-УИХ, орон нутгийн сонгууль боллоо. Сонгуулийн үр дүнг хэрхэн үзэж байна?
-УИХ-ын сонгууль гэж зүгээр л ёсчлох үйл ажиллагаа явагдаад дууссан. Завхан аймагт өрсөлдсөн ч саналаа луйвардуулаад, тэр Баярсайхан, Цэрэнпунцаг, Нарантуяа, Батсайхан дөрөвт миний авсан саналыг хуваагаад өгчихсөн. Цэвэр дээрэмдүүлсэн. Эрх баригч намуудын төлөөлөл СЕХ-нд ажилладаг учраас зохион байгууллалттай хийсэн. УИХ-ын дараа сонгуулийн дараа олон хүн ярьсан. Монголчууд үүнийг таг мартаад дахиад орон нутгийн сонгуульд орсон. Орон нутгийн сонгуулийг мөн л ёсчлох ажиллагаа явууллаа. Өмнө нь МАН 35, АН 7-8, цаана нь нэг ганц бие даагчид өгнө гэсэн яриа гараад байсан нь үнэн боллоо. УИХ-ын сонгуулийн санал, үйл ажиллагааг хакердсан программыг давтаад ийм дүн гарсан. Нийслэлийн, орон нутгийн сонгуульд гуравны нэгийг л АН-д, цаанаа нь ХҮН-ын цөөн хэдийг өгөг программаараа гарсан. ХҮН-ынхан бид саналаа авлаа гээд онгироод байна. Үнэмшилтэй болгохын тулд хэнийг яах вэ гэж хакерууд нь хийж байна. Ийм сонгууль хийхээ больж, МАН нь цаашаа үргэлжлүүлээд явж байсан нь дээр. Одоо төр засгийг удирдаж байгаа хүмүүс нас бартлаа “явна” гэж зарласан нь дээр. Дандаа хулгайч луйварчид эргээд сонгогдлоо. У.Хүрэлсүх бүгдийг нь хална солино гэсэн, тэр ч байдаггүй. Ерөнхийлөгч оффшор гээд баахан юм янзална гэсэн, тэр ч байдаггүй. Ингээд Монгол Улсын нэг шал дэмий төр оршин тогтнож байна. Сонирхолгүй байна, улс орон урагшаа хөгжиж байгаа зүйл харагдаж байгаа юм алга. Хөгжих ч үгүй, ийм улсаар удирдуулж байгаа юм чинь яаж явах юм бэ. Цахиагийн Элбэгдорж, Н.Энхбаяр эд нараас долоон дор болон хувирч байна, би наад улсыг мэдэлгүй яах вэ. Ерэн оноос мэднэ. Монголын ард түмэн муу байна, тэнэг, аймхай хулчгар байна. Тэгээд сонгуулийн маргааш гоншигонох юм. Одоо ч гоншигонож байна. Тэгээд саналаа өгөх болохоороо дандаа саналаа үнэлнэ, биеэ үнэлж байгаа юм шиг. Ер нийтээрээ биеэ үнэлэгчид болжээ. Японы сэтгүүлч хүүхэн “Тархины тураал” гэж үнэн хэлжээ. “Вагнер Ази”-ийн америк залуу “Монголчууд шиг тэнэг улс дэлхий дээр байхгүй” гэж яриад байгаа. Бид Африкуудаас дор, Африкууд тэмцэж байна, Украйн, Белорусыг хар. Сонгууль болохоор энэ хэдэн луйварчид нь байж байх юм. Үүнтэй яриад байх юм алга. Эд нараас айгаад байх ч юм алга. Тэнэг ард түмэнтэй улс, тэнэг улстөрчидтэй байхаас өөр яах юм бэ.
-Та төсвийн төсөлд Баянхонгор, Хэнтий хоёрт 124 тэрбум хуваарилчихсан...
-Тийм. 124-125 тэрбум төгрөг тавьчихсан. Дараа нь Өмнөговь 80 тэрбум, бусад нь 80-аас доош байгаа биз. Ингэж улаан цайм дээрэм хийж болохгүй ш дээ. Монголчууд дуугарахгүй, чимээгүй л суугаад байх юм. Сошиалаар утасныхаа араас солиорно. Одоо бүгдээрээ мартчихсан архиа уугаад явж байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл гэж харж байна?
-Харваас тийм байгаа биз. Наадахыг чинь ухаантай цөөн хүн ухаж харна. Бусад нь ойлгохгүй байна. Тийм л ухаантай юм бол сонгуулиар бүгдийг нь солихгүй яасан юм бэ.
-УИХ-д нэр дэвшсэн хүн зорилготой, 4 жил ажиллана гэсэн төлөвлөгөөтэй нэр дэвшдэг байх. Гэтэл Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ татгалзан Хотын дарга боллоо?
-Ашиг сонирхол руу зүтгэж байна. УИХ-ын гишүүн Хотын даргаас том, Хотын даргыг дуудаж асуулга тавьдаг. УИХ-ын гишүүний баталсан хуулийг хэрэгжүүлдэг хүн. Тэгээд доошоогоо дураараа яваад өгдөг, явуулж л байдаг. МАН-д Хотын даргыг хийх чадвартай хүн байхгүй л дээ. Тийм боловсон хүчин алга. Би өөрөө Хотын захиргаанд ажиллаж байсан болохоор ямар хүн Хотыг удирдах вэ гэдгийг сайн мэднэ. Баасанжав даргаас хойш нэг ч олигтой хүн Хотын даргаар тавигдаагүй. Баасанжав дарга 1992-96 онд Хотын даргаар ажилласан. 1996 онд Ж.Наранцацралт, Миеэгомбын Энхболд гээд “завхарсаар” дандаа луйварчид Хотын дарга хийлээ. Ядахдаа хотын ажлыг эрэмбэлчихдэг хүн Хотын дарга баймаар юм. Газрын наймаа яриад л, хот төлөвлөлт гэж байхгүй. Энэ Яармагийн хорооллыг хар, Маршал таун, Ривер тауныг хар. Чин үнэнийг хэлэхэд Улаанбаатар хотод болж байгаа юм нэг алга. Үерийн усны систем, шугам хоолой байдаггүй, цахилгаан нь хотын зах руугаа хүрэлцээгүй. Над шиг хүн яриад ч хэрэг алга.
–Хэдэн сайн эдийн засагчдаа “цааш хийчихлээ”. Да.Ганболд, Бямбасайхан гээд…
-Тэднийг ямар эдийн засагч гэх вэ. Анх 20 дугаар тогтоол гаргаад Да.Ганболд, Бямбасүрэн гуай хоёр энэ улсыг “алаа” биз дээ. Монголд эдийн засагч, банкирист хүн байхгүй. Хуучин Орос улсад Санхүү эдийн засгийн техникум төгссөн л улс. Яг жинхэнэ эдийн засагч гэдэг шал ондоо. Өргөн мэдлэгтэй, өндөр боловсролтой, улс эх орноо боддог улс байдаг. Манайд эдийн засагч байхгүй, Хот төлөвлөлтийн инженер байхгүй. Мэргэжилдээ сайн инженерүүд байхгүй, чадалтай ажиллах хүчин байдаггүй, сургадаггүй, боловсруулдаггүй. Худлаа баахан хувийн дээд сургууль төгсгөөд, тэд нь эрэлтээсээ ихэдчихсэн. Ийм л болчихоод байна. Хатуухан хэлэхэд хогийн шаарнууд болчихоод байна.
-Ойрд бизнесмэнүүд шүүгдлээ. “Жаст”-ын Батхүү 8 жил, “Бишрэлт”-ийн Ундармаа 40 саяар торгуулиад өнгөрлөө?
-Мэдэхгүй, мөрдөн шалгасан шүүх цагдаагийнхан тогтоосон биз. Ямар ч байсан банк нь дампуурсан. Дампуурлын хуулиар шоронд явахгүй хуультай л даа. Тэрийг мэдэж дампууруулсан байх. Өмнө нь бас банк дампууруулж байсан. Манайд 1992 оноос хойш 4 дэх банк дампуурлаа. Зориудаар гэж харагдахаар байна. Ш.Батхүү гарын үсэг ашиглаад залилан хийсэн, тэрийг дагалдан байгаа Ч.Ганзориг энэ тэр хаана яваа юм бүү мэд. Үүнийг энэ хоёр намаас гарсан улстөрчид хийдэг ажил биш. Ийм улсуудтай тэс өөр хүмүүс гарч ирж тооцоо бодно.
-Байсгээд л Манан бүлэглэлийн эсрэг ажиллана, гээд шударгаа гайхсан улс гарч ирэх ч албан тушаал аваад таг болох юм..?
-Манан бүр аймаар болчихоод байна. Монголд амьдарч байгаа улс харж байгаа. Ер нь мананг ард түмэн өөрсдөө үүсгэсэн. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж. Өөд нь явуулсан улс эргээд өөрсдийнх нь толгой дээр чулуу шидээд байна. Сонгуулийн үеэр иргэд хэт зүрхний хөөрөлд автаад, ухаанаа алдчихдаг юм билээ. Зориуд ядууруулчихсан юм чинь хэн ирж мөнгө амлах нь вэ гэж хүлээдэг болчихож. Улс яваандаа эдийн засгийн хүчин чадалгүй болоод улам дампуурч байна. Манайхыг хараандаа авчихсан ганцхан улс байгаа. Тэрийг мэдсээр байж мэдээгүй юм шиг сонгуульд ордог юм билээ, тэгээд сургачихсан юм.
-УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг АТГ-аас шалгахад хил даваад зугтчихсан гэсэн мэдээ гарлаа. Үүнийг та юу гэж бодож байна.
-Оюунхорол бол улстөрч эмэгтэйчүүд хамгийн аймаар хүн. Байгаль орчны сайд хоёр удаа хийлгэсэн, Завханчууд 4 удаа сонгосон. Хохь нь л гэнэ. Ард түмэн ийм царайтай байвал Өвөрмонголынхоо араас Хятад руу дагаад ороод, зам тээвэр нь хөгжөөд явсан нь дээр. Тэгэхгүй бол улс ч биш, гадны гар хөл болчихсон хүмүүс шал дэмий. Сүүлдээ аргаа бараад ийм юм бодож байна. Хөгжихгүй байна, урд хөрш ч хараандаа авчихаад байна. Тэгэхэд ажил хийдэг, дуугардаг улстөрч ч алга.
-СХД-ийн УИХ-ын нөхөн сонгуульд та нэр дэвших үү?.
-Үгүй ээ, би дэвшихгүй. Д.Сумъяабазар саяхан л “нүх болгон руу гүйдэг хулгана биш” гэсэн. Одоо яаж байна. Ер нь эр хүн хэлсэндээ байвал сайхан. Сонгинохайрхан дүүргийг хөгжүүлнэ, хоёр нийслэлтэй болно гэж байсан. Одоо Улаанбаатар хотоо сайхан болговол болж л байна. Чадах юм уу үгүй юу бүү мэд. Өнөөдрөө мэдэхгүй байгаа улс, маргааш юу болохыг хэн мэдэх юм.
-Цар тахлаас шалтгаалж хил хаасан нь таны бизнест нөлөөлж байна уу?
-Надад бизнес гээд байх юм байхгүй.
-Нарантуул зах таных биз дээ?
-Тэнд хүмүүс наймаагаа хийгээд байж байна биз. Монголд бизнес хийх ямар ч бололцоо байхгүй. Тэгээд ч Ерөнхий сайд нь “Чөлөөт зах зээл гэж байхгүй” гэж хэлсэн биз дээ. Ингэж үлгэн салган байснаас Хятад шиг социалист ардчилалтай болсон нь дээр ч биз.
-Тэгэхээр Хэнтийд барьсан андлалын өргөө шиг юм болох биш үү?
-Ийм хөгийн юм ярьж яах юм бэ. Би хоёрын хооронд новшийн улстөрч болъё гэж бодоогүй. Төр нийгэмд зүтгэдэг хүн болъё гэж бодсон. Надад тэр боломж гарсангүй. Лениний хэлдгээр “тохироо бүрдээгүй”, хулгайч нараа сонгоод байгаа юм чинь. Яадаг ч байсан би төсвийн мөнгө рүү хуруу дүрэхгүй л хүн. Хулгайч нараар удирдуулаад байж л байна биз. Одоо манайд Нийгмийн нэр зүтгэлтэн огт гарахгүй байна. Ю.Цэдэнбал даргаас хойш олигтой хүн гарсангүй. Ж.Батмөнх дарга гайгүй ч бөөрөнхий маягийн хүн байсан. Тэгээд манайхан үхсэн хойно нь баахан худлаа магтах юм. Саяхан нэг эмэгтэйг Тайванийн тагнуул, Хятадын тагнуул гээд байсан, сая өнгөрөхөд нь яав. Хатны ёсоор оршуул гэх нь холгүй юм боллоо. Хойно нь л ингэдэг.
-Манай улсыг хөгжиж байгаа орон гэж өөдрөг ярьдаг үе өнгөрч, ингэж хэлэх хүмүүс чимээгүй болжээ…
-Хөгжил дэвшил яриад, гайхуулаад байх юм алга. Байдлыг өөрчилж, энэ луйварчдыг унагааж өгөх улс нь сонгогчид. Гэтэл үгүй юм, цөөрч өгдөггүй өвгөн чавганц нар байна. Хүүхдүүдээ тэр намд өг гэж тулгадаг. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр энэ улсыг самарч ханахгүй юм. Энэ хоёрыг сошиалаар үг хэлэхээр үзээд, тэгсэн мөртлөө хараагаад зүхээд байх юм. Тэнд Долгор гэдэг ЖДҮ байгуулж, гоё юм хийж бүтээжээ гэхээр үзэхгүй. Энэ улсын сүүлийн 30 жилд дүгнэлт хийгээд товч үгээр хэлэхэд үзэхгүй, сонсохгүй байна. Тэгсэн мөртлөө Осоржамаа, Элбэгдорж, Энхбаяр гэхээр шавчихна. Их гоё.
-Та Хотын захиргаанд ажиллаж байсан. Уг нь хотоос л сайн инженер боловсон хүчин төрдөг гэлцдэг байсан. Одоо ч хэцүү болсон юм шиг?
-Би МАХН-д 1989 онд элссэн. Тэгэхэд одоо төрд гарчихсан улс сураггүй байсан. Хотын захиргаанд УТТ-ны Алтангэрэл, Мөнхжаргал, Энэбиш, Баасанжав, Жавзмаа, Ц.Сандуйгийн аав Цэндсүрэн гуай нарын удирдлаганд ажилласан. Дарга нар улс, хотын төлөө яаж ажиллаж байсныг мэднэ. Тэдэнтэй харьцуулахаар ой гутмаар. Тэр үед хог, үер ус, цахилгаан дулааны асуудалд ямар нэг доголдол гарах юм бол газрын дарга нарт дор нь арга хэмжээ авдаг, халдаг, намаас сануулдаг байсан. Одоо намаас сануулж болно ш дээ. Намын нэрээр ажиллаж байна, УЗ, ҮЗХ нь сануулга өгч болно доо. Та намын нэр хүнд унагалаа гэж хариуцлага тооцож болно доо.
-Одоо Америкт, баруунд сурч төгссөн залууст итгэл үзүүлбэл яадаг бол?
-Америк социалист эдийн засаг, төвийг үзэх үзэл рүү орж байна. Гэхдээ телевизээр гарч байгаа залуу эдийн засагч хуульчид амьдрал практикийн дадлага туршлага алга, зүгээр л их сургуульд “шипидэж” байгаад төгссөн лекцээ л яриад байх юм. Тэрийг ард түмэн яаж ойлгох юм. Харин М.Энхсайхан жинхэнэ эдийн засагч хүн байсан. Тийм шударга хүн Монголд байх ямар ч боломж байхгүй. Шударга улс нь нийлж олуулаа болж ерөөсөө чадахгүй юм билээ.
М.Энхсайханыг 1996-98 онд ид ажиллаж байхад АН-нхан өөрсдөө, Эби тэргүүтэй улс түлхэж унагаасан. Энэ Элбэгдорж, Н.Энхбаяр гээд төрийг самардаг хэдэн хүн байна. Энэ хоёр гол тэргүүн. 1997 онд Н.Багабанди гуайг ерөнхийлөгч болоход Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвшсэн, Завханыхан сонгосон. Гарч ирээд бүх суудлыг нь аваад Намын дарга, УИХ-ын намын бүлгийн дарга болоод. Тэгээд яаж хор найруулдгийг яруу тодоор харуулсан. Тэгэхэд Ц.Элбэгдорж АН-даа нөлөөтэй байсан. Муугаар бодоход С.Зоригийн аллагын хэрэгт хамаатай байж мэдэх л юм. Энэ хоёр ерөөсөө улс төрөөс хөндийрөхгүй юм. Энэ хоёроос одон медаль авсан хүмүүс ерөөсөө салдаггүй юм байна. Төрийн одон медалийг энэ хоёр “Зоос гоёл”-д мөнгөө өгч зүүж өгөөгүй ш дээ. Монголчууд гялалзаж байгаа юм зүүгээд өгчихвөл бөөн баяр. Залуучуудыг ч энэ арга барилаар яваад, жаахан ухаантай залуус нь оролцохгүй хойшоо суучих юм.
-Корона гээд хадны мангаа шиг зүйл гараад ирлээ. Гудамжаар ч чөлөөтэй явган явах аргагүй болж байна?
-Коронаг зориуд бариад байна. Сонгуульд хяналт тавьдаг гадныхан улстөр судлаачид ажиглагчид байхгүй. Корона эдний гэмт хэргийг сайхан нуун далдалж байгаа юм байна. Эдийн засаг нь хүчин чадалгүй, нөөцгүй, зорилтот бүлгээ тодорхойлж чадахгүй, тусламжийг нь оноож өгч чадахгүй байна. Хүнсний талон, хүүхдийн мөнгө, гээд халамж… Бүх хүн халамж хэрэггүй, авах ёстой хэсэгхэн хүн байна. Сонгуультай холбоотой учраас хавтгайруулаад байна. Үндсэн хуулиндаа бүх хүн тэгш эрхтэй, хүүхдүүдийг алаг үзлээ гэдэг. Боломжтой айлын хүүхдүүдэд мөнгө өгөх ямар хэрэг байна?. Боломжгүй айлын хүүхдэд 20000 болгоод өгөх хэрэгтэй. Дургүйд хүчгүй гэж ажиллах юм.
-УИХ-д ганц улс шударга дүр үзүүлж ганц нэг юм ярих юм. Чуулганыг харж байхад гишүүд бухимдаж байна. Төсөв рүү ордгийг болиулчихсан. Сая Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын боловсруулсан төслөөр явж байна. Манай орлого 2021 онд 11,7 их наяд байх нь. Зарлага нь 13,9 байна. Төсвийн алдагдал 2,2 их наяд гэж төлөвлөж байна. Нүүрс, зэс, алт гурваас 11,7 их наядаа олно гэсэн тооцоо хийж. Болно л доо, эдний үнэ буугаад багасаад ирвэл дараагийн ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь тодорхойгүй. Төсөв хэлэлцэхэд алт зэсийн үнэ унавал ийм сөрөг арга хэмжээ авна гэж давхар тооцоотой орж ирэх ёстой л доо. Тэрийг хийж төлөвлөдөг эдийн засагч Монголд алга. Гадаадын эдийн засагчид шал ондоо төсөв, төсөл хийж байна. Ганц Хүрэлбаатар биш, олон сайн эдийн засагчид төсөв хийж байна. Бөөнөөрөө орж ирээд сайхан тайлбарлаж өгч байна. Германаар жишээ авахад батлах төсвөө бүгдийг нь хэвлээд туслахууд руу явуулаад уншиж судална. Туслахууд нь дандаа зөвлөдөг сайн улс байна. Ийм марк олно, тэгж зарцуулна, илүү гарсныг нь хуримтлалдаа авна гэнэ. Улсын сан хөмрөгөө баяжуулна. Сингапур баяжина гэж ярьж байна. Манайх алдана, алдагдал гэж ярина. Бид юм хийж бүтээж зарна, үүнийг ингэж зарцуулаад үлдсэнээр нь сангаа арвижуулна гэдэг. Ингэж төсөв баталж байна. Тэгдэг хүмүүс алга даа.
Амиа аргацаасан улстөрч болох хүсэл эрмэлзэл байгаагүй. Нийгмийг өөрчлөх бодолтой ороод тохироо нь бүрдэж өгөөгүй. Манай улс одоо Венесуэлийн араас явж байна. Одоо 50 мянгатын дэвсгэрт хэвлэх тухай ярьж байна. Тэгвэл талхыг 5000 төгрөгөөр авна гэсэн үг. 500 төгрөг 50 төгрөг болно. Муу амлаж байгаа юм биш, хойтон өдийд яг тэгнэ. Ер нь Ардын нам одоо ганцхан У.Хүрэлсүхийн нүүрэн дээр тогтож байна. Өөр лидер алга. Энэ нам яг АН-ын араас явж байна. Одоо гуравдагч хүчин алга. Хэрэв байдаг бол 2024 онд тэрийгээ дэмжиж, тэгж байж л өөрчлөгдөнө. Хүмүүс сүүлийн 2008, 2012, 2016, 2020 оны 16 жилийн энэ асуудлыг тооцоо хийж, энэ улсын хохирлыг бодитоор тогтоож, энэ олон хүний амь үрэгдэж байгаа асуудал, ханиад, томуу аваар ослоор нар барж байгаа хүмүүсийн тоо бодитоор гаргаж ирж, санхүү эдийн засгийн алдагдлыг тооцон тайлж, ард түмэнд үнэн зөвөөр нь хэлэх хүчинг сонгомоор байна. УИХ-ын сонгуулийн үеэр сонгоно л гэдэг юм. Тухайн үед 50000 төгрөг хараад ухаан алдчихдаг. Одоо хэдийг өгөх юм гэж ярьдаг болсон байна лээ. Та манай орон нутагт юу хийх гэж байна гэж яриад хэрэггүй юм билээ. Сүүлийн 3 сонгуулиар үзлээ. Хэдэн төгрөг өгөх вэ л гэнэ. Тийм сонгогчидтой улс цаашаа явж яг харагдаач. Хүнийг шүүмжлээд иргэд хүлээж авдаг бол хамаа алга, яриад байхсан.
WWW.TAIZ.MN
Discussion about this post