“…Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийг хөнөөсөн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгох санал НПГ-т иржээ
Гурван шатны шүүх 2017 онд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийг хөнөөсөн хэргээр тус бүр 20 жилийн хорих ялаар шийтгээд байсан. Харин Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 14-нд “…Шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай” прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, дээрх хоёр хүнд С.Зоригийг хөнөөсөн хэргийг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн гэж үзсэн юм. Ингээд хэргийг прокурорт очтол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, сулласан.
Улмаар Дээд шүүхийн шийдвэрийн дагуу С.Зоригийг хөнөөсөн хэргийг сэргээн шалгах ажлын хэсгийг ТЕГ дээр байгуулсан. Уг ажлын хэсэгт ЦЕГ-аас бүрэлдэхүүн орж ажилласан. Тэд хэд хэдэн эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Гүйцэтгэх ажлын журам зөрчсөн, хэргийн захиалагчтай холбоотой, мөн үндсэн хэрэг багтсан байдаг.
Тэгвэл мөрдөн байцаах ажиллагааны дүнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийг хөнөөсөн гэдэг нь нотлогдоогүй байна. Тиймээс мөрдөх байгууллагаас дээрх хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг өнгөрсөн долоо хоногт НПГ-т ирүүлсэн байна.
С.Баярцогтын хэрэг Цэцийг “ бужигнуулж” байна
Сангийн сайд асан С.Баярцогт АН-ын даргад нэлээд хүчтэй зүтгэсэн. Гэвч ҮБХ-ных нь гишүүдийн дийлэнх түүнийг биш Лу.Гантөмөрийг дэмжсэн. Энэ “сонгууль”-ийн өмнөх, хойдох явдлуудыг сонсох нээ, АН-ын эрх мэдлийн төлөө хоёр экс Ерөнхийлөгч хүч үзжээ. Тэгээд нэг нь өөр бүлэглэлтэй нийлж байгаад АН-ыг авах гэж байгаа бололтой юм. Гэхдээ Дээд шүүх бүртгэж авах эсэх нь эргэлзээтэй хоцров.
Үүнтэй зэрэгцээд С.Баярцогттой холбоотой асуудал Цэц дээр “бужигнаан” үүсгээд эхэлжээ. Уг нь түүнийг гурван шатны шүүх “…Буруутай” гэж үзсэн. Тодруулбал, С.Баярцогтод холбогдох асуудлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцээд, ял оноож шийдвэрлэсэн байдаг. Гэвч 2021 оны долдугаар сард Дээд шүүх Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарын тусгай саналыг үндэслэж, танхимаараа дахин хэлэлцжээ. Ингээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг шүүх хурал 2021 оны долдугаар сарын 19-нд болж байв.
Харин үүнээс жил орчмын дараа АТГ-ын мөрдөгч “…С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” санал гаргаж, түүнийг нь НПГ-ын прокурор хүлээн авч, хэрэгсэхгүй болгосон. Прокурорын шийдвэр 2022 оны долдугаар сарын 6-нд гарчээ. Ийм явдал болж өнгөрсөн.
Харин С.Эрдэнийн АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр 2022 оны арванхоёрдугаар сард энэ асуудлаар Цэцэд мэдээлэл гаргасан. Улмаар энэ сарын 15-нд АН-ын бас нэг дарга гэгддэг, экс Ерөнхийлөгч Х.Баттулга яг ийм агуулга бүхий “…С.Баярцогт нь Монгол Улсын засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалтан байсан тул Ерөнхий шүүгч түүнд бусад иргэдээс илүү эрх олгосон” гэсэн мэдээллийг гаргасан юм.
Тэгвэл энэ талаар хэрэг үүсгэх эсэх, улмаар хэрхэн шийдвэрлэх зэрэг дээр Цэц гацаанд ороод байна. Хэрэг үүсгэх эсэх талаар “дээр доор”-оос оролцсон нэлээд яриа хөөрөө болж буй бололтой. Цэцийн гишүүд ч дотроо зөрчилдөж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр “…Хэрэг үүсгэвэл гарах дүгнэлт нь тодорхой” гэж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын Дээд шүүхийг хүнд байдалд оруулаад байгаа шиг С.Баярцогт болон Ерөнхий шүүгчтэй холбоотой дээрх хоёр мэдээлэл нь Цэцийн “шүдний өвчин” болжээ.
Ерөнхий прокурор нүүрсний хэргээр дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэх бололтой
Урьд хожид байгаагүй олон холбогдогч, асар их хохиролтой нүүрсний хэргийг хууль хяналтынхан шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийт ч анхааралтай ажиглаж байна.
Нүүрсний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсгээс явцын талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “…Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 10, нийт 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүний 14 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 24 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 12 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 35 байна. Үүнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засаг дарга, УИХ-ын гишүүний зөвлөх, гаалийн улсын байцаагч нар , ХХЕГ-ын харьяа байгууллагын алба хаагчид, “АТҮТ”-ийн дөрөв, боомтын захиргааны мэргэжилтэн, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтнууд, мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 10, иргэн 19 байна” гэсэн.
Үүнээс өмнө Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “…Нүүрсний хэрэгтэй холбогдсон 87 этгээдийн зургаа нь байгууллага, 81 нь хувь хүн байна. Тэдний тав нь улс төрд нөлөө бүхий хүн байна. Аравдугаар сарын 25-ны өдөр АТГ-аас уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Шийдвэр гараагүй байна. 463 хавтаст хэргийг хянахад нэлээн хугацаа шаардаж байна, цаг авч байна. Мөрдөгчөөс шалтгаалахгүй олон зүйл бий. 463 хавтаст хэрэг, 354 оролцогчийн гомдол хүсэлтийг хянах ажиллагаа явуулсан. Мөн 62 шүүх, эдийн засгийн шинжилгээ хийсэн. Хэрэгсэхгүй болсон 15 хэргийг сэргээн шалгаж байна” гэж байсан юм.
Тэгвэл Ерөнхий прокуророос ойрын өдрүүдэд нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж магадгүй байна. Энэ талаар улс төр, хууль хяналтынхны дунд нэр устайгаа яригдаад эхэлжээ. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хувьд өнгөрсөн хавар, бараг жилийн өмнө Хөгжлийн банкны хэрэгт холбоотой дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Гишүүд авч үлдсэн. Харин энэ удаад яах бол?!
Хөгжлийн банкны хэргийг ШЕЗ-ийн тогтоолоор “гацаагаад” байна уу
Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжээд арваад хонолоо. НПГ-аас 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.Одоогоор шүүх дээр ямар нэг “хөдөлгөөн”-д ороогүй байна. Тэр байтугай уг хэргийг шүүх бүрэн хүлээж авсан гэхэд ч хэцүү нөхцөл үүсчээ. Учир нь, анхан шатны шүүх шууд хүлээж аваад шүүгч нартаа хуваарилаад шийдүүлчих боломжгүй тогтоолыг ШЕЗ-өөс гаргасан байна. Энэ талаар ШЕЗ-өөс тогтоож өгсөн нийтлэг журмын дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавих эрх үүрэг бүхий Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас тайлбар хийсэн байна. Түүндээ “…ШЕЗ-ийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хүлээн авах аргачлалын дагуу эрүүгийн хэргийг шалгаж байна. Уг аргачлалын 3.1.2.4-т “…Цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагчийг шүүхэд биечлэн ирүүлсэн байх” гэж заасны дагуу нэр бүхий 80 яллагдагчийг шүүхэд ирүүлсний дараа хэргийг хуваарилах ажиллагаа хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар хэрэгт холбогдсон хүн хуулийн этгээдийг НПГ-аас шүүхэд ирүүлээгүй тул хууль, журмын дагуу шүүх хэргийг бүртгэж, хүлээж авах боломжгүй байна” гэжээ. Эндээс харвал ШЕЗ-ийн тогтоолын дагуу хэрэг хүлээж авах гэвэл 80 хүн, дөрвөн хуулийн этгээд тус шүүх дээр “цуглах” ёстой болж байна. Товчхондоо, энэ тогтоол нь амьдрал дээр хэрэгжих, тэр тусмаа Хөгжлийн банкны хэрэгт үйлчлэх боломжгүй юм. Тиймээс Хөгжлийн банкны хэрэг ШЕЗ-ийн тогтоолын дагуу анхан шатны шүүх дээр арваад хоног “гацчихаад” байна.
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх дээр хэрэг “барьдаг”-ийн ард авлигал байгаа шүү
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт тооцох ялын бодлогыг чангатгасан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ сарын 20-ны өдөр “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдлээ. Хэвлэгдсэн даруйд хэрэгжиж эхэлж байгаа юм. Тиймээс хууль хяналтынхан, хууль эрх зүйн салбарынхан “…Авлигын эсрэг эргэлт хийсэн өдөр” хэмээцгээж байхтай таарч байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс авлига, албан тушаалын гэмт хэрэгт хатуу хариуцлага тооцдог, чанга хуультай цөөн улсуудын нэг болж буй аж.
Хамгийн гол нь Эрүүгийн хуулийн энэ өөрчлөлтөөр “…Халдашгүй албан тушаалтныг бүрэн эрх нь дуусах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, дараа нь тоолж эхэлнэ”, “… Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамааран хураана”, “…Төсвийг 10 сая төгрөгнөөс дээш зориулалтын бусаар зарцуулсан бол гэмт хэрэгт тооцно”, “… Хахууль авах, өгөх гэмт хэргийг Нийтийн албан тушаалтан, Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд гэж тус тусад нь илүү тодорхой зүйлчилсэн”, “…Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй” зэрэг нэлээд өөрчлөлт орсон. Мөн энэ өөрчлөлтөөр хөнгөн гэмт хэрэгт шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, Нийтийн албан тушаалтны үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах зэрэг гэмт хэргүүдийг илүү нарийвчлан хуульчилсан байна.
Гэвч энэ хуулийг санаачлагч Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд, хуулийг барьж шийдвэр гаргах гол субьект болох шүүх хоёрын дунд нэлээд зөрчил үүссэн. Ингээд удсан. Нууц биш болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс байсгээд шүүхийн зүгт “үгэн чулуу” нүүлгэдэг. Сүүлд л гэхэд “…Засгийн газар хийх зүйлээ хийлээ. Одоо шүүхийг харцгаая” гэж байв. Ер нь бол Засгийн газар, шүүх хоёрын дундах зөрчил гүнзгийрсээр байгаа нь үйл явдлуудын үргэлжлэлээр харагдаж байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр бас л шүүхтэй холбоотой асуудлыг хөнджээ. Тэрбээр “…Шүүх хурлууд бүгд нээлттэй явагдаж байх ёстой”, мөн “…Хэргийг хэт удаан “барьдаг” нь өөрөө авлигалын хэрэг шүү” гэсэн асуудлыг хөндсөн байна. Ингээд дээрх хоёр чиглэлээр тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах чиглэлийг салбар хариуцсан сайдад нь өгчээ. Тэгэхээр шүүн таслах үйл ажиллагаа, шүүгч нартай холбоотой хуулийн өөрчлөлтийн “сураг” удахгүй гарч магадгүй гэсэн үг.
Түүнчлэн бүртгэл будилуулж, хүүхдийн мөнгөнөөс “суйлдаг” байсан нийгмийн хамгаалал, халамжийн алба хаагчдыг илрүүлэн шалгах тал дээр мөрдөх байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллахаар болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)
()
Discussion about this post