Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулах үйл ажиллагааны талаар “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн мэдээллийг сонсов
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.01.17) хуралдаанаар Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулах үйл ажиллагааны талаар “Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн мэдээллийг сонссон юм. Энэ талаар Капитал банк” ХХК дахь эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, 2019 оны 4 дүгээр сарын 8-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Капитал банкыг татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон. Татан буулгах ажиллагаа дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Энэ хугацаанд нийтдээ 339.3 тэрбум төгрөгийн өр барагдууллаа. Үүнд, давхардсан тоогоор 353134 харилцагчийн өр барагдуулсан. Мөн энэхүү 339.3 тэрбум төгрөгийн задаргааг танилцуулахад иргэдийн харилцах хадгаламжид 90.3 тэрбум, хуулийн этгээд, аж ахуй нэгжийн харилцах хадгаламжид 10.3 тэрбум, төрийн 25 байгууллагын 100.6 тэрбум төгрөг, үүнээс 23 нь бүрэн барагдсан. Одоо Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн өр, төлбөр барагдуулах ажиллагаа явагдаж байна. Хөгжлийн банкны 54.4 тэрбум төгрөг барагдсан. Энэ нь Капитал банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаагаар барагдаагүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус банкны удирдлагаар ажиллаж байсан Ариунболд гэдэг хүн Хөгжлийн банкны хохирлыг тодорхой үл хөдлөх хөрөнгүүдэд гэрээ хийж барагдуулсан байна. Даатгагдаагүй харилцах хадгаламж эзэмшигчдийн мөнгийг түргэн шуурхай олгох зорилгоор 50-н тэрбум төгрөг зээлж авсны 39.2 тэрбум төгрөгийг нь барагдуулсан байна. Хадгаламжийн даатгалын корпораци буюу Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар 20 сая хүртэлх төгрөгийн харилцах хадгаламж эзэмшигчдийн 44.5 тэрбум төгрөгийг барагдуулж, нийтдээ 339.3 тэрбум төгрөг барагдуулсан гэж байлаа.
Түүнчлэн тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын сангийн 56.5 тэрбум төгрөгийг барагдуулснаас мөнгөн хөрөнгөөр 9.8 тэрбум, хөрөнгөөр 46.7 тэрбум төгрөг байна. Нийгмийн даатгалын сангийн 34.9 тэрбум төгрөгийг барагдуулснаас мөнгөн хөрөнгөөр 9.8 тэрбум, хөрөнгөөр 25.1 тэрбум төгрөг байгаа юм. Үүнийг нийтэд нь авч үзвэл 2019 оны 4 дүгээр сарын 8-нд тус банкнаас хохирсон 353190 харилцагч 672.1 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан. Өнөөдөр 61 харилцагчийн 375.5 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийг барагдуулахаар ажиллаж байна гэв.
Өр, төлбөр барагдуулах ажиллагаа Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу барагдуулдаг.
Зээлийн хувьд 2019 оны 4 дүгээр сарын 8-нд 6912 зээлдэгчийн 241 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн 93 хувь нь чанаргүй, муу зээл, 7 хувь нь хэвийн ипотекийн зээл байсан. Өнөөдрийн байдлаар 604 зээлдэгчийн 139.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаагийн 130 тэрбум нь чанаргүй зээл, есөн тэрбум төгрөг нь хэвийн зээл байна. аа. Энэ хугацаанд нийтдээ 111 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулаад, үүнээсээ 6308 зээлдэгчийн зээлийг төлүүлж, орсон орлогоор нь хохирол барагдуулсан.
Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцсон бөгөөд мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны дарга Ажлын хэсэгт хандан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг хаврын чуулганаар Байнгын хороо хэлэлцдэг тул энэ хүрээнд өнөөдрийн хөндөгдсөн асуудлуудыг шийдвэрлэж, ажиллах чиглэлийг өгч байгаагаа мэдэгдсэн.
Хуралдааны төгсгөлд Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны дарга П.Анужин, Үндэсний статистикийн хорооноос өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг тооцож гаргасан. Энэхүү аргачлалын хүрээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгө авах өрхийн жагсаалтыг гаргаснаар иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлийг өрнүүлж байгааг мэдэгдээд Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулсан.
Хуралдаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зульпхар, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, М.Оюунчимэг, Ц.Туваан, Б.Бейсен, Т.Аубакир нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд хүүхдийг алагчлах нь зохисгүй асуудал, цаашлаад Үндсэн хуульд хүнийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээгээр нь ялгавар гадуурхаж үл болно гэж заасныг тодотгоод өрхийн сарын орлого өндөр, эсвэл байртай, автомашинтай иргэдийг хүүхдийн мөнгөнөөс хасаж байгаа бол автомашин, орон сууцны ипотекийн зээлийг ямар аргачлалаар тооцсоныг илүүтэй хөндөж байлаа. Мөн төрийн захиргааны байгууллагуудын бүртгэл, мэдээллийн сангуудын мэдээлэлд тулгуурлан тодорхой аргачлал боловсруулсан эсэх, статистик мэдээлэл нь иргэдийн мэдээлэлтэй зөрүүтэй байгаагийн шалтгааныг тодруулж байлаа.
Үндэсний статитикийн хорооны дарга Б.Батдаваа хариултдаа, “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, албажсан. Журамд хүүхдийн мөнгөнд хамрагдах өрхүүдийг орлого орлуулан тооцох аргачлалаар хүүхдийн мөнгөнд хамрагдах хүүхдийг тодорхойлох гол зохицуулалтыг тусгасныг тодотгов. Мөн тэрбээр ҮСХ-ноос анх удаа төрийн захиргааны байгууллагууд, иргэн болон өрхтэй хамаатай мэдээллүүдийг шууд холбогдох аргачлалын дагуу боловсруулалт хийгээд энэ дагуу шийдвэр гаргасан. Мэдээлэлтэй холбоотой тодорхой алдаа гарч байгаа тул иргэн хүсэлтээ өгөөд засуулах боломжтой хэмээн хариулсан.
Түүнчлэн Үндэсний статистикийн хороо, НХХЯ, Ажлын хэсгийн арав орчим байгууллага, Дэлхийн банктай хамтраад төрд байгаа цахим мэдээллийн сангуудыг ашиглаад иргэд, өрхийн аж амьдралыг тодорхойлох орлого орлуулан тооцох аргачлалыг боловсруулсан. Аргачлалыг боловсруулахдаа өрхийн аж амьдралыг тодорхойлох боломжтой үзүүлэлтүүд нь ҮСХ-ноос явуулдаг өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар гарсан өрхүүдийн аж байдалдаа хэр тохирч байгааг харгалзан загварыг боловсруулсан. Загварыг боловсруулахдаа цалингийн орлогоос гадна өрхийн бусад бизнес, хадгаламжийн хүү зэрэг татварын бусад орлогууд, хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүд, өрхийн гишүүдийн тоог оруулсан гэсэн нэмэлт тайлбарыг хийж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
()
Discussion about this post