УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮБХ-ны гишүүн З.Нарантуяатай АН-ын дотоод зөрчил, Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, шинэээр батлагдсан зарим хуулийн талаар ярилцлаа.
ХАТСАН МОД ШИГ НЭР ХҮНД НЬ УНАЖ БАЙГАА НАМЫНХАА БОДИТ ҮНЭН БАЙДЛЫГ УХААРЧ, МЭДРЭХ ХЭРЭГТЭЙ
-АН-ын дотоод зөрчил өнөөг хүртэл цэгцрээгүй байна. Таны хувьд саяхан АН-ын даргын сонгуульд эмэгтэйчүүдээ төлөөлж өрсөлдсөн. Таны өрсөлдсөн даргын сонгуульд ҮБХ-ны гишүүдийн олонхийн саналаар УИХ, Засгийн газрын гишүүн асан Лу.Гантөмөр ялсан. Гэвч Дээд шүүх хүлээн зөвшөөрч, бүртгээгүй байна. Араас нь С.Эрдэнийн АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн Д.Ганбат ялсан гээд хэвлэлийн хурал хийлээ. Одоогоор аль алиныг нь хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөөгүй байна. Та бол хуульч хүн. Таны хувьд ямар үндэслэлээр энэ удаагийн сонгуулийг хууль ёсны болно гэж итгэж өрсөлдсөн бэ?
–Улс төрийн намын тухай хуулийн дагуу намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг тухайн улс төрийн намын дүрмээр зохицуулна гэж заасан. АН-ын дүрмийг энэ хууль болон Монгол Улсын бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзэн Дээд шүүх өөрөө бүртгэсэн. Энэ дүрмээр бол АН-ын Төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хороо намын эрх барих дээд байгууллагын хувьд дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй. Тиймээс гишүүдийн 80 орчим хувийн оролцоотой ээлжит бус хурал хуралдаж, дотоод асуудлаа шийдлээ. Тодруулбал, Намын дарга сонгох журмаа баталж, баталсан журмынхаа хүрээнд сонгууль явуулсан. Улсын Дээд шүүхийн удаа дараагийн шийдвэрүүдийн гол шаардлага нь Төлөөллийн төв байгууллагын гишүүд салангид биш, нэг дороо цуглаж, хамтарч хуралдаад нэг хүнийг даргаараа сонгоод ир гэсэн байдаг. Тиймээс энэ удаа олонхи нь нэг дороо цуглаж чадсан. Эрдэнийн талаас ч тэр, Баттулгын талын гэгддэг ҮБХ-ны гишүүдээс ч оролцсон. Дээд шүүхийн буцааж байсан бүх үндэслэл, шаардлагыг нь хангасан, процессын алдаа гаргаагүй учраас хууль ёсны гэж үзэж, итгэл үнэмшилтэйгээр сонгуульд өрсөлдсөн.
-Дээд шүүх энэ удаа бүртгэнэ гэж бодож байна уу, та?
-Дээд шүүх энэ удаа эргэлзээгүй бүртгэх байх гэж найдаж байна. Өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүд нь Монгол Улсыг нэг том намтай, тоглоомын хэдэн жижиг намтай, олон ургальч үзлийг хориглодог хойд хөрш шиг ардчилсан бус улс болгох зам руу аажим аажмаар түлхэж байна шүү дээ. Ардчиллыг АН өмчлөх гээгүй, хүч тэнцвэргүй олон жижиг нам байх нь Парламентын тогтолцоонд гажиг үүсгэх, үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал учраас үүнийг ойлгох хариуцлагатай хүмүүс тэнд байгаа гэж итгэж байгаа.
-АН-ын даргыг, тамгыг Дээд шүүх хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үнэхээр АН-ын дотоод зөрчилд байна уу эсвэл Дээд шүүх, эрх баригчидтай холбоотой гэж та бодож байна уу?
–Аль алинд нь байна. АН хүчгүй, задарсан, бутарсан байхыг улс төрийн эрх ашгийн үүднээс эрх баригчид ч хүсч байна. АН-ын дотоодын зөрчил өгөөш болж байна. Дээд шүүх санаатай биш гэхэд бүртгэлийг хийхгүй байгаа эс үйлдлээрээ дэмжлэг үзүүлээд байна. Урьд өмнө олон жилийн туршид намуудын дүрмийн болон удирдлагын өөрчлөлтүүдийг чирэгдэл шаардлагагүй бүртгээд л ирсэн тэр жишгээрээ даргын бүртгэлийг зүгээр хийгээд явуулсан бол өнөөдөр улс төрийн нөхцөл байдал, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн огт өөр байх байсан.
-АН-д эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийн талаар та ямар бодолтой байдаг вэ. Яагаад ингэж асууж байна вэ гэхээр ҮБХ-ны 293 гишүүний 12 хүний санал авсан гэхээр эмэгтэйчүүддээ төдийлэн итгэл хүлээлгэх сонирхолгүй байгаа юм шиг санагдсан. АН-ын энэ дотоод зөрчилд эмэгтэйчүүд нь илүү ажиглагчийн байр сууринаас хандаад байна уу?
–Намын гишүүд намаа нэгтгэхийг нэгдүгээрт тавьж байна. Өөр өөрийнхөө үйлдлийг зөвтгөж, хатуу байр суурин дээрээ таг гацсан зөрүүд эрэгтэйчүүдийн учрыг нь олж, найраа тохироо хийхэд эрэгтэй хүн байсан нь илүү гэж үзсэн байх. Хэн нь ч ялсан бид нэг зорилготой хүмүүс.
-Улстөрийн хүчний дарга, удирдах албан тушаалтнуудын амнаас тэдний гол зорилго нь УИХ-ын сонгуульд ялах, эрх мэдлийг атгах тухай л үг унадаг. Улс төрийн нам байхын гол зорилгын талаар та бодлоо хуваалцаач. Таны хувьд АН-ыг институцээр нь өөрчлөх тухай ярьсан байдаг. АН-д өнөөдөр тамга, даргаас илүү юу чухал байна гэж та бодож байгаа вэ?
–Институц болж хөгжих шаардлагатай.
АН өнгөрсөн хугацаанд олон лидертэй, тэднийгээ дагаж, тойрсон олон нэгдлүүд байж ирсэн, эрх барьж байсан үедээ ч хоорондоо зөрчилдөөнтэй л байсан. Одоогийн хуваагдлын эх учиг ч тэндээс улбаатай байдаг. Тиймээс хатсан мод шиг нэр хүнд нь унаж, хатуухан хэлбэл, нийгэмд нэрнээс өөр үнэ цэнэгүй болчихоод байгаа намынхаа бодит үнэн байдлыг ухаарч, мэдрэх хэрэгтэй.
Нэр цэвэр нийгмийн дэмжлэг авах шинэ хүний нөөцөөр цус сэлбэж, олон жил зүтгэсэн залуусаа дэмжиж туршлагажуулж, бэлдэхгүй бол маргааш сонгууль болоход ялах магадлалтай нэр дэвшигчид хэд байна вэ. Бодох, хийх, шинэ залуу үеийнхний сэтгэлд нийцсэн, зөвхөн сонгогчдод нэг удаа таалагдах гэдэг биш нийгмээ дагуулж өөрчлөх манлайлалтай, итгэл даах нэр хүндтэй хүчирхэг улс төрийн хүчин болох шаардлага байна.
ЕРӨНХИЙ САЙД НЬ ХЭЗЭЭ Ч УНАЖ БОЛЗОШГҮЙ ХЭВРЭГ СУУДАЛД “НАМАЙГ ДЭМЖДЭГ ПАРЛАМЕНТТЭЙ БОЛМООР БАЙНАА” ГЭЭД СУУЖ БАЙНА
-Та фракцын маргаанаас бодлогын сэтгэлгээтэй нам болохын төлөө гэж АН-ын даргад нэр дэвших үеэрээ ярьж байсан. Монголын улс төрд өнөөдөр 36 нам байна. Гэвч яг үнэндээ МАН-тай өрсөлдөх хэмжээнд бодлого дэвшүүлэх нь хэд билээ? Улстөрийн намууд маань боловсрохгүй, хөгжихгүй байгаагийн учир шалтгаан нь?
-Сонгуулийн тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим буруу байгаа нь асуудлын гол шалтгаан юмаа. Улс төрийн намуудын “хувьчлагдсан байдал” ч нөлөөлж байна. Намууд одоогийн бүтэц,бүрэлдэхүүнээрээ цаашаа явах боломжгүй, үйл ажиллагаа, дотоод соёл нь нийгмээс хол хоцорч байна. Магадгүй, бүх намуудыг татан буулгаж, шинээр эхлүүлэх цаг ч болсон байж мэднэ.
Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа нь АН болохоос биш дотроо хагарахад бэлэн байгаа нь МАН. АН-ын хямрал нийгмийн хор хөнөөл багатай. Ялгарч, шүүгдээд, цэвэрлэгдэх процесстоо явж байна.
Харин эрх барьж байгаа нам хуваагдаж, зөрчилдөх нь төрийг гацаах, сульдаах аюултай. М. Энхболдыг огцруулсан 2018 оны өвлийг хүмүүс мартаагүй байх. 6 жилийнхээ хугацаанд УИХ-ын үйл ажиллагааг 45 хоног гацааж, Засгийн газраа 4 удаа сольчихсон, сайд болж үзээгүй гишүүн бараг үлдээгүй, Ерөнхий сайд нь хэзээ ч огцорч болзошгүй хэврэг суудалд “намайг дэмждэг Парламенттэй болмоор байнаа” гээд сууж байна. УИХ нь Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмждэггүй, Ерөнхий сайдаа УИХ нь дэмждэггүй, Ерөнхийлөгчийн засаглалтай улс шиг байна шүү дээ.
Энэ бол бусад намууддаа орон зай өгөхгүй, сонгуулийн хуулиар шахсаар байгаад зөвхөн бүртгэлийн гэрчилгээ, тамгатай нь үлдээсний гор юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд Хүрэлсүхийн Засгийн газрын үеэс АН-ыг жижиг намуудын хэмжээнд хүртэл бутаргах бодлого амжилттай хэрэгжиж байгаагийнх нь үр дагавар гэж хатуухан хэлмээр байна. Нам намаа хувьчилж авах гэж дотроо алалцаж, энэ их тэмцэл зодоон, өшөө хорсол нь төрийг бусниулж байгааг ард түмэн нийтээрээ ойлгож байгаа байхаа. Үүнийг олон намын оролцоотой, хүчтэй сөрөг хүчинтэй, тэнцвэр хадгалсан эрүүлжиж байгаа Парламент л засч чадна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар эрх баригчид ойр ойрхон ярьж, олонхидоо дулдуйдан өөрчилж байна. Гэхдээ энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг бий болгох, бодлогын намуудыг хөгжүүлэх, олон намын оролцоотой зөвшилцлийн парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн холимог тогтолцоогоор санал үл гээгдэх ардчиллыг бэхжүүлэх гэх мэтээр тайлбарлаж байгаа. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Үндсэн хуульд 2019 онд хийсэн өөрчлөлтөө эхлээд гүйцэд хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй. Салан баавгайн үлгэрээр өчигдрийн хийснээ өнөөдөр буцаагаад, маргааш эргүүлж авчирна гээд эргэлдээд яахав. Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглалын хяналт тэнцлийг хангахын тулд Ерөнхий сайдад өгсөн танхимаа өөрөө бүрдүүлэх 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн амин сүнс заалтыг нүүрсний, ЖДҮ, Хөгжлийн банкны хулгайчид гэж нэрлэгдсэн гишүүдээ сайд болгож, давхар дээл өмсүүлэхийн тулд 3 хоногийн дотор 100 хувь алга болгож чадаж байна. Үүнээс харахад ҮХНӨ гэдэг зүйл нийгмийг хямралаас гаргах чин хүсэл, зорилго биш, дараагийн сонгуульд Үндсэн хуулиар гул барьж, дахин ялах гэсэн улс төрийн мэх байх магадлалтай. Нийгэм, улс төрийн хямрал Үндсэн хуулиндаа биш, ёс зүй, зарчим гэдгийг огт мэддэггүй, ёс суртахуунаа уландаа гишгэсэн улс төрчдөөс үүдэлтэй гэж харж байна. Үүнд, нийгмээрээ автах хэрэггүй л болов уу. Холимог тогтолцоогоор сонгуулийг явуулж болно. Сонгуулийн хуулиа л зөв баталчих хэрэгтэй. Жижиг намууд харин нэгдэж, эвсэж сонгуульдаа бэлдсэн нь дээр.
-Мажоритар, пропорциональ холилцсон системтэй байх нь зөв сонголт гэж та нэг яриандаа хэлсэн байсан. Гэвч нам өөрөө нэг хүнийх мэт цөөн хүнд эрх мэдэл нь төвлөрчихсөн байгаа энэ нөхцөлд дээрх систем зөв байж чадах уу?
-Мажоритар ба пропорционалийн холимог тогтолцоо манайх шиг оронд зохимжтой гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Таны хэлж байгаа шиг өнөө маргаашдаа даргадаа ойр, мөнгө ихтэй хүмүүс жагсаалтад орох магадлал өндөр л дөө. Том утгаараа хэнийг жагсаалтад оруулснаас сонгуулийнх нь эцсийн үр дүн хамаардаг учраас намыг хариуцлагатай болохыг шахдаг.
ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРТ ХУВИЙН ӨМЧИЙН БИЗНЕС 30 ХУВЬ БОЛТЛОО ШАХАГДАЖ, ТӨРИЙН МӨНГӨ, ОРОЛЦОО 70 ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ БОЛСОН БАЙНА
-Та парламентын гишүүн байхдаа төсвийн бодлого, төсвийн төслийн талаар нэлээн сайн, нухацтай дуугарч чаддаг гишүүдийн нэг байсан. МАН-ын Засгийн газрын танилцуулж байгаа төсвийн бодлогын талаар таны бодлыг сонирхоё. Мэдээж геополитик, цар тахал гээд эдийн засагт хүндээр тусч байгаа олон асуудал байна. Иргэдийн амьдрал ч уруудан оройтсоор байгааг олон статистик мэдээнээс харж болохоор байна?
-Харж болно. Түүхэнд байхгүй их мөнгө буюу 20.8 их наяд төгрөг зарахаар 2023 оны төсвөө баталсан. 2017 оноос хойшхи 6-хан жилийн дотор улсын төсвийн зарлага 7.0 их наядаас 20.8 их наяд төгрөгт хүрч, 3 дахин өссөн статистик тоо бол төрийн алба, Засгийн газрын хэрэглээ, урсгал зардал хэр хэмжээнд данхайсныг илэрхийлж байгаа юм. Энэ хугацаанд 122 орчим мянган төрийн албан хаагчийн тоо нэг дахин нэмэгдэж, 214 мянга давсан. Ковидын хуулиар халхавчилж, дийлэнх нь намын нөхөд, хамаатан садан, ойр тойрны хүрээллийн хүмүүсээ томилсон олон зөрчил илэрсээр байгаа ч төрийн албыг дорвитой анхаарч байгаа зүйл харагдахгүй байна. Ийм болохоор төрд ажиллахад орон зай олдохгүй, бизнес хийхэд эхлэлтийн хөрөнгөгүй залуус ЖДҮ эрхлэх ч боломж нь олдохгүй болохоор гадагшаа хүний нутагт ажиллахаар явцгааж байна. Талх, гурил, бензин шатахууны үнэ жилийн өмнөхөөсөө 30 гаруй хувиар нэмэгдсэн. Ийм байхад өрхийн бодит орлого өсөх ямар ч боломжгүй. Төгрөгийн худалдан авах чадвар, валютын ханш, хүнс, хэрэглээний барааны дотоодын үйлдвэрлэлийн өртөг, импортоор авч байгаа барааны үнэ байнга өсч байхад амьдралын чанар дордойтох нь аргагүй. Үр ашиггүй төсвийн менежментийн олон жил ярьж байгаа энэ байдлаа эрс өөрчлөхгүйгээр нөхцөл байдал огт дээрдэхгүй.
-Хэмнэлтийн хууль, төсвийн үрэлгэн зардлагыг танах тухай яриад л байгаа шүү дээ. Төрийн өмчит компаниуд хамгийн өндөр зардалтай, хамгийн үр ашиггүй ажиллаж байна. Гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтыг хэмжээ дорвитой тэлж чадахгүй байна гэх. Гэвч энэ бүхний гол буруутан нь 2012-2016 оны АН гэх хандлага эрх баригчдаас цухалзсаар байна. Та тухайн үед улстөрд бас ойр ажиллаж байсан хүн. Энэ тухайд ямар хариулт өгөх вэ?
-Төрд шахаа, авлигын уурхай болсон төрийн үйлдвэрүүд огт хэрэггүй, зоригтой хувьчлах шаардлагатай. Одоо эдийн засгийн салбарт хувийн өмчийн бизнес 30 хувь болтлоо шахагдаж, төрийн мөнгө, оролцоо 70 хувийг эзэлдэг болсон байна. Үйлдвэрлэл эрхлэнэ гэдэг цэвэр бизнесийн харилцаа. Төр нь төрөө, бизнес нь бизнесээ л хийх хэрэгтэй. Тэгж байж зах зээл шударга ажиллана. Үндсэндээ чөлөөт зах зээл гэж байхгүй болох зам руугаа явж байна.
Хэмнэе гэж байгаа л бол үйлдлээрээ хэмнэх хэрэгтэй шүү дээ. Ижил үүрэг функцитай хичнээн олон яам, агентлагууд, хороо, нэгжүүд бий болсныг тоолж үзээрэй. Яамгүй сайд нар хэнтэй ажиллаж, юу хийх вэ. Ийм үр ашиггүй бүтэц бүтээмж бий болгож чадахгүй.
Цахим шилжилт гэдэг төрийн бүх байгууллага түүний үйлчилгээнд хамаардаг зүйл. Яам тусгайлан шийддэг зүйл биш гэдгийг дэлхийн бүх улс орон хүлээн зөвшөөрсөн. Байгууллага бүр цахим шилжилтийг хийх чиг үүрэгтэй функц хийж өгсөн байдаг. Харин манайх байгууллагууд дээр биш дунд нь яам байгуулчихсан. Ярьж, зорьж байгаа нь зөв ч хэрэгжүүлэх арга барил, хөрөнгөө ухаалгаар зарцуулах тал дээр үнэхээр менежмент алга.
АН 2012-2014 онд дангаараа засаг барьсан. 2014-2016 онд МАН-тай хамтарсан. Хамгийн үр дүнтэй ажилласан он жилүүд гэж боддог. Өмнөхөө үгүйсгэж харлуулах гэж биш заримдаа суралцаж, сайн ажлуудыг үргэлжүүлэн ажиллаж байх нь төрийн бодлогын залгамж чанарыг сайжруулахад маш чухал. Эдийн засаг, нийгмийн бүх үзүүлэлтүүдийг гарган хэний Засгийн газрын үед аль үзүүлэлтүүд сайжирсан бас дордсон гэдгийг харьцуулж үзсэн. АН засагласан он жилүүдэд макро эдийн засгийн дийлэнхи суурь үзүүлэлтүүд сайжирсан байдаг. Үнэн шүү. Инцляци, ажилгүйдлийн түвшин, Засгийн газрын хэрэглээ, хамгийн сүүлийн жишээ, авилгын индекс хүртэл буурсан. Алдаа их гаргадаг ч суурь бодлогын хувьд АН үргэлж нийгмийн шинэчлэлт өөрчлөлтийг зоригтой хийж ирсэн нь бодит зүйл. Тиймээс Монголын ард түмэн ялгаж, салгаж ойлгоно гэж бодож байна. МАН алдаагаа өөрөөсөө хайсан нь дээр.
ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЛЭХ ЯВЦАД ОЛОН ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БОЛЗОШГҮЙ
-Хөгжлийн банкны асуудал ч 2016 онд УИХ-ын байнгын хороон дээр яригдаж байсан. Гэтэл яагаад тухайн үед асуудлыг шийдээгүй юм бэ. Асуудлыг мөн л АН-тай холбож тайлбарладаг?
-Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газраас тухайн үед ажлын хэсэг байгуулаад шалгасан. 2016 онд Байнгын хорооны хуралд танилцуулахад нь бид “Хяналт шалгалтын материалаа ил болгож байгаад 16 чанаргүй зээлдэгчийн асуудлыг ярья. Өнөөдөр цэгцэлж авахгүй бол энэ институц байхгүй болох нь. Цаашдаа улсын томоохон эдийн засгийн суурь төслийг санхүүжүүлэх энэ том институц нэр хүндгүй болно” гээд танхим дотор зарим нэг хүний нэрийг хүртэл дурдсан байдаг. Харамсалтай нь, энэ шалгалтын дүн дээр “нууц” гээд тамга дараад, цааш нь хийчихсэн. Гэтэл тухайн үед Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байсан Б.Энхбаяр гишүүн энэ тайланг өнгөрсөн жил л гаргаж ирэв. Тухайн үед Хөгжлийн банкин дээр байсан зөрчил, чанаргүй зээл, найдваргүй авлагын хэмжээ өнөөдөр хэд дахин нэмэгдсэн байна. Заавал энэ алдаа дутагдлыг ийм томруулж, ингэж их хулгай, хууль бус зүйлийг бий болгох нөхцөлийг бүрдүүлчихээд ярих нь хэнд ашигтай юм бэ. Хэрвээ 6 жилийн өмнө энэ бүх асуудлыг цэгцэлчихсэн бол нийгмийг доргиосон ийм асуудал үүсэхгүй байлаа. Засгийн газар гэдэг нийгмээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, аль болох амгалан тайван байлгах, бизнесийн салбарт таатай орчин бүрдүүлэх гээд төрийн ажлаа л хийх хэрэгтэй. Түүнээс нам доторх таалагдахгүй улс төрчөөсөө өшөө хонзон авч, авсан зээлээр нь яллахын тулд нийгмийг доргиож, төрийн байгууламжаа задалж, бутарган улс төр хийж, төр засгаа удирдаж байсан түүх Монгол Улсад байхгүй.
-УИХ-аас баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар та өөрийн байр суурийг илэрхийлсэн байсан. Нэг талаар хүний эрх олон нийтийн сүлжээнд хамгийн ихээр зөрчигдөж байгаа нь үнэн нь нөгөө талаар сөрөг хүчингүй болсон эрх баригчдад хяналт болж байна. Энэ тухайд?
-Энэ хуулийг батлаад хүний эрх бүрэн хамгаалагдчихна гэж хуулийн үр нөлөөг хэтрүүлэн үнэлэх нь зохимжгүй. Хэрэглэх явцад олон хүний эрх зөрчигдөж болзошгүй хууль гэж хэлнэ. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалахад цоо шинэ дэвшил, шинэчлэл бий болгосон зүйл бол огт байхгүй. Нийтийн сүлжээн дэх нийгмийн харилцаа технологийн хувьд хэнд ч хянагдах захирагдах боломжгүй, маш түргэн хугацаанд өөрчлөгдөж байна. Технологийн давуу болон сул талыг иргэддээ таниулж, тэр орчинд хэрхэн биеэ зөв авч явж, өөрийгөө болон гэр бүлээ яаж хамгаалж, эрсдлээс сэргийлэх вэ гэдэг мэдлэг, дадал, соёлд сургаж, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн бүх нэгжүүд, боловсролын байгууллагууд, шат шатны засаг захиргааны нэгжийн удирдлагууд, Үндэсний олон нийтийн болон бусад телевизүүд, хэвлэл мэдээллийн байгуулагуудад үүрэг, хариуцлага ногдуулсан эрх зүйн зохицуулалтын хэрэгцээ шаардлага энэ салбарт байгаа. Гэвч энэ чиглэлээр их ерөнхий эзэн биегүй 4-5 заалт орсон. Хуулийн шинэ зүйл нь 15 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгжийг яамны шалгуураар томилж, хяналт тавиулахад л шаардлагатай эрх хэмжээг л өгсөн явдал.
Н.УУГАН ()
Discussion about this post