Атал Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэн гишүүн өнгөрсөн наадмаар Баруунтуруун суманд иргэдтэй уулзахдаа 150 сая төгрөг ширээн дээр овоолж байгаад сугалаа явуулжээ. Сугалаа сугалсан хүн болгон сая төгрөг хожоод маасайгаад гарсан байгаа юм. Араас нь очсон Ч.Хүрэлбаатар гишүүн юу дутах вэ, хотод 300г нь 20-30 мянган төгрөг байдаг оливын тосыг 30 литрийн канистраар нь тавьж байгаад сугалуулсан байгаа юм. Сугалаанд оролцсон хүн бүр нэг нэг канистртай болсон чинь айлууд мал гаргасан өөхөө жалга руу шидчихээд оливын тосоор боорцог хайрч байна гэнэ дээ. Атал энэ хоёрын тухай нь бүр “гөлөөг” ч гэх хүн алга. Юм болгон дээр хоёр нүүртэй.
Б.Пүрэвдорж нь яах вэ, ялагдсан намын гишүүн л байгаа биз, мөнгө төгрөг муутай л байгаа биз. Ахмад настай улсыг хүндэтгээд аяганы амсар зуулгаад гаргая л гэсэн юм биз. Өөрөө дуртай юм болохоороо дууны дугараа өргөө л биз. Ер нь манай хөдөөгийнхөн “Өргөдөл гомдлоо бариад ирээрэй” гэвэл уулзалтанд ирэхээ больсон юм шиг байгаа юм. Хотод ч ялгаагүй дээ. Хэн хэдэн төгрөг өгч, ямар хэмжээнд гар цайлгана, тэрнийх нь хэрээр дээш нь шидэж өгдөг. Тэрэнд нь тааруулаад тойргийнх нь гишүүд өгцөө, авцаагаа хийдэг болсон юм уу даа. Нэг суманд 150 сая төгрөг цацаж байна гээд бодохоор нийт 19 сумаар нэг удаа тойроход хэдэн тэрбум болох вэ. Сонгуулийн өртөг ийм л болсон байна. УИХ-ын гишүүн байна гэдэг түүнээс ч илүү унацтай байна. Ялангуяа нам нь сонгуульд ялсан тохиолдолд. Ямарч хяналт, хамжааргагүйгээр татвар төлөгчдиин мөнгийг захиран зарцуулж байгаа ийм үед. Тийм болохоор УИХ-ын гишүүд сайд болохын төлөө нүдээ ухахаас буцахгүй байна. Сая жишээ нь, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаж алав даа.
Өчигдөр намрын чуулган эхэлсэн. Чуулганаар хэлэлцэх ёстой эхний асуудал нь 2023 оны төсөв. Хэмнэлтийн гэж нэрлэсэн ирэх оны төсвийн зарлага энэ оныхоос 14 хувиар нэмэгджээ. Нийт алдагдал нь 1,6 их наяд. За тэгээд төсвийнхөө орлогыг бүрдүүлэхийн төлөө (угаасаа иргэд нь орлогогүй, компаниуд нь ажилгүй байхад ямар юмаараа төсвөө нэмэгдүүлэх вэ дээ) ёстой бусдын нүдийг ухахаас сийхгүй олон зүйл орсон юм шиг байна. Түүнийх нь нэг нь шаталсан татвар.
Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр сардаа 10 сая төгрөгийн орлоготой 1300 иргэн байна гэнэ. Эдгээр нөхдийг өндөр орлоготойд тооцож ахиу татвар авах юм байна. Гэтэл тэр нь ам.доллараар тооцвол 3000 доллар ч хүрэхгүй. Гадаадад хараар ажиллаж байгаа манай залуусын сарын цалинтай л дүйцэх мөнгө. Дээр нь өдрөөс өдөрт өсч байгаа инфляци, үнийн хөөрөгдлийг тооцоод үзвэл амьжиргаагаа л залгуулах мөнгө шүү дээ. Арай ч нэг хүнээс гуйчихгүй амьдралаа залгуулаад, ипотекийн зээл, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх л мөнгө. Ийм иргэдээ “өндөр орлоготой” гэж илүү үзээд татвар нэмэх гэнэ. Тэд нь тэгээд 1300-хан гээд бодохоор юу яасан “дундаж давхарга”… Уул уурхайд удирдах албан тушаал хашиж байгаа хэдэн хүний л цалин байгаа биз дээ. Түүнийхээ оронд татварын бааз сууриа яаж нэмэгдүүлэх вэ, байгаа татвараа яаж бүрэн авах вэ? гэдэг дээр толгойгоо ажиллуулах болдоггүй юм уу?
АН эрх барьж байх үед жишээ нь, татварын бааз сууриа нэмэгдүүлэхийн тулд (хөдөлж байгаа мөнгө бүрээс татвар авна гэсэн үг) НӨАТ-ын буцаан олголтыг санаачилсан. Гурван шаттай байсан татварыг нэг шатлалд оруулсан. Үүний үр дүнд татварын орлого хоёр дахин нэмэгдсэн байдаг юм. Шаталсан татварыг нэг шатлалтай болгочихоор компаниуд томрох боломжтой болсон, давхар тайлан гаргаж орлогоо нуухаа больсон. Гэтэл одоо тэрийг нь буцаагаад шаталсан татвар луу оруулах гэнэ. Үүнийхээ оронд одоо байгаа татваруудаа ядаж бүрэн авчихдаг болмоор. Хамгийн наад захын жишээ, үл хөдлөх хөрөнгийн болон газрын татвар, түрээсийн орлогын татвар байна.
Америкт жишээ нь, хотуудын төсвийн 20-70 хувийг (хөгжлөөсөө хамаараад) үл хөдлөх хөрөнгийн болон газрын татвар бүрдүүлдэг. Гэтэл Улаанбаатарт энэ нь 10-хан хувь, орон нутгийг оруулаад улсын дундаж гаргахаар 8 хувь болдог юм байна. Хотын төвийг цементэн ширэнгэ болтол шавсан өндөр барилгуудыг харах юм бол өлхөн 70 хувь хүрнэ дээ.
Гэвч манайд газар, үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа нөхөд нь дандаа улстөрчид, хууль тогтоогчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд. Тийм болохоор “татвар ав” гэсэн хууль нь байгаа боловч хэрэгждэггүй. Татвар төлж байгаа хүн өөрийн дураар үнэлдэг, үүнд нь хяналт тавьдаггүй. Өмч хувьчлалын үед хувьчлалаар авсан байшин барилгууд нь тухайн үед авсан үнэлгээгээрээ байж байх жишээтэй. Татварын байцаагчтай тохироод, авилга өгөөд явчихдаг. Тэрийг нь өөрчлөх гэхээр хууль баталж байгаа нөхдүүд маань хөдөлж өгдөггүй. Өөрсдөө хамгийн их газартай, хамгийн том байшин барилга, хамгийн олон үл хөдлөх хөрөнгөтэй нөхөд юу гэж өөрсдийнхөө эсрэг хууль гаргах вэ.
Гэтэл өндөр хөгжсөн орнуудад яадаг вэ гэхээр тухайн байршилд нийтийн хөрөнгө буюу төсвийн мөнгөөр зам сүлжээ, метро тавьсан бол, түүний улмаас газар болоод үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн тохиолдол бүрт үнэлгээг дахин хийдэг, түүнээсээ татвараа өсгөж аваад явдаг. Инфляци бий боллоо гэхэд үүнээс хамаараад үнэлгээг шинээр хийдэг гэж байна. Харин манайд хамгийн их газартай, хамгийн их үл хөдлөх хөрөнгө, барилга байшинтай хүмүүс нь хууль тогтоогчид, шийдвэр гаргагч нар байдаг учраас татвар төлдөггүй. Татварын орлого дотор хамгийн бага хувийг эзэлдэг. Газрын үнэлгээн дээр гэхэд 1997 онд баталсан үнээрээ 30 жил явж байж сая 2018 онд арай гэж нэг удаа гар хүрсэн байх жишээтэй.
Дээр нь газрын худалдаа, хувьчлалын асуудал байна. Уг нь бол иргэнд олгосон 0,07 га-гаас бусад нийтийн өмчийн газрыг зөвхөн дуудлагаар худалдана гэсэн хууль нь байсаар байтал хэзээ ч дуудлага худалдаанд оруулдаггүй. Хэдэн гарын үсэг дамжуулаад өөрсдөө хуваагаад авчихдаг. Э.Бат-Үүл байхдаа нийслэлийн түүхэнд ганцхан удаа талбайн зүүн талын газрыг (Н.Энхбаяр хувьдаа авчихаад байсан хэвлэх үйлдвэрийн газар) дуудлага худалдаанд оруулахад 24 тэрбум төгрөгийн үнэ хүрсэн юм шүү дээ. Түүнээс хойш нэг ч удаа газрын дуудлага худалдаа яваагүй. Шангрилла, “Сэлмэн” барилга гээд хотын төвийн хамаг л үнэ цэнэтэй газрыг тухайн үеийн дарга нар нь дандаа авилгаар өгч авалцсан. Бичвэрийн эхэнд хэлсэн Б.Чойжилсүрэнгийн, Ч.Хүрэлбаатарын сонгогчиддоо тарааж байгаа хэдэн тэрбум төгрөг ийм замаар бий болдог. Нийслэлийн газраас босгосон, татвар төлөөгүй мөнгөөрөө хөдөөгийн сонгогчдыг очиж авилгаддаг гэсэн үг.
Хэрвээ бүгдийг нь дуудлагаар худалдсан бол мөнгө нь нийслэлийн төсөв рүү орж ирээд эргээд нийслэлийн хөгжилд зарцуулагдах байлаа. Метротой ч болчих байлаа. “Түгжрэлийг бууруулна” гэж төсвөөс 480 тэрбум төгрөг гаргуулахгүй байлаа. Газраа дуудлагаар худалдаад олсон мөнгөөрөө замгүй газартаа зам тавиад, дэд бүтэц, шугам сүлжээгээ өргөтгөөд явбал нийслэлийн газар дахиад үнэ хүрнэ. Тэр болгоноос татварт орох орлого л нэмэгдэнэ. “Төр буй бол татвар буй” гэдэг чинь ийм учиртай.
Гэтэл төр нь өөрөө ажлаа хийхийн оронд ажил хийж байгаа цөөхөн хэдийнхээ цалингаас татвар нэмэх тухай яриад сууж байдаг. Ийм байхад хүн яаж ажил хөдөлмөр хийе, амьдралаа дээшлүүлье, цалин орлогоо нэмэгдүүлье гэж бодох вэ дээ. Халамж хавтгайрлаа (өөрсдөө хавтгайруулчихаад) хасъя таная гэж хашгираад байгаа төрийн бодлого нь өөрөө ийм байна. Гаргаж байгаа шийдвэр болгон нь даабл стандарттай. Авах ёстой татвараа авахгүй, төлөх ёстой татвараа төлөхгүй байж төлж байгаа хэдийнхээ нурууг нь нугаслаад байх янзтай.
Discussion about this post