Монголын улстөрд хэлсэн үгэндээ эзэн байдаг тууштай нэг зангаараа, ноён нуруутай зарчимч, хоёргүй сэтгэлээр төрдөө зүтгэдэг хүмүүс цөөнгүй байгаа гэж харж явдаг. Тэдний нэг бол яахын аргагүй Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар билээ.
Дэлхий нийтэд үүсээд байгаа цар тахлын асуудал, түүнийг тойрсон улс хоорондын тээвэр ложистикийн асуудлыг Зам тээврийн хөгжлийн яам дангаараа шийддэггүй ч нөгөө л Халтарыг чичилж, зүхэгсэд сошиал ертөнцөөр давамгайлж л байна. Уг чанартаа бол дээрх асуудал Засгийн газар хоорондын комисс, Шадар сайд, Гадаад харилцааны яам гээд олон талт яриа хэлэлцээний үр дүнд асуудал эцэслэгддэг ажил. Гэвч бурууг бусдаас хайдаг монгол зангаар өнөөх Халтар сайдыг буруутгасаар л байна.
Ковидоос үүдэлтэй дотоодын хөл хорио, хориглолт, хязгаарлалтууд шат дараатайгаар цуцлагдаж, гамшгийн үеийн зэрэглэлийг бууруулснаар монголчууд амны хаалтаа зүүх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх хоёроос бусдаар хэвийн амьдралын горимд шилжив. Одоо гадаад талдаа хил нээх, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас анхаарч, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, тоог нэмж, эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, хойд хөрш ОХУ руу хил нээгдэж, харилцан зорчих хөдөлгөөн нээгдэв.
Өмнөд хөршид Ковидын нөхцөл байдал дахин хүндэрч, халдварын шинэ давлагаа өрнөж байгаа тул хил нээх тал дээр болгоомжлонгуй хандаж байна. Ийм шалтгааны улмаас ачаа тээвэр нэвтрүүлэх, халдварын өндөр дэглэм мөрдөх тодорхой шаардлагуудыг манай улсад тавьж байгаа тул харилцан тохиролцохоос өөр арга байхгүй. Хөрш байна гэдэг нэгнээ хүндэтгэхийн нэр. Замын-Үүд болон бусад боомтоор чингэлэгт тээвэр хийх шаардлагыг манайхан биш хятадууд л хатуухан тавьсаар байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр яриа хэлэлцээгээ чамбайруулж, шуурхайлах шаардлага бол бий.
Хилийн ачаа тээвэр ийм олон талын оролцоо, яриа хэлэлцээний үр дүнд шийдэгдэг гэдгийг мэдсээр байж мэдэн будлих, мушгин гуйвуулах, худал сенсаац дэгдээж, Л.Халтар сайдыг харлуулах улс төрийн явуургүй хүслээр цаана хөрш орны асуудал, ачаа тээврийн яриа хэлэлцээг хавчуулж байгаа нь жамаараа яваа, урагшилж байгаа яриа хэлэлцээг үнэн хэрэгтээ хорлож байгаа хэрэг. Тийм ч болохоор Л.Халтар сайдыг буруутгах худал хуурмаг цагийн эрхээр хагдарч, үнэн түүний цаанаас соёлох цаг удахгүй ирнэ гэж харж явдаг юм шүү.
Discussion about this post