Бүжигчин Э.Амаржаргал Болгар улсын Велико Тарново хотод зохион байгуулсан Язгуур урлагийн дэлхийн аваргын цомын VIII уралдаанд амжилттай оролцож, ардын бүжгийн төрөлд алтан медаль хүртжээ. Бүжиг дэглээч, бүжигчин Э.Амаржаргал ЮНЕСКО-гийн дэргэдэх Бүжгийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Тэрбээр долоодугаар сард Грек улсад болох бүжгийн асуудлаарх олон улсын хуралд Монголын бүжгийн урлагийн хөгжлийн талаар илтгэл хэлэлцүүлэх урилга аваад буй юм.
Бүжигчин Э.Амаржаргал уралдаанд бүжиг дэглээч, доктор М.Мөнгөнцэцэгийн дэглэлт, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын туурвил “Тамган биелгээ” бүжгээрээ оролцжээ. Өмнө нь энэ бүтээлээр олон улсын хэд хэдэн уралдаанд өндөр амжилт үзүүлсэн аж.
Энэ талаар Завхан аймаг дахь “Amka dance” студийн үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч, бүжигчин Э.Амаржаргал, “Уламжлалт бүжиг-бий биелгээ”-г 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэсэн байдаг. Биелгээ нь олон ястны хэл, түүх, уламжлал, заншил, дуу хөгжим, үлгэр домог, туульс, хувцас өмсгөл, тоглоом наадам зэргийг өргөн утгаар нь өөртөө цогцлоон багтааж уламжлагддаг. Ястнуудын амьдрал, үйл ажиллагааны өвөрмөц ахуй байдал, ёс заншил, уламжлал, сэтгэлгээний онцлогийг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх бүжгийн урлаг юм.Монгол ардын биелгээний хөдөлгөөн нь голчлон гэрийн бага зайд захирагдан хагас суулт буюу тахимцах суултаар хийдэг. Энэ нь гарын атгалт, тавилт, цацалт, цээж, мөрний огцом цохилт, сугсралт, чичиргээ, хөлийн солбилт, алхаа гишгээ, биеийн гунхалзаж суялзах хөдөлгөөн голлодог бүжиг юм. Бид дэлхийд гайхуулах түүхтэй ард түмэн. Язгуур урлаг, тэр дундаа ардын бүжиг, бий биелгээний хосгүй гайхамшигт хөдөлгөөн бүр нь утга учир агуулж байдаг.Тиймээс гадаадад зохион байгуулж буй томоохон, уралдаан тэмцээнүүдэд оролцохдоо бүжгийнхээ дэглэлт, найруулга, хөгжим, хувцаслалтад илүү анхаарч ёс заншлаа шингээхийг, түүгээрээ дамжуулан Монголын уламжлалт өв соёлоо сурталчлахыг хичээдэг.
Бидний соёлын томоохон өв болох ардын бүжиг, бий биелгээг уламжлан, түгээн дэлгэрүүлэх. Ялангуяа хүүхэд залуучуудад сургаж, тэдэнд өвлүүлэн үлдээх ажлыг аймагтаа тасралтгүй хийж байна. Өнөөдрийн байдлаар “Amka dance” студийн бүжгийн дугуйланд давхардсан тоогоор 520 гаруй хүүхэд, залуус суралцаж бүжгийн урлагаар хичээллэдэг болсон” гэлээ.
()
Discussion about this post