бүлийн амьдралынх нь талаар ярилцъя. Тэр яагаад үүнийгээ нуугаад байдаг юм бэ? Тэр яагаад Кабаеваг, Кабаевагаас өөр хүүхнүүдийг ч, өөрийнхөө хүүхдүүдийг ч нуугаад байдаг юм бэ?
-Тэр байтугай Людмилагаа хүртэл.
-Харин тийм ээ.
-Людмила Александровна юу? Тэр түүнийг яачихсан юм бол гэж үү?
-Тийм ээ. Хэлээрэй.
-За, энэ бол туслаа өөр явдал. Бага нас нь үүнтэй ямар ч холбоогүй. Түүний хувьд Орос орон эхнэрээс илүү чухал, зөвхөн Оросын төлөө амьдардаг, хувийн амьдралаа чухалд үздэггүй гэдгээ харуулах гэж яддаг. Тиймээс тэрээр нийтлэг аугаа зорилгын төлөө амьдардаг. Сэтгэл зүйн талаас нь түүнийг өөрөөр харах хэрэгтэй. Тэр бусдыг хэзээ ч хүндэлдэггүй. Тэр тусмаа эмэгтэй хүнийг. Олон жил хамт амьдарсан Людмила Александровна бүр эхнээсээ л түүнтэй маш хүнд зам туулсан. Энэ тухай “Владимир Путин: Хувийн амьдрал” номоос уншиж болно.
“Авгайгаа зоддог байсан болов уу?
“Би түүнийг үүндээ хүрсэн гэж боддог… Эхнэр түүнд чухал биш. Тэр эхнэрээ үг хэлээр тамалдаг байсан байх. Тун их харгисаар. Людмила Александровнагийн ярьснаар “Тэр намайг хэзээ ч магтаж байгаагүй. Би уг нь их хичээсэн…” Энэ бол хүүхний Дрездений дурсамж. “Би амттай хоол хийх гэж маш их хичээнэ… Харин нөхөр маань намайг магтаж урам өгнө гэж байхгүй шүү. Махаа амттай болгох гэж их хичээнэ, гэтэл тэр олигтой болсонгүй гэж гутаана”. Тэд Дрезден хотод гуравдугаар давхарт суудаг, хүүхэн хоёр бяцхан хүүхэдтэйгээ дэлгүүр хэснэ. Бүгдийг нь дагуулаад гуравдугаар давхар руу мацна. Харин нөхөр нь хэзээ ч туслахгүй. Хөршүүд нь хүртэл: “Володя, чи инэгж болохгүй шүү дээ” гэж анхааруулна. Герман хөршүүдийнх нь ярьснаар… “Тэр хэзээ ч эхнэртээ ямар нэгэн байдлаар тусалж байгаагүй, хүүхнийг жирэмсэн байхад ч, ажил албатай байхад нь ч ингэх хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй байлаа. Эхнэрээ дэмжиж туслах тухай бодож ч байгаагүй”. Миний л олж харснаар Путины хувьд эмэгтэй хүн бол хэн ч биш. Шинэ эхнэр нь гэгдэг Алина ч ялгаагүй…
-Алина Кабаева?
-Тийм, Алина Кабаева. Анхны уулзалтуудаа эс тооцвол тэр хэзээ ч түүнд дурласан юм шиг санагдаагүй… Удалгүй “Тэр минийх биш” гээд хөндийрсөн бололтой. Тэд хоорондоо ямархуу холбоотой байгааг сонирхсон хэн бүхэн үүнийг амархан олж мэдэж болно шүү дээ. Зарим нэг нь тэдний тухай ямар нэгэн зүйл ярьдаг, харин Путин өөрөө энэ талаараа хэзээ ч ам нээж байгаагүй. Хэрэв түүнээс хувийн амьдралынх нь талаар асуух юм бол “Миний хувийн амьдрал бол Орос орон” л гэж хариулна. Учир нь тэрээр төрийн том зүтгэлтэн болж түүхэнд үлдэхийг хүсдэг. Их Петрийн хөрөг хаа байгаа газар нь өлгөөтэй. Яагаад? Учир нь тэрээр эзэнт гүрнийг шинэчилсэн, эх орныхоо төлөө хамгийн их зүйл хийсэн хүн болж түүхэнд үлдэхийг хүсдэг. Тэрээр XX-XXI зууны хамгийн чухал нэгэн гэж түүхэнд үлдэхийг хүссэн. Энэ хүсэлд нь хувийн амьдрал нь ямар ч хамаагүй.
-Тэгээд тэр XX-XXI зууны хамгийн том гэмт хэрэгтэн болж түүхэнд үлдэх болно.
-Яагаад гэвэл… Тэр сэтгэцийн эмгэгтэй хүн биш. Би нэг удаа түүнийг сэтгэцийн өвчтөн гэж хэлсэн. Үнэндээ тэр бол нийгмийн солиотон. Бусад хүмүүсийг өрөвдөх сэтгэлгүй, бүх зүйлийг зөвхөн өөртэйгээ холбодог.
-Тэр яагаад нэг хүүгийн нүцгэн гэдсэн дээр үнссэн бэ? Хүүг өргөж ирээд л үнссэн. Энэ юу вэ?
-Энэ нь юу ч бишээ. Би ч бас энэ мөрийг дагаж номоо буруу зам руу хөтөлснийг та мэдэх учиртай. Үнэндээ тэр явдал олзуурхах эд биш. Тэр бэлгийн гаж донтон биш. Тэр бол олон эмэгтэйтэй холбоотой, байдаг л нэг эр хүн. Хүүгийн хүйсэн дээр нь үнссэн нь … магадгүй, өөрийнхөө багын тухай санасан ч юм билүү… мэдэхгүй юм аа.
-Кристина, та энэ ном дээр ажиллаж байхдаа, Путины амьдралын хөшигний цаадах намтрыг судалж байхдаа, танд юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Путинтэй холбоотой аллагын анхны ул мөр л миний сонирхлыг их татсан! Намайг уучлаарай, надад үг үсгээр нотлох баримт байхгүй, гэхдээ л намайг андуураагүйг бүх зүйл харуулж байна. Зөвхөн би ч биш. Би Орост маш удаан ажилласан, “Новая газета”-ын Измайлов, Аня Политковская нартай хамтран ажилласан… Тэдний эрэн сурвалжлах боломж минийхээс хавьгүй их байсан. Гэтэл би чинь хэнсэн билээ? Москвад шаргуу хөдөлмөрлөн байж амьдралаа авч явсан зүгээр л нэг бие даасан сэтгүүлч. Намайг тусгайлан анхаархуйц буурьтай сэтгүүлч гэж огт тооцдоггүй байлаа. Би ердөө тэдэнтэй л холбоо барьж чадсан. Дараа нь би үүнийг бүр их сонирхож эхлэхэд, надад судалгаа хийх өөр илүү боломж бий болсон. Мөн Путинтэй хичнээн олон хүн амины хэрэг холбоотой болохыг олж мэдлээ. Түүнтэй холбоотой анхны аллага бол Илья Рохлиныг хөнөөсөн хэрэг юм. Та генерал Рохлиныг санаж байна уу?
-Тийм, тийм.
Яагаав, 1998 онд Ельциныг хөнөөх гэж оролдсон?
-Тийм ээ.
Тэр Ельциний дайсан болж, түүнийг гэнэт алчихаагүй юу. Хайртай эхнэр нь түүнийг алчихсан гэцгээдэг. Мэдээж энэ бол шал утгагүй яриа. Рохлины амьдардаг хотхоноос холгүйхэн шинээр булж оршуулсан гурван цогцосны мөр олдсон. Гурван цогцос шүү. Үүнийг түүхчид Путины бэлтгэсэн аллага оролдлоготой холбон тайлбарлаж байна. Яагаад? Шадар сайд Потанин энэ тухай маш дэлгэрэнгүй бичжээ. Рохлиныг алснаас ердөө долоо хоногийн дараа Путин ФСБ-ын дарга болжээ. Тэр үеийн ФСБ-ын дарга: “Тэд шөнө дунд над дээр ирээд, 20 минутын дотор бүх хэргийг Путинд шилжүүл гэсэн, гэтэл би тийм хүн танихгүй, нэрийг нь ч сонсоогүй байлаа.” Би энэ тухай номонд илүү тодорхой бичих болно. Энэ бол намайг үнэхээр гайхшруулсан хамгийн эхний тохиолдол. Дараа нь цааш үргэлжилсэн дээ… Энд одоо би таны огт сонсоогүй нэрс тоочиж толгойг чинь эргүүлээд яахав, гэхдээ жишээ нь Литвиненко… Дараа нь өөр хэн байна? Политковскаяг алсан нь Рамзан Кадыровын хийсэн хэрэг байх, гэхдээ л Путины төрсөн өдрөөр тохиосон болохоор энэ нь бэлэг байх, тийм ээ? Крымд хийсэн Путины түрэмгийллийн талаар томоохон мэдээлэл хийснийхээ дараа амиа алдсан Немцовыг авч үзье. Москвагийн ойролцоох Чкаловскийн нисэх онгоцны буудлаас Киев рүү хичнээн хэмжээний цэргийн техникийг шилжүүлсэн, Майданы жагсагчдын хэд нь оросын зэвсэг, гранатад алагдсан зэргийг Немцов тогтоосон. Путины тушаалаар Сурков ямар их зүйл хийсэн бэ… Тэр болгоныг Немцов бүгдийг нь нотолсон. Тэгээд хоёр долоо хоногийн дараа алагдсан даа
Дараа нь английн өөр нэг сэтгүүлч “Оросоос ирсэн цуст мэндчилгээ” номоо хэвлүүлж, Лондонд үйлдэгдсэн 16 аллагын талаар өгүүлсэн, ул мөр болгон нь Путин рүү хөтөлсөн. Тэдний дунд Борис Березовский ч багтсан. Миний ном Путины нэртэй холбоотой амиа алдсан хүмүүсийн урт жагсаалтаар төгсдөг.
-Кристина, яг одоо Украинд хэдэн зуун мянган энгийн иргэд алуулчихаад байна. Энэ ч мөн Путины хядлагатай холбоотой.
-Та гайхаж байна уу… Хэдхэн сарын дотор 150 мянган хүн, түүний дотор 42 мянган хүүхэд алагдсан Чеченийг бид хэдийнэ мартчихсан. Путиныг анхнаасаа дэмжиж байсан Тони Блэйр 2002 онд Путиныг Их Британид урьж, тэд маш сайн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурцгаасан. Чеченийг ид бөмбөгдөж байхад Британийн хатан хаан түүнийг ордондоо урьж байлаа. Оросын цариас хойш Букинхамд уригдсан анхны Оросын төрийн зүтгэлтэн, айн? Дараа нь Ерөнхийлөгч Жак Ширак түүнийг Оросын хамгийн сайн ерөнхийлөгч гэж нэрлээд хүндэтгэлийн одон гардуулж байв. Барак Обама 2009 оноос Путинтэй сээтэгнэж эхэлсэн. Дараа нь Макрон Ерөнхийлөгч болсноос хоёрхон долоо хоногийн дараа Путиныг Елисейн ордонд биш ч, юутай ч Версальд урьсан. Барууныхан газрын тос, цөмийн бөмбөгтэй Оростой бизнес хийх хэрэгтэй байсан учраас л Путины гэмт хэргийг нүд анин өнгөрөөсөн.
Магадгүй Путины ойр дотны олигархиуд “Амьдралыг минь утга учиргүй болгож байсан энэ хүнээ зайлуулчихвал зүгээр юм байна” гэж ойлгох өдөр ирэх байх.
-Кристина, өнөөдөр Баруун… Бид Жонсонд талархаж байна, Их Британийн одоогийн удирдлагад баярлалаа. Америк, Ерөнхийлөгч Байден…
-Тэр ч байтугай Франц.
-Тэр байтугай Франц, бусад улс орнууд. Польш бол бидний хамгийн том, хамгийн үнэнч нөхрийн нэг. Макроны сээтэгнүүрийг эс тооцвол, үнэхээр Франц хүртэл… Тэр байтугай Герман хүртэл нүдээ нээж, шийдвэр гаргаж, Путин бол гэмт хэрэгтэн гэж шулуухан нэрлэж байна…
-Гэхдээ тэднийг ингэж ухааруулахын тулд хэдэн зуун мянган украинчууд үхэх шаардлагатай байсан.
-Тийм ээ, мэдээж.
-Хэдэн зуун мянган оросууд үхсэн тухай дурдахгүйгээр шүү.
-Тийм ээ. Путин бол гэмт хэрэгтэн, өнөөгийн Путины Орос бол зайлшгүй шийтгэл хүлээх ёстой түрэмгийлэгч орон.
-Хэрэв Байден байгаагүй бол та бид бүгд хаана байх байсныг бүү мэд.
-Тийм л дээ… Байден байгаагүй бол, Жонсон байгаагүй бол, өнөөгийн Ерөнхий сайд Сунак байгаагүй бол… Энэ ойлгомжтой. Мөн баатарлагаар тулалдаж буй Украины арми, Украины ард түмэн байгаагүй бол… Бид тэдэндээ талархан залбирч байна. Одоо Путины Кремльд доод хүмүүс болон ойр дотныхон нь юу болж байгаа бол?
-Надад Кремльд өөрийн төлөөлөгч байхгүй. Гэхдээ бид харж байгаагаасаа хоёр зүйлийг ойлгож чадна. Нэгдүгээрт, ялж чадахгүй гэдгээ генералууд нь мэдэж байсан, гэвч энэ бодит үнэнийг Путинд хэлэх бололцоо тэдэнд байгаагүй. Алив дарануйлагч өөрийг нь бүчсэн тойрон хүрээлэгчдийнхээ үгийг л сонсдог шүү дээ. Тэд Путинд сонсохыг хүссэн үгийг л хэлж байлаа.. Айдаст автсан тэрээр өөрийг нь тусгааралсан бөмбөлөг дотроо “гурван өдрийн дотор дайнд ялна, Зеленскийг алж чадна, Украинчууд Оросын армийг цэцэг барин угтана” гэж бодсон.
Гэвч үнэнийг өөрт нь хүргэхийг зөвшөөрдөггүй цөөн хэдэн хүмүүс Путины эргэн тойронд байсаар байгааг мартаж болохгүй. Бас нэг зүйл бол, Путин интернет ашигладаггүй гэдгийг битгий мартаарай. Энэ бол магадгүй утгагүй зүйл,. Гэхдээ ингэж өөрийгөө тусгаарладаггүй байсан бол хаашаа явж, юуны төлөө тэмүүлж байгаагаа, энэ дайнд ялахгүй гэсэн ойлголттой болох байсан байж магадгүй. Харин Путины буянаар мөнгөтэй болсон хүмүүс одоо өрнөдөд очиж чадахгүй, очлоо ч нүдэнд орсон шороо шиг ад үзэгдэн барууны ашиг тусыг эдлэх аргагүй болжээ. “Бид их мөнгөтэй болсон ч тэрийгээ юунд ч үрэх аргагүй болж амьдрал маань утга учираа алдаж байна. Ах дүү хамаатан садан маань баруунд үлдсэн ч бид тэдэнтэйгээ уулзаж ч чадахгүй болчихлоо. Энэ хүнээс л ийм боллоо, бушуухан салсан нь дээр” гэсэн бодол тэдэнд төрж л байгаа. Ийм зэвсгээр дайнд ялж чадахгүй гэдгээ их хулгай хийснээ мэддэг генералууд сайн ойлгож байгаа, одоо ч тэдний санаанд дээрх шиг бодол орж ирж байгаа байх. Гэхдээ энэ бүхэн бол тэнд юу болж байгааг холоос ажиглан таамаглаж байгаа миний үг шүү.
-Энэ ярилцлагад чин сэтгэлээсээ баярлалаа. Та маш чухал ажил хийсэн. Үүний төлөө баярлалаа. Би таниас сүүлчийн асуулт асууя. Таны мэдрэмжээр, таний дүн шинжилгээгээр Украин яг хэзээ ялах вэ?
-Тэнгэр минь, би чамд шууд хариулж чадахгүй, учир нь би үүнийг яг чам шиг л хүсэж байна. Гэхдээ энэ бол зүрх сэтгэлийн хүслэн. Харин Путин энэ дайныг аль болох үргэлжлүүлэх болно гэдгийг оюун дүгнэлт маань хэлээд байна… хэдий болтол гэдгийг хэлэхээс ч айж байна. Учир нь тэр өөрөө одоохондоо ухрах хүсэлгүй. Ухарч чадахгүйн учир гэвэл ухарвал төгсгөл нь болно гэдгээ мэдэж байгаа. “Би ялагдсан, бид бүгдээрээ ялагдчихлаа” гэдгээ оросын ард түмэнд хэлж чадахгүй. Найдваргүй ч гэсэн боломж байгаад л байвал дайнаа үргэлжлүүлэх болно. боломжтой болтол үргэлжлүүлэн хийх болно. Харин Хятадаас өөр хэн ч түүнийг дэмжихгүй гэдгийг ойлгоод “Бид ялагдаагүй. Харин ч бид ялсан. Украинчууд биднээс айгаад, найрамдъя гэж гуйгаад байна.” гэж магадгүй. Ингэж хөл толгой нь эргэвэл сайн л байна. Тийм тохиолдолд дайн дуусаж магадгүй л юм.
– Кристина, ярилцлага өгсөнд дахин баярлалаа. Бид удахгүй ялна гэж найдаж байна. Слава Украина.
– Слава Украина! Баатруудын алдар бадраг!
– Маш их баярлалаа.
()
Discussion about this post