ОРГИЛМАА
-“Ковидын хямрал”-аас “дайны хямрал”-ын эдийн засагт шууд шилжсэн нөхцөл Засгийн газарт анхны тохиолдол биш гэж үү-
Гэвч “Минажуулсан” талбайд алхаж яваа мэт өгөгдсөн энэ нөхцөлд ухрах газаргүй боловч урагшилсаар байна. “Бүслэлт, гардан тулаан” ярьсан У.Хүрэлсүхийн Засгийн газар, АН-ын Засгийн газраас аймаар өр өвлөлөө гэж зовлон тоочсоор олонхийн бүлэг дунд жаргаж гарсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар зэрэгтэй зүйрлэхээргүй том үүрэг хүлээж буй түүнийг намынхан нь, ард түмэн нь хүрээлж байгаа гэвэл юу л бол? Хэт олонхи ялсан үед байгуулагдсан Засгийн газарт улс төрийн дотоод хямрал үргэлж байдаг. Өнгөц харахад улс төрийн цайз мэт хамгаалалттай мэт харагдавч бодит байдал дээр тэр цайз хэзээ ч хагарахад бэлэн “шилэн” байдаг учраас алдаа бүхнийг нь гэтэн шиншлэх нь Ерөнхий сайд, МАН-ын даргыг “ганцаардуулж өргөстэй торон дундуур туучихаас өөр замгүй болгож үл үзэгдэх улс төрийн хямралыг бий болгодог. Энэ бүхэн Гүйцэтгэх засаглалын л зовлон биш юм. Үүн дээр нэмээд хамгийн гол зовлон нь бүх нийтээрээ амсаж буй эдийн засгийн хүндрэл, хямралууд биднийг “бүсэлчихээд” байна.
Сүүлийн өдрүүдийн тоймоос эхэлье. Дэлхийн Худалдааны Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газраас энэ сарын 11-нд танилцуулсан тайлангаас харахад Орос-Украины мөргөлдөөн дэлхийн эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлж, дэлхийн худалдааны өсөлт энэ онд 2.4-3 хувь хүртэл буурна гэж төсөөлөлтэй болжээ. Өнгөрсөн оны 10-р сард тус байгууллага дэлхийн худалдааны өсөлтийн хурдыг 4.7 хувьд хүрч болзошгүй гэж таамаглаж байсан нь ийнхүү талдаа ортол буурчээ. Өөрөөр хэлбэл гэнэтийн энэ мөргөлдөөн хэний ч төсөөлөөгүй муу тоонуудыг авчирч “дэлхийн худалдааны өсөлт”-өөс гадна “дэлхийн эдийн засгийн өсөлт” 3.1-3.7 хувь хүртэл бууруулахаар болсон гэх төсөөлөлтэй байна.
Хамгийн гол нь Орос-Украины мөргөлдөөн нь дэлхийн хэмжээнд хүнс, эрчим хүчний үнийг өсгөж, экспортод саад учруулж хямралыг авчирч байна. Жишээ нь улаанбуудайн сүүлийн үнэ 3.4 хувиар өсөж, бушель нь 10.89 ам.доллар боллоо.
Дефолттой хамтрагчтайгаа хамт хоригт орох уу?
ОХУ-ын халдлагын улмаас энэ онд Украины эдийн засаг 45.1 хувиар агших төлөвтэй байгааг Дэлхийн банк мэдээллээ. Харин ОХУ-ын эдийн засаг 11.2 хувиар агшина гэж тооцоолжээ. Түүнчлэн Европ болон Төв Азийн хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг 4.1 хувиар агшина гэж Дэлхийн банкны эдийн засагчид таамагласан. Энэ нь цар тахалтай холбоотой 2020 оны эдийн засгийн агшилтаас хоёр дахин өндөр үзүүлэлт болж байгаа юм. Одоогоор санхүүгийн үнэлгээний “S&P Global” байгууллага ОХУ-ын зээлжих зэрэглэлийг хэсэгчилсэн дефолт ангилал руу бууруулсан байна. Шалтгааныг нь ОХУ 2022 болон 2042 онд хугацаа нь дуусах ам.доллароор нэрлэгдсэн евро бондын купоны төлбөрөө рублиэр хийсэнтэй холбон тайлбарлажээ.
Төлбөрийг 30 хоногийн хүлээлгийн хугацаанд оруулж болох байсан ч энэ хугацаанд төлбөр болох рублийг өмнө нь тооцоолж байсан ханшийн дүнгээр ам.долларт шилжүүлж чадахгүй гэж “S&P Global”-ийн шинжээчид үзэж байгаа аж.
Зээлийн өртөг өссөнтэй холбогдуулан 2022 он дуустал ОХУ шинээр бонд гаргахгүй гэж Сангийн сайд нь мэдээлээд байна.
Гэтэл өчигдөр ОХУ-ын Төрийн өмчит “Оросын төмөр замууд” НХН бондын купоны төлбөрөө хүлээлгийн хугацаанд төлж чадаагүйгээс дефолт зарлалаа гэсэн таагүй мэдээ дуулдлаа. Шалтгаан нь мөн л купоны төлбөрийг нь хөрөнгө оруулагчид хүлээж аваагүйтэй холбоотой аж.
ОХУ-ын төмөр замын тээврийн 90 хувийг гүйцэтгэдэг “Оросын төмөр замууд” НХН манай УБТЗ-ын хамтрагч. Гэтэл хамтрагч маань хоригоос болж дефолт зарласан эхний компани болчихлоо. Жаргал нь хамтдаа, зовлон нь ч хамтдаа бид яах бол? Цаашдаа ч ОХУ хоригоос болоод бондын купоны төлбөрөө рублиэр төлөхөөс өөр аргагүй учраас хамтарсан бусад компаниуд маань хамтрагчийнхаа дефолтод нэрвэгдэх нь гарцаагүй.
Шри Ланка дефолт зарлалаа, ойрын үед хэд хэдэн орны зүгээс ийм мэдээ дуулдаж мэдэхээр байна. Шалтгаан нь мөн л гадаад өр төлбөрөө валютаар хийхэд нь хүндрэл гарч валютын нөөцөө хамгаалж чадахгүйд хүрсэнтэй нь холбоотой. Харин манайд?
Ам.долларын нөөц нэмэгдэх үү?
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваны хэлснээр иргэдийн төлбөр тооцоог саадгүй явуулах үүрэгтэй арилжааны банкууд төгрөгөөр валют худалдаж авч гадагшаа шилжүүлэх тал дээр арилжааны банкууд түр хугацаагаар хязгаарлалт тавиад байгааг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ нь иргэн хүн өөрийн дансанд байгаа аливаа төрлийн валютаар гадаадад бэлэн бусаар төлбөр тооцоо хийхэд асуудал үүсгэхгүй, үүнд ямар нэг хязгаарлалт тавиагүй гэж тайлбарласан. Тэрбээр “Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад валютын албан нөөц буурч байна. Мөн улирлын шинж чанартайгаар, эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор гадаад валютын эрэлттэй холбоотойгоор түр хугацаанд ийм асуудлууд гарч байгаа. Гэхдээ ойрын хугацаанд 1-1.5 тэрбум ам.долларын орох урсгал яригдаж байна. Энэ хүрээнд гадаад валют шилжүүлэхтэй холбоотой үүсээд байгаа түр хугацааны хямрал арилна” гэж ярьсан.
Монголбанкны ерөнхийлөгч “Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв муудсан нь манай гадаад эрэлтийг бууруулж болзошгүй байна” гэсэн. Ялангуяа, ОХУ-ын эдийн засаг энэ онд агших хүлээлттэй болсон учраас ОХУ-тай худалдаа, эдийн засгийн хувьд өндөр хамааралтай Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн төлөв саарна гэдгийг ч хэлчихсэн. Бидний ганц найдлага нь БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлоготой холбоотой хилийн хязгаарлалт суларч нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх явдал. Экспортын орлого ийнхүү түгжигдсэнээр гадаад валютын нөөц буурч эхэлснийг ч Төв банк хүлээн зөвшөөрсөн.
Давж чадах уу? Гарц зөв үү?
Цар тахлын сорилттой нүүр тулсан 2020-2021 онд Засгийн газар, Монголбанк эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэсэн бодлогууд хэрэгжүүлсэн тэр тогтвортой байдал цаашид хүндрэлд орох нь гарцаагүй болсон тул Төсвийн тухай хуульд тодотгол хийхээс аргагүйд хүрч байгаа бололтой. Иргэдийн зүгээс “Ажлаа хий” гэх шаардлага, бидэнд хөгжил авчрах зорилготой Хөгжлийн банкийг “цөлмөж тоносон” албан тушаалтан, эрх мэдэлтэн, улстөрчдөд хуулийн хариуцлага тооцох, үүссэн их хэмжээний өрийг яаралтай төлж барагдуулах шаардлага тавилаа. Хоёр өдөр үргэлжилсэн жагсаалын дүнд Засгийн газар иргэд, залуусын шаардлагыг хүлээн авч бодит ажлаар хэрэгжүүлж эхлэхээ зарлав.
Эхний ээлжинд төрийн байгууллагууд шат шатандаа төсвийг хэмнэх, богино хугацаанд нийлүүлэлтийн шалтгаанаар үүссэн эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эрсдлийг бууруулах, хил, боомт дээрх гадаад худалдааны хязгаарлалтаас шалтгаалан экспортын гол бүтээгдэхүүний үнийн өсөлтийн давуу талыг хүртэж чадахгүй алдагдсан цаг хугацааг нөхөж ажиллах зэрэгт гол анхаарлаа хандуулж байгаа харагдана. Энэ ажлын үр дүн, Засгийн газрын хурд боомтуудын сэргэлт, хилийн хязгаарлалтыг нээхээс эхлээсэй гэсэн хүлээлт үүсээд байна.
Discussion about this post