Энэ долоо хоногт буюу 2022 оны арван хоёрдугаар сарын 8-9–ний өдрүүдэд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэхээр товложээ.
Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар санаачилсан аж. Уг хуулийн төслийн хамт мөн Зөрчлийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Статистикийн тухай хууль зэрэг хууль тогтоомжуудад оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийн төслийг өргөн барьсан байна.
Асран хамгаалагчийн сургалтад суух үүргээ биелүүлээгүй бол 100,000 төгрөг, нохой муурт бичил чип суулгуулах үүргээ биелүүлээгүй бол 100,000 төгрөг, нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийлгүүлээгүй бол 300,000 төгрөгөөр тус тус торгох аж.
Хуулийн төсөлд зааснаар гэрийн тэжээвэр амьтныг уг хуульд заасан журмын дагуу өөрийн нэр дээр бүртгүүлсэн иргэнийг “асран хамгаалагч” гэж тодорхойлжээ. Асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх зэрэг шаардлагыг хангасан байхаас гадна асран хамгаалагчийн сургалтад заавал хамрагдсан байх үүрэгтэй болно. Энэхүү сургалт нь хуульд заасан асран хамгаалагчийн эрх, үүрэг болон нохой, муурын төрөл, үүлдрийн онцлог, хооллолт, эрүүл мэнд, арчилгаа болон холбогдох бусад зөвлөмж, мэдээллийг багтаасан агуулгатай байна гэжээ.
Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагчийн “ерөнхий” үүргүүдийг хуулийн төслийн 9.1 – д зааж өгсөн бол нохой, муурын асран хамгаалагчдад нэмэлт буюу тусгай үүргүүд хүлээлгэхээр төслийн 9.2 – т зааж өгчээ. Тухайлбал, нохой, муурт бичил чип суулгуулах, төрснөөс нь хойш 6 – 12 сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэхүйц хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байх, нохойг уях тохиолдолд 3 метрээс багагүй урттай гүйлгээ уяа ашиглах зэрэг болон бусад үүрэг хүлээлгэх юм байна.
Харин, эдгээр үүргээ биелүүлээгүй асран хамгаалагчид дараах байдлаар Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулахаар төсөлд тусгажээ.
Тухайлбал, асран хамгаалагчийн сургалтад суух үүргээ биелүүлээгүй бол 100,000 төгрөг, нохой муурт бичил чип суулгуулах үүргээ биелүүлээгүй бол 100,000 төгрөг, нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийлгүүлээгүй бол 300,000 төгрөгөөр тус тус торгох аж.
Түүнчлэн, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр нохой, муур үржүүлсэн бол хүнийг 500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5,000,000 төгрөгөөр, нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн хүнийг 300,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдсэн бол хүнийг 500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5,000,000 төгрөгөөр тус тус торгохоор төсөлд тусгасан байна.
Гэрийн тэжээмэл амьтны тухай хуулийг дагалдан Зөрчлийн тухай хуульд оруулах нэмэлтийг нэг бүрчлэн дурдвал:
- Нохой эсхүл муурт бичил чип суулгуулж, бүртгүүлэх, үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэхээс бусад гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд заасан хугацаанд нэг нохой эсхүл муурт чип суулгуулж, бүртгүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Асран хамгаалагч нэг нохой эсхүл муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр нохой, муур үржүүлсэн бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хурааж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Эзэнгүй амьтныг түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр гэрийн тэжээвэр амьтныг түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон орлогыг хурааж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Түр байрлуулан асрамжлах газар гэрийн тэжээвэр амьтныг худалдах, үржүүлэх үйл ажиллагаа эрхэлсэн бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Гэрийн тэжээвэр амьтны үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх нийтлэг шаардлагыг удаа дараа зөрчсөн бол хуулийн этгээдийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Эзэнгүй амьтныг түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх нийтлэг шаардлагыг удаа дараа зөрчсөн бол хуулийн этгээдийг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчилсан, гэрийн тэжээвэр амьтны гаралтай түүхий эдийг ашиг олох зорилгоор боловсруулсан, худалдсан, худалдан авсан, гэрийн тэжээвэр амьтныг шагнал, урамшуулалд олгох, олгохоор амлах, сурталчилсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
(Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцүү.)
Иргэд дараах холбоосоор хуулийн төсөлтэй танилцаж, санал өгөх боломжтой: https://d.parliament.mn/tusul/bb7314dd-9dbf-4797-b603-6b230d4257c8
()
Discussion about this post