Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний танхимын гишүүд мэдээлэл хийлээ. Хоёр цаг гаруй үргэлжилсэн урт “лайв”-ыг 40 мянган хүн үзэхээр бодоход Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн болоод сонирхолтой, халуун сэдвийг хөнджээ.
Дөнгөж 40 насны босго шүргэж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бөөрөнхийлөлгүй хурц шулуухан илэрхийлдэг. Засгийн газрын шүдний өвчин болсон асуудал бол Хөгжлийн банкны асуудал. Энэ тухайд “Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл Хөгжлийн банк дээр ажилласан. Тиймээс Хөгжлийн банк дээр холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж тавьсан. Хөгжлийн банкны 3.2 их наяд төгрөгийн 1.8 их наяд орчим нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Энд хэдхэн компани байгаа. Сайн ажиглавал Эрдэнэтийн 49 хувийг босгосон 430 сая ам.долларын санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь, тэднийг дэмжсэн хууль хяналтын удирдлага, шүүгчид нь хамтдаа байгаа. Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байдаг хүмүүстэйгээ үе шаттай тэмцэж байгаа гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зарласан 20 хүн бол ердөө мөсөн уулын орой. Үүний цаана манай нэр бүхий том улстөрчид, бизнес эрхлэгчид, тэдний утсан хүүхэлдэйнүүд гарч ирнэ. Хөгжлийн банктай холбоотой асуудалд холбогдсон эхний хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөтөлийг төрд эргүүлэн авсны дараа хэн хэн хамгийн их цочиж байна, тэр бүх хүн үүний ард байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт битгий эргэлзээрэй. Надад ордон дотор хүч мөхөствөл олон нийтэд хандах болно. Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавина. Хуулийн байгууллагууд ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой асуудлуудыг гаргаж өгсөн. Тиймээс хууль хяналтын байгууллагууд Хөгжлийн банкны асуудал дээр хэнээс ч хараат бусаар ажиллах ёстой. Хөгжлийн банкны асуудлын дараа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг гаргаж тавина. Эрдэнэс Монголын охин компаниуд бүгд ТУЗ-төй. Тэр бүр дээр хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа.
Засгийн газрын тэргүүн, Төв банкны Ерөнхийлөгч бууж өгөхгүй
-Засгийн газар огцрох эсэх асуудлаар: Монгол Улсад болж байгаа, болохгүй байгаа зүйлс бий. Бид амаргүй нөхцөлд ажиллаж байна. Бид ганцаараа ийм байгаа юм биш. Даваад гарна. Би авлигатай хийх тэмцэлд бууж өгөхгүй. Засгийн газар хэн нэгэн субъектын хэлснээр огцордог газар биш. Би бууж өгөхгүй. Би хүнд нөхцөл байдлаа иргэдтэйгээ хамдаа даван туулна. Хэн нэгэн албан тушаалтан хариуцлага алдсан бол хариуцлага тооцно. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг хамгаалах ёстой.
Би хүнд нөхцөлд ажиллаж байгаа багаа хамгаална
-Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар: Энэ хүнд нөхцөл байдал ямар ч улсын Төв банкны ерөнхийлөгчид ачаа ирнэ. Энэ хүн ажлаа сайн хийж байгаа. Төв банкинд дотор хэдэн хүн янз бүрийн юм яриад байгаа гэсэн. Би намын даргын хувьд тэр хүмүүст аятайхан байгаарай гэж хэлнэ. Ордонд гишүүдийн өрөөнд “Би Монголбанкны ерөнхийлөгч болно гээд яриад яваад байна гэсэн. Би тийм зүйл болгохгүй шүү, та нар аятайхан байгаарай. Би хүнд цагт ажиллаж байгаа Төв банкны Ерөнхиийлөгчийг хамгаална.
Зарим арилжааны банк Төв банк руу дайрч байгааг би ажиглаж байгаа. Ингэж болохгүй. Төв банк нэг арилжааны банкны охин компани болсон байсан. Цаашдаа ийм зүйл давтагдаж болохгүй. Эрх баригч намын даргын хувьд би Төв банкны ерөнхийлөгчийг хамгаалж байгаа юм. Ер нь Төв банкны ерөнхийлөгчийг нь үлээхэд огцруулдаг байж болохгүй. Үнийн өсөлт, экспорт гацаж байгаа нь үнэндээ хилийн чанадын нөхцөл байдлаас болж байгаа. Монгол Улсаас болж байгаа зүйл биш шүү дээ. Бид улсаараа маш амаргүй нөхцөлд байгаа. Нэг хүнийг огцрууллаа гэхэд ажлаа мэдэхгүй шинэ хүн ирнэ.
Эдийн засгийн том хямрал дөнгөж эхлэх гэж байна, том хэмжээний хямрал болох эрсдэл бодитой бий. Ийм нөхцөлд ажиллаж байгаа багаа би хамгаална.
Х.Баттулгыг зөвлөхөөс чөлөөлсөн
-Зөвлөх Х.Баттулгын асуудлаар: Х.Баттулгыг зөвлөхөөс чөлөөлсөн. Зөвлөхөөр авсан шалтгаан нь спорттой холбоотой. Олимпыг дэмжиж ажиллах хүрээнд зөвлөхөөр авсан. Дараа нь АН-ын даргад нэр дэвшиж өрсөлдөхөөр болсон тул чөлөөлсөн. Танхимын үлдсэн хоёр сайдын хувьд нэг зарчим барьж байгаа. Шинээр байгуулсан хоёр яам нь хоёулаа агентлаг байж байгаад яам болсон. Тиймээс ажилдаа дадаж, чиг үүрэг тодорхой болоход хугацаа шаардлагатай байгаа. Цаашдаа Засгийн газрын бүтцийг бүхэлд нь эргэн харна. Энэ чиглэлд Сингапур улстай хамтран ажиллаж байна.
Discussion about this post