ГУРВАН ОД буюу САМСУНГ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

Алдарт Самсунгийн түүх үнэхээр харгис юм. Дайн, үхэл, цус, авлига, хээл хахууль, айдас, хүчирхийлэл, гэр бүлийн зодоон, улс төр, мафи, золиос бас зориг.


Алдарт Самсунгийн түүх үнэхээр харгис юм. Дайн, үхэл, цус, авлига, хээл хахууль, айдас, хүчирхийлэл, гэр бүлийн зодоон, улс төр, мафи, золиос бас зориг. Сайн бас муу бүхэн сүлэлдсэн брэнд ажээ. Алдаа гаргаад компаниасаа хөөгдөөд, депресст ороод, сэтгэл зүйн эмгэгтэй болоод, цөлөгдөөд, ямар ч мөнгөгүй болоод өлбөрч үхсэн тэр нэг хүүгийнх нь түүх зүрх зүсэм. Та бидний хэрэглэдэг Самсунгийн цахилгаан бараа, барьж буй ухаалаг гар утасны ард ямар их золиос гарч, ямар том тэмцэл өрнөж байж өнөөдрийн өндөрлөгт хүрснийг уншаад мэдэж авагтун.

Алдар нэр, амжилт зүгээр нэг ирдэггүй ажээ. Алдарт Самсунгийн бидний мэддэггүй түүхийг өгүүлсэн Greoffrey Cain-ийн бичсэн маш гоё ном байна. Мань эр Самсунгийн өмнөх болон одоогийн ажилчид, удирдлага, эзэд, улстөрчид, сэтгүүлчид, иргэнийн нийгмийн төлөөлөл болох 400 гаруй хүнтэй Солонгос, Япон, Хятад, Америкт ярилцлага хийж байж энэ номоо бичсэн бөгөөд энэ хооронд Самсунгээс янз бүрийн дарамтанд орж байсан ч эхэлсэн ажлаа дуусгаж чадсан нь үнэхээр бишрэм.

Өнөөдөр айл болгонд байдаг, магадгүй хүн бүрийн барьж буй Самсунг брэндийг 1910 онд төрөөд 1987 нас барсан Lee Byung-chul бүтээжээ. Тэрбээр нас барах хүртлээ компани удирдаж байв. Номны эхний бүлэг “Галакси сөнөсөн од” гэдэг нэртэй эхэлж байна. Хэдхэн жилийн өмнө Galaxy Note 7 сүр дуулиантай гарч ирж Самсунгийг дэлхийд дархалж байсан боловч нэг их удалгүй “дэлбэрдэг” нь илэрч, олон хүний эрүүл мэнд, амь насанд халтай болж таарсан. Та бүхэн санаж байгаа бол энэ утастай хүнийг ямар ч авиакомпани авч нисдэггүй байлаа шүү дээ, дөнгөж саяхан.

Хальт харахад технологийн алдаа мэт боловч уг шалтгаан нь компанийн засаглал байсан гэж зохиолч дүгнэжээ. Цэргийн зохион байгуулалттай бүтэц, бараг армийн стилтэй удирдлагын шийдвэр гаргалт ба гүйцэтгэлтэй Самсунг компани ажилчдаасаа хүчээр хүндлэл хүсч, үнэнч байдлыг хатуу шаардан, тэр бүү хэл айдсаар нь удирддаг соёлтой болсон байв.

2016 оны 10 сард аргагүйн эрхэнд Note 7-ийн үйлдвэрлэлээ зогсоосон Самсунг тэр үедээ өөрсдийн буруугаа Apple руу чихэж дуулианаа дарах арга ядсан аргыг хүртэл хэрэглэж байсан нь итгэмээргүй. Яг л манай хар, шар ПР шиг жижигхэн өөдгүй заль хэрэглэж байжээ. Магадгүй энэ нь Cheil гээд өөрсдийнх нь оролцоотой инхаус ПР агентлагтай нь холбоотой байхыг үгүйсгэхгүй. Том компаниуд бүх юмаа өөрсдөө хийдгийн гай гэж энэ буюу.

Улмаар нийгмийн хоёр хуваахаа шахсан түүхтэй аж. Нэг хэсэг хүмүүс Самсунг энэ улсыг босгосон, бидний аав ээжийг юу ч үгүй байхад идэх хоол, өмсөх хувцастай болгож ажлын байраар хангаж, улсынхаа эдийн засгийг өөд нь татаж, дэлхийн гүрэн болгосон. Чи ямар зүрхтэй болоод Самсунгийг муу хэлж чадаж байна аа гэх бүлэг байна. Эсрэг талд нь Самсунг бол коммунист компани, Хойд Солонгос руу зайлбал таарна гэж үзэн ядах хэсэг байх. Нэг солонгос бүр Францын хатан хааны үгийг жишиж хэлсэн байна. Тэр нь: “Хатантаан, ард иргэд идэх талхгүй гудамжинд өлбөрч үхэж байна гэхэд хатан гайхаад тэд нар тэгээд яагаад бялуу идэж болдоггүй юм бол” гэсэн гэдэг.

Galaxy Note 7-ийн асуудал үнэндээ дэлбэрч эхлэх үед биш харин түүнээс 5 жилийн өмнө буюу 2011 онд эхэлжээ. Энэ онд Стив Жовб Самсунгийг зохиогчийн эрх зорчиж, оюуны хулгай хийсэн хэмээн олон улсад шүүхэд өгч, 2.5 тэрбум ам.доллар нэхэмжлээд байв. Энэ хоёр аваргын тулаанд дэлхийн даяар 50 гаруй хуулийн фирм оролцож хоорондоо байлдсан байдаг. iPhone-тэй өрсөлдөхийн тулд Самсунг анхны Galaxy Note-оо 2011 онд гаргаж байв. Ухаалаг гар утас болон таблетийн дундын хувилбар болж чадсан энэхүү загвар гарснаар үнэндээ Samsung Apple-ийн урд гишгэж чадсан.

Гэсэн хэдий ч түр зуурын богино амжилтандаа бялуурсан Самсунг хэдхэн жилийн дараа Note 7 дээрээ нам тавиулсан түүхтэй аж. Өөрөөр хэлбэл Apple-ийн iPhone 7-г дийлэхийн тулд алсын зорилгоо умартан засаглал, технологийн асар том алдааг гаргажээ. 2016 онд зах зээлд гарсан Note 7 тэр жилдээ үйлдвэрлэлээ зогсоон үхсэн байдаг. Үүнээс болоод алдаа хаана гарсныг олох тусгай ажлын хэсгүүд байгуулагдан, олон хүнийг ажлаас чөлөөлөн хариуцлага тооцоож, улмаар компанийн засаглалын асуудал нь доргиж, энэ хэрээр ялзарсан систем нь ил гарчээ. Учир нь 2017 оны 2 сард Самсунгийг үндэслэгч өвөөгий ач хүү, Самсунгийн эзэнт гүрний өв залгамжлагч, дэд тэргүүн Jay Lee Солонгосын Ерөнхийлөгчид хэдэн арван сая ам.долларын хахууль өгсөн хэргээр баривчлагдан шоронд орсон билээ.

Компанийн энэ хүнд үед гол залж явдаг эрхэм яах аргагүй 2 дахь үе буюу Lee Byung-chul-ийн хүү Lee Kun-hee буюу Самсунгийн тэргүүн байсан боловч мань эр 2014 онд зүрхний шигдээс болж олны өмнө гарахаа байсан бол яг энэ үед түүнийг нас барсан гэх мэдээ явж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, 2017 он буюу 5 жилийн өмнө Самсунг дээр утгаараа crisis буюу хямрал болжээ.

Эзэн гүрний сүүдэр хаанаас эхэлсэн байж таарах вэ гээд зохиолч Самсунгийг үүсгэн байгуулагчийн төрөлх хот болох Дэгүг зорьжээ. Lee Byung-chul-ийн гэр, анх компаниа байгуулж байсан газрыг хайж явахад нь нутгийн улсууд

“Бид Самсунгийн тухай бодохдоо Солонгосын ирээдүйг л боддог. Бид өнгөрсөн түүхийг нь дурсахыг хүсдэггүй. Учир нь тэндээс авах юм байхгүй, өөрсдөөсөө ичдэг. Тэр бүх Самсунгийн муухай түүх Дэгүд булшлагдсан”

гэж хэлж байсан нь нэг өгүүлж, хоёрыг бодогдуулна.

1936 онд мөрийтэй тоглоом тоглоод шөнө гэртээ ирсэн Самсунгийг үүсгэн байгуулагч Lee сарны гэрэлд унтаж буй 3 хүүхдээ хараад амьдралдаа ямар ч зорилгогүй явж буйгаа ухаарчээ. Тэр үедээ 26 настай байсан юм уу даа. Японы колончлол дор байсан нийгмээ хараад хувийн санхүү болон эх орныхоо тусгаар тогтнолын төлөө гэсэн хоёр том зорилго тавиад хувийн бизнес рүү эргэлт буцалтгүй оржээ.

Дайны нөхцөл байдал, уур амьсгалаас болоод бараг ямар ч солонгос хүн гадаадууд, япончуудтай хамтран бизнес хийх бодолгүй байв. Мань эр үүнийг сөрөөд цагаан будааны худалдааны хамтарсан бизнес эхлүүлээд хүчээр хаалгаад, Хятад, Солонгосоор аялж судалгаа хийсний эцэст хүнсний ногоо, хатаасан загасны олон улсын худалдааны бизнес эхлүүлжээ. Анхны дэлгүүрээ 19 хүнтэйгээр 1938 онд Дэгүд нээж, ногоо, загасаа хөдөөнөөс цуглуулаад Хятад, Манжуур руу гаргаж эхлэв.

Энэ ногооны дэлгүүрээ мань эр Samsung Sanghoe буюу Гурван одтой дэлгүүр гэж нэрлэжээ. Sam гэдэг нь гурав гэсэн утгатай хэдий ч давхар том, олон, хүчтэй гэдэг утгыг агуулдаг бөгөөд хүмүүсийн дуртай тооны нэг аж. Харин Sung гэдэг нь од гэсэн үг бөгөөд үргэлж гялалзан гэрэлтэх, үргэлж бусдаас өндөрт байх, мөнхөд орших гэдэг утгыг бэлэгджээ. Товчхондоо Самсунг гэдэг нэр том, хүчтэй, мөнх гэсэн утгыг заадаг аж.

Жилийн дараа Lee Японы шар айрагны үйлдвэрийг худалдан авч буцааж зараад анхны том ашгаа хийж байжээ. Бага залуугаасаа Японыг дуурайж хүндэлж, загвараа болгож байсан мань эр компанийн нэрээ Мицүбишигээс (Гурван алмаз эрдэнэ гэсэн үг) санаа авсан бололтой. Мицүбишигийн лого мөн л мөнх байдал, хүч чадал, агуу томыг билэгддэг. Дайны үед Японы Мицүй бизнесийн бүлэглэл длэхийн хамгийн том компани байсан бөгөөд Дэлхийн 2-р дайны үед энэ компани дангаараа 1 сая гаруй япон биш гадны хүмүүсийг ажлын байраар хангаж, бараг шууд байдлаар засаг, төрөө удирдан чиглүүлж байв. Японы энэ загварыг л мань эр маш сайн харж ухаарч авсан санагдав. Өөрөөр хэлбэл төртэй ажиллах, түншлэх, нэг зоосны хоёр тал болох.

Японд хаясан цөмийн бөмбөгийн улмаас дайн дуусч, Японы систем Солонгост нуран унах үед мань эр зөрөөд Америкийн цэргийнхэн, түр засгийнхантай холбоо тогтоон ойртож чадав. Улмаар хүнсний дэлгүүрээс эхэлсэн бизнесээ өргөжүүлж үйлдвэрлэл, хэвлэл мэдээлэл, боловсролын салбар руу оржээ. Энэ мөчөөс эхлээд бизнесээрээ дамжуулан улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэх, өөрсдийн нийгмээ байгуулах, үүний тулд хөдөлмөрлөх, хэрэгтэй бол ямар ч хамаагүй золиос гаргах ёстойгоо ойлгосон бололтой. Улмаар 1947 онд Сеүл рүү төв оффисоо нүүлгэн шилжүүлж, улсаа базах бизнесийн сууриа тавьжээ. Үүний дараа Токио руу явж Sony, Honda, Toyota-ийн бүтэц, засаглал, түүхийг ба бэ-гүй судалж хуулбарлахыг зорьжээ.

Тэгээд бизнес нь арай гэж тогтворжиж байтал 1950 онд Хойд Солонгос Өмнөдийг цэргийн хүчээр эзлэв. Улмаар Америк, Японуудтай холбоотой байсан гээд хамаг хөрөнгө, бизнесийг нь хуу хамав. Үлдсэн хөрөнгөөрөө 5 ачааны тэрэг худалдаж аваад бүх ажилчдаа гэр бүлийн гишүүдтэй нь хамт ачаад коммунистууд эзэлсэн Сеүлээс зугтан төрөлх хот Дэгүгээ зорьжээ.

Энэ хүнд цаг үеийг туулж компаниа дахин сэргээж байхдаа Lee компанийн хүний нөөц дээрээ бүх ач холбогдлоо өгөв. Зөв, өөртэй нь цугтаа хол, болж өгвөл мөнхөд явах үнэнч хүмүүс чухал гэдгийг амьд үлдэхийн төлөө зүтгэж байхдаа яс махандаа шингэтэл ухаарсан бололтой. Нас барах хүртлээ компанийнхаа хүний нөөцийг шууд баздаг байсан энэ нөхөр нийтдээ 100 мянган хүнтэй яг өөрөө биечлэн ажил авах ярилцлага хийж байсан гэдэг. Ярилцлагын үеэр тусгайлан мэргэжлийн сэтгэл зүйч хөлслөн авч тухайн хүн худлаа ярьж буй эсэхийг давхар шалгадаг байжээ. Магадгүй энэ нь 36 мянган америк, 5 сая солонгос амь үрэгдсэн Солонгосын дайны синдром, комплекс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л энэ чухал мэт боловч одоогийн нөхцөлд “балиар” гэж тооцогдох соёл одоо хүртэл энэ компанид бий. Үүнийг өөрсдөө Samsung Men болох гэж ярьдаг юм билээ. Үүнээсээ болж саяхан балрах шахсан түүхийг Note 7-гийн кэйс батлах мэт.

Солонгосын дайны дараа улс төр дэх хэлхээ сүлжээгээ ашиглан томоохон лобби, бизнесүүдээ Lee эхлүүлжээ. Энэ нь мөнөөх Японы кэйрэцү, зайбацүгийн загварыг дууриан чаэбол үүсгэж буй хэрэг. Улмаар Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч Syngman Rhee-тэй хувийн харилцаа тогтоон, гадаад худалдааны тусгай эрх, лицензүүдийг өөрийн компани дээрээ авч чаджээ. Хөрөнгө нь арвижихын хэрээр 1953 онд Самсунг Япон болон Баруун Германтай хамтран хөдөө аж ахуйн бизнес руу оров. 1957 онд банк, даатгалын компаниудыг худалдан авч, тэр бүү хэл өөрийн гэсэн их дэлгүүр, их сургуулийг байгуулав. Тун удалгүй Lee Солонгосын хамгийн баян хүн болсон хэдий ч нөгөө талдаа тус улсын авлигын загалмайлсан эцгээр тодорсон түүхтэй юм байна аа.

Самсунгийн бизнес дайны дараах Солонгосын сэргэн мандлыг шууд илтгэхийн сацуу ард иргэдэд итгэл найдварын оч бадраасан кэйст яах аргагүй тооцогдоно. Самсунгийг үүсгэн байгуулагч гэр бүлийн эрхэм зорилгыг үр ач нар нь номын зохиолчид хүүрнэн дурджээ. Тэр нь:

1. Бизнесээрээ дамжуулан улсаа хөгжүүлэх

2. Хүний нөөц, авъяас чадварыг үргэлж эрхэмлэх

3. Аливаа зүйлийг учир шалтгааныг олох

Lee-гийн амжилтын нууц нь төртэй хамтран байсан бөгөөд төрд хэт их ойртохгүй бас холдохгүй явахын чухлыг үр ачдаа бас захиж байсан байх юм. Манайхны хэлдгээр Самсунгийн эхэн түүхийг төрөөс төрсөн тэрбумтан гэвэл хилсдэхгүй бололтой. Өөрөөр хэлбэл Самсунгийн бүгд найрамдах улс сайн бас саар зүйлээр ч дүүрэн ажээ.

Үр хүүхэд нь том болж, ач зээтэй болохын хэрээр гэр бүлийн засаглалын асуудал босч иржээ. Lee 5 охин, 3 хүүтэй. Номноос уншихад бизнесийнхээ төлөө хайр сэтгэлийг золионд гаргаж хүүхдүүдийнхээ гэрлэлтийг дандаа зохион байгуулалттай хийсэн харагдав. Би хэт хардсан байхыг үгүйсгэхгүй. Тухайбал, хүүхдүүд нь 1950, 1960 оны Солонгосын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүдтэй гэр бүл болжээ. Том хүү нь улстөрч, засаг дарга бөгөөд хамгийн том даатгалын компанийн охинтой суусан бол хоёр дахь хүү нь том том бизнесменийн охинтой, гурав дахь нь ерөнхийлөгчийн багийн улстөрчтэй гэрлэжээ. Өөрөөр хэлбэл эндээс эхлээд Самсунг болон төр шууд утгаараа ураг барилдсан байна.

Улмаар хэвлэл мэдээллийн салбар руу орж, улстөрчдийг намнадаг бас өөрсдийгөө хамгаалдаг зэвсэгтэй болж, үүнийгээ удирдуулах эрхийг улстөрч болох худдаа өгсөн байна.

1961 онд Солонгост төрийн эргэлт гарав. Генерал Park Chung-hee бослого гаргаж хувьсгал хийлээ. Диктатор төрсөн энэ үед Lee улс төрийн наймааг түүнтэй хийж, улсад буюу түүнд өөрийн 3 банкныхаа томоохон хэмжээний хувьцааг бэлэглэж, мөн 4.4 сая долларын татвар, торгуулиа бэлнээр тушаасан бололтой юм. Ийм шийдвэр гаргаагүй байсан бол түүнийг шорон хүлээж байжээ.

Хүмүүс янз бүрээр ярьдаг ч гэсэн энэ генералын үед орчин цагийн Өмнөд Солонгосын хөгжлийн суурь төрийн оролцооны тусламжтайгаар тавигдсан гэгддэг билээ. Генерал Паркийн 1965 онд хэлсэн “Бид Америкийн эдийн засгийн хөгжилд атаархахгүй, Японы эзлэн түрэмгийллээс айхаа болиод өөрсдөө бүхнийг тэгээс эхлэн босч хөгжиж, тэднийг гүйцэж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй байна” гэж хэлсэн үг нэгийг бодогдуулна. Улмаар мань богино хугацаанд төрийн оролцоотой хүнд үйлдвэрлэл, ган, хими, хөлөг онгоцны салбарыг хөгжүүлж, дэлхийд тэргүүлэх компаниудын суурийг тавьсан түүхтэй.

Гангийн алдарт ПОСКО үйлдвэрийг хүртэл дайны төлөөс гэж Япончуудаас мөнгө авч эхлүүлсэн сонин түүхтэй юм байна. Иймээс одоог хүртэл ПОСКО-гийн ажилчид өвөг дээдсийнхээ амийг мөнгөөр үнэлүүлэн босгосон энэ үйлдвэрээ нураах, амжилтгүй ажиллуулах эрхгүй, түүнээс илүү нүгэл гэж үгүй гэж үздэг юм билээ.

Ингэж бужигнуулж байгаад Lee Солонгосын аж үйлдвэрийн холбооны хамгийн анхны тэргүүгээр сонгогдож чадав. Өөрөөр хэлбэл бизнесээр дамжуулан төрийн бодлогыг залах эрхэм зорилгодоо хүрэв. Ерөнийлөгч Парк түүнийг бордооны үйлдвэр байгуулахыг шахсан байдаг бөгөөд энэ төслийн хүрээнд улсад авлига өгсөн нь илэрч мань эр албан тушаалаа бууж байв. Хоёр дахь хүү нь энэ төслийг удирдаж байхдаа хахууль өгч өөрөө шоронд орсон бол Lee уг үйлдвэрийнхээ 51 хувийг улсад өгч байж ял мултарчээ. Бордооны энэхүү буржигнаантай бизнесийн туршлага нь Самсунгийг хагас дамжуулагчийн салбар руу орж технологийн компани болох эхлэлийг тавьсан байх юм аа.

Дайны дараа хөдөө аж ахуйгаас илүү оюун мэдлэг дээр суурилсан бизнес руу Самсунг орохыг шийдсэн бөгөөд улмаар 1970-аад оны үед эдийн засгийг нь дэмжих зорилгоор Америк багагүй зээл, санхүүжилтийг Солонгост өгсөн байв. Гэтэл ОПЕК бойкот хийж, газрын тосны үнэ өсч эхэлснээс болоод Америк, Солонгос хоёр байгалийн нөөц дээр шууд суурилаагүй өөр шинэ бизнесийн салбарыг хөгжүүлэх ёстой дээр санал нэгдэв. Энэ нь хагас дамжуулагч болж таарав. Улмаар Самсунг Америкийн нэгэн хагас дамжуулагчийн компанийг талыг нь худалдан авч энэ салбар руу эргэлт буцалтгүй оржээ. Бас л ард нь төр нь ажиллаж байсан байх нь.

Япон, Америктай шууд өрсөлдөх энэ хэцүү зах зээл руу гурав дахь тоглогч болон маш зоригтой оржээ. Бараг орохгүй гэдэг шийдвэрийг гаргаад байж байтал ойрын өрсөлдөгч Хьюндэй хагас дамжуулагчийн бизнес руу орж буй сургаар бүх юмаа хаяад энэ салбарт орсон түүх байна.

Улмаар 1983 оны 2 сард Lee нийт ажилчиддаа дараах захидлыг явуулсан байна.

“Солонгос хүн ам ихтэй, газар нутаг жижигхэн улс. Нийт газар нутгийн талаас илүү нь уул толгод бөгөөд байгалийн баялаг, уул уурхайн нөөц болох газрын тос, уран, эрдэс гэх зүйл бараг үгүй. Гэсэн хэдий ч бидэнд боловсролтой, ажилсаг ард түмэн бий. Иймээс бид толгойгоо ашиглан масс экспорт хийж улсаа хөгжүүлэх ёстой. Гэтэл улс орнууд эдийн засгийн хямралд орж, дотоодын зах зээлээ хамгаалан, худалдааны хориг тавин, манай улсын уламжлалт экспорт явахаа болилоо. Яг энэ цаг үед бид хагас дамжуулагчийн салбар руу орох ёстой. Энэ бол та бид оюун ухааны экспорт хийж, бүтээлч байдлаа дэлхийд таниулах шинэ боломж юм”

гэж хэлээд өнөөдрийн Самсунгийг урлажээ.

Улмаар 1983 онд анхны үйлдвэрээ ашиглалтанд оруулж, өдгөө технологийн аварга групп болж чаджээ. Эхэлж байхдаа Японоос туршлага судалж, чадахгүй зүйл дээрээ Японы инженерүүдийг хулгайгаар 5 дахь өдрийн шөнө авч ирээд бүтэн сайн өдөр буцааж явуулдаг байв. Япончуудаас маш их зүйл сурснаа хүлээн зөвшөөрдөг юм билээ.

Ингээд явж байтал 1987 онд Өмнөд Солонгост анхны ардчилсан сонгууль болж, яг үүнтэй зэрэгцэн Lee таалал төгсжээ. Яг л цагаа олсон үхэл гэлтэй. 1988 онд болсон Сеүлийн олимпоос эхлээд Солонгос улс хөгжлийн шинэ замд орсон бол Самсунгийн удирдлага гэр бүлийн хоёр дахь үедээ шилжсэн байна.

Дээрх үеийг дүгнэн хэлбэл, Самсунгийн эхний 50 жилийн түүх борлуулалт, үйл ажиллагаа, эдийн засгийн удирдлага байсангүй. Харин эх оронч сэтгэлгээ, амьд үлдэх инстикт байжээ. Энэ утгаараа БНСУ-ын түүх, тусгаар тогтнолтой салшгүй холбогдоно. Энэ утгаараа бизнесийн цөм зорилго зөвхөн ашиг, орлогоор хязгаарлагдах ёсгүй гэдгийг бидэнд ойлгуулж байна. Энэ үеэс эхлэн Самсунг дэлхийн компани болох эргэлт буцалтгүй замдаа орсон байна аа.

1983 оны 11 сард 28 настай Стив Жобс Самсунг дээр зочлов. Apple-ийн шинэ бизнес концепц, шинэ бүтээгдэхүүний санаагаа хуваалцахын сацуу хагас дамжуулагчаа Самсунгаас авах тухай хүртэл яриа хийж байв. IBM-тэй өрсөлдөхийн тулд Стив Жобстой хамтран ёстойг Lee ч мэдэж байлаа. Гэсэн хэдий ч хоёр жилийн дараа Жобс компаниасаа хөөгдсөнөөр энэ яриа ажил хэрэг болоогүй ажээ.

Харин 2010 онд Apple-ийн гүйцэтгэх удирдлага Самсунг дээр дахин зочлов. Энэ удаа iPhone-г нь дууриаж хийсэн гэх Galaxy S-ийн асуудлаар тэд иржээ.

Тун удалгүй Apple, Samsung-ийн дайн утгаараа эхэлсэн билээ.

Next Post

Discussion about this post