1912 оны Орос-Монголын хэлэлцээр байгуулагдахад нөлөөлсөн геополитикийн ерөнхий нөхцөл -I

1912 оны Монгол-Оросын хэлэлцээрийн талаарх судалгаа одоогоор хэлэлцээний явц болон хэлэлцээрийн текстийн тайлбарт төвлөрч байна. Энэхүү өгүүлэлдээ 1912 онд байгуулагдаж, “Монголын асуудал”-ыг шийдвэрлэх эхний алхам болсны зэрэгцээ хожмын Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үндэс суурийг тавьсан Орос-Монголын хэлэлцээрийн геополитикийн ерөнхий нөхцөлийг судалж үзэхийг оролдлоо. Энэхүү өгүүлэл голчлон тухайн үеийн Герман улсын Гадаад хэргийн яамны (Auswärtiges Amt) баримт бичигт үндэслэсэн.


“Зүүн Азийн асуудал”

XIX зууны сүүлч, XX зууны эхээр Германы Ази судлалын ном зохиолуудад “Зүүн Азийн асуудал” багагүй тусгалаа олж, хожим “Солонгосын асуудал”, арай хожуу “Монголын асуудал”,улмаар нийтэд дуулиан багатайхан шиг “Түвдийн асуудал” тусгагдах болжээ.[i] „Солонгосын асуудал“-ын цаана Японы,„Монголын асуудал“-ын цаана Оросын, “Түвдийн асуудал“-ын цаана Их Британийн гэх зэргээр тэрхүү тодорхой „асуудал“ нэг бүрийн цаана тодорхой улс гүрнүүдийн ашиг сонирхол байсан. Өөрөөр хэлбэл, “асуудал” нэг бүр нь дэлхий дахины талаарх Германы гадаад бодлогын үзэл баримтлалыг ч бас ямар нэг байдлаар хөндөж байлаа. Солонгос, Ар Монгол, Түвдийг сонирхсон улс гүрнүүдийн сонирхол нь гол төлөв улс төр-эдийн засгийн, гэхдээ бас цэргийн ч ашиг сонирхлын бөөгнөрөл байсан. Юуны өмнө Европын улс гүрнүүд, АНУ, арай хожуу Япон улсын зүгээс Манж-Хятадын эзэнт гүрэн буюу Манж Чин улс, түүний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хандах хандлага “Зүүн Азийн асуудал”-ын гол цөм болж байв. Дээр нь бас Чин гүрний Хятад төвтэй батлан хамгаалах загварт Хятадын голомт нутгийг хамгаалах гэдэг утгаараа онц чухал үүрэг гүйцэтгэж байсан Хятадын гаднах нутгуудыг эцэстээ “уусах”-д хүргэж мэдэх “Монгол” болон “Түвдийн асуудал” Хятадын хувьд ноцтой аюулыг өөртөө агуулж байсан юм. (Өнөөдөр ч гэсэн зарим геополитикч Хятадыг зах зухаас нь “уусгах” нь хамгийн хялбар хэмээн үзэж буй.) Энэхүү өгүүлэлдээ 1912 онд байгуулагдаж,  “Монголын асуудал”-ыг шийдвэрлэх эхний алхам болсны зэрэгцээ хожмын Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үндэс суурийг тавьсан  Орос-Монголын хэлэлцээрийн геополитикийн ерөнхий нөхцөлийг судалж үзэхийг оролдлоо.

“Зүүн Азийн асуудал“ чухам яагаад үүсэх болов?

1814-1815 онд Венийн Их хурлаар „Улс гүрнүүдийн Европын концерт“-ын системийг бий болгосон. Тэрхүү “Европын концерт“ нь үндсэндээ олон улсын харилцаанд олон туйлт системийн үүрэг гүйцэтгэх болсон байна. Англи, Франц, Австри, Орос, Прусс их гүрнүүд „Европ, улмаар даян дэлхийн энх тайван“[ii]-ы баталгааг хангах болжээ. Яаж түүнийг хангах болов? Тэдгээр улсууд хэдийгээр хоорондоо өрсөлддөг ч гэсэн өөр хоорондын „хүчний тэнцвэр“ болон статус квог хадгалах асуудлаар харилцан ойлголцдог байлаа. Энэ байдлаа хэрхэн хадгалж байсан бэ? Тэнцвэрийг барихдаа „Нэг их гүрний хүч нэмэгдэх бүрт бусад бүх их гүрний хүчийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх замаар түүнийг нөхөн тэнцүүлэх“ ёстой байжээ.[iii] Гэхдээ „нөхөн тэнцвэржүүлэх энэ тоглоомоор тоглох угтвар нөхцөл“ нь „газарзүйн хийгээд эрх мэдлээ хадгалах бодлого явуулах орон зай Европын гадна“[iv] байх явдал байж. Энэтхэгийн дэд тив нэгэнтээ Английн нөлөөлөл, ашиг сонирхолын бүс болоод байсан тул (Их Британи нь тухайн үеийн ойлголтоор цорын ганц “супер гүрэн” байсан) улс гүрнүүдийн өргөжин тэлэх ашиг сонирхол Манж Чин улсын захиргаанд байсан Хятадад аяндаа чиглэх болжээ. Хятадын хэмжээ дамжаа, баялаг, тус улс бас асар том борлуулалтын зах зээл байсан явдал түүнд нь дэм өгсөн.

Дэлхий хийгээд далайн их гүрэн Их Британи хар тамхины 1-р дайн (1839-1842), арай хожуу хар тамхины 2-р дайн (1856-1860)-аар Францтай хамтран Хятадыг хагас хугас нээлттэй болгосон юм. Бараг тэр үед Орос улс Крымийн дайн (1853-1856)-ыг хийж, эцэст нь Османы эзэнт гүрний эсрэг (1877-1878) дайтахад Европын гүрнүүд Оросын эсрэг Константинополийг дэмжиж байв. 1871 онд Герман-Францын дайны үр дүнд Германы эзэнт гүрэн байгуулагджээ. Отто фон Бисмарк Францын Версалийн ордны Тольт танхимд Пруссын I Вильхелм хааныг эзэн хаанд өргөмжилсөн тунхагийг уншин сонсгож байлаа. Хуучин Европын гүрэн Пруссын оронд Германы эзэнт гүрэн гарч ирж, тун удалгүй улс төр, эдийн засгийн хувьд асар их хүчирхэгжив.

Орос улсын дайнууд ба Германы нэгдэл нь Европын “хүчний тэнцвэр“-ийг ихээхэн алдагдуулсан билээ. Тэр ч байтугай Киссинжер тэр үеийн Германыг „бүх хөршөө тус бүрт нь, магад ч үгүй тивийн бүх улс гүрнийг бүгдийг нь ялах хангалттай хүч чадал бүхий зонхилогч улс.“[v] гэж үзэж байсан юм. Орос, Герман хоёр улс тэгээд “Улс гүрнүүдийн Европын концерт”-оос гарсан. “Европын концерт”-ийн дэглэм үндсэндээ хүчингүй болжээ.

Үйл явдлын энэ өрнөл “Зүүн Азийн асуудал”-д багагүй нөлөө үзүүлсэн. Ингээд Европын улс гүрнүүд Хятадад чөлөөтэй худалдаа хийж байх, сонирхлын хүрээгээ тодорхойлох, түрээсийн газар нутаг олж авах, борлуулалтын зах зээлтэй болох гэж ухаан жолоогүй тэмүүлэх болжээ.[vi] Энэ нь Их Британи, Чин гүрний хооронд байгуулсан Нанжин (Nanjing/1842)-ы, АНУ, Чин гүрний хооронд байгуулсан Ванся (Wangxia/1844)-гийн зэрэг тэгш бус гэрээнүүдээс ч тодорхой харагдаж байв.

Юуны өмнө тухайн цаг үеийн аж үйлдвэр өндөр хөгжсөн Англи орон Хятадын талаарх бодлогоо улс төрийн зорилгын хажуугаар (Энэтхэг дэд вант улс нь байсан болохоор Их Британи бас Хятадын газар зүйн шууд хөрш болж байв) юун түрүүнд эдийн засгийн зорилгод чиглүүлж байлаа. 1895 онд Лорд Солсбери “Англи улс дэлхийн хагас иргэншсэн болон иргэншээгүй улс үндэстнүүдийн дотор борлуулалтын шинэ зах зээл нээх зайлшгүй шаардлагатай”[vii] хэмээн мэдэгдэж байв. Хэт их үйлдвэрлэлийг багагүй явуулж байсан болохоор Британийн аж үйлдвэрт тэдгээр зах зээл хэрэгтэй байжээ. Түүний зэрэгцээ Европын банкууд хөрөнгөө ашиг өгөхүйц зүйлд оруулах зохистой боломжийг эрж хайж байсан агаад газарзүй болон хүн амынхаа хэмжээ дамжаагаар Хятад улс тэдэнд онцгой тохиромжтой санагдаж байв. Тэр ч байтугай Британийн зарим сонин тэр үед Хятадыг Британийн ивээл хамгаалалд авахыг шаардаж байлаа. Английн аж үйлдвэрийн хувьсгал, капиталист хөгжлийн үр дүн нь хариу төлөөс нэхэх болсон хэрэг. Үндсэндээ капиталист системийн дотоод хөдөлгөгч хүч нь хэтдээ „хүчний тэнцвэр“-ийн аливаа хэлбэрийг эргэлзээтэй болгосон юм.

Давамгайлагч Өрнө дахины дүрэмд суурилсан дэг журам болсон олон улсын сонгодог эрх зүй

Европын их гүрнүүд Зүүн Азид нэвтэрснээр хоёр болон олон талт харилцааг, жишээ нь Манж Чин улстай нэгдсэн нэг стандартын дагуу баталгаатай зохицуулах шаардлага бий болжээ. Улс гүрнүүд олон улсын харилцаандаа олон улсын сонгодог эрх зүйн зарчмуудыг үндэс болгон холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг боловсруулах болов. Нийтлэг улс төр, үзэл суртал бүхий Европын улс гүрнүүд тэрхүү олон улсын сонгодог эрх зүйг урт удаан хугацааны үйл явцад (1648 оны Вестфалийн энхийн гэрээ, 1731 оны Ютрехтын гэрээ, Эрх мэдлийн тэнцвэрийн зарчим, 1814/15 оны Венийн их хурал, Конгрессын систем, Ариун холбоо, 1899, 1907 оны Гаагийн энх тайвны бага хурлууд) боловсруулан хөгжүүлсэн юм. Түүнээс өмнө Зүүн Азид олон улсын эрх зүйн дүрэм журам гэхээр юм эхлэлийн төдий ч байгаагүй тул аяндаа Европын олон улсын сонгодог эрх зүйн үндсэн дээр гэрээ хэлэлцээ хийх болсон байна. Энэ нь жишээ нь, Хятад дахь Чин улсын Засгийн газар олон улсын эрх зүйн тэдгээр зарчимтай танилцаж, тэдгээрийг бас хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үгбайв. Энэ тал дээр Хенри Вийтоны “Олон улсын эрх зүйн элементүүд” болон И. К. Блюнчлийн “Иргэншсэн улсуудын орчин үеийн олон улсынэрх зүйг эрх зүйн ном дор тайлбарлахуй” бүтээлүүд цагтаа “орчин үеийн” олон улсын эрх зүйн хамгийн чухал ном болж гаргууд үүрэг гүйцэтгэсэн юм.[viii] Тэдгээр бүтээлийг 1865 болон 1880 онд хятад хэлэнд, хожим нь япон, монгол хэлнээ орчуулжээ.

Олон улсын эрх зүйн гол цөм нь улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчим байв. Нэг улс орон хуулийн этгээд болохыг нь олон улсын эрх зүйн дагуу хүлээн зөвшөөрсөн нөгөө улстай л гэрээ юмуу хэлэлцээр байгуулах боломжтой байсан болохоор тийм зарчим зайлшгүй хэрэгтэй байсан. Гэсэн хэдий ч эрх зүйн практик дээр Европын улс гүрнүүд өөрсдийгөө жишээ нь Хятадаас илүү адил тэгш гэж үзэж байснаас үндсэндээ эрх мэдэл, хүч чадлын байр сууринаас хэлэлцэж хийсэн гэрээ бүр нь тэгш бус болохоос ч өөр аргагүй байлаа. Энэ нь эцэстээ Хятад юмуу бусад гэрээт талуудын бүрэн эрхийн хэр хэмжээг Европын улс гүрнүүд (+ АНУ + Япон) шийдэж байсан гэсэн үг юм.

“Нээлттэй хаалганы зарчим”

Уг чанартаа эдийн засгийн шинжтэй Европын улс гүрнүүдийн санаа зорилго их, бага ямар нэг хэмжээгээр Хятадын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг чиглэж байсан бол АНУ 1899, 1900 онд “нээлттэй хаалга” (Open Door)-ны зарчмаар цоо шинэ бодлого баримтлах болсноо тунхаглаж, 1945 оныг хүртэл түүнийг гадаад бодлогынхоо нэгэн тулгуур багана болгосон билээ. Хятад-Японы дайн (1894-1895) улс гүрнүүдийг Хятадад нөлөөллийнхөө хүрээг тогтоохын төлөө ихээхэн өрсөлдөхөд хүргэв. Хятадад байр сууриа нэгэнт олсон улс гүрнүүд худалдаа, хөрөнгө оруулалтын онц эрхийг монопольчлоод авчихаж болох байснаас АНУ эдийн засгийн ашиг сонирхлоо хэрэгжүүлж чадахаа больчих вий хэмээн эмээж байлаа. Хятадыг колониудад хувааж мэдэхээр болсон нь АНУ-ын эдийн засгийн хувьд Хятадын зах зээлд нэвтрэх боломжоо алдана гэсэн үг байв. Тиймээс 1899 онд АНУ-ын гадаад хэргийн сайд Жон Хэй (John Hay) Хятадад “ашиг сонирхол, нөлөөллийн хүрээгээ тогтоох санаархал бүхий улс гүрнүүд”-эд хандан дараах шаардлагуудыг тавьжээ:

1. ” гэрээт боомт буюу ашиг сонирхлын хүрээ гэгч буюу түрээсэлсэн нутаг дэвсгэр”-ийн доторхи хууль ёсны ашиг сонирхолд ямар нэг байдлаар хөндлөнгөөс хутгалдан оролцохгүй байх;

2. “Нэр заасан ‘ашиг сонирхлын хүрээ’-н дэх боомтуудад буулгасан буюу усан онгоцоор тээвэрлэн авчирсан бүх бараанд … Хятадын гэрээт үнэ тарифыг мөрдөх”;

3. Боомт болон төмөр замын төлбөр хураамж, тэрчлэн ашиг сонирхол болон нөлөөллийн хүрээгээр дамжин өнгөрөх транзит тээврийн асуудалд улс үндэстнүүдийг адил тэгш авч үзэх.[ix]

АНУ-ын гадаад хэргийн сайд 1900 оны 7-р сарын 3-ны өдрийн тараах бичигтээ 1. Хятадын нутаг дэвсгэр, засаг захиргааны бүрэн бүтэн байдлыг хэвээр хадгалах, 2. найрсаг улс гүрнүүдэд гэрээ болон олон улсын эрх зүйн дагуу баталгаажуулж өгсөн бүх эрхийг хамгаалах, 3. Хятадын эзэнт гүрний бүх бүрэлдэхүүн хэсэгтэй эрх тэгш, тал тохой таталгүй худалдаа хийх зарчмыг баталгаажуулах зэрэг шаардлагыг тавьсан байна.[x] Их Британи, Герман, Франц, Япон, Италийн Засгийн газрууд “нээлттэй хаалга”-ны бодлогыг амаар дуртай дургүй зөвшөөрчээ. Харин Орос улс хариу өгсөн боловч зөвшөөрлөө тодорхой илэрхийлээгүй байна.

Орос, Япон улсууд нутаг дэвсгэрийг албадан хавсаргах бараг уламжлал болсон бодлогоо удалгүй Зүүн Азид цааш нь үргэлжлүүлж эхэлсэн билээ.

“Зүүн Азийн асуудал” ба дэлхийн бодлого

Гэхдээ дэлхийн улс төрийн бодлого ч “Зүүн Азийн асуудал”-д мөн нөлөөгөө үзүүлэх болсон. Далайн их гүрэн Их Британи эх газрын их гүрэн Оросыг “Британийн дэлхийн ноёрхолд хамгийн их аюултай дайсагнагч” гэж үзэж байсан тул (өнөөгийн нөхцөл байдлыг санагдуулам) 1902 онд холбоо байгуулах замаар Японыг Оросын эсрэг дайн хийхэд хөгжөөн дэмжсэн юм. Лондоны стратегийн тооцоо Оросоор цэргийн хүчийг нь Европ бус, Алс Дорнодод тогтоон бариулж байхад чиглэж байлаа. (Энэ ч бас өнөөдөр эцэст нь гуравдагч талыг сулруулах гэсэн зарим нэг талын санаа байж болох.) Ингээд Орос улс Японтой дайтав. Орос улс Цушимад флотынхоо үлэмж хэсгийг алдаж, ялагдал хүлээжээ. 1905 онд Орос, Япон улсууд Портсмутын энхийн хэлэлцээрийг байгуулав. Хэлэлцээрт Оросын талыг тэргүүлж байсан Виттегийн нарийн бичгийн даргын хувиар бидний сайн мэдэх И.Я. Коростовец оролцжээ. Түүний дараачаас Их Британи Алс Дорнод дахь флотынхоо хэмжээг үлэмж багасгаж, Европын далай тэнгист хүч нэмж болохоор боллоо гэж үзжээ. Орос харин их гүрний хувьд Хятадын элитүүдийн дунд нэр хүндээ өнө удаан сэвтээснээ хүлээхээс өөр аргагүй болсон. Хятадын Засгийн газрын бодлогыг сэргэж буй үндэсний ухамсар, гадаад гүрнүүдийн эсрэг чиглэсэн шовонизм улам бүр тодорхойлох болов. Энэ нь “Чин улсын шинэ засгийн бодлого” (Хятадын колоничлол, Манжуур, Ар Монгол, Түвдийг засаг захиргааны хувьд улам бүр нэгтгэх)-той нийлээд Оросын гадаад бодлогод ихээхэн төвөг удах болсон нь Оросын Эзэн хааны Гадаад хэргийн яамны баримт бичгээс харагдана. Тэгээд ч Европын гүрэн болохын хувьд Орос улс нь Европт тулгараад байсан асуудлуудын улмаас “Зүүн Азийн хэрэг явдал”-д хамаа намаагүй хутгалдан оролцож чадахаа болиод байсан.

Зүүн Ази дахь их гүрнүүдийн ашиг сонирхол туйлшрах байдалд орж эхлэв. Нэг тал нь Их Британи, Орос, Франц, Япон улс, нөгөө тал нь АНУ, Герман, Хятад улс болж байлаа. Орос, Их Британи улсууд харилцаагаа дахин хэвийн болгоод зогссонгүй. Орос улс 1907 онд Англи-Францын Антантын (Entente) гэрээнд бас нэгдэн орсон агаад тэр нь их бага ямар нэг хэмжээгээр Германы эсрэг чиглэсэн “гурвалсан Антант” (Triple Entente) болж хувирсан билээ. Мөн 1907 онд хоёр тал конвенци гарган Түвдийн асуудлаар харилцан ойлголцож, Түвдийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан ч, тус улс Хятадын эзэн эрхийн дор (suzerainty) оршихоор болсон юм.[xi] Ингээд хоёр тал олон жилийн тэртээгээс Төв Азид өөр хоорондоо явуулсан “Том тоглоом” (Great Game)-ыг ч бас дуусгавар болгосон юм. Бусдыг албадан хавсаргахаар төлөвлөөд байсныхаа улмаас Орос, Япон улсууд ч дахин ойртох болов. 1907 онд хоёр тал “Хятадын эзэнт гүрний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал”, “нээлттэй хаалганы зарчим”-ыг хүлээн зөвшөөрсөн улс төрийн ерөнхий хэлэлцээр байгуулсан авч дагалдах нууц хэлэлцээрээр Манжуур дахь нөлөөллийнхөө хүрээг тогтоон тодорхойлсон байна. Түүгээр Япон улс Ар Монгол ч бас Оросын ашиг сонирхлын хүрээ болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хоёр тал 1910[xii] оны хэлэлцээртээ Манжуур дахь ашиг сонирхолдоо анхаарлаа төвлөрүүлжээ. Тэд “Орос, Япон улсуудын хооронд байгуулсан бүх гэрээ, конвенц, хэлэлцээрийн үр дүнд бий болсон” Манжуурын статус квог хэвээр хадгалж, хүндэтгэн үзэх үүрэг хүлээсэн байна.[xiii]Харин “Хятадын эзэнт гүрний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал” болон “нээлттэй хаалганы зарчим” огт дурдагдсангүй. Хятад cудлаач Краузе энэ холбоог “ямар ч үед хамгаалалтын ч, эсэргүүцлийн ч холбоо болон хувирч мэдэх хамгаалалтын холбоо” хэмээн тодорхойлсон буй.[xiv] Түүний дүгнэснээр, хоёр тал “өөрсдийн хоорондох хурцадмал байдлын улмаас бие биедээ уягдаж хүлэгдэхээ больсон”, мөн аль аль тал нь “нөгөө талаа саад хийнэ гэж хүлээлгүйгээр” өөр өөр зорилгод анхаарлаа хандуулж болохоор болсон нь онц чухал байсан аж.[xv] Тэгснээр газар нутгийг албадан хавсаргахаас үл буцах хандлага Орос, Японы гадаад бодлогод ихсэх магадлалтай болжээ.

Орос улс ба “Монголын асуудал”

Хаант Орос улс болон Чин гүрний Засгийн газрууд 1860 онд Бээжингийн гэрээг байгуулж,Ар Монголын “нийслэл” Их Хүрээ (Оросоор Урга гэдэг байв)-нд Консулын газраа ажиллуулах эрхийг Орос улсад олгосон бөгөөд Хиагт-Бээжин-Хиагт чиглэлийн Орос, Хятадын худалдааг уг гэрээгээр зохицуулах болжээ. Орос улс 1872 онд Их Хүрээнд Консулын газраа нээсэн байна. 1881 оны Петербургийн гэрээг байгуулснаар Оросын худалдааны сонирхол Ар Монголд улам их чиглэх болсон. Уг гэрээгээр “худалдаа наймааг хөгжүүлэх явцад, Хятадын Засгийн газартай тохиролцсоны дагуу” Их Хүрээ, Ховд, Улиастайд Консулын газраа байгуулах эрхийг Орос улсад олгосон байна.[xvi] Монгол дахь Оросын харьяат албат, хуулийн этгээдүүдэд олгосон эрхүүдэд газар зүйн хувьд хамгийн өргөн утгаар гаалийн татвараас чөлөөлөгдөх, Оросын Консулын газар бүхий газрууд болон Хаалган хотод олж авсан газар дээрээ барилга гэх мэтийг барих эрх орж байв. Хаалганаар дамжуулан Тяньжин боомт руу бараагаа газраар тээвэрлэхийг Оросын худалдаачдад зөвшөөрчээ.[xvii]Манж Чин улс Европын гүрэн болох Орос улсад тэр цаг үеийн хэмжүүрээр ихээхэн найр тавих ёстой болсон байдаг. Гэсэн ч Орос улс шинээр олж авсан давуу эрхээ амьдралд бараг хэрэгжүүлж чадаагүй юм. Тэгье гэвч Сибирийн эдийн засаг хүчрэхгүй байсан хэрэг.

Харин Транс-Сибирийн төмөр зам баригдсанаар Ар Монголыг Оросын цэргийнхэн илүүтэй их сонирхох болжээ. Тус бүс нутагт Манж Чин улсын цэргийн ажиллагаа идэвхжсэний улмаас Сибирь болон Транс-Сибирийн төмөр замын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэсэн асуулт тавигдах болж. Оросын цэргийнхэн XVIII зууны дунд үеэс монголчуудын эрх чөлөөг хүссэн хүсэл эрмэлзэл хийгээд Чин улсын Засгийн газрыг мэр сэр эсэргүүцэх болсныг нь сайн мэдэх болсон байна. Энэ нь Сибирийг батлан хамгаалах үзэл баримтлалдаа Ар Монголыг Хятадын эсрэг жийргэвч болгон ашиглах асуудлыг бодолцож үзэхэд хүргэсэн мэт. Тиймээс цэргийнхэн Оросын гадаад улс төрийн бодлоготнуудаас Ар Монголд оролцоогоо нэмэгдүүлэхийг шаардах болжээ. Гэвч гадаад улс төрийн бодлоготнууд нь Европ, Азийн аль алинд нь хандах хандлагаа цэгнэж үзсээр, жийргэвчийн үүрэг гүйцэтгэх талаас нь Ар Монголд төдийлөн ач холбогдол өгөөгүй ажээ.

Оросын Засгийн газар 1905 оны 4-р сарын 14-нд Бээжинд онц бөгөөд бүрэн эрхт сайдаар томилогдсон өөрийн дипломатч Д.Д.Покотиловт Хятадад юуны өмнө Японы байр суурийг анхааралтай ажиглаж байх зааврыг өгчээ. Түүнээс гадна тэр Лхасад буцаж очих боломжийг Далай ламд олгож, түүнийг хуучин зэрэг зиндаанд нь тавих талаар Хятадын Засгийн газарт нөлөө үзүүлэх ёстой байв. “Орос улс өөрт нь цөхрөлтгүй сайн сайхныг хүсч, туслахад цаг ямагт бэлэн байдгийг” Далай ламд тэр батлан хэлэх ёстой байв.[xviii] Сайд Покотилов Зүүн Сибирээр дайран Хиагтаас Их хүрээ (Урга) хүрч, эцэст нь Бээжинг зорьжээ. Их хүрээнд тэр Далай ламтай удаан ярилцаж, түүнд Цагаан хааны бэлгийг өөрийн биеэр гардуулан өгсөн ажээ. Ар Монголтой холбоотой Оросын Засгийн газрын тусгай зааврын талаар юм мэдэгдээгүй.

Харин 1908 онд Бээжин хотноо Д.Д.Покотиловын халааг авсан Коростовецын хувьд байдал өөр байлаа. Засгийн газраас нь түүнд өгсөн заавруудад, Манж Чин улсад “Манай эрх ашгийг Баруун Европынхтой адилтгаж болохгүй”, харин “1898 оныг хүртэл (хэрэгжүүлж байсан) бодлогыг үргэлжлүүлэх, өөрөөр хэлбэл энх тайвнаар, бусад улс орноос тусдаа үйл ажиллагаа явуулах”-ыг чармайх хэрэгтэй гэсэн байдаг.[xix]Японтой нөлөөллийнхөө хүрээг тогтоон тодорхойлох нь Оросын гадаад бодлогод маш чухал ач холбогдолтой болохыг заавруудад онцолсон буй. Оросын Засгийн газар “Монголын талаарх бидний байр суурь” “хамгийн чухал асуудлуудын нэг” хэмээн онцолсон ч, уг баримт бичигт бас “одоогийн энэ цаг үеийг юутай ч Монголд идэвхтэй бодлого явуулахад тохиромжтой биш гэж үзэх ёстой” гэсэн байх ажээ.[xx] Тиймээс Засгийн газар нь Коростовецэд монголчуудтай эдийн засаг, соёлын харилцаагаа бэхжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх зааврыг өгсөн буй. Монголчуудад зориулан сургууль барьж, “Манай их дээд сургуулиудад монгол залуучуудыг элсүүлэх”, заавруудад дурьдсанчлан “Орос улсад онцгой их итгэл хүлээлгэж, туйлын талтай байдаг” Далай ламтай найрсгаар харилцахад санаа тавихыг Засгийн газар нь түүнд зөвлөмж болгож байжээ.[xxi]

Эцэст нь Орос-Японы 1910 оны 7-р сарын 4-ний өдрийн гэрээ Франкийнхэлснээр “Зүүн Азийн улс төрд жинхэнэ эргэлт”-ийг авчирсан юм. Түүнээс хэдхэн долоо хоногийн дараа Солонгосын эзэн хаан Японы эзэн хаанд “Солонгос улсын бүх нутаг дэвсгэрийг захирах өөрийн бүрэн эрхийг тэр чигт нь бүрмөсөн, үүрд” шилжүүлсэн байна.[xxii] Ингээд “Солонгоын асуудал” Японы талд ашигтайгаар шийдэгдэв.

Ингээд Оросын Гадаад хэргийн яам “Монголын асуудал”-аар өөрийн хүсэл зорилгыг гүйцэлдүүлэх ажлыг урагш нь ахиулах цаг боллоо гэж үзэв. Тус яам “Монгол дахь статус кво-г өөрчлөхгүй, тэнд цэргийн арга хэмжээ авахгүй байх үүргийг Хятадаар хүлээлгэх”-ийн тулд тус улсад ямар байдлаар дарамт шахалт үзүүлэх талаар төлөвлөгөө боловсруулах үүргийг Бээжин дэх өөрийн элч төлөөлөгч И. Я. Коростовецэд өгсөн байна.[xxiii] Гадаад хэргийн сайд Сазонов “Бүх асуудал … Хятадтай харилцах манай харилцааны гол цөмийг хөндөх” бөгөөд “бусад улс гүрэн, гол нь Англи, Японтой урьдчилан хийх зөвшилцөл”-өөс хэрэгжилт нь хамаарна хэмээн ажилтнууддаа сануулсан буй.[xxiv] Сазонов 1910 оны 12-р сарын 10-нд Токио дахь элчин сайддаа “Солонгосыг албадан хавсаргахдаа бидэнд өгсөн амлалтын биелэлтийг Японоос шаардах мөч ирлээ” хэмээн мэдэгджээ.[xxv] Ингээд Орос улс “Монголын асуудал”-ыг идэвхтэй авч үзэж эхэлсэн, тэгэх шалтгаан ч хангалттай байсан. Хятадын худалдаа Ар Монголоос Оросын худалдааг шахан гаргах аюул нүүрлээд байв. Нөгөөтэйгүүр энэ бүс нутагт Хятадын цэргийн ажиллагаа идэвхжиж байгааг анзаарахгүй байхын аргагүй болжээ. Оросын Гадаад хэргийн яам арван жил тутам шинэчилдэг Петербургийн гэрээний (1881) хугацаа дууссаныг далим болгон “Монголын асуудал”-ыг шийдвэрлэх шаардлагыг Манж Чин улсын Засгийн газарт сөргүүлэн тавив. Орос улс 1911 оны 2-р сарын 16-ны өдрийн ноот бичигтээ 1881 оны Петербургийн гэрээг зөрчсөн хэмээн Манж Чин улсыг буруутгаж, Монголтой нягт холбоо бүхий зургаан зүйл шаардлагыг тавьсан байна.[xxvi]

Гэвч удалгүй 1911 оны 10-р сарын 10-нд Вучанд гарсан цэргийн үймээний улмаас Орос улс үйл ажиллагаа явуулах шахаанд оржээ. Чингийн ноёрхол асар хурдан суларчбайлаа. Манжийн сүүлчийн эзэн хаан Пү-и 1912 оны 2 сарын 12-ны өдөр ширээнээсээ буув. Түүнээс нэг сарын өмнө монгол ноёд Халх-Монголын шашны тэргүүн Жавзандамба хутагтыг Монгол улсын хаанд өргөмжлөөд байв. Оросын Гадаад хэргийн яам өөрийн дипломатч И.Я. Коростовецэд Монгол улсын шинэ Засгийн газартай хэлэлцээ хийж, гэрээ байгуулах үүрэг өгч, түүнийг 1912 оны 9-р сард Монголд илгээв. Гэрээг 1912 оны 10-р сарын 21-ний өдөр байгуулсан байна. Түүгээр Орос улсын Засгийн газар “өөрийн байгуулсан автономит дэглэм”-ийг хадгалахад нь Монгол Улсад туслах үүрэг хүлээсэн юм. Бусад улс гүрний ашиг сонирхол, “нээлттэй хаалганы зарчим”-ыг харгалзан үзэх зайлшгүй шаардлага талаас нь цэгнэж үзэхүйд, тэр тусмаа бүрэн эрхийн талаар нэг ч үг унагаагүйгбодоход энэ нь чухам ухаалаг шийдэл байсан мэт. Мөн өдөр байгуулсан Нэмэлт протоколд Орос улс 1881 оны Петербургийн гэрээний зохицуулалтаас хамаагүй хальж гарсан давуу эрхийг өөртөө тогтоож өгчээ. Орос-Монголын 1912 оны 10-р сарын 21-ний өдрийн хэлэлцээр байгуулагдсанаар “Монголын асуудал”-ыг шийдвэрлэх эхний (бас хамгийн чухал) шат дууссан. Оросын Гадаад хэргийн яам угийн хүсч байснаасаа илүү амжилтанд хүрчээ. Бусад улс гүрэн энэ шийдэлд ямар хариу үйлдэл үзүүлэхийг үнэндээ үнэлж дүгнэж чадаагүй ч гэсэн тэр амжилтанд хүрсэн. Орос улс дахиад урьдаас таахын аргагүй улс төрийн хямралд унах аюул нүүрлэсэн Европод анхаарлаа илүүтэй хандуулах хэрэгтэй болов. Ингээд “Монголын асуудал”-аас түр амсхийх болсон, тэгээд ч Бээжин болон Хятадад ноёрхлын харьцаа цаашид хэрхэхийг урьдчилан тааварлах аргагүй байсан билээ.

[i] M. von Brandt, Ostasiatische Fragen. China. Japan. Korea. Altes und Neues, Berlin 1897, 359 -дахь тал.

[ii] Stephan Hobe, Otto Kimminich, Einführung in das Völkerrecht, Tübingen und Basel 2004, 40 дэх тал.

[iii] Мөн тэнд, 41 дэх тал.

[iv] Мөн тэнд.

[v] Henry Kissinger, Weltordnung, München 2014, 92 дахь тал.

[vi] F. E. A. Krause, Geschichte Ostasiens, Göttingen 1925, 272 дахь тал.

[vii] M. von Brandt, Das Kabinett Salisbury und die ostasiatische Frage (1895), M. von Brandt, Ostasiatische Fragen. China. Japan. Korea. Altes und Neues, Berlin 1897, 283дахь тал.

[viii] Henry Wheaton, Elements of International Law, Philadelphia 1836. J. C. Bluntschli, Das moderne Völkerrecht der Civilisirten Staaten als Rechtsbuch dargestellt, Nördlingen 1869.

[ix] https://courses.knox.edu/hist245/opendoortext.html

[x] Open Door policy United States-China (1899-1900), in https://www.britannica.com/event/Open-Door-Policy

[xi] British and Foreign States Papers, 1906-1907, Vol. C, 558-559 дэх тал.

[xii] Udo B. Barkmann, Geschichte der Mongolei, Bonn 1999, 85-86 дахь тал.

[xiii] F. E. A. Krause, Geschichte Ostasiens, Göttingen 1925, 272 дахь тал.

[xiv] Мөн тэнд, 276 дахь тал.

[xv] Мөн тэнд.

[xvi] № 17, 1881 г., февраля 12, С.-Петербургский Договор между Россией и Китаем об Илийском крае и торговле в Западном Китае, Русско-Китайские Отношения 1689-1916, Москва 1958, 57 дахь тал.

[xvii] Мөн тэнд, 54-60 дахь тал.

[xviii] А. Н. Хохлов, D. Покотилов, Вопросы Истории 5(2011), 36-54 дэх тал.

[xix] А. Н. Хохлов, Российский дипломат И.Я. Коростовец и его роль в подготовке Цицикарского протокола 1911 г., in www.synologia/ru

[xx] Мөн тэнд.

[xxi] Мөн тэнд.

[xxii] O. Franke, Die Großmächte in Ostasien von 1894 bis 1914. Ein Beitrag zur Vorgeschichte eines Krieges, Braunschweig und Hamburg 1923, 333 дэх тал.

[xxiii] B. von Siebert, Diplomatische Aktenstücke zur Geschichte der Ententepolitik der Vorkriegsjahre, Band I, Berlin und Leipzig 1921, 271 дэх тал.

[xxiv] Мөн тэнд.

[xxv] Мөн тэнд, 276 дахь тал.

[xxvi] Оросын тавьсан шаардлагууд: Өөрийн гаалийн тарифтай байх. Оросын харъяат албатууд Монголд Оросын хуулинд захирагдаж, тэнд чөлөөтэй амьдарч, аялж, худалдаа наймаа хийж, Оросын Консулын газар буй газруудад газар худалдаж авах эрх эдлэх. Орос улс одоогийн Консулын газруудынхаа зэрэгцээ Ховдод ч бас Консулын газраа ажиллуулж болно. Оросын Консулын газруудыг Хятадын засаг захиргаа хүлээн зөвшөөрч, зохих ёсоор харилцаж байна.

()

Next Post

Discussion about this post