Уртын сайхан хүрэн чинь
Уужмын холоос гишгэгдэлтэй
Уйдашгүй та нараасаа
Ийм л уужмын хол суудаг билээ
Манаран харагдах говь
Манай танай нутаг уу даа
Мартъя гэж санахнаа нь
Зүүдэнд гүйдэлтэй минь илхэн үү дээ
Алдарт уртын дууч Б.Лхамжав, Ж.Дорждагва нарын дуулснаар бидний үед өвлөгдөж ирсэн “Урт сайхан хүрэн” хэмээх энэ дууг саяхан болж өнгөрсөн “Дуртмал сайхан” уртын дууны үдэшлэг дээр Үндэсний урлагийн их театрын дуучин, СТА Г.Отгонзул дахин нийтийн хүртээл болгов. Мөн СУИС-ийн багш н.Отгонжаргал уг дууны түүхийг өгүүлсэн нь үзэгч, сонсогчдын хувьд чухам “мэлмий нээсэн” үйл явдал болов.
Уг дууны түүх нь Манж хааны хүргэн бол “Эфү” Цэрэнгийн хүү Цэнгүнжав, Цэнгүнжавын хүү Лавандорж нартай холбогддог юм байна.
Дуу төрсөн түүх
Хошой чин ван Цэнгүнжавын эцэг Эфү Цэрэнгийн Манж төрд зүтгэхээр болсон түүхийг сэргээн сануулахад, 1687 онд Чингүнжав Халхыг довтлоход түүний эмэг эх Гэцэл хатан өөрийн ач хүү Цэрэнг дүүтэй нь хамт хөтлөн явган нүцгэн зүтгэж, Манжийн цэрэг дээр очжээ. Манжийн хаан Энх-Амгалан Халхын томоохон ноёны үр удмыг (Цэрэн нь Түмэнхэн Сайн ноёны наймдугаар хүү Данжин тойны ач, Чингисийн алтан ургийн хүн) ивээлдээ авч, ордондоо аваачсанаар түүх эхэлсэн аж.
Бага, идэр насаа Манжийн хааны ордонд үдсэн Цэрэнг насанд хүрсний дараа Энх-Амгалан хаан өөрийн хоёр гүнжийг эхнэр болгон өгсөн бөгөөд хошой “Эфү” цол, бэйсийн зэрэг олгон харьяат ардын хамт Тамирын нутагт буцаажээ.
Эфү Цэрэн манж ноёны хамт
Цэнгүнжав нь Эфү Цэрэнгийн монгол хатнаас гарсан хүү бөгөөд Чингүнжавын бослогыг дарсных нь шагналд хошой ван цол олгож, Улиастайн хязгаарыг захируулахаар томилжээ. Манж хаан Цэнгүнжавыг өөрийн хараанд байлгахын тулд түүний хүү Лавандоржийг 3-4 настайд нь1756 онд Бээжин лүү дуудаж, өөрийн дөнгөж төрөөд удаагүй байсан гүнжтэй ураг барилдуулсан байна. Хожим түүнийг насанд хүрсний дараа 1771 гүнжтэй гэрлүүлж, Лавандоржийг Бээжинд суулгажээ.
1771 онд Цэнгүнжавыг нас барсны дараа хүү Лавандорж нь түүний хэргэмийг залгамжилсан боловч Бээжингээс гарах эрхгүй байсан гэдэг. Зөвхөн тодорхой шалтгаанаар, Лавандоржийн нөлөө Халхад хэрэгтэй болсон үед томилон явуулдаг байсан бөгөөд 1816 онд нас барах хүртлээ амьдралынхаа ихэнх хугацааг (40 гаруй жил) Бээжинд өнгөрүүлжээ.
Энэ үедээ Лавандорж “Урт сайхан хүрэн” хэмээх дууг зохиосон нь өдгөө Дорноговь аймаг, тэр дундаа Хөвсгөл суманд дуулагддаг. Уг дуу нь Дорноговь аймагт дуулагддаг байсан учир өнгөрсөн зууны 60-70-аад онд ноён хутагт Равжаагийн өвөөр бүртгэгдсэн юм байна. Хожим түүхчид энэ дууг Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Өлзийт сумын өөлдүүд дунд дуулагддаг байсныг олж мэдээд “Энэ бол Дорноговийн биш, Архангайн дуу юмаа” хэмээн бичжээ.
Лавандорж нь Манж хааны томилолтоор төрсөн нутагтаа ирэхдээ явах зам хол, туулах хугацаа их байсан тул өөрийн нутгаас хэсэг ардыг тайж язгууртан нарын хамт Дорноговь аймгийн Хөвсгөл суманд аваачин суулгаж, Бээжингээс ирэх, буцахдаа буудаллаж амардаг, хол замд сульдсан унаа морьдоо сэлгэж, хоол хүнсээ базаадаг байжээ. Тэднийг албан бичигт “тосгоны ард” хэмээн нэрлэжээ. Тосгоны ард нь одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын урд хэсэг Сулинхээр, Сайншанд орчмоор нутаглаж байсан бөгөөд Лавандорж жилдээ хоёр удаа нутгаасаа унаа морьд, цагаан идээ, зэрлэг сонгино, жимс зэргийг Бээжин лүү хүргүүлдэг байсан байна.
Лавандоржийн албан тушаал нь “Хиаг эрхлэх дотоод сайд” буюу Галт зэвсгийн хүрээний дарга, Онцгой байдал, Цэрэг зэвсгийг хамгаалах газар гээд тухайн үедээ Манжийн төрийн том том албан байгууллагыг захирч, хааныг сахиж хамгаалах үүрэгтэй байсан тул нийслэлээс өөрийн дураар гарч явах эрхгүй байжээ.
Лавандоржийн үед зохиогдсон энэ дуу түүний харьяат ардаар дамжин Дорноговь аймгийн Хөвсгөлд сум, Архангайн өөлдүүдийн дуулагддаг байсан байна. Архангайн өөлдүүд гэдэг Галдан бошигтын хойч үе бөгөөд үндсэн нутаг нь Алтайн цаад тал. Өөрийн хүслээр биш, дайн самууны хөлөөр, Манж хааны хүслээр хүний нутагт ирсэн улс нутгаа санахдаа энэ дуулдаг байсан байх хэмээн таамагладаг.
Нэг зүйлийг сонирхуулахад, Лавандоржийн сууж байсан ордон Манжийн үеийн Монгол ван, гүнгийн бүтэн үлдсэн гуравхан ордны нэг бөгөөд Бээжин хотын соёлын өвд бүртгэгдсэн. Хааны ордны арын гудамжинд байдаг энэ ордонд Эфү Цэрэн, хожим түүний ач Лавандорж, мөн түүний ач гуч нар 1930-аад он хүртэл сууж байжээ.
Лавандоржоос хойш түүний үр удам нутагтаа ирээгүй бөгөөд 1916 онд Лавандоржийн жич Наянт Богд хаанд зүтгэхээр хүрээнд ирнэ гэж амласан боловч ирж чадаагүй юм байна. Сүүлд Наянтын болов уу гэхээр захианууд манай Дотоод яаманд ирсэн байдаг ба захианд “Биднийг хятадууд өдөр шөнөгүй харгалзан манаж, гарч чадахгүй байна. Чөлөө завыг үзэж мэдээ явуулав” гэсэн байжээ. Манай тагнуулын байгууллагын судлаачдын үзсэнээр Наянт нь Богд хааны тагнуул байсан гэдэг. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд Манжаас тусгаарласнаас хойш гуравхан хоногийн дараа Сун Яцсын тэргүүтэй Хятадын хувьсгалчид Дайчин улс буюу Манжийн төртэй хэлэлцээр хийж, Манжийн нутаг дэвсгэрийг бүтнээр нь хүлээж авсан, дараачийн залгамжилсан төр гэдгээ зарлажээ.
Өөрөөр хэлбэл, Дундад иргэн улсын төр хэзээ байгуулагдах вэ гэдгийг Богдын төр мэдэж байсан гэсэн үг. Энэ тухай Наянттай уулзаж байсан Ширнэндамдин /Хүрээнд сууж байсан Манж амбаны бие төлөөлөгч түшмэлээр Бээжин ажиллаж байсан, Богдын төрийн шадар сайд/ 1931 онд баригдаж, хилсээр яллагдахдаа “Наянт манай хүн” гэж мэдүүлсэн байдаг.
Сүүлд Наянтын ач нарын дурсамжаар Наянт нь 1937 онд нас барахдаа байр сууриа нэлээд алдаж, зээлийн өрөнд ороод түрээсийн байранд амьдарч байсан. Тэр үед ач нартаа “Та нар нутагтаа очих юм бол нүүртэй хүмүүс шүү” гэж хэлж байсан. Үүгээрээ Богдын төрд зүтгэж байсан нь батлагддаг хэмээн түүхчид үздэг байна.
Нэг зүйлийг тодруулахад, Эфү Цэрэн нь тухайн цаг үеийн эрхээр Манжид дагаар орсон, Манжийн төрд зүгэж байсан нь үнэн боловч түүний хүү Цэнгүнжав, Цэнгүнжавын хүү Лавандоржийн хувьд Манжийн төрд зүтгэхдээ Монголын эрх ашгийг хамгаалж, Манжийн төрийн хууль болон Манж хааны амласан амлалтыг ямагт сануулж, үүгээрээ өөрийн улсын эрх ашиг, бүрэн бүтэн байдлыг хамгаалж ирсэн гэж орчин үеийн түүхчид үздэг юм байна.
Хувь ерөөлөө тэгшилж, хийморио бадрааж яваарай
Дуу бүхэн түүхтэй. Тэр тусмаа дуу амьтай гэдэг. Тэр дууны “амь” нь дуу бүтсэн, зохиогдсон цаг үе, түүхийн нугачаа даваа, туулсан зон олны амьдрал, зовлон жаргал, түүнийг мартахгүй тээж явах үр хүүхэд, ирээдүй хойчид байдаг байх.
“Дуртмал сайхан” уртын дууны үдэшлэгийн анхны зочноор Үндэсний урлагийн их театрын дуучин Г.Отгонзул, СУИС-ийн багш, уртын дууны концертмейстр Б.Цогтбаатар нар уригдан ирж, ая дуугаа өргөж, дундуур нь уртын дууны төрөл янз, ялгаа, дуулсан дуу бүрийнхээ үүх түүхийг хуучилсан нь урьд хожид үзээгүй сайхан явдал болов.
Тэр дунд СУИС-ийн багш, уртын дууны концермэйстр Б.Цогтбаатарын хэлсэн нэг үг чихэнд “хонх” мэт үлдэж. Монголчууд морин хуур, уртын дуугаар “гэрийн жавар үргээх” гэж ярьдаг. Буруу яриад, зөв ойлгоод явдаг. Угтаа бол “хувь ерөөл тэгшрэх, хийморь бадраах” шинж чанар, утга агуулгатай юм шүү гэж. Энэ үгийг хүн болгон санаж, тогтоож аваасай. Монгол хүн чинь хувь ерөөлөө тэгшилж, хийморио бадраахын тулд уртын сайхан дуугаа дуулж, хуурын эгшиг, татлагад саатдаг байх нь.
Дашрамд дуулгахад, өнгөрөгч пүрэв гаригт зохион баЫ йгуулсан “Дуртмал сайхан” уртын дууны өдөрлөг цаашид уламжлал болон үргэлжлэх бөгөөд монгол хүний, монгол үндэстний бусдаас ялгарах ялгарал, бас нэг “ондоошил” болсон уртын сайхан дуугаа өвлөн авч үлдэх, үүх түүхийг судалж, үр хүүхэд, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд бас нэгэн хувь нэмэр болтугай.
Б.ЗАЯА
()
Discussion about this post