Марк Закербергийн “Meta”-д эзэмшдэг 350 сая хувьцаа түүний бараг бүх хөрөнгийг бүрдүүлж байна
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харвал 2022 он гарсаар АНУ-ын технологийн салбарын тэрбумтнуудын хөрөнгө ихэвчлэн бууралттай байна.
Тэр дундаа “Meta Platforms” компанийн Гүйцэтгэх захирал Марк Зукербергийн хөрөнгө 71 тэрбум ам.доллароор буурч, өмнөх оны хэмжээнийхээ хагаст ч хүрэхгүй болсон нь хамгийн их анхаарал татаж байна. Одоогоор түүний нийт хөрөнгийн хэмжээ нь 55.9 тэрбум ам.доллар байгаа нь дэлхийн тэрбумтнуудын эрэмбэд 20 дугаарт жагсах үзүүлэлт боллоо.
Харьцуулбал хоёр хүрэхгүй жилийн өмнө тэрбээр хөрөнгийн хэмжээгээр дэлхийд зөвхөн Жефф Безос, Билл Гейтс нарын ард бичигдэж байжээ.
2021 оны есдүгээр сард “Facebook”-ийн нэгж хувьцааны ханш 382 ам.доллар болж өсөхөд Марк Зукербергийн хөрөнгө хамгийн дээд цэгтээ буюу 142 тэрбум ам.доллар хүрч байсан юм.
Дараа сард нь тэрбээр компанийнхаа нэрийг сольж, “Meta”-ийг анх танилцуулсан бөгөөд түүнээс хойш технологийн ертөнц дэх урьдын байр сууриа олж чадахгүй байсаар өнөөг хүрсэн билээ.
Энэ оны хоёрдугаар сарын санхүүгийн тайланд “Facebook”-ийн тогтмол хэрэглэгчдийн тоо өсөлтгүй гарснаар хувьцааны ханш нь урьд байгаагүйгээр хүчтэй унаж, Марк Закербергийн хөрөнгө ганцхан өдрийн дотор 31 тэрбум ам.доллароор буурч байв. Мөн “TikTok” платформтой өрсөлдөх зорилгоор гаргасан “Instagram”-ийн “Reels” функцийн чамлахаар амжилт, “Мetaverse”-ийн хөрөнгө оруулалт зэрэг нь хувьцааны ханш унахад нөлөөлснийг шинжээчид онцолж байна. “Мetaverse”-ийн төсөл ойрын 3-5 жилийн хугацаанд ихээхэн хэмжээний алдагдал авчрах тооцоотой байгааг Марк Закерберг онцолж байсан юм.
Өдгөө Марк Закербергийн “Meta”-д эзэмшдэг 350 сая хувьцаа түүний бараг бүх хөрөнгийг бүрдүүлж байгаа аж. Нью-Йоркийн Хөрөнгийн биржид тус компанийн нэгж хувьцааны ханш одоогийн байдлаар 146.18 ам.доллар байна.
Discussion about this post