Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай бүр дээр танилцуулж, ажлыг эрчимжүүлэх чиглэлийг байнга өгч байгаа. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны явцын талаар танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд он дамжин болон энэ жил хэрэгжих нийт 1191 төсөл, арга хэмжээ байгаа. Эдгээрээс тендер сонгон шалгаруулалт 79.3 хувийн гүйцэтгэлтэй, 945 ажилд тендер зарлажээ. 214 төсөл, арга хэмжээний тендер зарлагдаагүй ч өнгөрсөн долоо хоногоос гүйцэтгэл 2.8 хувиар дээшилсэн байна. Одоогоор зураг төсөв нь бэлэн болоогүй 71 ажил байгаа юм. Үүний шалтгаан, нөхцөлийг нэг бүрчлэн тогтоож, дөрөвдүгээр сард багтаан худалдан авах үйл ажиллагааг дуусгах үүрэг өглөө.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт дүүргүүдийн төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Дүүргүүдийн төсвийн орлого 56.2 хувьтай байгаа нь цаашид ч татварын орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг илтгэж буй юм. Дүүрэг бүр нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд тохижилтын ажлыг өрнүүлж, 94.4 га талбайг цэвэрлэж, мод бут тайрч, шохойдсон байна. Улирлын чанартай эдгээр ажил төлөвлөгөөний дагуу өрнөнө гэдгийг шуурхай зөвлөгөөний үеэр онцолж байлаа.
Хонхор орчимд Экологийн коридорь гаргах ажлыг энэ онд эхлүүлнэ
Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг:
-Нийслэлийн “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулах ажил 90 хувьтай өрнөж байна. Ерөнхий төлөвлөгөөг Газар дэлхий, Гео ботаник гэсэн хоёр компанийн нэгдэл боловсруулж буй бөгөөд ирэх тавдугаар сард дуусгаж, НИТХ-д өргөн барихаар төлөвлөсөн. Энэхүү төлөвлөгөөг “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө-2040” бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж байгаа гэсэн юм.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд ой, усны хамгаалалтын бүсэд 15.600 нэгж талбар багтаж байгаа. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө ёсоор ой болон усны сан бүхий газрыг чөлөөлөх ажлыг хийнэ. Түүхийн дурсгалт дөрвөн байршилд есөн нэгж талбар өртөж байгаа. Эдгээрийн гурвынх нь газар эзэмших эрхийг цуцалсан бөгөөд бусад байршлыг энэ ондоо багтаан цэгцэлнэ гэв. Баянзүрх дүүргийн Хонхор орчимд Экологийн коридорь гаргах бөгөөд түүнд өртөж буй 451 нэгж талбар байгаа аж. Экологийн коридорь гаргах ажлыг энэ онд эхлүүлнэ гэв.
Дулааны улиралд ирэх өвлийн шахмал түлшийг нөөцөлнө
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшний нөөцийн талаар мэдээлэл өглөө.
Таван толгой түлш компанийн баруун үйлдвэрийн 10 шугамаас дөрөв нь ажиллаж байна. Бусад шугамд улирлын засвар үйлчилгээ хийж эхэлжээ. Орчны бохирдолтой тэмцэх үндэсний хороо болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ирэх өвлийн түлш нөөцлөх ажлын хүрээнд 200 мянган тонн шахмал түлш бэлтгэнэ. Таван толгой түлш ХХК технологийн горим, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг жигд ажиллуулахын тулд ажлын хэсэг гаргаж техникийн дүгнэлт хийхээр ажиллаж байгааг мэдээллээ.
Нийслэл хот малын өвчингүй байна
Улс орон даяар шүлхий өвчинтэй тэмцэх вакцинжуулалтын аян өнөөдрөөс эхлэн өрнөж байна. Өнгөрсөн онд Улаанбаатар хотод малын шүлхий өвчин бүртгэгдээгүй бөгөөд нийслэл малын өвчингүй байна гэж Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа мэдээллээ.
Нийслэлийн Мал эмнэлгийн газар бол нийслэлийн хэмжээнд зарагдаж буй малын гаралтай бүтээгдэхүүнд, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, нөөцийн маханд шинжилгээ хийдэг. Өдөр тутамд 50-60 тонн мах, 20-30 тонн сүүг шинжилдэг аж. Ингэхдээ бруцеллёз өвчний шинжилгээг онцолдог. Учир нь бруцеллёз бол мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозийн халдварт өвчин. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлж, харагдах байдалд насан туршийн эмгэг үлдээдэг өвчин тул тус байгууллага анхаарлаасаа гаргадаггүй аж. Улаанбаатар хотын хэмжээнд сүү нийлүүлж буй 16 аж ахуйн нэгж, 500 орчим өрх айлд бруцеллёзын шинжилгээ хийж, халдварлал маш бага хувьтай гарсан байна. Нийслэл хотын тухайд малын өвчингүй ч хаяа залгаа Төв аймгийн Сэргэлэн суманд малын өвчин бүртгэгдсэн тул анхаарал сэрэмж бүхнээс чухал гэдгийг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа хэллээ.
Туул голын эрэг дагуух тохижилтын ажлыг үргэлжлүүлнэ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажпын албаны дарга Д.Ганболд Туул голын экологийн тэнцвэртэй байдлыг хадгалан тохижуулах төслийн мэдээллийг өглөө. Тэрбээр хэлэхдээ “Туул голын урсацыг сайжруулан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ажлыг УБЗАА хариуцдаг. Туул голтой холбоотой судалгаа, тооцоо хийгээд, шинэ хотын төлөвлөлттэй уялдуулан авч явах юм. Туул голын эх буюу Туул голын эхэнд гадаргын усыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс Элчин сайдын яаманд санал хүсэлтээ хүргүүлсэн. Уг төслийг энэ ондоо багтаагаад эхлүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй зэрэгцүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” ажлыг хамтатгана. Тэрхүү хүрээлэнгийн тохижилттой уялдуулан үргэлжилбэл ганц жилээр тогтохгүй 3-4 жил үргэлжлэх өргөн хүрээний ажил байх юм” гэлээ.
Өргөн хэрэглээний болон хүнсний бараа, бензин, түлшний үнийн өөрчлөлт, нөөцийн судалгааг долоо хоног бүр танилцуулахыг үүрэг болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө.
-Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны дагуу үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлэх
-Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
-Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа тогтмол хийх
-Туул, Сэлбэ, Дунд голын орчинд олон нийтийн соёл, амралтад зориулсан тохилог орчныг үе шаттай нэмэгдүүлэх
-Нийслэлийн хүн ам ихээр үйлчлүүлдэг томоохон цэгүүдээс (зах, худалдааны төв, супермаркет) өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн, бензин, түлшний үнийн өөрчлөлт, нөөцийн судалгааг долоо хоног бүр танилцуулах
-Нийслэлийн инженерийн барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг мөрдүүлж ажиллах, гарсан зөрчлийг арилгах, газар чөлөөлүүлэх
-Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг үүрэг даалгаврыг Хотын даргын зүгээс нийслэлийн удирдах ажилтнуудад өглөө.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Discussion about this post