УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв. Санал хураалтын үеэр Улаанбаатар хотоос сонгогдсон зарим гишүүн уурсаж, чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол, хамт дагалдуулан мэдүүлсэн төслүүд “унахаа” шахав. УИХ-ын дарга дахин, дахин санал хураалгаж, унасныг нь горимын саналаар хүчингүй болгуулж, арай гэж босго давууллаа.
Сая амралтын өдрүүдэд гишүүд сошиалаар хот, хөдөөгөөрөө хэрэлдэн, нөгөө нутаг ус, жалга довны үзлээ ил гараад авав. Олон нийт энэ маргаанаас Улаанбаатарт LRT гэх төсөл хэрэгжүүлэх гээд хотын гишүүд нь дэмжээд, хөдөөнийхөн нь гацааж байгаа гэх ерөнхий ойлголтыг авах шиг боллоо. Иймд, хотын гишүүд яагаад уурссан, хөдөөний гишүүд, тэр дундаа Ч.Хүрэлбаатар гишүүн яагаад энэ төслийг дэмжихгүй унагаасан, ер нь LRT төсөл гэж юу болох талаар мэдээллийг товчхон сийрүүлье.
…Хотын гишүүдийн уурссан шалтгаан
Засгийн газар төсвийн тодотголын төслийг дагалдуулан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьжээ. Уг төсөлд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөлд Засгийн газрын өрийн баталгаа гаргах шаардлагатай байгааг дурдаад, өрийн баталгааг 1.075 тэрбум ам.доллароор нэмэх тухай багтжээ. Үүний 510 сая ам.долларын баталгаа нь Тулгуурт гүүрэн байгууламж буюу LRT төслийн санхүүжилтэд, 565 сая ам.доллар нь Тавантолгой цахилгаан станцын санхүүжилт татахад зориулагдахаар тусгасан байна.
Харин УИХ-ын Төсвийн байнгын хороогоор 2022 оны төсвийн тодотголын төсөл, дагалдуулан өргөн барьсан хуулиудыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр Засгийн газрын өрийн баталгааг нэмэхийг дэмжээгүй, тогтоолын төслийг УИХ руу оруулалгүй хасчээ. Үүнээс болж Улаанбаатар хотоос сонгогдсон 24 гишүүн уурсав. Тэд Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулах том төслийн санхүүжилтийг гацаалаа гэж Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар руу дайрсан юм. Хэрвээ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад дорвитой арга хэмжээ авахгүй бол 2024 оноос бүх өдөр Улаанбаатар хот тэг зогсолт хийнэ. Тиймээс түгжрэлийг шийдэх LRT гэх ганц том төслийн санхүүжилт татах боломжийг хөдөөний гишүүн /Ч.Хүрэлбаатарыг хэлж буй/ хаалаа гэж картаа сугалав. Засгийн газрынхаа оруулж ирсэн бодлогыг зориудаар дэмжихгүй, хөгжлийг гацаалаа гэж Ч.Хүрэлбаатар руу уурсан дайрсан юм.
…Ч.Хүрэлбаатар яагаад төслийг дэмжсэнгүй вэ
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар LRT төсөлд Засгийн газрын баталгаа гаргавал хоёр хууль ноцтой зөрчихөөр байна гэв. Тэрээр “Засгийн газрын баталгаа бол зээлтэй адил процедураар явдаг хуультай. Зээл баталгаа хоёр яг адилхан. Засгийн газрын баталгаа төлөгдөхгүй бол Монгол Улсад өр болно. Энэ агуулгаар Засгийн газрын оруулж ирсэн тогтоол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуультай ноцтой зөрчилдөнө. LRT төсөл буюу гурван чиглэлд хөнгөн гал тэрэг барихад нийт 2.8 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. ТЭЗҮ-д тусгагдсан нийт дүнгээрээ буюу 2.8 тэрбум ам.доллараар баталгаа болж бичигдэх учиртай. 2022 оны өрийн тааз ДНБ-ий 70 хувь байхаар тооцсон. Энэ дагуу 1.6 тэрбум ам.долларын орон зай бий. Ирэх жил өрийн босго ДНБ-ий 64 хувь байхаар хуульчилсан. Энэ жил орон зай байгаа ч дараа жилээс буурах учраас Төсвийн тогтвортой байдалтай зөрчилдөж байгаа юм. Хоёрт, Өрийн удирдлагын хуулийн хэд хэдэн заалттай зөрчилдөж байгаа. Хуультай зөрчилдөж байгааг мэдсээр байж энэ тогтоолын төслийг явуулах боломжгүй. Би Монгол Улсын бүх хуулийг сахиулах үүрэгтэй гэж бодож байна. Цаана нь мянган хүний эрх ашиг, нэг хүний эрх ашиг байна уу хамаагүй. Дээр нь, Монгол Улсын өрийг 3.5 тэрбум ам.доллараар нэмэх төслийг 76 гишүүн битгий хэл Монгол Улсаараа ч ярилцсан ч яах вэ. Тэгж байж шийдвэр гарах ёстой. Монгол Улсын өр ноцтой хэмжээнээс давбал улсаараа дампуурах юм руу орно. Тиймээс хариуцлагатай хандах ёстой учраас Тамгын газрын хуульчидтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр тогтоолыг төслийг оруулаагүй” гэсэн юм.
Харин Засгийн газрын өргөн барьсан тогтоолд Тулгуурт гүүрэн байгууламжийн нэгдүгээр үе шатны хөрөнгө оруулалтын 55 хувь буюу 510 сая ам.долларт Засгийн газрын баталгаа гаргахыг хүссэн байв. Харин Ч.Хүрэлбаатар гишүүн төслийн нийт өртөг буюу 2.8 тэрбум ам.долларт Засгийн газрын баталгаа гаргах учраас өрийн тааз хэтэрнэ гэж эсэргүүцэж буй аж.
…Тулгуурт гүүрэн байгууламж буюу LRT төслийн тухай
ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу Улаанбаатарт баригдах LRT буюу хөнгөн галт тэрэгний нийт замын урт нь 49.4 км бөгөөд гурван чиглэлд тавихаар төлөвлөжээ. Эхний ээлжинд зөвхөн нэгдүгээр шугамыг барьж,2024 онд ашиглалтад оруулахаар тооцож байгаа аж.
Нэгдүгээр шугам – Буянт-Ухаа 2 хорооллоос Нисэх-Яармагийн (Наадамчдын зам)-ын дагуу Чингисийн өргөн чөлөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, зүүн дөрвөн зам, Сансарын тойрог хүртэл 18.1 км хоёр урсгалтай тулгуурт байгууламж бүхий суурь бүтцийг байгуулна. Гүүрэн хэсэг нь 13.6 км, газар дээрх хэсэг нь 4.5 км үргэлжилнэ. Нийт 15 зогсоол болон 11 гүүрэн тулгуурт буудал, үүний 4 нь газрын түвшний буудал байхаар төлөвлөсөн байна. /II, III шугамын мэдээллийг доорх зурагнаас харна уу/
Нэгдүгээр шугамын нийт төсөвт өртөг 926.1 сая ам.доллар байгаагаас 55 хувь болох 510 сая ам.долларын эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргана гэж тооцжээ. Засгийн газрын өрийн баталгаа гаргаснаар зээлийн эх үүсвэрийг шуурхай бөгөөд бага хүүтэйгээр авах боломж бүрдэж, төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэх ач холбогдолтой гэжээ. Нийслэл Улаанбаатар хотын зүгээс төслийн нэгдүгээр үе шатны санхүүжилтийн урьдчилгаа 15 хувь буюу 138.9 сая ам.долларыг олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтран бүрдүүлэх бол үлдэгдэл санхүүжилтийг Нийслэл өөрийн орлогоос үе шаттай эргэн төлөхөөр төлөвлөсөн аж.
Арилжааны нөхцөлтэй зээлийн хувьд зээлийн үндсэн төлбөр төлөх хугацаа 12 хүртэлх жил байхаар хүлээгдэж байна. Харин анхны хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа нь 28 жил байхаар ТЭЗҮ-д тусгажээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын түгжрэл 25 хувиар буурна гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газар үзэж байгаа юм.
Энэхүү төслийг хариуцан ажиллах “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК байгуулаад байгаа юм байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр гаднын компани, туслан гүйцэтгэгчээр үндэсний компаниудыг оролцуулахаар төлөвлөсөн байна. Ид оргил бүтээн байгуулалтын үед 1200 гаруй хүнийг ажлын байраар хангах аж.
Ямартай ч Улаанбаатар хотоос сонгогдсон 24 гишүүн LRT төсөлд Засгийн газрын өрийн баталгаа гаргах Тогтоолын төслийг хэлэлцэхгүй бол чуулганы хуралдаандаа суухгүй, 2022 оны төсвийн тодотголыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж, уг асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэх аж.
ЭХ СУРВАЛЖ ITOIM.MN
Discussion about this post