НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын эмэгтэйчүүдийн манлайлал” санаачилгыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, хүчин чармайлт, гаргасан ололт амжилтыг үндэслэн “Шилдэг манлайлагч эмэгтэй”-г шалгаруулах юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр тууштай ажиллаж, гарамгай амжилт гаргасан, өөрийн нөлөөллийг үзүүлж буй 24 улсын 420 эмэгтэй энэхүү шалгаруулалтын эхний шатанд нэр дэвшсэнээс 15 шилдэг эмэгтэй сүүлийн шатанд шалгаран үлдээд байна.
Тус 15 шилдэг эмэгтэйн нэгээр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа шалгараад байгаа юм.
Түүний Монгол Улсаас гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлт, хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, ийнхүү шилдэг 15 эмэгтэйн нэгээр шалгаруулжээ.
Шилдгийн шилдэг шагналтанг Австралийн Холбооны Улсын Брисбен хотноо зохион байгуулагдах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын хурал”-ын үеэр буюу 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын эмэгтэйчүүдийн манлайллын “Шилдэг шагналтан”-ны шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр танилцуулах юм. Тус арга хэмжээг Австралийн Холбооны Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хамтран зохион байгуулж байна.
Энэ нь Монгол Улсын гамшгаас хамгаалах салбарын үйл ажиллагаа нь Ази-Номхон далайн бүс нутгийн түвшинд амжилттай хэрэгжиж, гамшгийн эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулан, манлайллаа үзүүлэн ажиллаж байгааг илтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Discussion about this post