Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Цэрэндэжидийн Гантөмөртэй 2001 онд хийсэн ярилцлага)
– Та ямар цэцгэнд дуртай вэ. Та авгайдаа хайртай юү, үгүй юү. Таны хообий юу вэ гэх мэтийн дэндүү доошоо орсон жижигхэн юм би танаас асуухгүй. Хоёулаа эдүгээ цаг дор “мартагдсан” томчуулын тухай ярилцвал яасан юм бэ. Үүний тулд “Хүний мөр” киногоор ярилцлагаа эхлэх нь зөв болов уу?
– Л.Ванганы “Түмний нэг” кино аль тавиад оны сүүлчээр дэлгэцэнд гараад хаагдсан юм шүү дээ. Нөгөө муу нэрт Улс төрийн товчооныхон, эдүгээгийн үзэл сурталд үл нийцэх, улс орны түүхийг дэндүү гоёчлон, идэвхгүй хуулсан, зарим нэг хэсгийг нь санаатай буюу санамсаргүйгээр гуйвуулсан гэж шүүмжлээд дахин хянаж засварлах үүрэг өгөөд түр хаасан. Ерөөсөө Л.Ванганы эцэг Лхамжав Сонгины буланд буудуулдаг анхны эсэргүүн арван дөрвийн бүлэгтэй холбоотой байсан мэтээр сэрдэгдэж баривчлагдсан тэр цаг үетэй энэ киног ихэс дээдэс, их бага хэмжээгээр холбож “Энэ Ванган нохой… Ардын төр, засагт өс хонзон өвөрлөн мөчөөрхөж эцгийнхээ төдийгүй тэр үеийн хувьсгалын эсэргүүнүүдийг гүтгэгдэж хэлмэгдсэн гэмгүй хүмүүс байсан мэтээр үзүүлэхийг хичээсэн далд санааг уг кинонд хавчуулж, эцгийнхээ өшөө хонзонг эдүгээ цагийн шинэ төрөөс нэхэв хэмээн хардсан учраас уг бүтээлийг олон түмэнд үзүүлэхийг хориглосон тогтоол гаргасан юм.
– “Түмний нэг”, “Хүний мөр” киног манай үзэгчид, хүн бүхэн мэднэ. Харин анхны кино зохиолд нь ямар шигтгээ, подтекст далд санаа байсан юм бол… Та энэ тухай жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?
– Тэгж мушгиж мөшгөөд байхаар сүртэй юм анхны кино сценарт огт байгаагүй юм билээ. Гол юм нь Дотоодыг хамгаалахын хошууч Гүрсэд өөрийн төрсөн хүү нисэхийн офицер Чинбатыг танилгүйгээр баривчлан буудан алдаг тийм хэсэг л байсан.
– За энэ тухай яриаг түр хойш тавьж, таныг нисэхийн сургуульд орж хэрхэн яаж нисэгч болсон тухай хөөрөлдвөл сонин байх болов уу?
– Нэг өдөр “Хүний мөр” кинонд Чимид багшийн хүү Чинбатын дүрд байлдааны онгоцны залуухан нисэгч болж тоглох тухай бичгийг Монгол кино үйлдвэр надад өгч, нисэх дээр очиж онгоцны ойр зуурын мэдлэг мэргэжил эзэмш хэмээн үүрэг өгөв. Тэр үед юм сайхан байж. Иргэний агаарын нисэх хүчний дарга Гунгаа (хожмоо генерал болсон) гуай дээр яваад очсон чинь мань дарга нисэгч Даадав, Төмөрбат билүү хэн билээ бас нэг орос хүн гурвыг дуудаж онгоцондоо 500 л бензин хийгээд энэ залууг аваад нис гэж үүрэг өгөх нь тэр. АН-2 онгоцны хоёрдугаар нисэгчийн суудал дээр суугаад газраас тасрав. Би багаасаа орос хүүхдүүдтэй тоглож өссөн болохоороо ойр зуурын хэдэн үг мэднэ. Гэтэл орос дарга нэгдүгээр нисэгчид хандаж “5000 метрт тат” гэж хэлэх шиг болов. Гэнэт онгоц дээшээ бараг дөчин таван градусын өнцгөөр гогцоо татан агаар өрөмдөн хөөрөхөд миний хамаг уушги зүрх, гэдэс дотор бүх юм доошоо шахагдаад би бараг ухаан алдав. Арай чүү амьд мэнд газардахад би бараг хоёр хүнээр түшүүлэн онгоцноос бууж амьтан хүний элэг доог болж билээ. Дараа нь Халхын голын баатруудын нэг, улсын эрхэм уран нисэгч Ёндон гуайтай хамт ЯК-18 гэдэг хоёр суудалтай байлдааны жижиг стребитель онгоцоор сургуулийн нислэг хийж ёстой нөгөө кинон дээр гардаг шигээ сэтгэл хөдлөн:
Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл, зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй үгээ
Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо хэлдэг гэж уншиж явлаа.
– Хүний мөр” кинонд та өөрийнхөө тоглосон аль кадрт нь илүү хайртайсан бол… Уран бүтээлч хүнд үхсэн хойно ч гэсэн толгой дээр минь хөшөө дурсгал болж үлдэх байх гэмээр алтанхан агшин, алтан мөр, бадаг, үг өгүүлбэрүүд байдаг даа?
– Яагаав, нөгөө Содном гуай, Латиф хоёртой архины мухлагт согтуу сууж байдаг кадр. “Хоёр муу махнуу даа!? Та нар чинь хүн юм уу, чулуу юм уу. Би хувьсгалт улаан цэргийн бэлтгэл офицер, байлдааны хүчний нисэгч. Одоогоос хэдхэн хоногийн өмнө 2000 метрийн өндөрт агаарын хурдан онгоц жолоодоод та хоёрын дээр шүлсээ хаяж явлаа” гэж агсам тавиад нисэгчийн үнэмлэхээ эрэн халаасаа ухдаг тэр хэсэг. Би энэ кадраа харахаараа киноны тоглолт бус жинхэнэ амьд сэрүүн амьдрал дээр хөл алдан ядарч гутарч явсан тэр цаг үеэ дурсах адил сэтгэл зүрх сэрвэлзэн өөрийн эрхгүй нүдний нулимс гардаг юм.
– “Сэтгэлийн дуудлагаар” кинонд шоронгоос гарсан халаасны хулгайч Ишхүүгийн дүрд тоглодог Гомбожав гэдэг жүжигчин урлагийн алтан тайзан дээр хэдэн сайхан дүр бүтээгээд цэл залуугаараа хорвоогоос буцсан эмгэнэлтэй үүх, түүхийг та мэднэ. Жүжигчин Гомбожав гэж чухам хэн байсан юм бэ?
– Өнчин өрөөсөн өргөмөл хүү байсансан хөөрхий. Хүнд итгэмтгий, цагаан цайлган сэтгэлтэй сайн залуу байлаа. Намайг л дээгүүр доогуур хөөцөлдөж байж өөрийг нь атар газар явуулж, ажил амьдралтай залгуулсан юм шиг кинон дээр биш жинхэнэ амьдрал дээр тус дэм хүргэж авгай, хүүхэдтэй болгосон юм шиг баярлаж явдаг өрөвдмөөр амьтан байсан. Тэр, “Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд тоглодог Дашдаваагийн бичсэн “Сахиуст цэрэг” жүжигт их сайн тоглосонсон. Богд уулын нэг аманд модноос өөрийгөө боомилоод үхчихсэн байхыг нь хэзээ хойно хүмүүс олж театрын Гомбожав хэмээх залуу болохыг нь тогтоосон гэдэг. Тэр хэзээ ч амиа хорлох хүн байгаагүй. Атаач жөтөөч амьтад л түүний амийг егүүтгэсэн байх гэж бодогдоод байдаг юм. Хүнийг цохиж алчихаад юмнаас боомилж зүүгээд өөрөө амиа хорлосон байдлаар орхичихдог тэр арга их эртнийх боловч өнөөдөр ч хуучраагүй л байх шиг.
– Хөхөө гэрлэх дөхлөө” гэснээс Дашдаваа та хоёр их үерхэж ойр дөт байсан хүмүүс. Мөн ч том жүжигчин байж дээ?
– Дашдаваа тэнгэрлэг, үргэлж асч бадарч явдаг зүрх, сэтгэлтэй сайхан хүн байсан. Энэ хотын гоё ганган хүүхнүүд л түүнд дурлацгааж, өдөр болгон шахуу дайлж цайлан хойно, өмнө нь уйлж дуулан дагаж гүйсээр байгаад “алчихсан” юм. Ерөөсөө Дашдаваа маань хөрөнгө чадалтай айлын эрх танхи өссөн хүүхэд учраас баахан дураараа, хэрийн юмыг тоохгүй. Нэг үгээр хэлэхэд баахан эрхэмсэг, ихэмсэг зантай, тал бүрийн авьяастай арван хуруу тэгш эр байв. Ямар сайндаа Төв аймгийн театрын тайзан дээр зүв зүгээр жүжигт тоглож байснаа гэнэт нохой нь хөдөлж сэлэм гялалзтал эргүүлж хэдэн хүний толгойг цавчихаас наахнуур дөвчигнөн үзэгчдийг айлган тарааж байхав дээ. Эгэлгүй их авьяас мэдрэмжтэй дэндүү гоё жүжигчин байж дээ, хөөрхий.
-Таныг “Хүний мөр” киноны нисэгч Чинбатын дүрийг бүтээсний дараахан дөчин мянгатын тэр хавиар бараг арав, хорин баллын хүчтэй газар хөдөлж, Улаанбаатарын хүүхнүүд байтугай хөдөө нутгийн сайхан бүсгүйчүүлийн зүрх, сэтгэл нэгэн хэсэгтээ нисэгч Чинбат буюу жүжигчин Гантөмөрөөр өвчилж таныг багагүй зовоож, бас баярлуулж урлагийн тэнгэрт таныг од болгон тахиж шүтсэн тэр алтанхан он жилүүдийн од, мичид гялалзсан хайр, дурлалын намуухан үдшээ одоо нэг эргэн дурсаач?
– Залуу насны тэр романтик азтай, одтой ариун гэгээн агшинг санагалзан олон сайхан хүүхнүүдийн зүрхийг шархлуулж, зовоож, жаргаасан жараад оны үдшүүдийг эдүгээ эргэн дурсаач гэж хөгшин намайг шаналгаад яахав дээ. Миний даралт их байгаа шүү. Ний нуугүй хэлэхэд надад талархаж баяр хүргэсэн, бас дурлаж, хайрласан үг үсэгтэй 400 гаруй захидал ирсэн. Тэр үед би хүүхнүүдийн өөдөөс эгцхэн ч харахаас түвэгшээдэг бүрэг ноомой хүмүүжилтэй залуу байж.
Өглөө ажилдаа явахаар гарахад манай орцны үүдэн дээр хоёр, гурван хөөрхөн охин ирчихсэн бие, биеэсээ жийрхэн намайг хараад л зогсч байдаг үе байсан. Би кинонд тоглож тэдний өмнө гэм хийчихсэн мэт нүүр буруулан цувныхаа захыг босгохоос наахнуур л зугтан оддог байлаа. Олон сайхан хүүхнүүдийн нойрыг хулжааж явсан ч одоо бодоход тэр үед би ядуухан ч амьтан байж дээ. Гэвч миний хайрын цэцэрлэгт дурлалын шувуухайнууд жиргэлдэн нисч бууж л байсан даа.
– Мартсанаас нөгөө төв цэнгэлдэхийн гадаах сандал дээр залуухан дэслэгч Чинбатын сэтгэл, зүрхийг хөвсөлзүүлэнхэн “Хонгор морь”-ийг дуулан эрх алаг нүднээсээ аз жаргалын алтанхан эрвээхэй нисгэн нисгэн аальгүйтдэг Саран хэмээх хөөрхөн бүсгүй одоо альхан газрын цэцэг ногоог инээмсэглүүлэн гунхаж явдаг бол?
– Аа, Цолмон уу. Одоо ядарсаан, хөөрхий. Бие нь тааруухан. Тэр чинь цагтаа цалгиж явсан бүсгүй. Багшийн дээд сургуулийн уран гулгалтын багш, манай улсын анхны алдартай, авьяастай тамирчдын нэг. Дуулна, бүжиглэнэ. Боловсролтой, сэтгэлийн гал дөлтэй сайхан ч бүсгүй байлаа. Кинонд Цолмон “Хонгор морь”-ийг өөрөө дуулсан юм. Нөхөр нь тухайн цаг үедээ Ленинградын “цагаан” Полмоош гэж нүд хөмсөг уран тод тэр үеийн залуусын cop сүлд болсон үнэхээрийн үзэсгэлэн гоо сайхан эр байлаа. Кинонд тоглох тэр үед Цолмон надаас ялимгүй хэд эгчмэд байсан ч Чинбат байтугай амьтныг хөл дороо сөхрүүлэхээр сайхан бүсгүй байжээ. “Хорооны дарга ч яамай л байна. Хорин хэдэн км газраас явган алхаж ирэх л хэцүүхэн байна” гэж намайг хэлэхэд Саран аальгүйтэн тас тас хөхөрч, хонгор минь тэгээд нисээд ирэхгүй яагаав гэж асууснаа “Танай тэр утасны хорооны жижүүр шүү юм чинь маягтай лагай байна лээ шүү. Чамайг дуудаад ч өгчихгүй” гээд үс гэзэгнийхээ үзүүрээр шилбүүрдэн ширэв татан тунирхдаг Сарангийн дүр бол үзэгчдийн сэтгэлийн хойморт Чинбатыг залагдахад ихээхэн тодотгол, халил, шигтгээ болж өгсөн уран гоё тоглолт юм. Одоо их удахгүй Цолмонгийндоо нэг очноо. Агуу их Шолохов ч Аксиняд тоглодог ардын жүжигчин Елена Быстрецскид хайртай байсан юм шүү.
– Хүмүүс өөрийг чинь Ичинхорлоо гуайн бараг хуурай хүү гэдэг юм билээ. Таныг тэр тайз, дэлгэцийн хатан хаантай их ойр дотно айл, хөрш явсан гэж ярихыг миний бие нэг бус удаа сонссон юм байна?
– Ичинхорлоо эгчийнд эхнэр бид хоёр сууж ч байлаа, арав хорин жилээр айл хөрш ч аж төрж явлаа. Жинхэнэ хүрээ бүсгүй, ёс дэгээ сайн мэднэ. Сайхан ч дуулна. Дууг өнгө будгаар зурж байгаа юм шиг дуулах. Тэднийхээр орж гардаг үе тэнгийнхэн нь хаанаас нь ч харсан жинхэнэ их Хүрээний жентельмен, томчуул байлаа. Хоол сайхан хийнэ, нүнжигтэй хувцас хунар өмсөнө. Хааяахан нэг намайг дуудаж “хоол идчихээр тохитойхон газар хаана байна. Хэдүүлээ очиж жаахан сууя” гэх. Дэмид жанжны нутаг, Архангайн Их тамирын охин шүү дээ. Уултай, устай газар төрсөн хүн тийм үзэсгэлэн гоо зүс царайтай цалигласан их авьяас билэгтэй байдаг ч юм уу гэж бахархмаар харагдана. Тэр “Нүгэл буян” киноны Тоохуар, 1933 онд Москва хотноо пянзанд дуулж бичүүлсэн “Гоолингоо” хэмээх гүн ухааны Хүрээ дууны манер бол тэр чигээрээ тэр их хүний “школ” юм.
– Ичинхорлоо гуай ер нь ямаршуухан ааш зантай хүн байв. Хар залуу наснаасаа зовлон амсч, зүрхээ зүсүүлсэн хүн гэдэг юм билээ?
-Товчоор хэлэхэд, цэвэр урлагийн л хүн байсан. Нас дээр гарсан хойноо тоглож байсан жүжгийнхээ дүрийн үгийг мартчихаад өөртөө ихэд гутран “Би ингэж амьд явснаас хурдхан үхэх юмсан” гэж толгойгоо шаахаас наахнуур уйлж суухыг нь хараад би их өрөвдөж билээ. Зөн совин, ёр гэж байдаг юм шүү. Тайзны ард бидний хэдэн залуу жүжигчин хийх юмаа олж ядан тэнэгтэн дэггүйтэхдээ ямар ч билээ нэг жүжгийн цаазаар авахуулж цавчуулдаг хүний хиймэл толгойг авсанд хийж ширээн дээр тавьчихаад хэн нэгийгээ оршуулан эмгэнэл гашуудал болцгоож үг хэлж байтал Ийеэ орж ирээд:
-Та нар яасан муухай тэнэг хүүхдүүд вэ. Тоглох тоглоом энэ ертөнц дээр мундаа юу гэж ихэд сэжиглэн толгой сэгсрээд хэлэх үгээ олж ядан гарч билээ. Түүнээс хойш арваадхан хоноод Ичинхорлоо эгч маань гэнэт “бурхан” болсон. Түүний үхлийн шалтгаан нь бидний тэр тэнэг тоглоом ч болсон юм уу, хэн мэдлээ хэмээн өнөө хүртэл би харуусч, гэмшиж явдаг юм. Их мэдрэмтгий, эмзэг хүн байжээ.
-Алдарт гавьяат жүжигчин Цэрэндэндэв гуайг та хэр зэрэг мэдэх вэ. Үнэхээр Халхын сайхан Юндэн гөөгөө байсан гэлцдэг.
– Чи юу хэлнэ вэ. Агуу их Цэрэндэндэв гэдэг чинь Монголын театрын шүтээн, амьд бурхан байхгүй юу. “Жийжүү хот”-ыг ямар сайхан дуулна гээч. Ёстой эм хүн шохоорхож, эр хүн атаархмаар сайхан эрсэн. Би тэр хүнд бага сургуулийн сурагч байхаасаа л бараг “дурласан”. Намайг Архангайн бага сургуульд байхад Булган уулын баруун, зүүн хоёр сугаар хуяг дуулгатай, зэр зэвсэг агссан морьтой цэрэг цуваад байсан нь эдүгээгийн “Цогт тайж” киноны зургийг авч байсан юмсанж. “Цагаан давааны” өвөр бэл дэх рашааны тархин дээр хүглийх “Баавгай хадны” дэргэд Арслан тайжид Хулан бүсгүй бэр цэцэг бэлэглэж байхад би дэргэд нь жаахан хүүхэд хараад зогсч байлаа гэж ярьсан ч би ярихаар л хүн. Цэрэндэндэв гуай нас барахдаа “намайг Алтан өлгийд битгий тавиарай, төрж өссөн нутаг Алтанбулагт минь оршуулаарай” гэсэн юм гэнэ лээ. Хожим нь хуучцуулын үгийг сонсч байхад тэр үеийн театрын дарга нар хөөрхийг нэг бус удаа гомдоосон бололтой юм билээ. Томчуудын явдлыг би яаж мэдэхэв дээ. Одоо ч театр, соёлын өргөөнүүд хүний шарил гаргадаг л сав болж дээ. Салах ёс гүйцэтгэх, ирэх, хүндлэх хүн байхгүй байтал өөд болсон амьтныг олон түмний тоглоом болгож бас нэгэн эмгэнэлт “жүжиг” найруулаад юу хийнэ. Энэ Сүххуягийг л Цэрэндэндэв гуай шиг, Сэдэд гуай шиг гомдоочих вий гэж сэтгэл хөндүүрлэх юм даа.
Ардын уран зохиолч Балжирын Догмид
2001.11.13
()
Discussion about this post