-Засгийн газар нь авлигачид үүрлэснийг хүлээн зөвшөөрч, Б.Жавхлан сайд тээвэр хариуцаж, Х.Нямбаатар сайд нь авлига агнаж, Ш.Лхачинжав генерал дотоодын цэрэгтэйгээ буу агсан хамгаалахад хүрсэн ийм логистикоор хэн ачаагаа зөөх вэ?-
Товчхондоо энэ бичигт “ЭТТ компани нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилтийг хариуцаж ажилласан. Тусгай зөвшөөрлийг нь дангаараа эзэмшдэг. Засгийн газрын тогтоолоор “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “ЭТТ”-д, 34 хувийг нь “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлсэн. Мөн энэ тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгочихоод байсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тус зөвшөөрлийг цуцалж “Зүүнбаян төмөр зам” ХХК-д шилжүүлсэн учраас “Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ачааг ачих гэрээ хэлцэл хийх боломжгүй болсон. Цаашид /уг төмөр замын суурь бүтэц ашиглалтад орох хүртэлх хугацаанд буюу ойрын гурван жилдээ бололтой/ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспорт, ачаа тээвэрлэхтэй холбоотой аливаа гэрээ, хэлцлийг зөвхөн “ЭТТ” бүрэн хариуцна” гэсэн байна.
Энэ бичгийг буруутгаж байгаа юм биш. Харин бусад төмөр замын компаниуд яах вэ? Жишээ нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Монголиан транс лайн Төмөр зам”, “Монголиан транс логистик” компаниуд мөн ийм шийдвэр гаргаад төмөр замаараа хэн, хэзээ, ямар ачаа тээвэрлэхийг өөрсдөө шийднэ гэвэл яах вэ?
Одоо төр зохицуулах ёстой. Төр зохицуулахын тулд “яг бодитоор” Төмөр замуудыг удирдах газар /ТЗУГ/ гэгчийг зөв агуулгаар нь байгуулах ёстой. Тийм нэртэй “байшин, байгууллага” бол бий. Харин яг юу хийгээд байдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэр байгууллагыг л одоо “амилуулж”, бодлого боловсруулдаг Яам болтол нь ач холбогдол өгч дээрх маргаантай асуудлыг шийдүүлэх шаардлагатай болж ирж байна.
Эсвэл Зам тээврийн яамнаас “Тээвэр”-ийг салгаж Тээвэр, худалдааны яам байгуулъя. Учир нь “УБТЗ”-ын 50 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшихдээ “Оросын төмөр замууд” /РЖД/ гэдэг компанид хариуцуулсан. Гэтэл Монголын талын 50 хувийг Монголын Засгийн газрын буюу Зам, тээврийн яам эзэмшдэг. Монгол төрийн яам Оросын нэг компанитай харилцаад, загнуулаад, зөвшөөрөл аваад байдаг. Үүнийг “Монголын төмөр зам” ТӨХК-даа шилжүүлчихвэл нэг зиндаанд харилцах юм биш үү? Яах аргагүй л үндэсний төмөр замын компани маань мөн биз дээ.
Өнөөдөр “Монголын төмөр зам” төрийн өмчит компани нь “Зүүнбаян төмөр зам” компанийн 34 хувийг, “Тавантолгой төмөр зам” компанийн 34 хувийг эзэмшдэг. Замын-Үүд дэх Тээвэр логистикийн төв бас “Монголын төмөр зам”-ын харьяанд байдаг ч одоогоор энэ төвөө УБТЗ-д “түрээслүүлчихсэн” байдалтай байна.
Нэг зүйлийг дурдахад, энэ оны хоёрдугаар сард “Монголын төмөр зам” ТӨХК тээврийн гэрээ хийх ААН-үүдийн дунд төлбөрийн нөхцлөөр нь уралдуулж сонгон шалгаруулалт зарласан. Ингэснээр УБТЗ шиг бүх тээвэрлэгч компанитай гэрээ хийчихээд авлига үүсгэхгүй байх зорилготой юм даг уу даа. Хэрэв Монголд Тээврийн яам, эсвэл Тээвэр худалдааны яамтай байсан бол тэнд бодлогыг нь боловсруулж ажиллах учиртай юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Та төмөр замууд руугаа нэг хар даа. “Монголын төмөр зам” ТӨХК 416 км төмөр замтай. “Зүүнбаян төмөр зам” компани 45 км төмөр замтай. УБТЗ ХНН 992 км төмөр замтай. “Тавантолгой төмөр зам” 240 км төмөр замтай. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Монголиан транс логистик” компанийн Ханги Мандал руу тавьсан 260 гаруй км төмөр зам ирэх есдүгээр сард ашиглалтад орно. Эдгээр төмөр замууд ашиглалтад орохын өмнө төмөр замын бодлогыг боловсруулах, зангидаж хэрэгжүүлэх яам эсвэл агентлагтай болох шаардлага тулгараад байна.
Мэдээж “Зам, тээврийн яам” байхад яах гээд байгаа юм бэ гэж асуух байх. Бид олон жил Зам, тээврийн яамтай байлаа. Гэтэл Тээврийн асуудлаа хэзээ ч шийдэж байгаагүй.
Ямар сайндаа өнөөдөр Сангийн сайд нь тээвэр хариуцаад, боомтуудад санаа тавиад гүйж явна шүү дээ. Хажууд нь Ш.Лхачинжав генерал Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны дарга гээд хавчуулагдчихаж, тэр нь юу хийх юм бэ? Зардал ихтэй, бүтээмж багатай бүтэц, хэмнэлтгүй зардлын тод жишээ. Өнөөдөр Монголын Засгийн газар төмөр замаар ачаа тээвэрлэхэд авлига байна гэж хүлээн зөвшөөрөөд ХЗДХ-ийн сайдаараа ахлуулсан Ажлын хэсэг томилчихсон, дотоод цэргээр авлига үүсэх вий гээд хамгаалуулчихсан, Сангийн сайд нь тээврийн асуудалд санаа зовчихсон ийм замбараагүй байдал үүсчихээд байна. Ерөнхий сайд энэ байдлаасаа салахыг хамгийн ихээр хүсч, хичээж байгааг ойлгож байгаа ч эдгээр саналыг нэг анхаарч үзээсэй гэсэндээ ингэж бичээд байгаа юм шүү.
Ирэх таван жилд логистикийн хямрал болно. Өнөөдөр бид Замын-Үүд гэдэг ганцхан гарцтай. Ойрын үед Тавантолгой-Ганцмод чиглэлд “Тавантолгой төмөр зам” компанийн 267 км төмөр зам, Зүүнбаян-Ханги Мандал чиглэлд “Монголиан транс лайн”, “Монголиан транс логистик” компанийн нэгдлийн 226 км төмөр замууд шинээр нээгдэх гэж байна. Энэ ондоо ийм л гурван гарцаар тээвэрлэх нь. Ирэх жилүүдэд гэвэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийн концессийг нь эзэмшдэг Бичигт-Хөөтийн чиглэлийн 222 км төмөр ашиглалтад орох байх. Арцсуурь-Шивээхүрэнгийн боомтын 1255 км төмөр замын концессийн эрхийг мөн л “Монголын төмөр зам” ТӨХК эзэмшиж байна. Ингээд харахаар “Монголын төмөр зам” гэдэг төрийн өмчит, үндэсний компанидаа бодлогоо зангидуулчихвал болохгүй зүйлгүй. Дээр нь “УБТЗ”-ийн Монголын талын эзэмшлийн 50 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д өгчихөж болох юм. Тэгвэл Зам, тээврийн Яам, түүний сайд Оросын нэг компанитай хэлцэл хийх гэж загнуулж дарамтлуулж явахаа болих юм биш үү? Сайд нь заавал Л.Халтар байх ёстой бол “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал л болно биз. Гэхдээ энэ нь Л.Халтар заавал сайд нь байх ёстой гэсэн үг биш. Ойртуулж ч болохгүй. Энэ сайдын үед тээвэр логистик бүрэн дампуурч Сангийн сайд, ХЗДХ-ийн сайд ажлыг нь хийлцэж явааг мартах ёсгүй! Монголын Засгийн газар авлигачид тэнд үүрлэснийг хүлээн зөвшөөрч, Б.Жавхлан сайд тээвэр хариуцаж, Х.Нямбаатар сайд нь авлига агнах гээд, Ш.Лхачинжав генерал дотоодын цэрэгтэйгээ буу агсан хамгаалахад хүрлээ. Авлига үүсээгүй бол ийм замбараагүй хуваарилалт үүсэх үү? Үүнтэй Зам, тээврийн сайд Л.Халтар заавал хамаарна. Ийм логистиктой, тийм авлигатай Монголын тээврээр хэн ачаагаа зөөх вэ, хэн бараа бүтээгдэхүүн татаж авах вэ? Тэгэхээр замын бодлогоо тээврийн бодлогоосоо тусгаарлах шаардлага тулгарлаа!
Ямар ч байсан ойрын үеийн асуудал маань төмөр замын тээврийн бодлого зайлшгүй мөн. Улс орны аюулгүй байдал, эв нэгдэл, эдийн засаг, төсвийн орлого гэхчлэн бүх талаас нь харахад төмөр замын тээвэр, логистикт бодлогын яам эсвэл агентлаг зайлшгүй хэрэгтэй байна. Энэ бүтцийг бий болгож төмөр замын компаниудын эв нэгдлийг, бодлогыг зангидсанаар төсөвт ямар орлого төвлөрүүлж болох тухай дараагийн удаад үргэлжлүүлэн бичье.
Discussion about this post