Нүүрсний дайн…

Аливаа хувьсгал, эргэлтэд ялангуяа жижиг буурай орныход гадны нөлөө зайлшгүй тусдаг. Одоо жишээ нь “40 их наяд төгрөгийн хулгай хийсэн” тухай мэдээлэл Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр баталгаажин тарж байна. Тайваний хэвлэл үүнийг бүр ч сайхан монтажтай цацаж байна. Барууны агентлагууд “Ройтерс”, “Дойче велле”-гийн мэдээнүүд ав адилхан гарчигтай цацагдаж байна. Энэ бүхнийг нэгтгэх ганцхан газар бий! Тэр нь “Рио Тинто!”


Олон арван их наяд, за больё хэдэн зуун тэрбумтай, түүгээрээ эрх мэдэл худалдаж аваад, системтэй сүлжээ байгуулсан хулгайчууд амархан буугаад өгчихгүй л дээ! Ёстой хазахаас бусдыг хийнэ!? Бүр хүн алахаас ч сийхгүй…

Тэд Засгийн газрыг огцруулж, бүр УИХ-ыг ч тарааж чадна! Яагаад гэвэл олон гишүүн, Ерөнхийлөгч ч нүүрсний хулгайн мөнгөөр гарсан! Яг үнэндээ төрийн эрх барих дээд байгууллагуудад хамгийн хүчирхэг бүлэглэл бол нүүрсний хулгайн бүлэглэл юм. Энэ бүлэглэлд МАН доторхи бүх фракц оролцдог. Нам бол нүүрс, нүүрс бол нам юм.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсныхоо дараа залуучуудад тулгуурлан байр сууриа бэхжүүлэх хүнд тэмцэлд орсон юм. Эцсийн дүндээ энэ тэмцэл нь нам доторхи залуучууд ба хууччуулын үе хоорондын тэмцэл болон хувирч байлаа.

Засгийн газрыг дайрсан дайрлага бүрийг эсэргүүцэхдээ Л.Оюун-Эрдэнэ нам дотор бугшсан гэмт хэргүүдэд тулгуурлаж байв. Нэг талаас ингэж зарлах нь намд хортой боловч нийгмийн талаасаа зарим нэг салбарт нааштай өөрчлөлтүүдийг авчирч байлаа.Гэхдээ энэ явцад үлдсэн бүхэн нэгдэж, “сөрөг” хүчин нам дотор бүрэлдэж байв. Хамгийн сүүлд “Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэж мэдэгдсэн нь тус намын доторхи бүх сөрөг хүчнийг өөрийн эсрэг нэгтгэх хүчин зүйл болчихов.

Нүүрсний асуудлыг гурван жилийн өмнө гаргаж тавьсан ч огт ахиц гараагүй ба намын генсек Л.Амарбаясгаланг хэрэг эрхлэх газартаа татаж ажиллуулснаар эрчимжиж эхлэв. Гэвч нам доторх бүлэглэлтэй хийсэн тэмцлийн явцад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар залуучуудаа алдсаар байсан юм.

Үнэндээ нам дотроо тулгуурлах өөрийн гэсэн фракцгүйгээс хүчин мөхөсдөж байсан ба намын генсект тулгуурлаж байсан тулдаа ар талаа найдвартай бөхөлж байсан ч Д.Амарбаясгаланг намаасаа татсанаар нам дахь хяналтаа сулруулжээ.

Нөгөө талаас Д.Амрбаясгалан ЗГХЭГ-ын даргаар тийм ч дуртай ирээгүй ба хуучинсаг хүчнээс хүчтэй шахаж байсны улмаас буудал сэлгэсэн хэрэг. Мөн түүнтэй зэрэгцэн Үндсэн хуулинд гарч хүрснээр УИХ-ын гишүүд Засгийн газрын бүтцэд олноор орж ирэв. Хэрэв УИХ-ыг ингэж талдаа татахгүй бол Засгийн газрын ажил явахгүй гацаж эхэлсэн ба аргагүйн эрхэнд хийсэн энэ буулт нь суудал дороо цагийн механизмтай бөмбөг тавьснаас өөрцгүй хэрэг болжээ.

Бүх талаар хүчирхэг байна гэдэг бүх талаар сул гэсэн үг гэдгийг цаашдын үйл явц батална.

Хулгай

Ковидын үеийн эдийн засгийн уналт ба ОХУ-ын эхлүүлсэн дайнтай холбоотойгоор санхүүгийн хямрал нүүрлэж, ЗГ бүсээ чангалахаас өөр гарцгүй болов. Гэвч мажоритар системийн гажиг, тогтолцооны ховдог хомхой араншин хэмнэлт хийх боломж олгохгүй байв. Дээрээс нь гадаад өр хүнд дарамт болж байлаа. Санхүүгийн төдийгүй улстөрийн дарамт гаднаас ирэх болжээ.

“Хөгжлийн банк”-ийг дампууруулж, 2021 онд хийх ёстой өрийн үйлчилгээг бүрэн хийхгүй бол дампуурлыг чиньзарлана гэж ОУ-ын санхүүгийн байгууллагууд шахжээ. Үүний цаана “Оюу толгой”-н гэрээг шинэчлэх тал дээр олсон ололтод хонзогнох хонзогнол, ОХУ-тай хэт ойртох вий гэсэн хардлага байсан юм. Засгийн газар “Хөгжлийн банк”-ийг дампууруулалгүй авч үлдээд зээлдэгчдийг шахаж, зээлийг нь төлүүлэх замаар гадаад өрийн дөнгөнөөс мултарч амжжээ. Гэвч дараагийн дарамт хүлээж байв.

Яаж ийгээд “Чингис” бондын өрийг цайруулсан ба иений ханш унасныг ашиглан “Самурай” бондын төлбөрийг барагдуулах нөөц хийж авчээ. Ингэхийн тулд 2023 оны хөрөнгө оруулалтыг зогсоосон ба УИХ-ын гишүүдийг тойргийн мөнгөгүй болгож орхижээ. Дотоод хорсол занал нэмэгдэв.

Санхүүгийн дутагдлаа нөхөхийн тулд “Нүүрсний хулгай”-г илрүүлээд тэндээс баахан мөнгө олоод та бүхнийг цатгана гэсэн амлалтаар гишүүдийг тайвшруулахыг оролдсон нь жинхэнэ цөмийн бөмбөг дэлбэлж орхижээ. Нөгөө талаас нь харвал энэ тайвшруулалт нь “Хэрэв мөнгө нэхээд байвал мөнгийг чинь авна шүү!” гэсэнтэй адил юм. Хөгжлийн банкны зээл, ЖДҮ сангийн зээлээр олон гишүүдийг барьцаалж байсан ЗГ нүүрсээр барьцаалбал УИХ юу ч биш, УИХ-ын гишүүд хэн ч биш болохдоо тулжээ.

ЗГХЭГ гэнэт “Эрдэнэс Таван толгойд” онцгой байдал зарлаж, захирлыг нь холдуулав. Ингээд дайн дэгдэв. Учир нь Б.Ганхуяг намын санхүүч байв. Тэр мөнгө босгож, тэр намаа ялуулсан. Тэр намын далгавар биелүүлсэн. Гэхдээ өөрийгөө ч мартаагүй нь ойлгомжтой.

Нэгэн цагт “Газпром”-ын захирал Оросын Ерөнхий сайдын суудлаас үнэтэй байсан шиг, нэгэн цагт “Эрдэнэт”-ийн захирал Монголын Ерөнхий сайдаас том байсан шиг өнөө цагт “Эрдэнэс-Таван толгой”-н захирал улсын номер нэг чухал хүн болчихоод байсан юм. Тэрээр намын мөнгөний сүлжээг атгаж байв. Оюутны холбоогоор дамжиж энэ суудалд сэм суусан тэрээр мөнгөний судал, судас бүрийг мэднэ! Басхүү далд эдийн засгийн зангилаан дээр сууж байв. Түүний “гуйлтанд” хэн ч татгалзахааргүй тийм нөлөөтэй байсан хэрэг.

Анх МАН-ынхан Л.Оюун-Эрдэнэ түүний баг нүүрсний сүлжээнд ороогүй учраас тэндээс хувь хүртэх гэж байна л гэж бодож байжээ. Харин энэ алхамынх нь дараа Ерөнхий сайд бүхнийг хамах нь гэж айжээ. Баялгийн дахин хуваарилалт болох нь!

Яс юман дээр олон сонгогдсон гишүүдийн дотор нүүрс зөөдөггүй хүн байхгүй. Чухамдаа мөнгөтэй, баян гишүүдийн орлогын эх үүсвэр бол нүүрс тээвэр, түүнийг дагасан хулгай л байсан юм. Бүгдээрээ л зөөдөг, бүгдээрээ л Ганхуягаас “гуйж” хямд нүүрс авдаг, бүгдээрээ сангийн сайдыг “долоож” бөмбөлөгт ордог! Үй олон маргаан, хэрүүл гардаг, тэр бүрийд хууль хяналтынхныг хахуульдаж, албан тушаал амлаж, айлгаж явсаар бүхэл бүтэн сүлжээ үүссэн нь жинхэнэ “Аалзны тор” болон хувирсан байв. Тэр тор троссноос бөх байв. Ийм торноос мөнгө сугалж авна гэдэг хортой могойггор дүүргэсэн шуудайнаас мөнгө сугалж авахтай л адил.

Улирал бүр “Эрдэнэс Таван толгой” нүүрсний ханш зарладаг ба ханшийг зөрүүтэй зарладаг. Тэр зөрүүнээс мөнгө унагаж болдог. Ханшийг 60-65 доллараар зарлахад амнаас 60-аар авдаг ба цааш 65-аар зарахад тонн тутмаас 5 ам.доллар унагана. Ингэхийн тулд ЭТТ-г дарамталж, дэлхийн зах зээлийн ханшаас бага тогтоохыг шаардана. Энэ нь улсын баялгийг үрэн таран хийсэн гэмт хэрэг болно. Мөн хилийн хяналтаас гадуур нүүрс гаргаад татвараас бултуулах буюу Хятадад нээсэн дансанд төвлөрүүлээд тэндээс өөр замаар мөнгөө оруулж ирдэг сүлжээ бий. Бас нүүрсний үнийг бууруулж, тээврийн зардлыг өндрөөр тогтоох замаар татвараас зугтдаг байв. Нүүрсийг аман нөхцлөөр 60 доллараар аваад тээврийн зардлыг 60 ам доллараар тогтоож зардалд тооцоод ашгаа хамна. Сүүлийн үед Хятадын худалдан авагч компанитай үгсэн хуйвалдаж, дотоодын тээврийн компаниудыг шахаж, богино тээвэр гэгчийг үүсгээд хил дамнасан тээврийг хамтран байгуулсан компаниар хийж ашгаа хувааж байв.

Энэ мэт үй олон гэрээг илчлэх шаардлагатай бөгөөд эдгээр гэрээний улмаас улсад учирсан хохирлыг тооцохын тулд БНХАУ-ын талтай хамтрахаас өөр замгүй юм. Хамгийн хорлонтой нь дотоодын хяналтаас гадуур гадныхантай нийлсэн энэ луйврыг манай ЗГ яагаад ч олохгүй гэдэгт “хулгайчууд” бүрэн итгэлтэй бардам байсан ч гэнэт “ТАСС”-ын асуултанд БНХАУ-ын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хариу өгөхдөө “Шаардлагатай тоо баримтуудыг Монголын талд өгөхөд бэлэн” гэж мэдэгдсэн нь үхэх сэхэхийн заагт улайрсан тэмцэлд оруулчихжээ.

Хятадын талаас Монголоос орж ирж буй нүүрсний импортыг шалгасан бололтой байдаг. Гэрээнүүд цацагдсанаар Хятадын талд мөн л үймээн бужигнаан болсон байна. Богинын автотээврээр нүүрс татаж, Монголчуудтай ижил аргаар мөнгө олж байсан компаниуд төмөр замын холболтыг гацаах гэж оролдсоноос зөрчил үүсч, эцэстээ шалгалт орж, хувийн компаниудыг импортоос нь шахан гаргаад, улсын компанийн мэдэлд өгснөөр асуудал дууссан байна. Манайд хамаатай нь тэр шалгалтын баримтууд Монголын хулгайч нарыг айлгажээ.

Бослого

Бослого гэнэтийн бөгөөд сайтар төлөвлөгджээ. Луйврыг шалгахад хугацаа хэрэгтэй нь тодорхой байв. Тиймээс урьтах хэрэгтэй нь ойлгомжтой. Урьтахын тулд “Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийн нэрийг зарла!” гэж шахжээ.

Засгийн газарт шургалж амжсан дөрвөн аргын тоо мэддэг “Хөгжлийн сайд” найруулгыг хийв. Өмнө нь тэрээр “ЖДҮ” сангийн жагсаалтыг сэвж өөрийн өстнүүдийг олон нийтэд тавьж өгч байсан туршлагатай хүн. Тэрээр нутаг нэгтэй “ХҮН” намын даргыг шордож, хулгайд холбогдсон хүмүүсийн нэрийг өгнө гэж амлаад олон нийт рүү түлхчихсэн байна. Өнөөх нь улстөрийн хонжоо харж, нэгэнт сүйрсэн АН-ын орон зайг өөрийн намынхнаар нөхөх зальжин бодолдоо автаж баруун солгойгүй мэдэгдэл хийж эхлэв. Тэгээд ямар нэгэн нэр, тоо хүссэн боловч өгсөнгүй.

Ингээд Хөгжлийн сайдын өрөөнд ярилцаж байгаад 40 их наяд гэсэн тоог зохиож гаргаад түгээчихжээ. Нэг хүнд 125 сая төгрөг. Олон нийт өгөөшийг маш амархан үмхэв.

Үүнтэй зэрэгцээд ЭТТ-д онцгой байдал зарласан нь олон нийтийг бүр ч дэвэргэв. Тэгмэгц шууд жагсаал руу орчихжээ. Хэн ч 40 их наяд хэр их тоо юм, хэдий хугацаанд хулгайлсан юм, хэдэн тонн нүүрсний өртөг ийм хэмжээнд хүрдэг юм, яаж хулгайлсан юм гэж бодож үзээгүй, асуугаа ч үгүй билээ.

Үүний дээрээс Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр зам нээсэн нь нүүрсний хулгайчдыг түшээв. Учир нь нүүрсийг вагонаар зөөвөл хулгай хийх боломжгүй болно.

Ингээд жагсаал эхлүүлэв. ХЗДХ-ын сайд АНУ-д ажиллах цагийг бас тооцжээ. Жагсаал богино хугацаанд нийтийг хамарч, төрийн ордны орчим эмх замбараагүй байдал үүсгэхийг оролджээ. Жагсаалыг тараах шийдвэр гаргах ХЗДХ-ын сайд эзгүй тул Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргасан нь байдаг.

Жагсаалд МАН-ын хуучуулын бүлэглэл идэвхтэй оролцжээ. Т.Бадамжунайнх болох нь тэгэхэд илэрсэн МҮИС мянган оюутан дайчлав. БШУ-ны сайд УБИС, МУҮИС-ийн оюутнуудыг жагсаалд оролцуулахыг үүрэгджээ. ЭТТ-н захирал Б.Ганхуяг ч хуучны оюутны холбооны сүлжээг ашиглан оюутнуудыг дайчилж оролцуулав. Энэ үндсэн цөм дээр эдийн засгийн хямралд нэрвэгдсэн олон нийт нэмэгдсэнээр жагсаалд оролцогчдын тоо огцом нэмэгдсэн байна.

Үндсэндээ энэ бүх ажиллагаа самбар дээр зурагдсан байсан, түүнийг нь гай болж ороод харчихсан шоглоомтой юм болжээ. Яг тэр зургийг зуралцсан С.Баярцогт тэр өрөө рүү орж таарсан байна. Учир нь АН-ын “далд эзэд” хуралдаж, С.Баярцогтыг намын дарга болгоод С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг “жийгээд” С.Баярцогтыг намын дарга болгож сонгуульд оролцох, УИХ-ын суудлын тоо тохиролцох талаар удаан хугацаанд ярилцаж байсан юм. Ингэхдээ АН-д ашигтай болгохын тулд парламентыг хугацаанаас өмнө тараах, дахин сонгууль явуулах талаар ч хэлэлцэж байсан нь улстөрийн хүрээнд эрчимтэй яригдаж байв. Үүнийг зуучлагчид нь “шоронгийнхон” гэдэг нэр зүүсэн С.Баяр, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, С.Баярцогт өөрөө, бас Сү.Батболд байв. Тэд өглөө босохдоо л “Женког яаж шоронд хийх вэ?” гэж боддог гэх онигоо хүртэл бий.

Нэгэнт зураг илэрсэн тул ЗГ-аас хариу арга хэмжээнүүдийг шуурхай авч эхлэв. ХЗДХ-ын сайд АНУ-д очмогцоо буцаж нисчээ.

Ирмэгцээ ЭТТ-ын хуучин удирдлагууд, жагсаалыг санхүүжүүлэх ажилд оролцсон хүмүүсийг баривчлан хорив. Төрийн ордонд халдсан тул “Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон” гэх ял түүнд оногдох байх. Ерөнхийлөгч хууль хүчнийхнийг дуудмагц Ерөнхий сайд олон нийтийн дэмжлэгийг авахын тулд шууд жагсагчид руу гарчээ.

Тэгмэгц жагсаалын тактик өөрчлөгдөв. Одоо нэрс зарлахыг шаардах бус Засгийн газрыг огцруулах шаардлагад шилжжээ. Гэвч “Засгийн газар нүүрсний хулгайг илрүүлнэ гэсэн тул шаардаад, дэмжих ёстой!” гэсэн органик жагсагчдын эсэргүүцэл газар авахуулахгүй байна. Хэрэв нүүрсчид Засгийн эрхийг авбал хэргийг шалгахгүй, дээр нь улстөрийн ужиг хямралд нэрвэгдвэл нүүрсдийг шалгах нь байтугай эдийн засгаа сүйрүүлэхдээ тулна гэсэн болгоомжлолыг эрүүл ухаантай хүмүүс илэрхийлж байна.

Үүний дээрээс “дотор” ажиллаж байгаа хүмүүс У.Хүрэлсүхийн ЗГ-ын үед байгуулсан нууцад орсон “офф-тейк” гэрээнүүдийг нууцаас гаргахыг шаардаж эхлэв. Ингэснээр Ерөнхийлөгчийг шахаанд оруулах, түүнд оролцсон одоогийн Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл гаргах, Ерөнхийлөгч-Ерөнхий сайдын хооронд зөрчил үүсгэх, Женког шоронд хийх гэсэн олон давуу тал олж авах юм. Ер нь ил болог л дээ, ямар ч муу юманд сайн тал бий нь иргэд мэдээлэлтэй болно.

Мөн “Голомт” банкны төмөр замын гүйцэтгэлийн санхүүгийн баримтыг татаж авсан ч гүйцэтгэлээсээ 100 шахам сая ам.доллар дутуу авсан байжээ. Ингээд асуудал гацаанд орж эхэлжээ. “Голомт” банкныхан байдал эвгүйцэхийг мэдрээд хувьцаа гаргаж, олон нийтийн эзэмшлийн банк болон хувирсан тул одоо тус банкыг оролдох нь олон нийтийн эсэргүүцлийг өдөөхөөс өөр шидгүй болгож орхисныг ойлгосон байна. Үүнээс эрт сэрэмжилж өнгөрсөн онд хувьцаа гаргах хүсэлтийг нь ОУ-ын байгууллагын зөвлөмжөөр хориглож байсан ч өнөөдүүл нь ам мөлтөс мултраад гарчихсан байв.

Үүнтэй зэрэгцээд хуйвалдааны дотоод зөрчил илрэв. Хуучуул Ч.Хүрэлбаатарыг биш Л.Энх-Амгаланг Ерөнхий сайд болгох гэж байжээ…

Хувьсгал уу, эргэлт үү?

Аливаа хувьсгалыг эхлүүлэхэд шалтаг ба шалтгаан хэрэгтэй. Шалтгаан нь өнөөгийн эдийн засгийн хямрал, ядуурал, үнийн өсөлт, хулгай, авилга! Харин шалтаг нь “Нүүрсний хулгай!” мөн.

Хувьсгалыг хийх үндсэн тохироо нь нэг, дээдэс нь хуучнаараа захирч чадахгүй үймж бужигнана, хоёр доодос нь хуучнаараа дарлагдахыг хүсэхгүй босно, гурав, олон түмний идэвхи сэргэж, тэмцэж эхэлнэ.

Энэ бас бүрдсэн. Хувьсгалыг амжилтанд хүргэх хүчин зүйл нь хувьсгалыг нийтийг хамарсан үймээнээр биш харин зохион байгуулалттай хүчин удирдаж хийдэг. Олон нийтийн эрмэлзлийг илэрхийлсэн зорилт, зохион байгуулалт, сахилга баттай хүчин, лидер байх хэрэгтэй.

Чухам энэ л байхгүй юм, өнөөгийн жагсаалд! Зөвхөн хулгайгаа нуух гэсэн хуйвалдагчид л байгаа. Тэд ил гарч, олон нийтийг зохион байгуулж, нэгтгэж чадахгүй байна. Тиймээс жагсаал зөрчилдсөн хүмүүсийн бөөгнөрөл төдий болж, гадны хүчний нөлөөллөөр эмх замбараагүй байдал болон хувирахад маш амархан байна. Ингэж үзвэл энэ бол олон нийтийн эсэргүүцлийг ашиглан Засгийн эрхийг авах гэсэн ородлого, эргэлт болох юм. Ийм эргэлтээр байдал улам дордохоос дээрдэхгүй!

Аливаа хувьсгал, эргэлтэд ялангуяа жижиг буурай орныход гадны нөлөө зайлшгүй тусдаг. Одоо жишээ нь “40 их наяд төгрөгийн хулгай хийсэн” тухай мэдээлэл Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр баталгаажин тарж байна. Тайваний хэвлэл үүнийг бүр ч сайхан монтажтай цацаж байна. Барууны агентлагууд “Ройтерс”, “Дойче велле”-гийн мэдээнүүд ав адилхан гарчигтай цацагдаж байна. Энэ бүхнийг нэгтгэх ганцхан газар бий! Тэр нь “Рио Тинто!”

Хаосын удирдлагын онолоор бол нэгэнт бэлэн болсон олон нийтийн эсэргүүцлийн орчинд гадаад дотоодын улстөрийн бүхий л хүчнүүд оролцож нөлөөлөхийг, өөрийн зорилгод ашиглахыг хүснэ. Гэвч нэг нь ч амжилт олохгүй!

Учир нь анхнаасаа нягтарч, нэгэн зорилгод нэгдэж зохион байгуулагдаагүй үймсэн олон хэнбугайд ч захирагдахгүй. Ийм үед гарч буй шийдвэрүүд зөрчилтэй, нэгнээ үгүйсгэсэн, олон нийтийг үймүүлсэн нөлөөлөл үзүүлнэ. Ингээд эмх замбараа алдагдаж сүйрэл рүү орох болно.

Ийм сүйрлийг орчин үед гадны нөлөөлөлтэй “Өнгөт хувьсгал” гэдэг болсон! Өнгөт хувьсгал нэг биш хэд хэд давтагдах шинжтэй бөгөөд эцэстээ улс орон ямархуу байдалд ордгийг бид Украйны жишээнээс л харчихаж болно!

Энэ удаад хувьсгал болохгүй, эргэлт л хийж байна. Харин Монголчуудын эрх ашиг бол энэ лав биш!

()

Next Post

Discussion about this post