А.Н.Толстой: Чиний биеэр Татар Монголын цус гүйгээгүй бол чамайг ямар Орос хүн гэхэв Халимагийн түүхч Хардаваагийн “Москвагийн төр улс бол Киевийн русь биш, Чингисийн угсаа залгамжлагчдын төр улс мөн” хэмээн хэлсэн нь он цаг улирах тусам улам тодорсоор…
Саяхан Монгол Улсын Гавьяат хуульч, доктор профессор И.Дашням Монголын эзэнт гүрний төр эрхзүйн талаар судалгааны хэд хэдэн бүтээл туурвисан байна. Энэ удаа Алтан орд улсын төрийн зохион байгуулалт ямар байсан талаар товчхон авч үзье.
Европ дахиныг чичрүүлж, их Оросыг эрхэндээ оруулсан Алтан орд улсын төрийг Чингисийн удмын 58 хаан ээлжлэн барьсаар иржээ. Алтан орд улсын хаад эзэлсэн газар нутаг дээрээ эзэн хаан байж, хууль батлах, зарлиг буулгах, дүрэм хэмжээ тогтоох,
Оросын вангуудыг өргөмжлөх, цол хэргэм олгох, төрийн сайд, түшээ, жанжин, зөвлөх, захирагч нарыг томилох, газар нутаг хуваарилах, засаг захиргааны хуваарь тогтоох, хот суурин, өртөө, усан зам, үйлдвэр, улсын сан хөмрөг байгуулах, албан татвар оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусламж дэмжлэг үзүүлэх,урамшуулал олгох, дотоод гадаад бодлого боловсруулж явуулах, худалдаа арилжаа өрнүүлэх, байлдах, найрамдах, гэрээ хэлэлцээр байгуулах, гадаад улс орнууд, шашны төвүүдтэй харилцах, элч, бичиг захидал илгээх, солилцох, хэрэгтэнд ял шийтгэл оногдуулж, ялыг нь эдлүүлэх, өршөөл үзүүлэх зэрэг өргөн эрх мэдэлтэй байв.
Алтан орд улсын төрийн зохион байгуулалтын бүтэц нь хаан, төрийн хуралдай, хааны ордны аппарат, түүний газар, хэлтэс, сайд, зөвлөх, түшмэл, туслагч,. үйлчлэгч, хамгаалагчтай байжээ.
Зүчийн хүү Орда, Шейбани нар тус бүртээ өөрийн захиргаатай байв. Мөн хааны хатад, хүү, ач, гуч, зээ нар бүгд эзэмшил нутаг, орд өргөө, гэр сууц, мал хөрөнгө, зөвлөгч, үйлчлэгчтэй байв.
Вант улсуудын толгойлогчоор Владимир Ванг томилжээ
Алтан ордод Засгийн газар гэсэн бие даасан бүтэц байсангүй. Харин яамд ажиллаж байв. Тухайлбал, ёслолын том, бага яам ажиллаж, дорно өрнийн дөрвөн зүгээс ирсэн элч төлөөлөгчдийг хүлээн авч үйлчилж байжээ.
Мөн өртөөний яам ажиллаж бүх өртөөний асуудлыг удирдан зохицуулж байв.Хааны дэргэд үнэн алдартны төлөөний газар ажиллаж, шашны бүх хэргийг зохицуулж байв.
Хааны зөвлөхүүд нь нөлөө бүхий хамгийн өндөр тушаалтай байжээ. Жишээ нь Бат хааны зөвлөгч жанжин Сүбээдэй, өртөөний Сүкү-Мулчидай, хан хүү Бэрх, хааны орон тооны бус зөвлөгч Владимирын ван Ярослав, түүний хүү Александр Невский мөн түүний хүү Андрей зэрэг ухаалаг зүтгэлтэн олон байжээ.
Хаан Киев, Владимир Галич, Москва зэрэг том вант улсуудад бүрэн эрхт төлөөлөгч, вант улсуудын толгойлогч (зохицуулагч)-аар Владимирын ванг томилж, вант улсуудын хоорондын харилцааг зохицуулах үүрэг хүлээлгэсэн байна. Алтан ордны улсын хүн ам олон үндэстнээс бүрэлдэж байв.
Тухайлбал, монгол, кыпчак (полав) пенечет, мангад, орос, олан, хазар, черкес, чермис, мордав, мешер, фин-уйгар мөн итали, грекчүүд байв. Гэхдээ хүн амын олонхи нь туркчууд байжээ. Алтан орд улсын засаг захиргаа төвлөрч байсан Сарай-Бат хотод 40, Сарай Бэрхид 65 мянган хүн ам суудаг байв.
Алтан орд улс байгууладсан эхний үед улсын нутаг дэвсгэрийг Дешт Кинчакийн, Хазарын, Крымын, Хорезмын, Азовын хязгаарын, Булгарын Улакын (Валон), Ac буюу Алани, Оросын гэсэн тойргуудад хуваасныг Египедийн эрдэмтдийн бүтээлд дурдсан байдаг.
Чингисийн эзэнт улсын “түмэн”-г уламжлан авч ” “Алтан ордны түмэн”, “Оросын түмэн” гэсэн хоёр түмэнг байгуулсан байна. Нэрт судлаач Г.В.Вернадескийн тооцоолсноор Орост л гэхэд 161 түмэн байжээ. Нэг түмэнд 200.000 хүн, бүгд 8.6 сая хүн харьяалагдаж байжээ.
Харин сүм хийдийн газар нутаг түмэнд харьяалагддаггүй байв. Оросын түмэнд хуваасан бүтэц нь Алтан орд улсын тогтоосон бүтэц бөгөөд улсыг бүхэлд нь харьяалан захирах, цэрэгт татах, татвар оногдуулах, хураахад зориулагдсан нь илт харагддаг.
Алтан орд улсын хаан нь Оросын том, дунд, жижиг 60 гаруй вант улсыг захирахдаа уламжлалт тогтолцоог хэвээр үлдээж, ванд нь эрхийн бичиг олгон улс нь “автоном” эрхтэйгээр бие даан орших тогтолцоог буй болгожээ.
Алтан орд улсын хаанаас вант улс бүрт “Вант улсыг захирах онцгой эрхийн бичиг” олгож, вангаар өргөмжилсөн язгууртан вант улсыг захирч их хааны өмнө шууд хариуцлага хүлээдэг байжээ. Алтан орд улсын хаан нь вангийн улсаа захирах дотоод хэрэгт хутгалдан оролцдоггүй байв.
Харин ванд өргөмжлөх, хаанд өргөх албан татварын хэмжээг тогтоох, толгойлон зохицуулах вант улсыг буй болгох, Оросын шашны төв, төлөөний газрыг байгуулж их хамбыг томилох зэрэг эрхтэй байжээ. Энэ нь хэрэг дээрээ Оросын вант улсууд бие даан оршиж байсныг харуулж байгаа юм.
Гарольд Лэмб: Бүх суурь өртөө 300.000 агттай байсан
Алтан орд улс Хятад, Монгол, Сибир, Орос Европыг холбосон 15.000 км өртөө шуудан харилцаа холбоог тогтооход бодитой үүрэг гүйцэтгэжээ. Алтан орд улс 30 км тутамд өртөө байгуулж сууц, гэр, сүйх тэрэг, хөллөгөөний морь, үхэр, улаач хөтөч, хоол хүнсний хангамжийг бүрдүүлэн өртөөний удирдлага, үйлчилгээний цоо шинэ тогтолцоог буй болгожээ.
Бат хаан өртөөний асуудал хариуцсан бүрэн эрхт сайд, жанжин, түшмэл, бичээч нарыг томилон ажиллуулжээ. Нэг суурь өртөөнд захирагч, орлогч, ахлагч, туслагч, тогооч, холбоочин, хэлмэрч, улаач, хамгаалагч, үйлчлэгч, тэрэгчин, малчин саальчин зэрэг 40 орчим хүн, 15 гэр сууц, хоёроос дээш азарга адуу, хоёроос дээш хонь ямаа, үхрийн суурьтай, хүрэлцэхүйц хэмжээний эд материалын болон хоол хүнсний нөөцтэй байжээ.
Английн нэрт судлаач Гарольд Лэмб бүх суурь өртөөнд 300.000 агт морь, 10.000 гаруй гэр сууц байжээ хэмээн бичсэн байдаг. Суурь өртөө бүр 24 цагаар ажиллана. Үүнээс гадна Марко Пологийн тэмдэглэснээр 520 нохой бүхий нохдын 13 суурь өртөө байжээ.
Алтан орд улсын бүх гол мөрөн, далай тэнгисийн эргээр шинэ боомтууд бий болж усан замын сүлжээнд холбогдсон байна. Тухайлбал, Дон, Ижил, Эрчис, Обь, Тана, Днепр мөрөн, Москва гол, Каспийн Хар, Азовын тэнгисээр усан замын харилцааг байгуулж, Сарай-Бат, Сарай-Бэрх, Укек.Тана, Булгар, Каффа, Суздаль, Ургенч зэрэг боомт хотуудыг холбосон нь Оросын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэжээ.
Тэргүүн хамбыг Византийгаас томилдогийг болиулжээ
Алтан ордныхон бүх шашинд адил тэгш хандаж, Тодруулбал, үнэн алдартны шашныг ихээхэн дэмжиж байв. Үнэн алдартны шашны төлөөний газрыг хааны дэргэд байгуулж шашны тэргүүн хамбыг Византийгаас орос бус хүнээр томилдог байсныг болиулсан байна.
Мөн үнэн алдартны шашинг бие даан хөгжих бүх талын туслалцаа үзүүлжээ. Үүний үр дүнд үнэн алдартны шашны төв нь Орос оронд шилжин, тэргүүн хамбаар нь Владимирын их ван Александр Ярославич хэмээх орос хүн томилогдсон байна.
Мөн сүм, хийд, лам нарыг татвараас чөлөөлөн аж ахуй, газар тариалан эрхлэх эрх олгосон явдал нь үнэн алдартны шашин Оросын үндэсний шашин болж бэхжихэд томоохон нөлөө үзүүлжээ. Угтаа Монголын Алтан орд улс аугаа их Орос улсыг хүчирхэгжин өндийхөд нь “өлгийдөж” авсан гэхэд болно.
Тэд Монголын шуурга мэт морин цэргийн довтолгоог сөрж чадахгүйгээ ухаарсан юм. Нөгөөтэйгүүр Алтан орд улс Оросын тархай бутархай вант улсуудыг нэгэн гарт төвлөрүүлж Орос улсыг нэгтгэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно.
Оросын үе үеийн зарим хаадын цусанд Монголын цус гүйж байсныг санах хэрэгтэй. Үүнийг Оросын түүхээс арчиж чадахгүй. Ямар сайндаа Оросын их зохиолч А-Н.Толстой “Чиний биеэр Татар Монголын цус гүйгээгүй бол чамайг ямар орос хүн гэхэв” гэж хэлэхэв.
Мөн Алтан орд нь Оросын вант улсуудыг гадны халдлагаас хамгаалах хүчирхэг цайз болж байв. 1240 онд Шведүүд Оросын баруун хойд талаас довтолж эзэмшил нутагтай болохыг эрмэлзэж байв.
Шведийн хаан Биргер “Хэрэв чаддаг юм бол эсэргүүц, гэхдээ би энд чиний газрыг эзэлнэ” гэсэн тулган шаардах бичиг Орост илгээсэн байдаг. Энэ үед Монголын Алтан ордны ивээлд байсан Александр Невский тэднийг бут цохисон түүхтэй. Энэхүү тулалдаанд Алтан орд улсын хүчирхэг морин цэрэг оролцсон баримт цөөнгүй бий.
Төдөлгүй левоны немцүүд Оросыг өдөж сандаргах болов. Энэ нь Европын хэд хэдэн улсаас бүрэлдсэн бүхэл бүтэн арми байжээ. Мөн Данийл Галицкийн нутаг болон Полын, Унгарын зүгээс байнга заналхийлж байв.
Иймээс Монголын Алтан ордны цэрэг хараат улсаа хамгаалах зорилгоор 1241 онд Силезийн Легниз хотын дэргэд польш-немцийн нэгдсэн армитай тулалдаж бут цохисон билээ. Энэ тулалдаанд Монголын Байдар жанжны цэрэг оролцсон байна.
Тэд амь үрэгдсэн дайсныхаа чихийг огтлон есөн шуудай дүүргээд Бат хаанд авчирч өгсөн баримт бий. Дараа жил нь Чуд нуурын дэргэд Александр Невский Ливоны ордонг мөн л монголчуудтай хамтран бут цохисон билээ. Энэ тулалдааныг Оросын түүхэнд “Мөсөн дээрх хядлага” хэмээн бичдэг.
Ш.Батцогт
Discussion about this post