Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.04.06 № 2023/ШЦТ361
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №05, 2023.04.06
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Н.Пүрэвжав, Д.Батмөнх, Б.Ганбаяр, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2201000460010 дугаартай хэргийн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 04-нөөс 06-ны өдрүүдэд тус шүүхэд үргэлжлэн явагдлаа.
Шүүх хуралдаанаар хэргийн бүх байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан хэлэлцэхэд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн тухайд МУ-ын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулын дипломат албан тушаалд томилогдон төсвийг захиран зарцуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсад 112.243.865 /нэг зуун арван хоёр сая хоёр зуун дөчин гурван мянга найман зуун жаран тав/ төгрөгийн хохирол учруулсан
– мөн 2021 оны 10 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд өөрийн ашигладаг “Даваагийн Мөнх-Эрдэнэ” гэсэн фейсбүүк хаягаас хохирогч С.Оюунбилэгийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан,
– мөн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Төрийн тусгай хамгаалалт бүхий Гадаад хэргийн яамны байр руу хүчээр нэвтрэн орж, төрийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн,
– мөн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч Б.Ганбаяртай бүлэглэж, түүнд Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулж давуу байдал бий болгох зорилгоор Монгол УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Эрдэнэбаярт 20.000.000 /хорин сая/ төгрөгийн хахууль өгөх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн,
шүүгдэгч Н.Пүрэвжав, Д.Батмөнх нар нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг, шүүгдэгч Б.Ганбаяр нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хахууль өгөх гэмт хэргийг, шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдов.
Иймд шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн бусдад хахууль өгсөн гэмт хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял, хүний нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт нь 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт нь 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол болох 82.263.785 /наян хоёр сая хоёр зуун жаран гурван мянга долоон зуун наян тав/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт олгох, шүүгдэгч Д.Мөнх-эрдэнийн бусдад хахууль өгөх гэмт хэргийг үйлдэх явцдаа өөртөө олсон ашиг орлого болох 10.000.000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгчийн эд хөрөнгөөс гаргуулж улсын орлого болгохоор,
Шүүгдэгч Н.Пүрэвжав, Д.Батмөнх нарт Эрүүгийн хуульд заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт нь тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Ганбаяр нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнээр дамжуулан нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэмт хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 14.000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Эрдэнэбаярт Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял, Нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан гэмт хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Эрдэнэбаярт дээрх хоёр гэмт хэрэгт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 16.000 /арван зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож, шүүгдэгч Б.Эрдэнэбаярын гэмт хэрэг үйлдэж өөртөө олсон ашиг орлого болох 20.000.000 /хорин сая/ төгрөгийг шүүгдэгчийн эд хөрөнгөөс гаргуулж улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэсэн болно.
Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг
()
Discussion about this post